Мормоны Ном
Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх нь
Мормоны Ном биднийг болон гэр бүлүүдийг маань Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг баяртай хүлээн авахад урьдаг бөгөөд энэ нь гэр бүлүүдийг амжилт олоход туслах зарчмуудыг хуваалцдаг.
Нэлээд олон эрин зууны бошиглогчдын сургаалуудыг өөртөө багтаан, санваарын түлхүүрүүд сэргээгдэн, Израилын угсааны агуу цугларалт тохиох ирээдүйн цаг үед зориулан бичигдсэн Мормоны Ном нь дэлхийг Аврагчийн Хоёр дахь Ирэлтэнд бэлтгэж байна. (2 Нифай 25; 27; 3 Нифай 21-ийг үз). Нифай энэхүү ариун номыг “газар шорооноос хашгирах нэгний дуу хоолой” (2 Нифай 33:13) хэмээн дүрсэлсэн юм. “Болгоогтун, хэдийгээр та нар үгүй ч та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна. Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн” (Moрмон 8:35) хэмээн Моронай тунхаглажээ.
Мормоны Номыг өнөө үед бас үүнээс хойших ирээдүй үед зориулан бичсэн. Сэргээлтээс хойших эхний 100 жилд Мормоны Ном 15 хэлээр, ойролцоогоор нэг сая хувь хэвлэгдсэн нь асар их тоо юм. Дараагийн 50 жилд (1930–1980 он) 41 хэлээр 25 сая гаруй хувиар хэвлэгдсэн байна. 30 жилийн өмнөх тэр үеэс хойш Мормоны Ном 107 хэлээр 125 сая хувиар түүний дотор Мормоны Номноос сонгон авсан түүврүүд хэвлэгдэн гарчээ. Бурханы хаант улс үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүс бүрд хүрч тархахад Мормоны Номын нөлөө үргэлжлэн өссөөр байх болно.
Мормоны бичсэн эхний хуудас уг номын гол зорилгыг тодорхойлдог. Уг номын анхдагч зорилго нь Лихайн хүүхдүүдийн үр удамд тусгайлан ханддаг явдал мөн. Эцсийн зорилго нь “Есүс бол Христ, Мөнхийн Бурхан гэдэгт [бүх хүмүүсийг] итгүүлэх (Мормоны Номын эхний хуудас) явдал мөн.
Манай өнөө үед энэ ном чухал
Есүс Христийн бас нэгэн гэрээ өнөө үед яагаад туйлын чухал вэ? Их Эзэн яагаад Библийн хүчирхэг тунхаглалуудыг бататгах бас нэгэн гэрчийг гаргаж ирэх хэрэгтэй болсон юм бол?
Бид өөр ямар ч үетэй адилгүй үед аж төрж байна. Бидний өмнө аж төрж байсан аль ч үеийнхэн огт төсөөлөх аргагүй шинжлэх ухааны ололт амжилт, анагаах ухаан, харилцаа холбоо, тээврийн салбарт гарч, хүмүүсийн амьдралд ая тух нэвтэрлээ. Мэдээлэл технологийн үер дэлхийд бууснаар, гэр бүлийн түүхийн болон сайн мэдээг хуваалцах ажлыг үлэмж өргөжүүлэхийн сацуу порнограф, хүчирхийллийг өөгшүүлсэн видео тоглоом, болон “хуйвалдагч хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа [бусад] хилэнц хийгээд бодлууд” (С ба Г 89:4) газар сайгүй дэлгэрч байна. Бид дэлхийн ихээхэн хэсэгт хүмүүс материаллаг баялгийн эрхшээлд хүчтэйгээр автагдаж байгаа үед аж төрж байна.
Хэрэв бид болгоомжтой байхгүй бол энэхүү нөхцөл байдал нь үе үеийнхэнд мөнхийн ач холбогдолтой бөгөөд үнэн зарчмуудаас биднийг уруу татан холдуулж мэднэ.
1970-аад оны эхээр намайг Европт залуухан номлогч байхад Есүс Христийн бурханлаг чанарыг олон хүн хүлээн авсан байдаг учраас бид заадаг зүйлийнхээ ихээхэн хэсгийг Урвалтын тухай тайлбарлахаас эхэлдэг байв. 20 жилийн дараа намайг номлолын ерөнхийлөгчөөр эргэж ирэхэд номлогчид ярилцлагаа өөр байрдлаар эхэлдэг болсон байв. Учир нь Есүс Христ бол бидний нүглийн улмаас амь насаа өгч, гурав дахь өдрөө амилсан Бурханы Хүү гэдэгт итгэх итгэл ихээхэн алдагдсан байлаа.
Өнөөгийн дэлхийд Христийг эсэргүүцэгч Корихорынх шиг бардам, ихэмсэг үгсийг сонсох дуртай хүмүүс олон байна:
“Яагаад та нар ямар нэгэн Христийг хүлээнэв? Учир нь нэг ч хүн ирэх түүний тухай юуг ч мэдэж чадахгүй.
“Болгоогтун, та нарын бошиглолууд гэж нэрлэдэг эдгээр зүйлүүд … эцэг өвгөдийн чинь мунхаг уламжлалууд болой.
“… Та нар харахгүй байгаа тэр зүйлийг мэдэж чадахгүй. …
“… Хүн бүр өөрийн суу билгийн дагуу дэгжиж, мөн өөрийн хүчний дагуу ялан дийлдэг” (Aлмa 30:13–15, 17).
Бид аюулгүй байж, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, энэхүү итгэлийг хүүхдүүд, ач зээ нарынхаа зүрх сэтгэлд шингээхийн төлөө гэр бүлээ бэхжүүлэхэд бидэнд тусламж хэрэгтэй байдаг. Бидний зүрх сэтгэлд бат бөх шингэсэн Есүс Христэд итгэх итгэл нь жинхэнэ хөрвөлтөд хүргэх бөгөөд хөрвөлтийн үр дүнд наманчлал, жинхэнэ ёсоор шавь болох хийгээд гайхамшиг, сүнсний бэлгүүд болоод эцсийг хүртэл зөв шударга байх явдал ирдэг. Энэ бол Мормоны Номын бурханлаг зорилгын нэг чухал хэсэг мөн.
Би залуу номлогч байх үедээ шашны нэг хуврагтай их сонин яриа өрнүүлж билээ. Тэрбээр бидэнд ярихдаа, Мормоны Ном нь Түүнийг төрөхөөс хэдэн зуун жилийн өмнөх үйл явдлуудын тухай, Есүс Христийн тухай Түүний нэрийг ашиглан хэтэрхий илэрхий өгүүлсэн болохоор би энэ номыг хүлээн зөвшөөрч чадахгүй юм гэж билээ. Тэрбээр энэхүү илэрхий байдал нь Аврагчийн мөн чанарыг бүдгээр өгүүлсэн Хуучин Гэрээний загварыг дагаагүй хэмээн үзсэн байна.
Миний бодоход Есүс Христийн тухай зоримгоор тунхагласанд Мормоны Номын хүч оршино. Мэдээжийн хэрэг бид энэ ном бол Бурханы үг мөн гэдэг сүнсний гэрчлэлтэй болох ёстой. Гэхдээ нэгэнт ийм гэрчлэлтэй болсон цагт Христийн зорилго, Түүний амьдрал, Амилалтын үнэн бодит байдал, Түүнийг дагаж, мөнх амьдралтай болж Түүнтэй хамт байхын тулд юу хийх ёстой нь бидний өмнө туйлын тодорхой болдог.
Есүс Христийн тухай гэрчлэл
Мормоны Номон дахь Есүс Христийн тухай агуу сургаалуудыг Ариун Сүнсний тусламжтайгаар уншиж, тунгаан бодох нь уг сургаалууд үнэн гэдэг гэрчлэлийг бий болгодог. Христийн тухай хүчирхэг сургаалууд: “Бурханы хүлцлийг мэдэх үү та?” (1 Нифай 11:16) хэмээн тэнгэр элч асуусан амьдралын модны тухай Нифайн үзэгдэл; “Ариун Мессиа, түүнд мөн түүгээр гэтэлгэл ирнэ; учир нь тэрээр ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн буюу” (2 Нифай 2:6) гэсэн Лихайн гэрчлэл; Тэр бол “их хаалганы сахиул … мөн тэрээр нэгээхэн ч зарцыг тэнд үл ажиллуулдаг” (2 Нифай 9:41) гэсэн Иаковын нэмэлт тайлбарыг би Мормоны Номноос шимтэн унших дуртай.
Шавь байх шинж чанарын тухай “Түүгээр хүмүүний аврал ирж болох тэр нэгээхэн ч нэр өгөгдөхгүй бас нэгээхэн ч өөр зам мөн нэгээхэн ч арга үгүй бөгөөд зөвхөн Төгс Хүчит Их Эзэн Христийн нэрээр мөн энэ нэр дээр буюу” (Moзая 3:17) хэмээн бидэнд заасан Хаан Бенжамины сургаалыг бид гуйвалтгүй дагадаг билээ.
Итгэдэг зүйлсийнхээ төлөө амь насаа өгөхөд хүрсэн Абинадайн тухай бид ийн уншдаг:
“Гэвч амилуулалт буй, тиймийн тул, булшинд ялалт гэж үгүй, мөн үхлийн гашуун нь Христээр залгигдсан юм.
Тэр бол дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой; тийм ээ, хэзээ ч харанхуйлагдахгүй төгсгөлгүй тэрхүү гэрэл (Moзая 16:8–9).
Цагаатгал, шударга ёс, амьдрал дахь нигүүлслийн тухай Алма дараах нэн чухал сургаалуудыг авчирсан юм: “Нигүүлслийн төлөвлөгөө нь цагаатгал хийгдэхгүйгээр улиран тохиогдох боломжгүй; тиймийн тул Бурхан нь төгс, шударга Бурхан мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болохын тулд нигүүлслийн төлөвлөгөө гүйцэлдүүлэхээр, шударга ёсны шаардлагыг хангахаар Бурхан өөрөө дэлхийн нүглийн төлөө цагаатгалыг нөхөн төлдөг” (Aлма 42:15).
Мөн бид Аврагч Лихайн хүүхдүүд дээр хүрч ирсэн гайхамшигтай айлчлалын тухай уншдаг. Бид бас түүний хайр, өрөвч нинжин сэтгэл, сургаалууд, Түүний өөрийнх нь гэрчлэлийг мэдэрдэг:
“Энэ бол та нарт миний өгсөн тэр сайн мэдээ—Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ. …
“Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд би загалмай дээр өргөгдсөний дараа би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, би хүмүүнээр өргөгдсөний адилаар хүмүүн миний өмнө зогсож, тэд өөрсдийн үйлүүдээр сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр Эцэгээр өргөгдөхийн тулд Эцэг минь намайг илгээсэн бөлгөө (3 Нифай 27:13–14).
Эцэст нь Мормон, Моронай хоёрын “Та нар … өөрсдийн бүх нүглүүд мөн алдсуудаас наманчилж, Есүс Христэд, тэрбээр Бурханы Хүү гэдэгт итгэхээ мэдэгтүн” (Moрмон 7:5) гэсэн сүүлчийн уриалга байдаг. “Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно” (Moронай 10:32).
Гэр бүлийнхээ хүрээнд
Есүс Христ бол үнэхээр амлагдсан Мессиа—бүх хүмүүсийн амилуулалтыг тохиолгон, наманчилж, Түүнийг дагасан хүмүүсийг сүнслэг байдлын хувьд ариусгахаар дэлхийд илгээгдсэн Бурханы тослогдсон Хүү болох тухай энэхүү сүнсний хүчирхэг, итгэл үнэмшил бүхий гэрчлэл нь гэр бүлийн түүхэнд төвлөрдөг.
Мормоны Ном дэлхийн зүйлсийг орхин Их Эзэний зөвлөгөөг дагах тухай эцэг-бошиглогч нь өгсөн илчлэлтэд анхаарлаа төвлөрүүлж байгаа эцэг эх, хөвгүүд охид бүхий гэр бүлийн тухай өгүүлснээр эхэлдэг. Энэ ном Есүс Христийн амлалт болон найдварыг хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлд шингээхийг хичээж байгаа эцэг эхчүүдийн тухай шастираар дүүрэн юм. Нэг үйл явдлаар би эцгүүдээс хөвгүүддээ өгсөн нийт бичгийн машинаар цохисон 52 хуудас зөвлөгөөг энэ номноос түүвэрлэн авч билээ. Эцэг эхчүүд нь, бүр хүүхэд ахуй үеэсээ дуулгавартай байсан хүүхдүүд тэрчлэн зарим тохиолдолд гэр бүлийнхээ дотор замаа олох шаардлагатай хүүхдүүд аль алинд нь Христэд итгэх итгэлийг болон Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг хэрхэн заадгийг бид Мормоны Номноос хардаг. Энэ бол өнөө үеийнхэн, бидний үр хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан сургамж юм.
Эмэгтэйчүүд, охидын онцгой үүргийн тухай ямар нэг хэмжээгээр дурдаагүй нь эртний судруудад нийтлэг тохиолддог зүйл юм. Гэвч тойруу утгыг нь сайтар бодвол тэдний мөнхийн хийгээд өнө удаан үргэлжлэх нөлөөг харж болно. Эмэгтэйчүүд, эхчүүдийн мэдрэмжийг “Бурханы өмнө үлэмж энхрий болоод ариун” (Иаков 2:7) хэмээн, түүнчлэн Хиламан залуучуудаас бүрдсэн армийнхаа хүч чадал сайн сайхан чанарт эхчүүд нь нөлөөлснийг дараах байдлаар дүрсэлсэн зэрэг эмэгтэйчүүд, эхчүүдийн тухай өгүүлсэн цөөн боловч өгүүлбэр байдгийг бид эрхэмлэн үнэлдэг билээ.
“Тэд зарлигийн үг бүрийг яг таг гүйцэтгэхдээ дуулгавартай мөн шаргуу байв; тийм ээ, мөн бүр итгэл бишрэлийнх нь дагуу энэ нь тэдэнд хийгдсэн бөлгөө, мөн эхчүүд нь тэдэнд заасан хэмээн тэдний надад хэлсэн үгсийг би санаж байна. …
Эдүгээ энэ нь миний тухайлан ярьсан тэдний итгэл байв; тэд залуу мөн тэдний оюун нь өөрчлөгдөшгүй, мөн тэд Бурханд найдлагаа үргэлж тавьдаг бөлгөө. …
“… Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт тэд эхчүүдээрээ сургагдсан байлаа.
“Мөн тэд эхчүүдийнхээ үгсийг надад давтаж хэлсэн нь: Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна” (Aлма 57:21, 27; 56:47–48).
Мормоны Номын сургаалуудыг гэр бүлтэйгээ адилтган үзэхэд өөртөө туслахын тулд доорх асуултуудыг тунгаан бодохыг би та бүхнээс хүсч байна:
-
Хүүхдүүд эцэг эхийнхээ итгэлээс зарчимч болон зөв шударга байдлыг олж хардаг байх хэрэгтэйг Мормоны Номын ямар хэсгүүд бидэнд заадаг вэ?
-
Бид хүүхдүүдтэйгээ хуваалцахыг хүсч болох ямар зөвлөгөөг Мормоны Номонд эцгүүд хөвгүүддээ өгсөн байдаг вэ?
-
Дуулгаваргүй хүүхдүүдтэй ажиллах талаар бид юу мэддэг билээ?
-
Мормоны Номон дахь эцэг эхчүүд гүнзгий итгэл бишрэлээ хүүхдүүдтэйгээ хэрхэн хуваалцаж байна вэ?
-
Итгэл бишрэл нэг үеийнхнээс нөгөө үеийнхэнд дамжин шилждэг талаар бид юу мэдэв?
Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээс өөр бусадтай хуваалцах илүү чухал зүйл гэж үгүй. Энэ нь энэ амьдралд тохиолддог сорилт бэрхшээлүүд болон хэцүү байдлаас ирдэг аз жаргал, ирэх ертөнц дэх мөнх амьдралын тухай ойлгуулдаг.
Энэхүү амин чухал итгэлээс биднийг болон гэр бүлүүдийг маань холдуулж мэдэх дэлхийн олон нөлөө байдаг. Мормоны Ном биднийг болон гэр бүлүүдийг маань Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг баяртайгаар хүлээн авахад урьдаг бөгөөд энэ нь гэр бүл өнгөтэй өөдтэй, амжилт бүтээлтэй байхад тусалдаг.
Мормоны Ном үнэн бөгөөд энэ номыг тэнгэр элч Моронай Их Эзэн Есүс Христийн удирдлага дор Бошиглогч Иосеф Смитэд өгснийг би гэрчилж байна. Энэ ном өнөө үе, бидний үр хүүхэд, ач зээ нарт зориулагдсан юм. Бид энэ номыг итгэл бишрэлтэйгээр өдөр бүр уншихад Их Эзэний Сүнс бидэнд дээр байж гэр бүлүүдийг маань үүрд адислах болно гэдгийг би амлаж байна.