Ариун ажил
Бидний заасан юм бүхнийг тэр хүлээн авдаг байлаа. Тэгэхлээр Мормоны Номыг түүнд өгвөл тэр яагаад авахгүй байх билээ?
Нэг орой би номлолын хамтрагчтайгаа Лондонгийн нэгэн их сургуульд сурч байсан гадаадын оюутан залуугийн хаалгыг тогшлоо. Тэр биднийг гэртээ орохыг урихад бид хоёр бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид гэдгээ хэллээ. Тэр залуу сайн мэдээний Сэргээлтийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа бололтой, тиймээс бид Бошиглогч Иосеф Смитийн тухай гэрчилж, бидний Тэнгэрлэг Эцэгээс илгээсэн нэгэн ариун номыг Мормоны Ном гэдгийг түүнд ярилаа. Энэ ном Есүс Христийн тухай гэрчилдэг учраас ариун ном гэдгийг бид онцлон тэмдэглэв.
Энэ ном үнэн гэдгийг тэр өөрөө мэдэж болно гэдгийг бид тайлбарлаад нэг хувийг түүнд өгье гэв. Намайг Мормоны Номыг түүнд өгөх гэтэл тэр сандлаасаа босч нэг ч үг хэлэлгүй өрөөнөөс гарч явлаа. Би Мормоны Номыг гартаа барьсан хэвээр хамтрагч бид хоёр яахаа мэдэхгүй, чимээгүйхэн бие бие уруугаа харлаа. Би номыг ширээн дээр тавив.
Бид нөгөө залуу найзыгаа гал тогооны өрөөнд гараа угаагаад шинэхэн алчуураар арчиж байхыг харлаа. Тэр өрөөнд буцаж орж ирээд, ширээн дээрээс Мормоны Номыг авч “Манай ард түмэн ямар нэг ариун зүйлд хүрэхээсээ өмнө заавал гараа угаадаг юм” гэж энгийнээр хэллээ. Тэр залуу эр анх удаа Мормоны Номыг нээж, цэвэрхэн гараараа ариун хуудсуудыг нь эргүүлж эхлэхийг хараад хацрыг минь даган нулимс урсаж билээ.
Судрууд ариун бөгөөд хүмүүсийг аврахын тулд хадгалагдаж ирснийг Алма заасан юм. Тэрбээр хүү Хиламандаа, “Ариун нандин агаад, түүний нандигнан хадгалсаар ирсэн, мөн түүнчлэн тэрээр ирээдүй үеийнхэнд өөрийнхөө хүчийг үзүүлж болохын тулд, тэрээр өөрийн мэргэн зорилгын тулд хадгалж мөн хамгаалсаар байх эдгээр зүйлийг Бурхан чамд даатгасныг санагтун” (Aлма 37:14).
Намайг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заалгахаар номлолд илгээсэн атал цэвэрхэн гартай энэ залуугаар би заалгасан хүн дээ. Олон соёл заншилд, түүний дотор манай ард түмний заншилд судруудыг уншихын өмнө гараа угаах шаардлагагүй ч түүний энэхүү үйлдэл Мормоны Номын ариун чанарт хүндэтгэлтэйгээр хандахын тод томруун сануулагч болж билээ.