2009
Христийн мэндэлсний баяраар гэртээ
2009 оны арванхоёрдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Христийн мэндэлсний баяраар гэртээ

President Henry B. Eyring

Би бага байхдаа Христийн мэндэлсний баяр болон гэр орны тухай нэг дууг сонсож билээ. Тэр үед олон хүн гэр орон, гэр бүлээсээ алс дайтаж байсан дайны харанхуй үе, хайртай хүмүүстэйгээ энэ амьдралд дахин уулзахгүй байх хэмээх айдаст автсан үе байлаа. Христийн мэндэлсний баярын үеэр сургуульд явах замдаа нэг байшингийн дэргэдүүр өнгөртөл дээр нь алтан таван хошуутай бяцхан туг намирч байсныг харахад ямар сэтгэгдэл төрснөө би санадаг. Энэ миний таньдаг нэг охины гэр байлаа. Түүний ах дайнд амь үрэгдсэн байв. Эцэг эхийг нь таньдаг байсан болохоор би тэдний уй гашууг хуваалцаж байлаа. Сургуулиас гэр уруугаа харих замд миний сэтгэл догдлон, гэрийхэн маань баяртай угтана даа гэсэн бодол салдаггүй байлаа.

Христийн мэндэлсний баярын үе байсан болохоор зочны өрөөнд орж ирээд радиогоо залгатал, одоог хүртэл санаанд минь хоногшин үлдсэн тэр дууны үг, ая эгшиглэж билээ. Тэр дууны цөөхөн мөр гэрийнхэнтэйгээ хамт байх өгүүлшгүй их хүслээр зүрх сэтгэлийг минь догдлуулж билээ. Би аав ээж, ах нартайгаа хамт аз жаргалтай гэр оронд амьдарч байлаа. Тиймээс миний тэрхүү сэтгэл догдлол зүгээр л нэг гэрийнхэнтэйгээ хамт байхаас хавьгүй илүү зүйл гэдгийг би мэдэрч, ойлгож байлаа. Энэ бол миний мэддэг буюу төсөөлдгөөс илүү сайхан ирээдүйн нэгэн газар, ирээдүйн амьдралын тухай байлаа.

“Мөрөөдлөөрөө ч гэсэн хамаагүй Христийн мэндэлсний баяраар гэртээ харина” гэсэн тэр дууны хоёр мөрийг би тодхон санадаг.1 Хүүхэд ахуй насныхаа аз жаргалтай үед аав, ээж хоёртойгоо Христийн мэндэлсний баярын сүлд модоо чимдэг байсан байшин маань нэг их өөрчлөгдөлгүй хэвээр үлдсэн юм. Хэдэн жилийн өмнө би энэ гэртээ эргэн очиж, хаалгыг нь тогшлоо. Танихгүй хүмүүс хаалга нээв. Нөгөөх радио байсан өрөө болон манай гэрийнхэн Христийн мэндэлсний баярын сүлд модны дэргэд цугладаг байсан өрөөнд орж үзэхийг гуйхад зөвшөөрсөн юм.

Зүрх сэтгэлийн хүсэл минь байшинд байх биш болохыг би тэр үед ойлгож билээ. Харин энэ нь гэрийнхэнтэйгээ хамт байх гэсэн хүсэл мөн хүүхэд ахуй үеийнхээ цөөн ам бүлтэй гэр бүлдээ мэдэрдэг байснаас илүүтэй хайр болон Христийн гэрэлд өлгийдүүлэх хүслэн байсан юм.

Мөнхийн хайрыг эгээрэхүй

Христийн мэндэлсний баярын үеэр бид зүрх сэтгэлдээ үргэлж эгээрэн хүсдэг зүйл бол үүрд мөнх үргэлжлэнэ гэдэг онцгой мэдрэмжтэйгээр хайранд хүрээлүүлэх явдал юм. Энэ бол Бурхан Өөрийн хүүхдүүдэд соёрхсон Түүний хамгийн агуу бэлэг хэмээн нэрлэсэн мөнх амьдралын бэлэг юм (С ба Г 14:7-г үз). Түүний Хайртай Хүүгийн бидэнд соёрхсон бэлгүүд: Аврагчийн төрөлт, Цагаатгал, Амилалтаар боломжтой болсон юм. Бид Аврагчийн амьдрал, номлолоор дамжин гэр бүлийнхээ хайранд үүрд мөнх хамтдаа амьдарч чадна гэдэгт бат итгэлтэй байдаг.

Бидэнд гэр орноо санах мэдрэмж байдаг. Ариун Сүнс биднийг наманчлал, баптисм, Бурхантай ариун гэрээнүүд хийж, сахихад хөтлөхөөр хангалттай байхуйц итгэлгүйгээр гайхамшигт мөрөөдөл биелэхгүй. Ийм итгэл нь мөнх бус амьдралын сорилтуудыг зоригтойгоор тэсвэрлэж даван туулахыг шаарддаг. Ингэсэн тохиолдолд, бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайртай Хүү хоёр дараагийн амьдралд биднийг мөрөөдлийн гэр оронд маань баяртайгаар угтах болно.

Бид бүр энэ амьдралд ч гэсэн тэр өдөр ирнэ гэдэгт бат итгэлтэй байж болох бөгөөд эцэстээ гэртээ очоод мэдэх зарим баяр баяслыг мэдэрч болно. Христийн мэндэлсний баяр нь бидэнд Аврагчийн төрөлтийг тэмдэглэх баяр баяслыг энэ амьдралд мэдрэх онцгой боломжийг олгодог.

Амлагдсан баяр баяслыг олохуй

Биднээс ихэнх нь хайртай хүмүүсээ алдсан байдаг. Бидний эргэн тойронд сайн мэдээнд болон мөнх амьдралын тухай Их Эзэний амлалтуудад итгэх итгэлийг устгахыг эрэлхийлдэг хүмүүс ч байдаг. Бидний зарим нь өвчин зовлонд нэрвэгдэн, ядуу зүдүү амьдарч байна. Зарим нь гэр бүлдээ зөрчил сөргөлдөөнтэй эсвэл гэр бүлгүй байна. Гэвч бид өөрсдийгөө гэрэлтүүлэх Христийн Гэрлийг урьж чадна. Ийнхүү өөрсдөдөө амлагдсан агуу адислалуудыг ирээдүйд харж, мэдэрцгээе.

Жишээ нь: бид тэнгэрлэг гэр орондоо цуглах үед бүх нүглээс уучлагдсан, бас бие биеэ уучилсан хүмүүсээр хүрээлэгдэх болно. Бид тэрхүү баяр баяслын заримыг нь эдүгээ, ялангуяа Аврагчийн бэлгүүдийг санаж, тэмдэглэж байгаа үед биеэр мэдэрч болно. Тэрбээр бүх хүмүүс аврагдахын тулд мөнх бус байдал дахь Эцэгийнхээ бүх хүүхдийн нүглийн төлөөсийг төлөхийн тулд, Бурханы Хурга болж дэлхийд ирсэн. Бид Христийн мэндэлсний баярын үеэр Аврагчийн үгсийг санаж, тунгаан бодох агуу хүслийг мэдэрдэг билээ. Бид бусдыг уучлахгүй бол өөрсдөө уучлагдаж чадахгүйг Тэрбээр бидэнд сануулсан юм (Maтай 6:14–15-ыг үз). Бусдыг уучлах нь хэцүү байдаг. Ийм үед та нар тусламжийн төлөө залбирах хэрэгтэй. Бусад хүн таныг гомдоосноос илүү та бусдыг гомдоосон үед энэхүү уучлах тусламж нь ирэх болно.

Уучлах хүчийг гуйж залбирсны хариуд мөрөн дээрээс чинь ачаа дарамт авагдсаныг та мэдэрнэ. Өс хонзон өвөрлөж явах нь хүнд ачаа дарамт юм. Та бусдыг уучлах юм бол уучлагдахын баяр баяслыг мэдрэх болно. Христийн мэндэлсний энэ баяраар та нар уучлалын бэлгийг өгч, хүлээн авч болно. Мөрөөдөл болсон мөнхийн гэр орондоо мэдэрч болох зүйлийн жижигхэн хэсэг нь аз жаргалын мэдрэмж юм.

Өгснөөр баяр баяслыг мэдрэх нь

Тэрхүү сайхан ирээдүйн өөр нэг загварыг бид Христийн мэндэлсний баярын үеэр илүү сайн харж болно. Энэ бол өгөөмөр уужуу сэтгэлээр өгөх мэдрэмж юм. Бурхан бидэнд хэрхэн өгөөмөр сэтгэлээр өгснийг бид санаж өөрсдийнхөө хэрэгцээнээс илүү бусдын хэрэгцээг мэдэрсэн үед өгөх мэдрэмж төрдөг.

Энэ нь Христийн мэндэлсний баяраар бусад хүнд нинжин сэтгэлээр ханддагийг харахад тусалдаг. Та хэн нэгний үүдэнд нууцаар бэлэг тавих гэж хэчнээн удаа очсон бэ? Тэнд мэдэгдэлгүйгээр орхисон нэгээс дээш бэлэг байхыг харсан уу? Хэн нэгэнд туслах мэдрэмж төрөх тэр үед тухайн хүнд тусламж хэрэгтэй байсан тохиолдол надад тохиолдож байсан шиг танд тохиож байсан уу? Энэ бол Бурхан бидний бүх хэрэгцээг мэддэг бөгөөд бидний эргэн тойрон дахь бусад хүмүүсийн хэрэгцээг хангах гайхамшигтай нотолгоо юм.

Бидний зүрх сэтгэл Аврагчийн үлгэр жишээ болон Түүний үйлчлэгчдийн үгсэд илүү мэдрэмтгий байдаг болохоор бид хариулна гэдгийг Бурхан эдгээр захиасыг Христийн мэндэлсний баярын үеэр илүү итгэлтэйгээр бидэнд илгээдэг юм. Бид Христийн мэндэлсний баярын үеэр Хаан Бенжамины үгсийг илүү их уншиж, түүгээр нөлөөлөгддөг юм шиг санагддаг. Бидний хүлээн авдаг уучлалын бэлэг нь биднийг бусад хүмүүст уужуу өгөөмөр сэтгэлээр хандахад хүргэдгийг тэрээр хүмүүстээ зааж байсан, бас бидэнд заадаг билээ.

“Мөн болгоогтун, бүр энэ цагт, та нар түүний нэрийг дуудаж, мөн нүглүүддээ ангижралыг гуйж байна. Мөн тэрээр хоосон гуйхыг та нарт зөвшөөрсөн үү? Үгүй; Тэр өөрийн сүнсийг та нар дээр цутгаж, мөн та нарын зүрх сэтгэлийг баяраар дүүргэгдэхээр болгож, мөн та нар ийм үлэмжийн агуу баяслаа илэрхийлэх арга олж чадахгүйд хүргэн та нарын амыг хамхихаар болгосон буюу.

“Мөн эдүгээ, хэрэв Бурхан, та нарыг бүтээсэн тэрбээр, та нарын амьдрал, мөн та нарт байгаа бүхэн, та нар бүгдээрээ хамаарах тэрбээр, та нарын итгэлтэйгээр хүлээн авах болно гэдэгт итгэн гуйсан, зөв болох юуг ч болов та нарт хайрладаг бол, Ай тэгвэл та нар, өөрсдөдөө байгаа хөрөнгөнөөс нэг нэгэнтэйгээ хуваалцах нь хэчнээн зохистой билээ.

“Мөн тэрээр мөхөхгүйн тулд чамд хандан хөрөнгөнөөс чинь гуйх хүнийг та нар шүүн, мөн түүнийг буруутгах аваас та нарт бус харин та нарын амьдрал ч түүнд хамаарагдах тэрхүү Бурханд харьяалагдах эд хөрөнгөө харамласны улмаас хүртэх та нарын буруушаалт хэр зэрэг илүү шударга байх билээ; гэсэн хэдий ч, та нар гуйлга гуйх нь, бас хийсэн тэр зүйлээ наманчлах нь үгүй бөлгөө.

“Би та нарт хэлнэ, тэр хүнд халаг, учир нь түүний хөрөнгө түүнтэй хамт мөхөх болно; мөн эдүгээ би эдгээр зүйлийг энэ дэлхийн зүйлүүдэд хамаарагдах зүйлээр баян тэдэнд хэлж байна (Moзая 4:20–23).

Та нар авах өгөхийн баяслыг мэдэрсэн байгаа. Баясал нь хэрэв бид энэ амьдралд Бурханд итгэх итгэлээрээ өгөөмөр байх юм бол ирэх амьдралд бидний мэдрэх зүйлийн загвар юм. Аврагч бол бидэнд аугаа үлгэр жишээ үзүүлэгч мөн. Христийн мэндэлсний баяраар Түүний хэн болох, дэлхийн Аврагч болохоор ирсэн Түүний өгөөмөр нинжин сэтгэлийг сэргээн тунгаан боддог.

Бурханы Хүү болж Мариагаас мэндэлсэн Тэрбээр нүглийн бүх уруу таталтыг эсэргүүцэх хүчтэй байлаа. Тэрээр хязгааргүй золиослол хийж, дэлхийн сууринаас амлагдсан өө сэвгүй Хурга байхын тулд төгс амьдралаар амьдарч байсан билээ (Илчлэлт 13:8-ыг үз). Бид уучлагдаж, тэнгэрлэг гэртээ цэвэр ариун очихын тулд Тэрээр бидний гэм буруугийн болон Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн нүглийн төлөө зовон шаналсан юм.

Тэрбээр уг бэлгийг бидний төлж чадахгүй үнээр бидэнд өгсөн юм. Энэ бол Түүнд өөрт нь хэрэггүй бэлэг байв. Уучлалын хэрэгцээ Түүнд байсангүй. Бид түүнийг хүндэтгэн, тэнгэрлэг гэр орондоо шүтэн биширсэн үед Түүний бэлгийн төлөө эдүгээ бидний мэдэрдэг баясал, талархал улам өсөн нэмэгдэх болно.

Христийн мэндэлсний баярын үе Түүнийг болон Түүний хязгааргүй өгөөмөр нинжин сэтгэлийг нь санах урмыг бидэнд хайрладаг билээ. Түүний өгөөмөр нинжин сэтгэлийг санах нь бидний тусламж хэрэгтэй хэн нэгэн байгаа гэдгийг мэдэрч, үүнд сүнсний нөлөөгөөр хариулахад туслах болно. Мөн бидэнд туслах хэн нэгнийг Бурхан илгээсэн үед Түүний мутрыг харах боломжийг бидэнд олгож ажилладаг билээ. Христийн мэндэлсний баяраар сүнслэгээр нөлөөлдөг авах өгөхийн баяр баясал гэж байдаг.

Түүний гэрлээр адислагдахуй

Христийн мэндэлсний баяраар харахад илүү амархан болдог тэнгэрийн бас нэг жижигхэн загвар байдаг. Энэ бол гэрэл юм. Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү, бидний Аврагчийн төрөлтийг зарлан тунхаглахын тулд гэрлийг ашигласан билээ (Maтай 2; 3 Нифай 1-ийг үз). Шинэ од дэлхийн зүүн, баруун хэсэгт харагджээ. Энэ од Мэргэн хүмүүсийг Бетлехем дэх нярай хүүхэд уруу хөтөлсөн юм. Бүр ёс бус хаан Херод хүртэл уг тэмдгийг таньж, айсан аж. Дэлхийн Гэрэл бөгөөд Амь болох Христ төрсөн учраас Мэргэн хүмүүс баяртай байлаа. Гурван өдөр харанхуй бололгүй гэрэлтэй байсан нь Өөрийнхөө Хүүгийн төрөлтийг Лихайн үр удамд зарласан, Бурханы тэмдэг байлаа.

Христийн мэндэлсний баярын үеэр бид Христийн төрөлтийг дэлхийд зарласан гэрлийг төдийгүй бас Түүнээс ирдэг гэрлийг санадаг билээ. Тэрхүү гэрлийг олон гэрч баталсан билээ. Паул Дамаск орох замдаа эл одыг харснаа гэрчилсэн байдаг:

“Үд дунд зам дээр нарнаас хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан.

“Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ” гэж надад хэлэхийг би сонсов.

“Тэгээд би, Эзэн, Та хэн бэ? гэхэд Эзэн, Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна” (Үйлс 26:13–15) гэв.

Сэргээлтийн эхэн үед Нью-Йоркийн Палмирад ойн цоорхойд Иосеф Смит хөвгүүн гайхамшигтай гэрэл харсан тухайгаа гэрчилсэн билээ.

“Яг тэр мөчид, өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

“Намайг хүлсэн тэрхүү дайснаас миний бие чөлөөлөгдсөн нь удалгүй мэдэгдэв. Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан, мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иoсеф Смит—Түүх 1:16–17).

Ийм гэрэл бидний тэнгэрлэг гэр оронд харагдах болно. Тэр үед энэ гэрэл бидэнд баяслыг авчрах болно. Бүр энэ амьдралд ч гэсэн та нар “Христийн гэрэл”-ээр дамжуулан энэхүү гайхамшигт туршлагын нэг хэсгээр адислагдсан билээ. Дэлхийд төрсөн хүн бүр эл гэрлийг бэлэг болгон хүлээн авдаг (Moронай 7:16-г үз). “Христийн гэрэл” үнэн бодитой бөгөөд үнэ цэнэтэйг гэрчилсэн туршлага өөрт чинь тохиолдсон тухайн үеийн талаар бод. Та энэхүү гэрлээр удирдагдаж байснаа итгэл төрүүлэгч доорх гайхамшигтай судраас ойлгох болно:

“Мөн сэнхэрдэггүй тэр нь Бурханаас бус бөгөөд харанхуй болой.

“Гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг, мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг.

“Мөн… та нар үнэнийг мэдэж болохын тулд, та нар өөрсдийнхөө дундаас үлдэн хөөж болохын тулд би үүнийг хэлж байна (С ба Г 50:23–25).

Хилэнцэт санаа бодол, шударга бус захиасаар харанхуйлагдаж байгаа дэлхийд та нар гэрэл ба үнэнийг илүү амархан танин мэдэх чадвараар адислагдсан билээ. Гэрлийг баяртайгаар хүлээж авсан үед энэ нь улам тодордгийг та нар мэдсэн шүү дээ. Бид Бурханы оршихуйд очих төгс өдрийг хүртэл энэ гэрэл улам бүр хурц болсоор байх болно.

Бид Их Эзэний зараалд илүү мэриймтгий байхын тулд Бурхан биднээр юу хийлгэхийг хүсч байгааг мэдэхийн төлөө илүү их залбирдаг, судруудыг илүү их уншдаг Христийн мэндэлсний баяраар уг гэрлийг ялган таних нь илүү хялбар байдаг. Бид унжсан гарнуудыг өргөж (С ба Г 81:5-ыг үз), бусдыг уучилж, уучлалын сүнсийг мэдрэх үедээ бид Бурханд ойртон мөн өөрсдийгөө өргөдөг.

Аврагчийн итгэлтэй шавь нар Түүний гэрлийг харах боломжийг бусдад олгосон алдар суут үеийн тухай Мормоны Ном дүрсэлсэн байдгийг та нар санаж байгаа(3 Нифай 19:24–25-ыг үз). Бид Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхийн тулд гэрлийг ашигладаг. Бид Аврагчийг шүтэн биширч, Түүнд үйлчилдэг нь бидний амьдралд бас бидний эргэн тойрон дахь хүмүүсийн амьдралд гэрлийг авчирдаг.

Бид энэ удаагийн Христийн мэндэлсний баярыг өнгөрсөн удаагийнхаас илүү гэрэлтэй болгох зорилгыг итгэлтэйгээр тавьж болно. Ингэснээр дараагийн жил бүр нь улам гэрэлтэй болно. Мөнх бус байдлын хүнд сорилтууд хүчээ аван өсч болно. Бид өөрсдийгөө Бүтээгчийг дагаж, дээрээс гийгүүлэх гэрэлд анхаарлаа төвлөрүүлбэл харанхуй өсөн нэмэгдэхгүй. Тэрбээр биднийг мөрөөдлийн гэр орондоо дээш очих замын дагуу удирдаж, бидэнд туслах болно.

Биднийг хайрлаж, залбиралд маань хариулдаг Эцэгтээ, амьдралыг маань гэрэлтүүлж, биднийг өргөдөг Аврагчдаа, тэнгэрлэг гэр орондоо эцсийн эцэст буцаж очих үед мэдрэх тэр зүйлийн зарим хэсэг нь Христийн мэндэлсний баяраар мэдрэгддэг.

Та нар өөрсдөө хайрладаг бас бие биеэ хайрладаг гэр бүлийнхээ хамт очиж тэнд үүрд мөнх амьдарч чадна гэсэн итгэл зөвхөн Христийн мэндэлсний баяраар төдийгүй, ерөөсөө Түүний улмаас та нарт байдгийг би гэрчилж байна.

Эшлэл

  1. James “Kim” Gannon, “I’ll Be Home for Christmas” (1943).

Стийв Бундерсоны гэрэл зураг чимэглэл; Есүсийн төрөлт, © Gemaldegalerie, Дрезден, Герман/A.K.G. Berlin/Superstock; жимсний модны гэрэл зургийг Лана Лейшман

Христийн төрөлтийг хоньчдод зарласан нь, Дел Парсон

Зураг чимэглэлийг Пол Манн