2009
Бид гурав хаан
2009 оны арванхоёрдугаар сар


“Бид гурав хаан

Зурхайчид бол Христийн төрөлтийн уламжлалт үйл явцын онцгой хэсэг мөн. Гэвч бид тэдний тухай чухам юу мэддэг билээ?

Та Христийн төрөлтийн тухай дүрслэлийг хараад нярай Есүст бэлэг өгч байгаа нарийн хийцтэй хувцас өмссөн гурван хүний тухай эргэцүүлэн бодож үзсэн үү? Тийм ээ, тэд бол гурван зурхайч гэдгийг бид мэднэ. Гэвч тэд чухам ямар хүмүүс байсан юм бол? Тэд юуны учир Есүс дээр хүрч ирсэн юм бол? Яагаад түүнд тийм ер бусын бэлэг авчирсан юм бол?

Аврагчийн төрөлтийн тухай судрын шастирууд Зурхайчдын тухай маш бага зүйлийг илчилсэн байдаг (Матай 2-ыг үз). Гэвч тэдний ирэлт маш чухал ач холбогдолтой байсан учир эрдэмтэд олон зууны туршид тэд ямар учиртай хүмүүс байсныг нярай Христ дээр ирсний зорилгыг илрүүлэхээр хичээж байгаа билээ. Эрдэмтдийн судалгаагаар зарим зүйл тодорсон ч зурхайчдын тухай түүх нь зохиомол домог дээр үндэслэгдсэн байх гэдэгт Христэд итгэгчдийн ихэнх хэсэг нь итгэсээр ирсэн юм.

Дараах зүйлсийг бид мэддэг билээ:

Хэдэн Зурхайч байсан бэ?

Нярай Христ дээр гурван хүн ирсэн тухай, үүнтэй холбоотойгоор гурван бэлэг: алт, гүгэл, мир өгсөн тухай ам дамжин ярьсаар иржээ. Хүн бүр нэг бэлэг авчирсан бололтой. Гэвч зарим эрдэмтэд бүр олон, магадгүй 12 зурхайч ирсэн байж болох юм гэдэгт итгэдэг ажээ.1 Зурхайчид чухамдаа Аврагчийн төрөлтийн гэрч нар байсан болохоор наад тал нь хоёр юм уу гурван хүн байсныг Библийн толь бичиг харуулдаг (Дэд Хууль 19:15; 2 Коринт 13:1; С ба Г 6:28-ыг үз).2

Зурхайчид бол хаад байсан хэмээх бодол нь Их Эзэн дээр хаад хүрэлцэн ирэх болно хэмээн угтан хэлсэн Хуучин Гэрээний хэсгүүдээс үүдэлтэй байлаа. Исаиа 49:7-т, “Хаад үзээд босно,” Исаиа 60:10-т, “Тэдний хаад чамд үйлчилнэ” хэмээн өгүүлжээ. (мөн Дуулал 72:10-ыг үз.)

Зурхайчдыг хаад байсан хэмээх бусад цэдгүүдийг эрдэмтэд олсон гэдэг. Марко Пологийн 13-р зууны үеийн тэмдэглэлд Персийн Саба хотоос гурван хаан алт, гүгэл, мир авч дөнгөж мэндэлсэн бошиглогч дээр очихоор явсан тухай өгүүлдэг аж. Марко Пологийн тэмдэглэлээр бол Гаспар, Мелхиор, Балтазар гэдэг нэртэй гурван хүнийг эдүгээ ихэвчлэн зурхайчидтай холбон үзэх болжээ.3

Зурхайчид гэдэг нэр томьёоны гарал үүсэл

Грек хэлнээс орчуулсан Библийн Хаан Жеймсийн хувилбарт зурхайчид гэдэг үгийг magoi (магой) гэсэн үгээр тэмдэглэсэн байдаг. Англи хэлний маги гэдэг үгэнд ихэвчлэн холбогддог магой гэдэг үг нь гарал үүслээрээ перс үг бөгөөд Персийн эртний шашны санваартан гэсэн үг аж. Зарим эрдэмтэд маги гэдэг энэ үгийг ашиглан зурхайчид бол Персийн шашны аль нэг бүлгийн санваартнууд байсан бололтой гэж үздэг. Гэвч, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Брус Р.МкКонки (1915–85) Doctrinal New Testament Commentary хэмээх бүтээлдээ: “зурхайчид эртний Медиа болон Персийн урвагч шашны бүлэг Магийн гишүүд байсан гэдэг нь худал бололтой. Харин тэд бол Симеон, Анна болон хоньчид шиг зөв шударга хүмүүс байсан учраас амлагдсан Мессиа хүмүүсийн дунд төрснийг Бурхан тэдэнд илчилсэн бололтой” хэмээн нотолжээ.4

Дорныхон байв уу?

Христийн мэндэлсний баярын дуу “Бид дорнын гурван хаан”-д гэж өгүүлдэг шиг тэд үнэхээр дорныхон байв уу?5 Энэ дууны зохиогч нь дорно гэдэг нэр томьёог Матайн шастирт ашигласан зүүн буюу дорно зүг гэсэн нийтлэг үгийн оронд ашигласан бололтой. Палестинаас зүүн зүгт оршдог бүхнийг Дорно буюу дорно зүг гэж нэрлэдэг байсан аж. Зүг чигийг зааж Матайн хэрэглэсэн “дорно зүг” гэдэг үг зурхайчид чухам хаанаас ирснийг хэн ч мэдэхгүй байсныг харуулдаг.6

Зарим эрдэмтэд “Таршишийн болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг. Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай” гэсэн Дуулал 72:10-ыг эш татан зурхайчид өнөөгийн Испани, Этиоп, Саудын Арабын нутгаас ирсэн хэмээн нотолдог. Зурхайчид Персээс (өнөөгийн Иран) ирсэн мөн тэр үед энэ бүс нутагт Иудей гаралтай олон хүн амьдарч байсан болохоор тэд иудей хүмүүс байх ёстой гэж зарим эрдэмтэд үздэг ажээ.7

Зурхайчид хэзээ Есүс дээр ирсэн бэ?

Есүсийн төрөлтийг дүрсэлсэн уран зургуудад зурхайчид саяхан мэндэлсэн хүүхдэд мөргөхөөр ирснийг дүрсэлдэг учраас тэд Аврагчийг төрсний дараахан ирснийг харуулдаг. Гэвч, Есүсийг адууны жүчээнд төрөхөд эсвэл Түүнийг нярай байхад зурхайчид түүн дээр ирээгүйг судрууд илчилдэг. Хэрэг дээрээ зурхайчид Есүсийг хүүхэд ахуйд нь эх Мариатайгаа хамт байхад нь очжээ. “Тэд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн Түүнд мөргөж… алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив” (Maтай 2:11).

Зурхайчдын бэлэг

Зурхайчид юуны учир Есүст тийм ховор бэлэг барив? Бэлэг нь бэлгэдэл байсныг ихэнх эрдэмтэд зөвшөөрдөг. Алт нь Есүсийн хаан удмыг, гүгэл нь Түүний бурханлаг чанарыг, мир нь Түүний зовлон шаналал, үхлийг бэлгэдсэн ажээ. Мир бол оршуулгын өмнө цогцсыг үнэртнээр арчихын тулд ашигладаг бодис байжээ.8

Бурхан анхааруулсан нь

Херод зурхайчдыг Бетлехем уруу явуулж, тэдэнд хэлсэн нь, “Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө” (Maтай 2:8). Гэвч Матай цэдэгт өгүүлснээр зурхайчдад “Херод уруу буцаж бүү оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг оджээ” (Maтай 2:12). Херод зурхайчид түүний тушаалыг үл хэрэгссэнд төдийгүй, эдүгээ Бетлехемд байгаа тэр хүүхэд нэгэн цагт энэ үндэстнийг захирах нь тодорхой болсонд уурлан хилэгнэжээ.

Их Эзэний зараалд

Зурхайчдын тухай бидний итгэл үнэмшилийг Bible Dictionary (Библийн Толь бичиг) товч тодорхойгоор хураангуйлан дүгнэж: “Тэд бол газар дээр Бурханы мэндэлснийг гэрчлэхийн тулд зараалаар илгээгдсэн зөв шударга хүмүүс байжээ. … Тэд Палестинаас зүүн зүгт хаа нэгтээ орших Их Эзэний хүмүүсийн төлөөлөгчид байсан бөгөөд Сүнсээр удирдагдан, энд ирж, Бурханы Хүүг үзээд, Хаан Иммануел үнэхээр махан биеэр мэндэлснийг өөрийн хүмүүст гэрчлэхээр гэдрэг буцсан бололтой.”9

Эшлэл

  1. Жон А.Тведнес, “What Do We Know about the Wise Men?”-ийг үз. Insights: An Ancient Window (Foundation for Ancient Research and Mormon Studies [FARMS]) олон нийтийн байгууллагын мэдээлэл, 1998 оны 12-р сар.

  2. Bible Dictionary, “Magi,” 728-ыг үз.

  3. Жон А.Тведнес, “I Have a Question,” Ensign, 1981 оны 10-р сар, 25–26-г үз.

  4. Брус Р.МкКонки, Doctrinal New Testament Commentary, боть 3. (1966–73), 1:103.

  5. Бага Жон Хенри Хопкинс, “We Three Kings of Orient Are” (1857).

  6. Раймонд Э.Браун, The Birth of the Messiah (1977), 168.

  7. Жон А.Тведнес, Ensign, 1981 оны 10-р сар, 25-ыг үз.

  8. Жон А.Тведнес, Ensign, 1981 оны 10-р сар, 25-ыг үз.

  9. Bible Dictionary, “Magi,” 727–28-ыг үз.

Зураг чимэглэлийг Пол Манн