Мормоны Ном Бурханы хайрын тухай юу заадаг вэ?
Их Эзэний хайрын хамгийн яруу тод нэлээд хэдэн жишээг Мормоны Номонд цэдэглэсэн байдаг.
Христэд итгэгчдийн ихэнх нь Библид тэмдэглэсэн Есүс Христийн зан төлөвийн шинж чанаруудыг мэддэг билээ. Ядуус, өвчтэй хүмүүс болон дорд үзэгдэгсдийг Тэрбээр хайрладаг байсанд хүмүүс гайхдаг байлаа. Өөрсдийгөө Түүний шавь нар гэж үздэг хүмүүс Түүний үлгэр жишээг дуурайж, Түүний хайртай Төлөөлөгчийн: “Бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг мэддэг юм. … Учир нь Бурхан бол хайр билээ” (1 Иoхан 4:7–8) хэмээх уриаг дагадаг.
Уг үзэл баримтлалыг Мормоны Ном тодруулсан юм. Энэ ном хүн хэрхэн Бурханаас төрдөг хийгээд хэрхэн Түүнийх шиг хайрыг олж авдгийг тайлбарладаг. Энэ нь бас Бурханы хайрын хүчийг бидний амьдралд авчирдаг үндсэн гурван зарчмыг тогтоосон юм.
Нэгдүгээрт, Мормоны Ном нь Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх болон Түүний зарлигуудыг сахихын тулд Түүнтэй гэрээнд орох нь сүнсээр дахин төрөхийн түлхүүр мөн гэдгийг заадаг. Хаан Бенжамин ийм гэрээ хийсэн Мормоны Номын хүмүүст хандан: “Мөн эдүгээ та нарын хийсэн гэрээний учир та нар Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг оюун санаагаар тань төрүүллээ; учир нь, та нарын зүрх сэтгэл түүний нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн хэмээн та нар хэллээ; тиймийн тул, та нар түүнээс төрсөн мөн түүний хөвгүүд мөн түүний охид болсон бөлгөө” (Moзая 5:7) хэмээн хэлжээ.
Хоёрдугаарт, Аврагч Өөрөө Түүнтэй илүү адилхан болох хүч нь сайн мэдээний ёслолуудыг хүлээн авснаар ирдгийг зааж: “Эдүгээ уг зарлиг нь энэ болой. Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн, газар дэлхийн хязгаарууд, та нар” (3 Нифай 27:20) гэжээ.
Гуравдугаарт, Тэрбээр Өөрийнхөө үлгэр жишээг дагахыг бидэнд зөвлөн “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” гэж ой тойнд ортол асуугаад “Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:27) хэмээн хариулсан билээ. Тэрбээр биднийг Өөртэйгөө адил болохыг чин үнэнээсээ хүсдэг юм.
Түүний хайрын хамгийн тод жишээг Мормоны Номонд цэдэглэсэн байдаг. Бид Их Эзэнтэй илүү адил болохыг хичээн чармайсан үед эдгээр үлгэр жишээ бидний амьдралд биеллээ олох болно.
Тэрбээр Лихайг болон түүний гэр бүлийг хайрласны ачаар мөн Түүнийг хайрласан учраас тэд амлагдсан нутаг Америкт ирж хөгжин дэвжсэн билээ.1
Олон зууны тэртээ ард түмнийхээ ариун цэдгийг хөтлөх хэрэгтэй гэж Нифайчуудын бошиглогчдод зарлиг болгохоор Тэрбээр сүнсээр өдөөгдсөн нь бидний төлөөх Бурханы хайрын илрэл юм. Тэрхүү цэдэгт агуулагддаг сургамжууд нь бидний аврал, өргөмжлөлийн тухай өгүүлдэг. Эдгээр сургаалууд эдүгээ Мормоны Номонд байдаг. Энэхүү ариун ном нь дэлхий даяарх бүх хүүхдээ хайрлах Бурханы хайрын үнэн бодит нотолгоо болж байна.2
Христийг Шинэ Дэлхийд хүрч ирэхэд хүргэсэн зүйл бол Түүний “бусад хонинуудаа” хайрлах хайр байсан юм.3 Хуучин Дэлхийд Их Эзэн халин одсоны дараа Шинэ Дэлхийд байгалийн аймшигт гамшиг тохиож, гурван өдөр харанхуй болсныг бид Мормоны Номноос сурдаг. Тэр үед амилж, төгс биетэй болсон Их Эзэн тэнгэрээс бууж ирэн, Шинэ Дэлхийн хүмүүсийн дунд үйлчилсэн юм.
“Би бол дэлхийн гэрэл ба амь; мөн би Эцэгийн надад өгсөн гашуун аяганаас ууж, дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ” (3 Нифай 11:11) хэмээн Тэрбээр тэдэнд хэлжээ.
Тэгээд Тэрбээр хүссэн хэнийг ч болов Өөр уруу нь хүрч ирэн хамгийн сэтгэл уярам нэгэн зүйлийг биеэр мэдрэх боломжоор хангасан билээ. Их Эзэн хавирган талынхаа сорви, гар хөлөн дэх хадаасны ормуудад гараа хүргэж үзэхийг хүмүүсээс хүссэн нь Тэр бол “Израилын Бурхан, мөн бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг” (3 Нифай 11:14) тэд тодорхой мэдээсэй гэснийх юм.
Есүс шавь нартаа баптисм хүртээх, Ариун Сүнсний бэлэг өгөх, ариун ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийг олгожээ. Арванхоёр шавиар удирдуулан Өөрийн Сүмийг байгуулах хүчийг Тэрбээр тэдэнд өгчээ.
Тэрбээр Хуучин Дэлхийд шавь нартаа заасан зарим тулгуур сургаалуудыг тэдэнд зааж, өвчтэй хүмүүсийг эдгээсэн. Тэрбээр Эцэгт хандан өвдөг сөгдөн, ер бусын хүчирхэг хийгээд ариунаас нь болж тэмдэглэн үлдээж ч чадаагүй тийм үгсээр залбирсан ажээ. Түүнийг сонссон хүмүүсийн сэтгэл догдлон, баяр хөөрөөр бялхмаар тийм хүчтэй залбирал байжээ. Хүмүүсийг хайрлах хайр мөн түүнд итгэх тэдний итгэлийн улмаас Есүс Өөрөө сэтгэл алдран уйлсан юм. Тэрбээр олон зууны дараа Өөрийнхөө Хоёр дахь Ирэлт уруу хөтлөх Бурханы ажлын тухай бошиглосон.4
Дараа нь Тэр хүүхдүүдийг Өөр уруугаа авчрахыг хүмүүсээс хүсэв.
“Мөн тэрээр тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав.
“Мөн тэр үүнийг хийгээд тэрээр дахин уйлав;
“Мөн тэр олон түмэнд хандан ярьж, Бяцхан үрсээ болгоогтун хэмээн хэлэв.
“Мөн тэд болгоохоор харахдаа харцаа тэнгэрийн зүг хандуулж, мөн тэд тэнгэр нээгдэхийг үзэв, мөн тэд тэнгэр элчүүд тэнгэрээс галын дунд байгаа мэт доошлон ирэхийг үзэв; мөн тэд доош ирж, багачуудыг эргэн тойрон хүрээлж, … мөн тэнгэр элчүүд тэдэнд тохинуулав” (3 Нифай 17:21–24).
Мормоны Номонд илчлэгдсэн Бурханы цэвэр хайр хийгээд уг хайрын хүч ийм юм.
Энэхүү хожмын өдрүүдэд бид Их Эзэний Сүмийн гишүүд болж, Түүний сайн мэдээ болон Мормоны Номтой байгаа нь мөн Түүний зарлигуудыг сахьж, Бурханы хязгааргүй хайрын тухай мэддэг нь бидний хувьд онцгой боломж юм. Бид Түүний хайрыг хэрхэн өөрсдийн хайр болгохыг мэддэг. Бид Түүний жинхэнэ шавь нар болсноор Түүнийхтэй адил хайрлах хүчтэй болно. Бид Түүний зарлигуудыг сахиснаар Түүнтэй илүү адилхан болно. Бид аливаа үндэстэн, ястан, хэлтний хүмүүст хүрч тэдэнд тусалснаар бидний хайр өргөжин тэлдэг.
Бид Түүний үлгэр жишээч амьдралын төлөө нэгэн үзүүрт сэтгэлийн талархлаа өргөдөг байвал дараах судрыг амьдралынхаа жишиг болгож чадна: “Та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайраар дүүргэгдэж болохын төлөө, та нар Бурханы хөвгүүд [мөн охид] болохын тулд зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун. Тэрбээр хүрч ирэхэд бид түүнтэй адил байх болно, учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно” (Moронай 7:48).5