Хэлтэн болон хүн бүрд
Мормоны Номын бошиглогч Алма өөрийн хүмүүсийн цэдгийг хүү Хиламандаа итгэмжлэн хүлээлгэж өгөх үед судруудыг хадгалж хамгаалах “мэргэн зорилго” Их Эзэнд бий гэдгийг хүүдээ хэлжээ (Aлма 37:12). Тэрбээр цэдгүүдийн тухай, “тэдгээр нь хадгалагдаж, мөн нэг үеэс нөгөөд гардуулагдан, тэдгээр нь үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүс болгонд очих хүртэл буюу” (Aлма 37:4) гэж хэлжээ.
1827 онд Иосеф Смит цэдгүүдийг олж аван, 1829 гэхэд Бурханы бэлэг болон хүчээр тэдгээрийг англи хэлэнд орчуулж дуусчээ. 1830 онд хэвлэгдсэн энэ ном Есүс Христийн сайн мэдээ үнэн гэдэгт уншигчдаа итгүүлэх номлолын хүчирхэг хэрэгсэл мөн. Гэвч анхны удаа 5000 хувь хэвлэгдсэн Мормоны Номыг “үндэстэн, ястан, хэлтэн, хүмүүс болгонд” хүргэх зам урт удаан мэт санагдаж байлаа.
Гэсэн хэдий ч, “хүн болгон сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, мөн өөрийн хэлээр сонсох” (С ба Г 90:11) өдөр ирэх болно гэдгийг Их Эзэн 1833 онд бошиглогч Иосеф Смитэд өгсөн энэхүү бошиглолд дахин нотолсон юм. “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг … агуулдаг” (С ба Г 20:9) Мормоны Ном энэ бошиглолын биелэлтэнд үндсэн үүрэг гүйцэтгэж байна.
1800-гаад оны дундуур номлогчид сайн мэдээг Европт хүргэжээ. Мормоны Ном 1851 онд дани хэлээр дараа нь франц, герман, итали, 1852 онд уэльс хэлээр хэвлэгджээ. Өнөөдөр Мормоны Номыг бүрнээр нь 82 хэлээр, сонгож авсан бүлгүүдийг нь 25 хэлээр тус тус хэвлээд байна. Бүх хүмүүс сайн мэдээг төрөлх хэлээрээ сонсох болно гэсэн бошиглол нь орчуулга болоод номлолын ажил урагш ахихын хэрээр жилээс жилд биелэгдэж байна.
Орчуулгын ажил
Мормоны Номыг англи хэлнээс аль нэг өөр хэлэнд орчуулах үйл явц нь заримдаа хэдэн жил үргэлжилдэг. Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга орчуулгын төслийг баталсны дараа орчуулагчдаар ажиллах хангалттай тооны төрөлх хэлээрээ яригч орчуулагчид байгаа тохиолдолд орчуулга эхэлдэг. Орчуулагчид болон хянагчдад нягт нямбай боловсруулсан удирдамжийг өгч, орчуулах үедээ Сүнстэй ойр байх зааврыг өгдөг. Орчуулга дууссаны дараа шашны сургаалын хувьд бүх талыг хамарсан хяналт эхэлдэг.
Хэвлэгдсэний дараа гишүүд Хангамжийн Төвөөр дамжуулан орчуулагдсан номыг захиалдаг. Урьд нь эдгээр гишүүдээс олон нь зөвхөн Мормоны Номын сонгож авсан бүлгүүдтэй эсвэл зарим тохиолдолд зөвхөн номлогчдын гэрчлэлтэй байсан ажээ.
Мормоны Ном ба номлолын ажил
Газарзүйн аль нэгэн бүс номлолын ажилд анх удаа нээлттэй болоход хэлний саад тотгор яггүй бэрхшээл учруулдаг байв. Тухайн нутгийн хэлээр хэвлэгдсэн Сүмийн гарын авлага, материалуудгүй газарт номлогчид тэдний хэлийг сурч гэрчлэлээ Сүнсний тусламжтайгаар хэлэх хэрэгтэй болдог. Дэлхийн зарим хэсэгт олон хүн хоёр дахь хэлээр ярьдаг бөгөөд номлогчид Мормоны Номыг тэдэнд энэ хэлээр нь өгдөг. Жишээ нь, Мормоны Номыг монгол хэлэнд орчуулахаас өмнө Монголын олон гишүүн орос хэлээр хэвлэгдсэн хувийг судалдаг байв.
Гэвч хүн сайн мэдээг төрөлх хэлээрээ илүү тодорхой, сайн ойлгодог. Словений Любляна Номлолд 2001–2003 онуудад үйлчилсэн Эрик Геммел Мормоны Номыг төрөлх хэлээрээ уншиж судалдаг, гишүүд, сонирхогчдод энэ ном ямар их ялгаатай нөлөөлдгийг харжээ. Тэр номлолынхоо эхний 18 сарыг Мормоны Ном словени хэлээр гараагүй байхад үйлчилсэн гэнэ.
Номлолын ажил хэцүү байлаа. Сүмийн анхны салбар ердөө аравхан жилийн өмнө зохион байгуулагдсан байлаа. Словени саяхан тусгаар тогтнолоо олж, өмнө нь төрийн хэл байсан серб-хорват хэлийг халах явцдаа байжээ. Номлогчид серб-хорват болон ихэнх залуу хүмүүсийн сургуульд үзсэн хэл болох англи хэлээр хэвлэгдсэн Мормоны Номыг ашигладаг байлаа. Гэвч олон тохиолдолд хүмүүс дээрх хоёр хэлний алийг нь ч ойлгодоггүй байсан учир энэ номноос татгалздаг байлаа. Мормоны Номын агуу ач холбогдлын тухай гэрчлэлээ хүмүүстэй хуваалцаад энэ ном тэдний төрөлх хэлээр байхгүйг хэлэх нь хэчнээн таагүй байсныг Эрик санадаг ажээ.
Эрикийг номлолоосоо буцахаас зургаан сарын өмнө словени хэлээр хэвлэгдсэн Мормоны Номын анхны хувиуд иржээ. Салбарын нэг цуглаан дээр гишүүд, номлогч бүр өөрсдийн хувийг хүлээн авсан гэнэ. “Тэр үед цуглааны байр онцгой сүнсээр бялхан байлаа” гэж Эрик дурсан ярив. Тийнхүү удаан хүлээсэн, үнэ цэнэтэй энэ номыг гартаа барих нь ямар санагдаж байсныг тэрээр өдрийн тэмдэглэлдээ тэмдэглэжээ. “Яг л алтан ялтсуудыг гартаа барьж байгаа юм шиг байлаа” хэмээн тэр бичжээ. Цуглааны дараа үлдсэн номыг номлогчид номлолын ажилдаа ашиглахаар авчээ. Эрик хамтрагчтайгаа байрандаа ирээд хайрцгуудыг онгойлгож, номнуудыг гаргаж ирэн энэ үйл явдлыг дурсан санахын тулд зураг авсан ажээ. Тэд номоо хүмүүстэй хуваалцахыг тэсч ядан хүлээж байв. Словени хэлээр хэвлэгдсэн Мормоны Номтой болсноор номлогчид зөвхөн хүмүүстэй ажиллахад илүү амжилт олоод зогссонгүй, бас энэ ном сүмд ирээгүй олон жил болсон идэвх султай гишүүдийн гэрчлэлийг бэхжүүлэх арга зам болжээ.
Эрик номлолынхоо сүүлчийн зургаан сард Словений гишүүдийн гэрчлэл хурдан өсөн хөгжихийг харжээ. “Тэд төрөлх хэлээрээ Мормоны Номтой болсноос хойш үүнийг маш сайн ойлгодог болсон. Энэ ном хүмүүсийн зүрх сэтгэлд гүнзгий нөлөөлсөн юм” гэж тэр ярилаа. Урьд нь Сүмийн цуглаанууд дээр үг хэлэгчид болон багш нар судруудыг серб-хорват хэлээр уншиж, хэн нэгнээр орчуулга хийлгэн, үг хэллэгийг тайлбарладаг байлаа. “Ингэх нь бид өөр хэлнээс зээлдсэн үг хэллэгүүд дундуур үхэр тэргээр сажлан явж байгаа юм шиг санагддаг байлаа” гэж Эрик дурсан ярилаа. Гишүүд Мормоны Номыг төрөлх хэлээрээ уншдаг болсноос хойш сайн мэдээг ойлгох нь тэр даруйд сайжирсан” гэж Эрик хэлэв.
Төрөлх хэлээр нь
Мойка Зелезникар бол Мормоны Ном словени хэлээр гарахаас өмнө Словени дахь Сүмд нэгдсэн гишүүдийн нэг юм. Эдгээр эмэгтэй номлогч нарын үгийг сонсож, Мормоны Номыг хорват болон англи хэлээр судалснаар сайн мэдээний тухай гэрчлэлтэй болсон ажээ. Словени хэлээрх орчуулга дууссаны дараа Мойка орчуулсан текстийг уншаад төрөлх хэлнийхээ үг хэллэгийн хүчийг мэдэрсэн гэнэ. “Туйлын энгийн атлаа онцгой цэвэр байдлаар үнэн миний өмнө нээгдэхийг би мэдэрсэн. Энэ нь намайг Бүтээгч төрөлх хэлээр минь, ээж минь надтай ярьдаг байсан тэр хэлээр надад хандан ярьж байгаа юм шиг санагдсан” гэж тэр хэллээ.
Дэлхий даяарх гишүүд Мормоны Номыг төрөлх хэлээрээ хүлээн авсан үед тэдэнд ч ийм мэдрэмж төрдөг. 2003 онд Гватемала болон Белизийн Мая хүмүүсийн ярьдаг кекчи хэлэнд Мормоны Ном орчуулагдсаны дараа орчуулагчид орон нутгийн хэсэг гишүүдтэй хамт орчуулгыг хянасан ажээ. “Бид Сенахугийн цуглааны байранд хэсэг анхдагч гишүүдийг цуглуулан орчуулгыг унших үед хэсэг бүрийг дууссаны дараа тасалгаанд хүндэтгэлтэйгээр нам гүм болдог байв. Хүмүүс маш сайн ойлгож, Сүнс онцгой хүчтэйгээр мэдрэгдэж байлаа. Энэ бол үнэхээр ариун үйл явдал байлаа.”
Тэр цуглаан дээр байсан гишүүдийн нэг Элвира Ци өсвөр үеийнхэнд Мормоны Ном үй олон адислал авчрах учраас энэ ном кекчи хэлэнд орчуулагдсанд баярлан талархаж явдаг ажээ. Энэ номын орчуулга “Их Эзэний үгийг зүрх сэтгэлдээ шингэтэл ойлгож, Түүний шаардсан зүйлсэд хүндэтгэлтэй хандах боломжийг” залуу гишүүдэд олгох болно гэж тэр хэллээ.
Сүмийн гишүүдийн хувьд Мормоны Номыг судлах нь тоо томшгүй олон адислалын эх сурвалж юм. Гишүүд “судруудаас залбирч суралцан, залбирч заасан үед тэдний гэрчлэл өсч, мэдлэг нь нэмэгдэн, гэр бүлээ болон бусад хүмүүсийг хайрлах хайр нь улам өсч, бусдад үйлчлэх чадвар нь дээшлэх болно, ингэснээр тэд уруу таталтыг эсэргүүцэж, үнэн ба зөвт байдлыг хамгаалах хүч чадалтай болно” хэмээн Тэргүүн Зөвлөл хэлж байна.1
Арвин баялаг адислалууд
Мормоны Номыг уншиж судалдаг хүмүүсийн амьдралд энэ номын авчирдаг арвин баялаг адислалууд нь үүнийг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзлийг төрүүлж, бошиглолыг гүйцэлдүүлэхэд дөхөм үзүүлдэг. Дэлхий даяар жил бүр дөрвөн сая Мормоны Номыг хэвлэн тарааж байгаа бөгөөд гишүүд, номлогчид энэ номноос Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцдаг. Эрт үед Алмагийн өгүүлсэн “мэргэн зорилго” дэлхий даяар тараагдаж буй Мормоны Номонд илчлэгдсэн бөгөөд амьдралыг өөрчилсөөр байна.