Айлчлагч багшийн захиас бичиг
Хэрэв бид эргэлзэхгүй аваас
Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.
Бид ер бусын эрэлхэг зоригтой, хүч чадалтай, үлгэр жишээч залуу эрчүүдийн тухай Мормоны Номноос уншдаг. “Тийм ээ, тэд үнэн мөн чанд байдлын эрс байв. Учир нь тэд Бурханы зарлигуудыг дагахыг мөн түүний өмнө зөв шударгаар алхахыг заалгасан байв.” (Aлма 53:21). Эдгээр итгэлтэй залуу эрчүүд эхчүүдээ өөрсдөдөө үлгэр жишээ үзүүлэгчид, багш нар хэмээн үзэж хүндэтгэдэг байв.
Хиламаны дайчдын эхчүүд нь өнөө үетэй адилгүй үед амьдарч байсан юм. Тэдний нөхцөл байдал хүнд хэцүү, аюултай байсан бөгөөд залуучуудыг бие махбодын болон сүнсний эрх чөлөөгөө хамгаалахад уриалан дуудаж байлаа. Өнөөдөр бид “махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэрлэг газар дахь бузар муугийн сүнслэг хүчний эсрэг” (Eфес 6:12) тэмцэж байгаа дэлхийд аж төрж байна.
“Хэрэв тэд эргэлзэхгүй аваас, Бурхан тэднийг чөлөөлнө” (Aлма 56:47) гэдэг үнэнийг Хиламаны дайчид мэдэж байсан бөгөөд энэхүү үнэнийг хүүхдүүддээ заадаг үлгэр жишээч, бат бөх итгэлтэй эцэг эхчүүд тэр үед маш их хэрэгтэй байлаа. Энэхүү үнэнийг зааж, энэ талаар үлгэр жишээ үзүүлэх нь өнөөдөр сонор сэрэмжийг шаардаж байна. Гэвч бид айх хэрэггүй. Бид хэн бэ гэдгээ бас Бурхан хэн бэ гэдгийг мэдэж, мөн Түүнтэй гэрээ хийсэн учир эдгээр дайчдын эхчүүд лүгээ адил бусдад агуу сайн нөлөө үзүүлэх болно.
Хиламаны 2060 дайчдын хүн нэг бүрд эхчүүд нь нөлөө үзүүлсэн нь лавтай. Гэвч эдгээр эхчүүд зөвхөн өөрсдөө ажиллаагүй нь тодорхой. Эдгээр эхчүүд бусад зөвт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй хамтран гэрээний хүчийг заахын тулд итгэл, үлгэр жишээгээ нэгтгэн ажилласан нь лавтай. Тэр үеийн залуу хүмүүс дайтахгүй байхаар хийсэн эцэг эхийнхээ гэрээг ойлгодог байжээ. Энэ нь боломжгүй мэт санагдсан үед ч хайр энэрлээр дүүрэн Тэнгэрлэг Эцэг эдгээр эцэг эхчүүдэд гэрээгээ сахих болон тэдний эрх чөлөөг хадгалан үлдээх арга замыг нээж өгсөн юм (Aлма56:5–9-ыг үз). Хүүхэд залуучууд түүний дотор бидний өөрсдийн үр хүүхэд, манай тойрог, салбарууд, орчин тойрны болон нийгэм хамт олны доторх залуу хүмүүс гэрээг ойлгож, үүнийг сахих явдлыг дэмждэг байхын тулд бид гэрээнүүддээ хүндэтгэлтэй ханддаг байх ёстой.
Биднийг гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандсан үед Тэнгэрлэг Эцэг замыг бэлтгэх болно. Бид гэрээнүүдээ чанд сахьж амьдрах ёстой. Жишээ нь, бид тогтмол залбирч, судруудыг судлан, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байж, даруухнаар хувцаслан, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахьж болно. Ингэсэн тохиолдолд, “Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна” (Aлма 56:48) гэж бидний хүүхдүүд хэлэх болно, бас үүнийг мэдэх болно.
Өөрсдийнх нь хүч чадал Их Эзэний Цагаатгалаас ирдгийг хүлээн зөвшөөрдөг Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүд сорилт бэрхшээл, гутрал цөхрөл тохиолдсон үед ч бууж өгдөггүй. Бид гэрээгээ сахигчдын хувьд нэгэн өдөр өсвөр үеийнхнийхээ тухай “Би хэзээ ч тийм агуу зоригийг үзээгүй, үгүй, бүхний дунд ч үзээгүй билээ” (Aлма 56:45) хэмээн хэлэхийн төлөө хүүхэд залуучуудыг өргөн, халамжлан хүмүүжүүлж, хамгаалахын төлөө хүч чармайлтаа дайчлан ажилладаг.
Жюли Б.Бек, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч.