Яагаад би гэж?
Энэ асуудлын—талаар болон чухал биш ямар нэг зүйлийн талаар санаа зовохгүй байхыг бэрхшээл надад заан сургасан билээ.
Яагаад би гэж? Яагаад одоо гэж? Калифорнид болсон том хэмжээний морин уралдаанаас дөнгөж буцаж ирээд байлаа. Тэнд би ангууч хурдан морьдын уралдаанд урьд нь хэзээ ч гараагүй дээд амжилт тогтоосон юм. Би сургуульд, төгөлдөр хуурын хичээлд бас Бийхайвын үйл ажиллагаанд яваад толгой өндийх завгүй байлаа. Би заалгасан бүх зүйлээ хийдэг байсан болохоор миний амьдрал үнэндээ бараг төгс юм шиг санагддаг байв. Тэгтэл миний амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөх нь тэр.
Хүнд сорилт
Одоо би эмнэлгийн орон дээр бүр нүдээ нээж харж ч чадахааргүй өвчтэй байна. Цусны хүнд хавдраар өвчилсөн гэсэн онош тогтоогдсон байлаа. Ээж минь цусны хавдраар нас барснаас хойш яг дөрвөн жилийн дараа би энэ өвчнөөр өвчилсөн юм. Хавдрыг устгахын тулд би химийн хүнд эмчилгээ хийлгэж байсан бөгөөд хоёр жил хагас хийлгэх хэрэгтэй гэж эмч нар хэлсэн юм. Яагаад би гэж бас яагаад чухам энэ цаг үед ийнхүү өвчилснөө ойлгохгүй байлаа.
Хавдрын онош нь надад тохиолдсон цорын ганц хүнд сорилт биш болохыг би удалгүй мэдэв. Цусны хавдрыг эмчлэхэд ашигладаг эмүүдийн нэг нь ер бусын их тунгаар өгдөг стериод юм. Энэ эм цусны хавдрын эсийг устгахад үр нөлөө сайтай боловч цусан хангамж дутагдсанаас үе мөчний хавийн яс үхжих эрсдэл, ялангуяа өсвөр насны охидод тохиох эрсдэл их байдаг ажээ. Намайг дөнгөж 12 настайдаа буюу хэтэрхий багадаа өвчилжээ гэж эмч нар бодсон аж. Гэвч химийн эмчилгээ эхэлснээс хойш нэг сарын дотор л стериод нь миний ихэнх үе болон нурууны нэг хэсэг үхжиж эхэлсэн юм. Бүх биеэр байнга янгинан өвдөнө. Цусны хавдрын онош тогтоогдсоноос хойш дөрвөн сарын дараа стериодоос бий болсон ясны үхжилийг илааршуулах болон өвдөлтийг сулруулах зорилгоор миний ташаанд анх удаа мэс засал хийв. Мэс засал миний найдаж байсанчлан тийм ч сайн болсонгүй. Мэс засал хийсэн эмч намайг дахиад морь унахгүй байхаа гэж шулуухан хэллээ. Ийнхүү миний төлөвлөж байсан ирээдүй гэнэт нурах нь тэр.
Би сайн сурагч байлаа. Сургууль надад үнэхээр таалагддаг байв. Одоо би сургуульд явж чадахгүй, тэр ч байтугай олны дунд гадаа гарч ч чадахгүй болжээ. Учир нь химийн эмчилгээ миний дархлалын системийг устгасан юм. Би гадаа гарч чадахгүй хойд эхтэйгээ гэртээ байх болов. Энэ үед бүх юм тун базаахгүй байна гэж би боддог байлаа. Цаашдаа бүр дордох нь тэр.
Ташаандаа мэс засал хийлгэснээс хойш зургаан сарын дараа эхний мэс засал үр дүнгээ өгөөгүй учраас ташаандаа дахин мэс засал хийлгэх шаардлагатай болов. Явахад маш их өвддөг байсан болохоор би тэргэнцэрт суудаг байлаа. Дахиад морь унаж огт чадахгүй нь нэгэнт маш тодорхой болсон энэ үед ер нь дахиад явж чаддаг болох болов уу гэж сэтгэл түгшүүрлэж байлаа. Бие бүхэлдээ байнга янгинан өвдөж, тэргэнцэрт хадаатай, өвчтэй хүнд хөгжилтэй юм гэж юу байхав дээ.
Залбирлууд
Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирдаг байлаа. Бас миний төлөө олон хүн залбирч байгааг мэддэг байв. Бүхий л хүнд сорилтынхоо үед эдгэрэхийн төлөө, үе мөчүүд минь сэргэж илааршихын төлөө, дахиад химийн эмчилгээ хийлгэхгүйн төлөө залбирдаг байлаа. Би Солт Лейк хот дахь Хүүхдийн эмнэлгийн төвийн Хүүхдийн хэсэгт явах ёстой байтал явахгүй байгаагаас миний залбирал хариулагдахгүй байна гэж боддог байв. Бие өвдсөөр, тэргэнцэрт хадаастай хэвээр байлаа. Өвчтэй хөөрхий бяцхан охиныг ч сонсдоггүй Бурханд итгэдэг миний аав ээж хоёр галзуу байхаа хэмээн би нэг үе боддог болов.
Хэдэн жилийн өмнө ээжийнхээ биеийг сайжраасай гэж залбирсан үед үүнтэй адил итгэлийн сорилт надад тулгарч байсан билээ. Ээж минь байнга хүчилтөрөгчөөр амьсгалдаг байсан болохоор ядарч гэрийнхээ ойр орчинд ч явж чаддаггүй байв. Ээж минь эдгэнэ гэдэгт итгэн, би дахин дахин залбирдаг байж билээ. Гэвч ээж минь эдгэрээгүй. Бид хүсч байгаа юмныхаа л төлөө залбираад байсныг би ээжийгээ өөд болсны дараа л мэдсэн. Харин бидний залбирал Их Эзэний хүслээр хариулагдахын төлөө, зөв зүйлсийн төлөө залбирах хэрэгтэй.
Би тэрхүү сургамжийг санаад залбирлаа, “Намайг эдгээж өгнө үү” гэдгээс “Тэнгэрлэг Эцэг минь, би эдгээр хүнд сорилтыг даван туулахыг үнэхээр хүсч байна. Гэвч би Таны хүслийг хүлээн авах болно” хэмээн өөрчилсөн. Залбирлаа өөрчилсний дараахан би химийн эмчилгээгээ улам зовиургүй хийлгэдэг болж, сэтгэл санааны байдал ч сайжрав. Энэ бол адислалын эхлэл, миний залбирал болон асуултуудад хариулж эхэлсэн явдал байлаа.
Аав өвөө хоёр маань надад санваарын олон адислал өгөв. Би мэс засал хийлгэх бүрдээ адислал хүсэх болов. Адислалууд нь хавдрын тухайд санаа зовохгүй байхад надад болон гэрийнхэнд минь тусалсан билээ. Нэг удаа би их халуурч, эмнэлэгт очихоос аргагүйд хүрэв. Эмнэлэг уруу явахаасаа өмнө би аав, нэг хөрш хоёроос адислал авлаа. Шөнө дунд биднийг яаралтай тусламжийн өрөөний хаалгаар ороход миний халуун бууж, эмнэлэгт үлдэх шаардлагагүй болов. Санваарын хүч бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн бэлэг гэдгийг би мэднэ.
Сургамжууд
Миний санаанаас огт гардаггүй нэг хором бол цусны хавдрын оноштойгоор эмнэлгээс гэртээ ирсэн тэр өдөр юм. Залуу эмэгтэйчүүд болон Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нар миний юмсыг подвалаас гаргаж нэгдүгээр давхарт ээж аавдаа ойрхон байхаар бас шатаар явахгүй байхаар тавьсан байв. Тэд өрөөг намайг өвчтэй байх үедээ амьдрах үлэмж сайхан газар болгон цэвэрлэж, чимэглэсэн байлаа. Манай гэрийнхэн үйлчлэлийн бусад олон төслийг хүлээн авсан билээ. Эхний үед үйлчлэл хүлээн авах нь надад хэцүү байлаа. Хүмүүс надад үйлчлэл үзүүлэхэд би өөрийнхөө төлөө юу ч хийж чадахгүй болсон юм шиг санагддаг байлаа. Гэвч тусламж хүсэх нь хэрэгтэй зүйл гэдгийг би удалгүй мэдэж билээ. Бие минь сайжирсан үед би бусад хүмүүст ахиухан үйлчлэх боломжийг эрж хайх болов. Одоо би аль болох ахиухан үйлчлэхийг хичээдэг. Хүмүүст үйлчлэхэд санаа сэтгэл сайхан байдаг. Хүмүүс надад үйлчилж байгаа үедээ мөн л санаа сэтгэл нь сайхан байдгийг, ийм боломжийг би тэдэнд олгодгоо ухаарсан.
Үхэл тун ойртсон болохоор би ирээдүйнхээ тухай сонголтынхоо тухай улам их бодохыг сурсан. Сургууль дээр охид, “үс муухай харагддаг өдөр” байдаг тухай гомдоллодгийг би сонсож байсан. Би хурц ягаан өнгийн тэргэнцэртээ толгойдоо хиймэл үс углачихаад сууж байхдаа, “үстэй байгаа нь л яамай даа” гэж боддог байлаа. Охид бас өндөр өсгийтэй гутал өмссөнөөс явахад хөл нь өвддөг тухай гомдоллодог байлаа. Би дотроо, “Та нар дор хаяж явж чадаж байгаа шүү дээ” гэж боддог байв. Эдүгээ би жижиг сажиг зүйлсийн талаар санаа зовдог байсныхаа оронд амьдралын илүү чухал юмс дээр анхаарал төвлөрүүлэхийг хичээдэг болов.
Цусны хавдраар өвчилсний улмаас болон химийн эмчилгээний хүндрэл бэрхшээлүүдийн улмаас хүлээн авсан адислалуудаараа дамжуулан би өнгөрсөн хэдэн жилд өөр олон зүйлийг мэдэж авлаа. Би Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү ойр дотно боллоо. Гэрчлэл минь өсч бэхэжлээ. Бас юу үнэхээр чухал болохыг мэддэг боллоо. Хүмүүсийн миний төлөө хийдэг бүх жижиг сажиг зүйлсийг би үнэлж сурсан. Одоо миний өвчин алгуураар илааршин, өвдөх нь бага болж, үе мөчний зарим нь эргээд хэвийн ажиллагаатай болж байна. Өвчин илааршихын хэрээр адислал, юм сурч мэдэх туршлага нэмэгдсээр байлаа.
Ингэхлээр яагаад надад энэ хүнд сорилт ирсэн юм бол? Яагаад одоо? Энэхүү хүнд сорилтын үед би сүнслэг байдлаараа өсч хөгжсөн учраас иймэрхүү асуултуудыг тавихаа больсон. Их Эзэн надад хайртай учраас бэрхшээлийг сөрөн зогсох туршлагыг надад суулгаж, уг туршлагатай хамт олон адислал ирсэн болохоор би чухам хэн бэ гэдгээ танин мэдсэн юм.