Бидний төлөө хүүхэд төрөв
Эртний бошиглогч Исаиа Мессиагийн ирэлтийг угтан хэлж, Түүний үүргийн талаар их зүйлийг илчилжээ.
Олон зууны тэртээ Есүс Христийг төрөхөөс өмнө бошиглогч Исаиа Христийн ирэлтийн нөхцөл байдлын талаар өөрт нь илчлэгдсэн зүйлсийг цэдэглэсэн ажээ. Исаиа 9:6-д байдаг ийм нэгэн бошиглол нь Аврагчийн тухай мөн бидний амьдралд болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд Түүний гүйцэтгэх үүргийн тухай маш үнэ цэнэтэй мэдлэгийг хэдхэн үгээр илэрхийлсэн байдаг. Тэр шүлэгт илэрхийлсэн санаануудаас заримыг нь энд тайлбарлая.
Хүүхэд төрж, бидэнд Хүү өгөгдөнө
Анхны хүн Адамд Аврагч нь Бурханы Төрсөн Ганц Хүү хэмээн илчлэгджээ (Moсе 5:7, 9; 6:52, 57, 59, 62-ыг үз). Тэр цагаас хойш бүх ариун бошиглогчид Бурханы Хүү махан биеэр ирж Түүний хүмүүсийг гэтэлгэх тухай бошиглосоор иржээ (Үйлс 10:43; Иaков 4:4-ийг үз).
Христийн төрөлтийн утга учир буюу ач холбогдол юу вэ?
Аваргчийн төрөлтийг хоньчдод зарласан тэнгэр элч “бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг авчирснаа” (Лук 2:10) тунхаглажээ.
Нифай нялх Есүсийг тэвэрсэн Мариагийн тухай үзэгдлийг хараад, сэтгэл нь хөдлөн “хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэх Бурханы хайрыг” нотолсон юм (1 Нифай 11:22).
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иoхан 3:16) хэмээн Аврагч хэлсэн билээ.
Засаглал Түүний мөрөн дээр байх болно
Эртний Израилд тахилчид болон хаад нөмрөг нөмөрч, албан тушаалынхаа бэлгэдлийг мөрөн дээрээ зүүж явдаг байжээ (Исaиа 22:21–22-ыг үз). Бурханы Хүү Есүс Христ “эрх мэдэлтэй нэгэн шиг” (Maтай 7:29) ирсэн юм. “Эрх нь хаанчлах явдал байх” Тэрбээр Мянган жилийн үед Хаадын хаан, Эздийн Их Эзэн болж хаанчлах болно (С ба Г 58:22; мөн Итгэлийн Тунхаг 1:10-ыг үз).
Гайхамшигт зөвлөгч
Гайхамшигт гэдэг үг еврей хэлний “гайхамшиг” гэдэг үгнээс гаралтай бөгөөд Мессиагийн гайхамшигтай төрөлт, амьдралынхаа үед Түүний үйлдэх гайхамшгуудын аль алиныг нь илэрхийлсэн ажээ. Зөвлөгч гэдэг үг, биднийг Тэнгэрлэг Эцэг уруу буцааж аваачихын тулд Мессиагийн авчрах зарлиг, сургаалуудтай холбоотой юм. “[Их Эзэн] мэргэн ухаанаар, шударга ёсоор мөн агуу нигүүслээр, өөрийн бүх ажлыг хамруулан зөвлөдөг” (Иaков 4:10) тухай Мормоны Номын бошиглогч Иаков өгүүлжээ.
Хүчит Бурхан
“Энэ амьдралд болон үүрд мөнх дэх хамгийн агуу [хүн], Бурханы Хүү, Есүс Христэд итгэ. Түүний юутай ч зүйрлэшгүй амьдрал дэлхий бий болохоос бүр өмнөөс эхэлсэнд итгэ. Тэр бол бидний амьдарч байгаа дэлхийн Бүтээгч гэдэгт итгэ. Тэр бол Хуучин Гэрээний Иехова, Шинэ Гэрээний Мессиа байсан бөгөөд наснаас хальж, дараа нь амилагдсан гэдэгт, … тэрээр эдүгээ амьд гэдэгт, тэр бол амьд Бурханы амьд Хүү, бидний Аврагч, бидний Гэтэлгэгч гэдэгт итгэ.”
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008), “Be Not Faithless,” Tambuli, 1990 оны 4-р сар, 4.
Мөнхийн Эцэг
“Элохимын Хүү Есүс Христ болох Иеховаг ‘Эцэг,’ ‘бүр тэнгэр, газрын Мөнхийн Эцэг’ хэмээн нэрлэдэг билээ (… Moзая 16:15-ыг үз). ‘Мөнхийн Эцэг’ гэдэг нь Есүс Христтэй утга ижил нэр юм (Исаиа 9:6; 2 Нифай. 19:6)-тай харьцуул. … Есүс Христ бол Бүтээгч учраас тэнгэр, газрын Эцэг хэмээн нэрлэгддэг нь зүй ёсны юм … ; мөн Түүний бүтээлүүд мөнхийн шинжтэй учраас Түүнийг тэнгэр, газрын Мөнхийн Эцэг хэмээн нэрлэдэг нь маш оновчтой юм.”
“The Father and the Son: A Doctrinal Exposition by the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,” Ensign, 2002 оны 4-р сар, 13; Improvement Era, 1916 оны 8-р сар, 934–42-оос.
Энхийн Жонон
“Бид амар амгалан уруу хөтлөгч замаас гарч, зогсолт хийн, Энхийн Жононгийн сургаалуудыг тунгаан бодож, бясалган, илүү дээд хуулиар амьдарч, илүү өндөр замаар алхлан, Христийн улам сайн шавь байхын тулд бодол санаа, үйл ажиллагаандаа нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэхэд шийдвэр төгс байх хэрэгтэй.”
Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Finding Peace,” Лиахона, 2004 оны 3-р сар, 3.
“Амар амгаланг би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгаланг та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” Иoхан 14:27