2011
Бошиглогч Иосеф Смит: Мормоны Номын орчуулагч
2011 оны аравдугаар сар


Бошиглогч ИосефСмит

Мормоны Номын орчуулагч

Мормоны Ном нь онцгой нэгэн судар юм. Хэдийгээр үүнийг эртний бошиглогчид бичсэн ч гэсэн энэ нь Библи шиг бидэнд ирээгүй. Ариун Библи нь Хуучин Дэлхийд их хэмжээний хуйлмал цаасан дээр бичигдсэн салангид номнууд байсан ба олон зууны туршид бичээчид үүнийг хувилж иржээ. Есүс Христ ирсний дараа дөрөвдүгээр зууны үед эдгээр салангид номнуудыг нэгтгэн Ариун Библи нэртэйгээр нэг боть болгон олны хүртээл болгожээ.

Харин Мормоны Номыг эртний бошиглогчид Шинэ Дэлхийд төмөр ялтсан дээр цэдэглэсэн ба М.Э тавдугаар зуунд бошиглогч Мормон (иймээс Мормоны Ном гэж нэрлэсэн) алтан ялтсууд дээр нэг цэдэг болгон хураангуйлсан. Түүний хүү Моронай ялтсуудыг газарт булж, тэдгээр нь 1827 он хүртэл тус газартаа хадгалагдаж байсан ба Моронай амилуулагдсан байдлаар Иосеф Смит нэртэй залуу хөвгүүн дээр хүрч ирэн, ялтсуудыг хүлээлгэн өгчээ.

Энэ нь Иосеф хэрхэн үүнийг хүлээн авч, орчуулж, Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ нэртэй цэдэг болгон хэвлэн гаргасан тухай түүхээр үргэлжилдэг. Аврагч Өөрийн биеэр энэ ном нь үнэн гэдгийг гэрчилсэн (С ба Г 17:6-г үз).

  1. 1820 онд 14 настай хөвгүүн Иосеф Смит Нью-Йоркийн Палмирагийн ойролцоо амьдарч байсан. Хэдийгээр маш залуу байсан ч, тэрээр Бурханы өмнө хэрхэн зогсож байгаадаа санаа зовж, бусдын эрхийг үгүй хийхийг эрэлхийлж буй Христийн олон шашны шаардлагуудад будилан төөрч байсан. Библээс суралцдаг байсан нь түүнд тус болж, Иосеф “бүх хүнд өгөөмрөөр, буруушаалтгүй өгөгч” (Иаков 1:5) Бурханаас мэргэн ухааныг гуйхаар шийджээ. Тэр гэрийнхээ ойролцоох ойн төгөл уруу залбирахаар явав.

  2. Иосеф өвдөг сөгдөн залбирахад, гялалзсан гэрлэн багана түүний дээрээс бууж ирэв. Тэгэхэд тэр хоёр Хүнийг харав. Тэнгэрлэг Эцэг ярьж мөн хэлэв, “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17). Тэдгээр сүмүүд үнэн биш учир Их Эзэн Иосефт алинд нь ч нэгдэх ёсгүйг хэлсэн бөгөөд “Сургаалын бүрэн байдал хожим [түүнд] мэдэгдэх болно” гэдгийг амлажээ.1

  3. Гурван жил өнгөрч, тухайн хугацаанд Иосеф Смит өөрийн туршлагаа бусадтай хуваалцаж байсан ба үүнээс болж хавчигдаж байжээ. Тэр хэлэхдээ: “Энэ нь үнэн хэдий ч, намайг үзэгдэл харсан хэмээн хэлсний төлөө мөрдөн хавчиж мөн үзэн ядаж байсан юм; мөн … би зүрх сэтгэлдээ: “Үнэнийг хэлсний төлөө яагаад намайг хавчиж байгаа юм бэ? Үнэндээ би үзэгдэл харсан шүү дээ; Бурханы эсрэг зогсож чадах хэн юм бэ би, яагаад үнэхээр харсан зүйлээ үгүйсгэхийг дэлхий надаас хүснэ вэ? Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй” (Иосеф Смит-Түүх 1:25) гэжээ.

  4. 1823 оны есдүгээр сарын 21-нд Иосеф залбирахад түүний унтлагын өрөө гэрлээр дүүргэгдэж Моронай нэртэй нэгэн тэнгэр элч үзэгдэв. Моронай Иосефт эртний бошиглогчдын бичээсүүдийн тухай хэлэв. Цэдэг нь алтан ялтсууд дээр сийлэгдэж, ойролцоох гүвээнд булагдсан. Иосеф цэдгийг орчуулах хэрэгтэйг хэлэв.

  5. Эцэст нь 1827 оны 9-р сарын 22-нд Иосеф ялтсуудыг хариуцаж авах үүрэг хүлээж, Нью- Йоркийн Палмирагийн ойролцоох гүвээнд том чулуун дор дарагдсан чулуун хайрцагаас тэдгээрийг гаргаж авсан.

  6. Иосеф Смит үнэндээ боловсролгүй нэгэн байсан ба энэ нь тухайн цаг үед хөдөө тосгоноор нийтлэг байжээ. Түүний орчуулгад туслахаар Бурхан эртний орчуулгын хэрэгсэл болох Урим Туммимыг түүнд өгсөн бөгөөд орчуулах хэрэгтэй гэж зөвлөсөн тэдгээрийг бичихэд туслах бичээчээр түүнийг адисалсан. Тэдгээр бичээчид нь дунд түүний эхнэр, Эмма; чинээлэг фермер, Мартин Харрис; мөн сургуулийн багш Оливер Каудери нар байв. Оливер бичээчээр үйлчилж эхэлснээс хойш гурван сарын дотор орчуулгын ажлын ихэнх хэсэг нь дуусжээ.

    Иосефын бичээчээр үйлчлэх нь ямар байсан тухай Эмма тайлбарлахдаа:“Хэн ч тэнгэрлэг илэрхийлэлт авалгүйгээр гар бичмэлээс хэлж бичүүлж чадахгүй; [би] түүний бичээчээр ажиллаж байхад [Иосеф] олон цагийн турш хэлж бичүүлдэг байсан; мөн хоолны дараа буцаж ирээд эсвэл түр завсарлагаа авсны дараа тэр дуусгасан газраасаа гар бичмэлийг харалгүйгээр эсвэл үүний өчүүхэн хэсгийг ч түүнд уншиж өгөлтгүйгээр эхэлдэг байсан.”2

    Иосеф Мормоны Номын ирэлтийн ач холбогдлыг тайлбарлахдаа: “Бурханы хүчээр би Мормоны Номыг эртний египет хэлээс орчуулж,дэлхийгээс алдагдсан тэр мэдлэгт би ганцаараа эрдэм мэдлэггүй, залуугаараа дэлхийн мэргэн ухаан болон арван наймдугаар зууны олон янзын мунхаглалуудтай тулалдахаар шинэ илчлэлттэй зогсож байна”.3

  7. Ялтсуудтай хамт байсан 18 сарын хугацаанд Иосеф ганцаараа тэдгээрийг харж эсвэл гартаа бариагүй юм. Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нарт тэнгэр элч Моронай алтан ялтсуудыг харуулж мөн тэдгээр ялтсууд “Бурханы хүч болон бэлгээр орчуулагдсан,учир нь түүний дуу хоолой бидэнд үүнийг тунхагласан”гэдгийг мэднэ хэмээн тэд албан ёсоор гэрчилжээ. Мөн өөр найман хүн алтан ялтсуудыг харж мөн барьж үзсэнээ гэрчилжээ.4

  8. 1829 оны 8 сард Иосеф Нью-Йоркийн Палмирагийн хэвлэгч Эгберт Б.Грандинтай Мормоны Номыг хэвлэх гэрээ хийсэн бөгөөд Мартин Харрис номын хэвлэлд зориулж өөрийн фермийг барьцаалж, 1830 оны 3-р сарын 26 гэхэд Мормоны Ном худалдаанд гарсан юм.

  9. 1830 оны 4-р сарын 6-нд Нью-Йоркийн Фейетте дэх дүнзэн байшинд жараад хүн цуглан тэнд, Их Эзэн Есүс Христээр удирдуулан, Иосеф Смит албан ёсоор Аврагчийн сүмийг анх зохион байгуулсан байдлаар нь сэргээж,төлөөлөгч болон бошиглогчоор удирдуулан, Бурханыг төлөөлөн ярих эрх мэдлийг олж авчээ. Дараа нь Иосеф Смитэд Сүмд өгөх нэрний талаар илчлэлт ирсэн: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (С ба Г 115:4-г үз).

Эшлэл

  1. Иосеф Смит, History of the Church, 4:536.

  2. Interview with Emma Smith by Joseph Smith III, 1879 оны 2-р сар, in Saints’ Herald, 1879 оны 10 сарын 1, 290.

  3. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007),60.

  4. Мормоны Номын удиртгал хэсэг дэх “Гурван Гэрчийн Гэрчлэл” болон “Найман Гэрчийн Гэрчлэл” -ийг үз.

Зүүн талаасаа: Иосеф ах, Давид Линдслэйгийн зураг © 1998; Иосеф Смит Библийн номноос мэргэн ухааныг эрэлхийлж байгаа нь, Дэйл Килбөрнийн зураг © 1975 IRI; Иосеф Смитийн анхны үзэгдэл,Грег Олсены Зураг, Хуулбарлаж болохгүй; үйл явдал болсон газраас Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч, Маттью Рейрийн зураг © IRI

Зүүн талаасаа: Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь, Том Ловелийн зураг © 2003 IRI; үйл явдал болсон газраас Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч, Маттью Рейрийн зураг © IRI; үйл явдал болсон газраас Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч, Жон Лукийн зураг © IRI; Бурханы хүч болон бэлгээр, Саймон Дэвигийн зураг; нарийвчилсан зургийг Виллиам Мауан © 1998; Крейг Даймондын зураг © IRI; үйл явдал болсон газраас Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч, Маттью Рейрийн зураг © IRI

Хэвлэх