2009
Хүүхдийн хэсгийн сайн зүйлс
2009 оны арванхоёрдугаар сар


Хүүхдийн хэсгийн сайн зүйлс

“Хөдөлгөөнгүй байж, Би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” (С ба Г 101:16).

Натанаел Хүүхдийн хэсгийн ангид орохдоо ээжийнхээ гараас чанга зуурсан байжээ. Өнөөдөр Натанаел Санбийм ангид хоёр дахь долоо хоногтоо сууж байгаа нь энэ. Гэдэс нь эвгүйрхсэн болохоор тэр хөлөө зөөн удаан гэгч нь гэлдэрч явлаа.

Өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн хэсэгт толгой эргэм санагдсан аж. Дууны цагаар Миа босч зогсоод тойрон эргэлдэж байв. Суугаад байх нь Натанаелд ядаргаатай санагдсан учир тэр ч бас босов. Гэтэл багш нь түүнийг суу гэв. Хуваалцах цагийн үед зарим ахлах насны хүүхдүүд явж, инээлдэж байв. Заримдаа Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч Миранда эгчийн юу ярьж байгаа нь сонсогдохгүй байлаа. Найз Сара нь уйлахад Натанаелд ч бас уйлмаар санагдсан гэнэ.

Натанаел өмнө талын эгнээ уруу ойртох тусам ээжийнхээ гарыг тавимааргүй санагдсан аж. Хүүхдийн хэсэг энэ долоо хоногт ч тийм л байх болов уу гэж тэр санаа нь зовж байжээ. Тэгтэл багш нь харагдлаа.

“Сайн уу, Натанаел. “Чамайг ирснийг хараад би баяртай байна” гэж Тейхада эгч хэлэв. Тейхада эгч хажуу дахь суудалдаа суугаач гэж заав.

Багшийнх нь эелдэгхэн инээмсэглэл Натанаелд таалагдлаа. Тэр ээжийнхээ гарыг тавьж, Тейхада эгчийн дэргэд суулаа.

“Хичээлийн дараа би чамайг ирж авна. Хүндэтгэлтэй байхаа мартуузай” гэж ээж нь хэлэв.

Юу болох гээд байгааг Натанаел сайн мэдэхгүй байлаа.

Нээлтийн залбирлын дараа Миранда эгч босов. “Өнөөдөр манайд тусгай зочин ирээд байна” гэж хэллээ.

Миранда эгчийн хажуугийн ширээний араас гэнэт нэг хүүхэлдэй гарч ирэв. Нөгөөх хүүхэлдэй гараа сэгсрэн даллаж, “Явах цаг болсон уу? Би юм уумаар байна” гэв.

Зарим хүүхдүүд хи хи хэмээн инээд алдав.

“Арло Хүүхдийн хэсэгт анх удаа ирээд, хэрхэн хүндэтгэлтэй байх ёстойг мэдэхгүй байна. Харин тэр хүндэтгэлтэй байхаасаа өмнө Хүүхдийн хэсгийн сайн зүйлсийг үргэлж баримтлах ёстойг мэдэж авах хэрэгтэй” гэж Миранда эгч хэллээ.

Натанаел гайхсан гэнэ. Ээж нь хоолны үеэр цаасан алчуурыг өвөр дээрээ тавьж байхыг сануулдаг байсан аж. Энэ бол сайн зүйл байлаа. Хооллосон ширээгээ цэвэрлэхээс өмнө сайхан хоол хийж өгсөн ээждээ талархаж байхыг аав нь хүн бүрээс хүсдэг байж. Энэ бол бас сайн зүйл байлаа. Харин Хүүхдийн хэсгийн сайн зүйлс юу байв?

Арло ширээний ирмэг дээгүүр тонгойж хараад. “Хүүе ээ, хүн бүр доошоо харсан ямар инээдтэй харагдаж байх юм бэ!” гэж хэллээ.

“Бид бусад хүмүүсийг хүндэтгэдгээ харуулдаг дүрмүүд бол сайн зүйлс мөн” гэж Миранда эгч тайлбарлав. “Хүүхдийн хэсгийн сайн зүйлсийн талаарх дүрмүүдийг Арло мэдэхгүй. Бид үүнийг түүнд бид зааж чадна гэж та нар бодож байна уу?” гэж тэр асуув.

Миранда эгч самбар уруу очиж, нэг гар зурлаа. Арло гараа яах ёстой вэ?” гэж тэр асуулаа.

“Гараа зөрүүлэн эвхэнэ!” гэж Миа чангаар хариулав.

“Тэр зөв” гэж Миранда эгч хэлэв.

Арло босов. Тэр гараа зөрүүлэн эвхэж, толгой дээрээ өргөн харууллаа. “Аа, чи ингэж ойлгосон юм уу?” гэж тэр асуув.

Буруу гэдгийг Натанаел мэдэж байв.

Хүүхдийн хэсгийн хүүхэд бүр гараа хэрхэн эвхэхийг Арлод үзүүлж болно гэж Мирандаа эгч хэлэв.

Натанаел гараа хурдан эвхэв. Арло ч бас гараа эвхэв.

Миранда эгч гарны зургийн дэргэд “Гараа эвхэцгээ” гэж бичив.

Миранда эгч өөр олон зураг зурахад Хүүхдийн хэсгийн сайн зүйлсийг хүүхдүүд Арлод зааж өгөв. Тэдгээр сайн зүйлсийн ихэнхийг мэддэгтээ Натанаел баяртай байв.

Одоо Арло гараа савлан хөдөлгөх юм уу даллах, чангаар хашгирахаа больжээ. Тэр хөлөө хөдөлгөхгүй, гараа эвхэн суудаг болжээ. Хүүхдүүд бас чимээгүй суун сонсож байв. Хүүхдийн хэсэг анир чимээгүй, толгой эргэмээр юм шиг биш болжээ. Натанаел сэтгэл тайван, баяртай байх болов. Хүүхдийн хэсэгт хүндэтгэлтэй байх нь тийм ч хэцүү биш ажээ. Тэр хэрхэн хүндэтгэлтэй байхыг аль хэдийнэ мэдсэн байлаа.

Гараа эвхэцгээ.

Чимээ шуугиан гаргалгүй явж бай.

Ярихдаа гараа өргөж бай.

Намуун дуугаар ярьж бай.

Багшийнхаа ярихыг анхааралтай сонс.

Зураг чимэглэлийг Женнифер Толман

Гэрэл зургуудыг Хавайн Кахулуй гадасны зөвшөөрлөөр нийтлэв

Хавайн Кахулуй Гадасны Кахулуй тойргийн хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгийн байранд анхаарал тавьж тордоход туслахын тулд шаргуу ажиллаж байна. Тэд үйлчлэлийн үйл ажиллагаагаар Хүүхдийн хэсгийнхээ сандлыг угаажээ.

Хүүхдийн Хэсгийн ахлах ангийн хүүхдүүд сандлуудыг ус, соодоор сойздон угаасныг бага насны хүүхдүүд арчсан ажээ. Бүр бяцхан хүүхдүүд ч гэсэн урамтай, баяртай ажиллажээ. Тэнгэрлэг Эцэгийн байрыг цэвэрхэн байлгадгийнхаа төлөө үүнээс хойш хүн бүгдэд сайхан санагддаг болжээ.