Ажил хөдөлмөрөөс ирдэг адислал
Ажил хөдөлмөр бол дан ганц эдийн засгийн асуудал биш. Энэ бол сүнсний зайлшгүй хэрэгцээ юм. Эдийн засгийн энэхүү бэрхшээлийн үед хөдөлмөрлөх зарлиг бол амьдралаа авч явах бэлтгэлтэй байхад бидэнд туслах Их Эзэний зарлигуудын нэг юм.
Далай дээр буюу далайн орчим байдаг хүмүүс далай хэчнээн хувирамтгайг мэднэ. Далайн давалгаа, түрлэг, урсгал, салхи байнга өөрчлөгдөн, харилцан үйлчилж байдаг. Туршлагатай далайчид болон загасчид хүрэх газартаа аюулгүй очихын тулд салхи, далайн урсгалыг ашиглан, давалгаа, түрлэгэн дээгүүр явж сурсан байдаг.
Дэлхий бас хувирамтгай бөгөөд өөрчлөлт улам түргэсч байна. Байнга өөрчлөгдөн хувирч байдаг манай дэлхийн өгсөлт, уруудалт нь хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөнд илэрч байдаг. Далайчид ур чадвар, далайн зураг, бусад туслах төхөөрөмжүүдийг ашиглан далайгаар амжилттай хөвдөг лүгээ адил байнга өөрчлөгдөн хувирч байдаг хөдөлмөрийн зах зээлд өөртөө ашигтайгаар зохицон ажилтай байхад туслах боломж, эзэмшиж болох ур чадвар байдаг билээ. Ажлын ур чадвар эзэмшсэн хүмүүс ажиллахад төдийгүй, ажил олохын тулд өөрчлөлтийг хамгийн сайнаар ашиглаж чадна.
Зарлиг болон адислал
Өнөө үед олон хүн ажил хөдөлмөрийн үнэ цэнийг умартжээ. Амьдралын дээд зорилго бол цаашид ажиллах шаардлагагүй болох түвшинд хүрэх явдал мөн гэж зарим хүмүүс буруу боддог. “Ажил хөдөлмөр бол бэлэг, ажилд байдаг хүч бол адислал, ажиллах дуртай байх нь амжилт олдгийг ухаарцгаая” хэмээн Ерөнхийлөгч Давид O.МкКей (1873–1970) хэлэх дуртай байжээ.1
Ажил хөдөлмөр бол дан ганц эдийн засгийн асуудал биш. Энэ бол сүнсний зайлшгүй хэрэгцээ юм. Тэнгэр дэх бидний Эцэг бидний аврал, өргөмжлөлийг тохиолгон авчрахын тулд ажилладаг (Moсе 1:39-ийг үз). Иймээс Тэрбээр Адамаас эхлэн бид бүгдэд ажиллахыг зарлигласаар ирсэн билээ. Адам бүр Едений Цэцэрлэгт байхдаа “үүнийг [арчлан] сахих” (Эхлэл 2:15) зааврыг авч байжээ. Уналтын дараа Адамд, “Чи духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” (Эхлэл 3:19) хэмээн хэлсэн байдаг. Бусад зарлигуудын адилаар үүнийг сахиснаас ирэх баяр баясгалан мөн байдаг. Үнэнч шударгаар—үр бүтээлтэй ажиллах нь сэтгэл ханамж болон өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх мэдрэмжийг бий болгодог. Бид шаардлагатай бүхнийг хийсний дараа бие дааж амьдрах чадвартай байж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд өөрсдөдөө юу дутагдаж байгааг Их Эзэнд хандан итгэлээр асууж болно.
Авьяас чадвар, сонирхол
Тэнгэрлэг Эцэг бидэнд өөрсдийгөө болон гэр бүлээ хангахад туслах бүхий л авьяас чадварыг өгсөн байдаг. Өөрсдийнхөө авьяас чадвар, сонирхлыг таньж сурах нь ажил хөдөлмөрт бэлтгэх анхны чухал алхам юм. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ерөнхийлөгч Хенри Б.Айринг сонирхолдоо нийцсэн ажил мэргэжлийг хэрхэн сонгохыг аав Хенри Айрингаасаа сурсан аж.
Профессор Хенри Айринг шинжлэх ухаанд дуртай учраас хөвгүүдээ шинжлэх ухааны салбарын ажил мэргэжилд бэлтгэхийн тулд физикийн судалгаанд тэдний анхаарлыг төвлөрүүлжээ. Ерөнхийлөгч Айринг Ютагийн Их Сургуульд физик судалж байхдаа аавтайгаа зөвлөж ажил мэргэжлийнхээ чиглэлийг өөрчилсөн гэнэ. Тэрээр математикийн ярвигтай асуудлаар ааваасаа туслалцаа хүссэн гэнэ. “Бид хоёр газар давхарт хадгалдаг байсан хар самбарын дэргэд зогсож байлаа. “Аав ярихаа гэнэт больчихов. ‘Хал аа, яг энэ асуудал дээр бид өнгөрсөн долоо хоногт ажилласан шүү дээ. Чи үүнийг сайн ойлгоогүй бололтой байна. Чи үүн дээр ажилласан уу?” гэж аав асууж билээ хэмээн Профессор Айринг дурсчээ.
Ерөнхийлөгч Айринг жаахан ичсэнээ үгүй ээ гэж хариулсан гэнэ. Ерөнхийлөгч Айринг аавынхаа хариултыг дурссан нь: “Намайг үгүй гэж хэлэхэд аав дуугүй болов. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, торгон агшин байлаа. Учир нь аав маань надад хэчнээн их хайртайг, намайг эрдэмтэн болоосой гэж хэчнээн их хүсдэгийг би мэдсэн юм. Тэгээд аав, ‘Хал аа, чи физикийг орхисон нь дээр юм байна даа. Өөр юуны ч тухай биш зөвхөн өдрийн бодол, шөнийн зүүд болсон тэр зүйлийнхээ тухай үргэлж бодож байх ямар нэг юмыг чи олох хэрэгтэй’ хэмээн хэлж билээ.”2
Боловсрол ба дадлагажилт
Бид өөрсдийнхөө сонирхол, чадварыг танин мэдсэн үед биднийг таньдаг, хайрладаг хүмүүсийн тэр тусмаа Их Эзэний зөвлөгөөг сонсож, хэрэгжүүлэхдээ сонгож авсан ажил мэргэжлийнхээ салбарт боловсрол, туршлагын аль алиныг нь эзэмшихийг эрмэлзэх хэрэгтэй. Боловсрол, дадлагажилт бол хүн өөртөө хийдэг хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юм.
Сурч мэдэхэд дуртай болох нь Хадгаламжийн дансандаа мөнгө нэмж хийх нь чухлын адил ур чадвар тань зах зээлд байнга эрэлт хэрэгцээтэй байхын тулд сонгосон ажил мэргэжлээрээ өөрийгөө байнга хөгжүүлж байх нь чухал юм. Далайчин хүн цаг агаарын өөрчлөлтийг ажиглан тэнгэрийн хаяанаас харцаа салгадаггүйн адил ажил мэргэжлийнхээ салбарт өөрийгөө байнга хөгжүүлэх нь өөрчлөлтийг соргогоор ажиглан, чиг баримжаа алдахгүй байхад тань тусална.
Бусдад тусалж, тусламж авах нь
Та биднээс хэн нь ч далайд ганцаархнаа аялдаггүй. Бид бол агуу том флотын хэсэг юм. Усан цэргийн флот олон тооны дэмжигч хөлөгтэй байдаг лугаа адил, Сүмд бишопууд болон салбарын ерөнхийлөгч, Нийгмийн Халамжийн бүлгийн болон чуулгуудын ерөнхийлөгч, ажил эрхлэлтийн мэргэжилтнүүд болон бусад хүмүүс байдаг. Ийм тусламжид анкет бичих, үр ашигтайгаар ажил хайх, ярилцлаганд өөрийгөө сайн талаас нь таниулж сурах зэрэг бидний өвөрмөц нөхцөлд тохирох нөөц боломж, сурч дадлагажих нь багтдаг.
Сүлжээ гэдэг нэр томьёо хэрэглэгдэхээс бүр өмнө далайчид аюултай гүехэн устай газар, аяллын шинэ чиглэл, хангамжийн эх сурвалжуудын тухай мэдээлэл солилцдог байжээ. Далайчин үл мэдэх ус уруу орохоос өмнө энэ талаар ашигтай мэдээлэл хуваалцах боломжтой хүн бүртэй ярилцдаг байжээ. Өнөөдрийн ажил эрхлэлтийн орчинд ашигтай мэдээлэл буюу туршлагыг эзэмшсэн хүмүүстэй холбоо тогтоох, тогтоосон холбоогоо таслахгүй байх нь ач холбогдолтой юм. Орон нутгийн тойрог, салбарын удирдагчид, гэр бүлийн гишүүд бол гарааны сайн цэг юм.
Ажил хөдөлмөр хийхийг хүүхдүүдэд заах нь
Эцэг эхчүүдийн хамгийн чухал нэг үүрэг бол ажил хийхийг хүүхдүүддээ заах явдал мөн. Бага насны хүүхдүүд ч гэсэн гэрийн өдөр тутмын ажил, бусдад үйлчлэх үйлчлэлд оролцсон үед ажил хөдөлмөрийн үр ашгийн талаар туршлагатай болж эхэлдэг. Ухаалаг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ажиллаж, тэднийг үргэлж магтан, дааж давшгүй хэцүү ажил гэж байдаггүйг ойлгуулдаг.
Ерөнхийлөгч Томас С.Монсонг бага байхад эцэг эх хоёр нь ажил хөдөлмөрийн зарчмыг үлгэр жишээгээрээ заадаг байжээ. Хэвлэгч байсан аав нь олон цагаар, бараг л амьдралынхаа бүх үед өдөр бүр шаргуу ажилласан аж. Гэртээ байхдаа ч амрахын оронд ажилладаг байсан аж. Гэр бүл болон хөршүүддээ үйлчилж ажлаа үргэлжлүүлдэг байв.3 Ээж нь гэр бүлийнхээ хэн нэгэнд юм уу найздаа үйлчлэхийг тулд үргэлж ажилладаг байлаа. Ерөнхийлөгч Монсонгийн эцэг эх хоёр хамт явахыг эсвэл үйлчлэл хийхийг түүнээс хүсдэг байсан гэнэ. Энэ нь бусдад үйлчлэх ажлыг шууд хэрэгжүүлэгчээс нь биечлэн сурах боломжийг олгодог байжээ.
Ерөнхийлөгч Монсон ажлыг хэрхэн хийх ёстойг ааваасаа сурч, 14 настайгаасаа аавынхаа эрхэлж байсан хэвлэх цехэд анхныхаа бүрэн бус цагийн ажлыг эхэлжээ. 14 наснаасаа хойш ням гарагийг эс тооцвол ажил хийгээгүй өнгөрсөн өдөр түүний хувьд олон биш гэдгийг Ерөнхий Монсон ярьжээ. “Бага залуудаа ажиллаж сурсан дадал зуршил танд үүрд үлдэнэ” гэж тэр хэлжээ.4
Шаргуу тэвчээрээс ирдэг адислалууд
Бидний насан туршдаа хийх ёстой чухал зүйлсийн дотор ажил хөдөлмөр багтдаг бөгөөд бид энэ талаар үргэлж урагш ахиж байх ёстой. Бид хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтээ итгэж, хүмүүнээс болон Бурханаас удирдамж эрэлхийлэн чадах бүхнээ хийвэл Тэрээр биднийг адислах болно.
Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф залуу байхдаа гэр бүлийнхээ угаасан хувцсыг хүмүүст хүргэж өгөхөөс өөр ажил хийхийг хүсдэг байсан аж. Тэрэг, хүнд унадаг дугуй, эсвэл угаасан хувцас хүргэж өгөх нь түүнд тийм ч аятайхан санагддаггүй байсан ч гэр бүлдээ туслахын тулд тэрээр шаргуу ажилладаг байлаа.
Хүнд хүчир ажлаас нь ирсэн адислалын тухай тэрээр дараах зүйлийг ярьжээ:
“Олон жилийн дараа би цэрэгт татагдахынхаа өмнөхөн нисгэгч болохын тулд Агаарын цэргийн хүчинд сайн дураараа элсэхээр шийдэв. Би нисэхэд дуртай байсан бөгөөд нисгэгч бол миний сэтгэл зүрхээ зориулах ёстой зүйл гэж боддог байлаа.
“Нисгэгч болохын тулд олон шалгуур, түүний дотор бие бялдрын хатуухан сорилгыг даван туулах ёстой байлаа. Эмч нар шинжилгээний дүнд бага зэрэг санаа зовниж, эмнэлгийн зарим шинжилгээг нэмж хийлгэв. Эцэст нь эмч нар, ‘Уушгинд чинь сорви байна. Энэ бол та багадаа уушигны өрөвслөөр өвдөж байсны ул мөр. Гэвч одоо маш сайн эдгэрсэн байна’ гэв. Ямар эмчилгээ хийлгээд өвчин ийм сайн эдгэрсэнд эмч нар гайхсан аж. Эмнэлгийн тэр шинжилгээг хийлгэх хүртэл уушигны өрөвслөөр өвчилж байснаа би огт мэддэггүй байлаа. Угаасан хувцас хүргэж өгдөг байсан ажил маань цэвэр агаарт хийдэг байнгын дасгалын үүрэг гүйцэтгэж энэ өвчнөөс эдгэрэх гол хүчин зүйл болсныг би тэгэхэд ойлгож билээ. Өдөржингөө хүнд дугуйны гишгүүрийг хүчлэн жийж, угаасан хувцас ачсан тэргийг хотынхоо гудамжуудаар өгсөн уруудан чирж явдаггүй байсан бол би тийрэлтэт онгоцны нисгэгч, хожим нь Воинг 747 агаарын хөлгийн ахмад хэзээ ч болж чадахгүй байсан биз ээ. …
“Хэрэв би олон жилийн дараа юу сурахаа өмнө нь мэдсэнсэн бол хэрэв төгсгөлийг эхлэлээс нь харж чаддагсан бол энэ ажлынхаа туршлагыг илүү талархалтайгаар хүлээн авч чадах байсан биз. Мөн энэ нь миний ажлыг маш хялбар болгох байсан биз ээ.5
Усан онгоцонд сууж аялалд гарах нь
Боломж хомс юм шиг санагдаж буй, салхи болон далайн урсгал бидний өсөлт хөгжилтөд саад тээг болж байгаа эдийн засгийн энэхүү хүнд үед Их Эзэн “өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана” (1 Нифай 3:7) гэдгийг санах нь туйлын чухал юм. Их Эзэн бидэнд өөрийгөө болон гэр бүлээ тэтгэхийн төлөө ажиллах тухай зарлигийг өгсөн гэдэг нь тодорхой юм.
Тэнгэрийн хаяанаас цааш хязгааргүй үргэлжилсэн далайг харсан үед Нифайд тулгарсан сорилтын адил, эдүгээгийн сорилт нь зарим хүмүүст айн сүрдмээр байж болох юм. Зэлүүд цөлийн залуу эр хөлөг онгоц барьж, далайчин болсон шүү дээ. Энэ нь ажил мэргэжлээ өөрчилж болдгийн жишээ. Нифай заавар эрж, улмаар ажлаа эхлүүлсэн билээ (1 Нифай 17:8–11-ийг үз). Бид далайд ганцаархнаа хөвдөггүйгээ мэдэж, итгэлээр жигүүрлэн, золиослол хийж, хаант улсад үйлчилсээр байх юм бол өнөө үед ч гэсэн Их Эзэн биднийг адислах болно.