2011
Миний дотор шатаж буй гал
2011 оны аравдугаар сар


Миний дотор шатажбуй гал

Эдуардо уншиж сурсан өдрөө Мормоны Ном болон үүний хүчний тухай гэрчлэлтэй болсон ажээ.

‘Бид хүний дайтай амьдрахыг хүсвэл уншиж сурах ёстой’ гэж өвөө минь хэлдэг байж билээ. Өвөөгийн минь зөв байжээ” хэмээн Эдуардо Контрерас дурсав.

Гэвч Эдуардогийн уншиж сурах зам урт байжээ. Аргентины Кордоба хотод бэлэвсэн ээжийнхээ өсгөн хүмүүжүүлсэн таван хүүхдийн нэг нь болох тэрээр найман настайдаа сургуулиа орхин гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийхээс аргагүй болсон гэнэ.

“Би маш ядуу байлаа” гэж тэр хэллээ. Эдуардо хоногийн хоолоо залгуулахын тулд гутал тосолж, тоосго цохин, төмс хурааж, сонин заран, олдсон ямар ч ажлыг гололгүй хийж явсаар залуу эр болсон хойноо хотын захиргаанд бүрэн цагийн ажилтай болсон гэнэ.

Олон жил өнгөрч, Эдуардо гэрлэн, гал голомтоо бадраасан ажээ. Өнгөрсөн жилүүдийн дотор таван хүүхдийнх нь олонх нь гэр орноо орхин өрх тусгаарласан ч тэр өдий хүртэл уншиж сурсангүй, боломж ч бага байлаа. Нэг өдөр тэндхийн хэдэн хөвгүүд гэрийнх нь өмнө Хожмын Үеийн Гэгээнтэн хоёр номлогчийг шоолон тохуурхахад Эдуардо тэднийг хөөж явуулсан өдөр энэ байдал өөрчлөгдсөн ажээ. Тэр номлогчдыг гэртээ орохыг уриад, тэр даруй эхнэр Мариягийнхаа хамт ярилцлага авч эхэлжээ.

“Номлогчид испаниар маш бага ярьдаг байсан учир тэдний яриаг ойлгох гэж их зүдэрдэг байлаа. Гэтэл тэд Ариун ой дахь Аврагч болон Бошиглогч Иосеф Смитийн зурагтай товхимлыг надад үзүүлэв. Бидэнд тэдний үзүүлсэн тэр зураг бас заасан зүйл үнэхээр сайхан байлаа” гэж тэр дурсан ярилаа.

Удалгүй нөгөөх хоёр номлогч солигдож, өөр номлогчид, түүний дотор төрөлх испани хэлээрээ ярьдаг нэг номлогч ирсэн гэнэ. Хэдэн жилийн өмнө өөдсийн чинээ охиноо алдсан Эдуардо, Мария хоёр гэр бүлүүд мөнхөд хамт гэдэг тухай Сүмийн кино үзээд сэтгэл нь нэн их догдолжээ: Тэр хоёр отгон хүү Освальдогийнхоо хамт удалгүй баптисм хүртжээ.

Эдуардо 1987 онд баптисм хүртсэнээр Мормоны Номыг уншиж, гэрчлэлээ бэхжүүлэх хүсэлтэй болсон гэнэ. “Би яаж уншиж сурах вэ?” хэмээн тэр эхнэрээсээ асуужээ. Эхлээд үсэгнүүдийг харж байгаад дотроо холбож үг болгоод тэр үгээ чангаар дуудаж, дараа нь чанга уншихыг хичээ гэж Мария түүнд хэлжээ. Дадлага хийх тусам тэр өөртөө итгэлтэй болж, эцэстээ уншиж сурсан гэнэ.

Тэр үед 45 настай байсан Эдуарда олон үсгийг дуудаж мэддэг байсан ч, бараг 40 жилийн тэртээ сургуулиа хаяснаас хойш уншихыг оролдоогүй гэнэ.

Би дотроо шатаж буй галыг мэдэрсэн

Эдуардо чин сэтгэлээсээ залбираад, зуны халуун өдөр гэрийнхээ арын хашаан дахь сүүдэртэй газарт суулаа. “Энд би анхны оролдлогоо хийсэн юм” гэж тэр хэллээ.

Дараа нь юу болсныг би огт төсөөлөөгүй шүү гэж Мария хэллээ. Тэр гал тогооны өрөөнд ажиллаж байхдаа Эдуардо үсэг, үгсийг чанга дуудахыг хичээж байгааг сонсдог байжээ. “Түүнийг гэнэт түргэн түргэн яриад эхлэхийг би сонссон шүү. Сайн сонсвол Эдуардо түгдрэлгүй уншиж байх нь тэр. Бүтэн хагас цагаас багагүй хугацаанд тэр уншсан даа!” гэж тэр ярилаа.

Эдуардо уншиж байгаагаа ч мэдэхгүй болтлоо тийм их мэрийсэн ажээ. Гэвч тэр уншиж дуусаад “Миний дотор гал шатаж байгааг би мэдэрсэн” гэж билээ. Эдуарда цочиж, гайхсандаа эхнэрээ дуудаж, “Мами, би ер нь юу болоод байна аа?” гэж асуусан гэнэ.

“Наадах чинь Их Эзэний Сүнс. “Чи түгдрэлгүй уншиж байна шүү дээ!” гэж Мария хариуллаа.

Мария тэр явдлаа дурсан яриад, “Бид үүнийг хэзээ ч үгүйсгэж чадахгүй” гэлээ.

“Би уншиж сурсан тэр өдрөө Мормоны Ном болон үүний хүчний тухай гэрчлэлтэй болсон юм” гэж Эдуардо нэмж хэллээ.

Тэр үеэс хойш Эдуардо Мормоны Номыг ажилд явахаасаа өмнө уншихын тулд өглөөний 4:00 цагт босдог болжээ. Тэгээд тэр эхлээд Сургаал ба Гэрээг дараа нь Библийг уншжээ. 1987 оноос өмнө хэдхэн номтой байсан номын сан эдүгээ Контрерасын гэрийг чимж байна.

Эдуардо, Мария хоёрын сайн мэдээний мэдлэг, гэрчлэл нь өсөн нэмэгдсэн байлаа. 2001 онд хүү Освальдо нь автын ослоор нас барсны дараа Аргентины Буэнос Айресын ариун сүм дэх залбирлын үеэр тэдний сүнслэг туршлага—гэрчлэл хоёр дахин өсчээ. Тэд энд Освальдотойгоо лацдан холбуулсан нь уй гашууг нь нимгэлсэн ажээ.

“Зарим эцэг эх уурлаж бухимддаг, харин бид ‘Танай хүү сайн байгаа шүү’ гэж хүмүүс хэлэхэд сайхан мэдрэмж төрдөг. Мэдээжийн хэрэг бид уйлсан. Сайн хүү байсан даа. Бид хүүгээ их санадаг. Гэвч бид ариун сүмд лацдан холбуулсан. Хүү минь хаана байгааг бид мэднэ” гэж Эдуардо ярилаа.

Уншиж сурснаас ирсэн гэрэл

Тойргийнх нь гишүүд заасны ачаар Эдуардо бас бичиж сурчээ. “Өмнө нь би бүр нэрээ ч бичиж чаддаггүй байлаа” гэж тэр хэллээ.

Эдуардо бичиг үсэгтэй болсны ачаар өвөг эцгийнх нь үгс үнэнийг ойлгосон ажээ.

“Бид өдөр бүр бага багаар өсч хөгжиж байхын төлөө энэ дэлхий дээр байгаа юм шүү дээ.” Тэрбээр уншиж, бичиж сурснаар, эрдэм мэдлэг эзэмшиж, хөгжин, Бурхан биднийг ямар хүмүүс болоосой гэж хүсдэг шиг тийм хүмүүс болоход хэзээ ч оройтдоггүй гэдгийг хүүхдүүд, ач зээ нартаа харууллаа гэж тэр ярьж байна. “Би уншиж сурсан учраас өдөр бүр ямар нэг шинэ зүйл сурдаг” гэж тэр хэлэв.

Өнөөдөр Контрерас ах унших гэсэн юуг ч болов, түүний дотор бичиг мэддэггүй жаал хүү байхдаа зардаг байсан сониноо уншиж чаддаг болжээ. Судрууд, ялангуяа Мормоны Ном түүний дуртай номнууд юм. Тэр энэ номыг найман удаа эхнээс нь дуустал уншсан гэнэ.

“Надад Мормоны Ном үүд хаалгыг нээсэн юм” гэж тэр ярилаа. Бичиг үсэгтэй болж сайн мэдээг уншсан нь түүний амьдралыг өөрчилсөнд тэр баярлан талархаж явдаг ажээ. “Мормоны Ном миний хувьд бүх юм болдог. Энэ бол миний хувьд юм бүхэн гэсэн үг. Би энэ номыг уншихаар нээх бүрдээ Сүнсийг мэдэрдэг.”

Дээрх зураг дээр эхнэр Мариятайгаа хамт байгаа Эдуардо Контрерасын хувьд Мормоны Ном бичиг үсэгт тайлагдахын үүдийг нээж өгчээ. “Би энэ номыг уншихаар нээх бүрдээ Сүнсийг мэдэрдэг” гэж тэр хэллээ.

Дээд талд: Майкл Р.Моррисын гэрэл зураг