2009
Хэзээ бид Таныг өвчтэй байхыг харсан юм бэ?
2009 оны арванхоёрдугаар сар


Хэзээ бид Таныг өвчтэй байхыг харсан юм бэ?

Арасейли Лопез Ресендиз, Веракруз, Мексик

Би 2003-2005 онд Мексикийн Веракруз хотын Гутиеррез Замора тойрогт Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн. Христийн мэндэлсний баяр бүрээр залуу эмэгтэйчүүд удирдагчдынхаа хамт тойргийнхоо ахмад гишүүдэд амттай жигнэмэг хийж аваачиж өгдөг байлаа.

2005 оны Христийн мэндэлсний баяр ойртох үед бид Христийн мэндэлсний баярын магтуу дуунууд дуулах дадлага хийж, улаан өнгийн малгай өмсөж, хүзүүний орооолт зүүдэг байв. Өвөл манай тосгонд байнга шиврээ бороо орж, умард зүгээс хүйтэн салхи салхилна. Гэвч энэ нь манай залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн арав гаруй хүнтэй бүлэг жигнэсэн хан боргоцойтой бялууг авч гадагшаа явахад нь саад болдоггүй байв.

Бид ахмад настай ах, эгчийнд очоод ихэд баяртайгаар дуулдаг байлаа. Бид айл бүрээс баяртай гардаг байлаа. Учир нь бид магтуу дуу, бялуугаараа тэр айлд түр зуурын ч болов баяр хөөрийг авчирдаг байсан юм.

Бидний очсон сүүлчийн эгч олон жилийн турш идэвхгүй байсан юм. Залуучуудын хэн нь ч Хуанитаг таньдаггүй байлаа. Харин нөхөр бид хоёр түүнийг эртнээс таньдаг байсан. Одоо түүнд эдгэршгүй өвчин тусч хэвтэрт оржээ. Бас тун ядуу байлаа. Хэд хоногийн өмнө ахлагч нарын чуулга гэрт нь ирж, зарим эд хогшлыг нь засч сэлбэсэн аж.

Бид тэднийд хүрч очоод би түүнийг нэрээр нь дуудлаа. Хэн ч хариулсангүй. Би дуудсаар л байв. Удалгүй “Ор оо, ор. Арасейли эгч” гэх намуухан дуу сонсогдов. Хуанитагийн байдал бидэнд гуниг төрүүлсэн ч бид дотогшоо орж, баяр хөөр, урам зоригтойгоор дууллаа. Саяхан л тэрээр амьдралын цог жавхлангаар дүүрэн байсансан. Харин одоо түүнийг орон дотроо босч суухад залуучууд нулимсаа барьж чадсангүй. Тэр сэтгэл нь их догдолж, өөрийг нь эргэж ирсэнд, дуугаараа дамжуулан Тэнгэрлэг Эцэг түүнд хайртайг бас түүнийг мартаагүйг сануулсанд бидэнд баярлан талархаж байлаа.

Бид тэдний жижигхэн байшингаас явахдаа өөрт нь зориулж дуу дуулж өгөх боломж олгосонд талархал илэрхийлэв. Залуучууд хувцас нь норж, даарснаа юманд эс тооцон, тэднийхээс гарахдаа өчүүхэн ч гэсэн аз жаргалтай мөчийг түүнтэй хуваалцсандаа сэтгэл зүрх нь баяраар дүүрэн байлаа. Тэр үед л би дараах шүлгийн утгыг илүү бүрэн дүүрэн ойлгож билээ:

“Өвчтэй байхад минь Намайг та нар эргэж байсан. …

“… Хэзээ бид Таныг өвчтэй байхыг хараад … эргэж очсон юм бэ?

“Тэгэхэд Хаан тэдэнд, үнэнээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол, Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ (Maтай 25:36, 39–40).

Хэд хоногийн дараа Хуанита өөд болсныг сонсоод би уй гашуу болсон ч Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хайртайг би ямар ч эргэлзээгүй мэднэ. Хэрэв бид Сүнсийг дагавал бие биеэ адислахад Түүний мутарт зэмсэг байж чадна гэдгийг би бас мэднэ.