2011
Мормоны Ном: Библийн хамт гэрчилдэг
2011 оны аравдугаар сар


Мормоны Ном:

Библийн хамт гэрчилдэг

“Хоёр буюу гурван гэрчийн амаар үг бүр батлагдах болно” (2 Коринт 13:1) гэсэн Библийн хуулийн дагуу, Мормоны Ном, Библи хоёул Есүс Христийн тухай гэрчилж, Түүний сайн мэдээний зарчмуудыг заадаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Рассел М.Нелсон “судрын гэрчүүд бие биенээ баталдаг. Мормоны Ном нь “та нар [Библид] итгэж болно хэмээх зорилготойгоор бичигдсэн юм; мөн хэрэв та нар [Библид] итгэх аваас та нар түүнчлэн [Мормоны Номонд] итгэх болно” [Мормон 7:9] гэж нэгэн бошиглогч эрт үед бичсэнээр энэ үзэл баримтлал тайлбарлагдана. Нэг номных нь эшлэлүүд нөгөөд нь бас байдаг. Хоёр ном хоёул Бурхан амьд бөгөөд Өөрийн бошиглогчдод өгдөг илчлэлтээр дамжуулан хүүхдүүдтэйгээ ярьдгийг нотолдог” хэмээн заасан.1

Библид заагддаг тулгуур сургаалууд Мормоны Номонд нэмэлт гэрчлэл болж дурдагддагийг харуулсан жагсаалтыг доор харуулав.

Есүс Христийн үүрэг зорилго

Библи, Мормоны Ном нь Бурханы Хүү, Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай гэрчилдэг. Аврагч бидний гэм нүглийг Өөр дээрээ авч, үхлийг ялсныг хоёр ном хоёул заадаг.

Бурханы Төрсөн Ганц Хүү

Библи: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иохан 3:16; Maтай 16:16; Иoхан 6:69-ийг үз).

Мормоны Ном: “Есүс Христ, тийм ээ, Хүү, Эцэгийн Төрсөн Ганц, ач ивээл, нигүүлсэл, мөн үнэнээр дүүрэн тэрбээр ирэх болно гэдгийг би мэднэ” (Aлма 5:48; 1 Нифай 11:16–21; Moзая 3:5–8).

Бидний нүглийг цагаатгасан тухай

Библи: “Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний Миний цус” (Maтай 26:28; Еврей 9:28; 1 Петр 3:18-ыг үз).

Мормоны Ном: “Болгоогтун, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй хэний ч төлөө хуулийн шаардлагуудыг хангаж, тэрээр нүглийн золиослол болгон өөрийгөө өргөх ажгуу” (2 Нифай 2:7; 1 Нифай 11:33; Aлма 34:8–10; 3 Нифай 11:14-ийг үз).

Бидний уй гашууг өөртөө авсан тухай

Библи: “Үнэхээр тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав” (Исаиа 53:4; Еврей 2:18-ыг үз).

Мормоны Ном: “Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; … тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд буюу” (Aлма 7:11–12; Moзая 14:3–5-ыг үз).

Үхлийг ялсан тухай

Библи: “Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн” (1 Коринт 15:20; Иoхан 14:19; Үйлс 26:23-ыг үз).

Мормоны Ном: “Есүс Христэд, тэрбээр Бурханы Хүү, мөн тэрбээр иудейчүүдээр хөнөөгдсөн, мөн Эцэгийн хүчээр тэрбээр дахин боссон, тэгснээр тэрбээр булшны дээгүүр ялалт олсонд итгэгтүн” (Moрмон 7:5; Moзая 16:7–8; Хиламан 14:17-г үз).

Бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө

Библи, Мормоны Ном хоёул Бурхан бол Тэнгэр дэх бидний Эцэг гэдгийг заадаг. Тэрбээр “авралын төлөвлөгөөг” (Aлма 24:14) бэлтгэсэн учраас бид Есүс Христийн Цагаатгалаар дамжин энэ төлөвлөгөөгөөр аврагдаж чадна.

Тэнгэр дэх хайраар дүүрэн Эцэг

Библи: “Танай зарим яруу найрагчдын “Бид бас Түүний үр удам” гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог” (Үйлс 17:28; мөн Дуулал 82:6; Еврей 12:9-ийг үз).

Мормоны Ном: “[Бурхан] хүүхдүүддээ хайртайг би мэднэ” (1 Нифай 11:17; 1 Нифай 17:36-г үз).

Үхэл ба сүнсний ертөнц

Библи: “Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажгуу” (Номлогчийн Үгс 12:7; 1 Петр 3:19–20; 4:6-г үз).

Мормоны Ном: “Бүх хүмүүний сүнс сайн эсвэл муу байлаа ч өөрсдөд нь амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигддаг” (Aлмa 40:11; шүлэг 12–14-ийг үз).

Амилуулалт, амилалт

Библи: “Арьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой” (Иoв 19:26; Eзекиел 37:12; 1 Кoринт 6:14; 15:54-ийг үз).

Мормоны Ном: “Махан бодь маань элэгдэж, мөн үхэх ёстойг та нар мэддэгийг би мэднэ; гэсэн хэдий ч өөрсдийнхөө биеэр Бурханыг бид харах болно” (2 Нифай 9:4; 2 Нифай 9:12; Aлмa 11:43–45; 40:23-ыг үз).

Зарлигууд удирдамжаар хангадаг

Бурхан бидэнд зарлигууд өгдөг бөгөөд бид тэдгээрийг дуулгавартай дагаснаар адислагдах болно гэдгийг Библи заадаг. Мормоны Номын бошиглогчид бас зарлигуудыг цэдэглэж, дагадаг байлаа.

Дуулгавартай байснаас ирдэг адислалууд

Библи: “Бидний үргэлжийн сайн сайхны төлөө мөн биднийг өнөөдрийнх шиг амьд байлгахын тулд ЭЗЭН эдгээр бүх зарлигийг дагахыг, өөрсдийн Бурхан ЭЗЭНээс эмээхийг бидэнд тушаасан. … Бид эдгээр бүх тушаалыг дагахдаа хянуур байх аваас тэр нь бидний зөвт байдал болно” (Дэд Хууль 6:24–25; Сургаалт Үгс 4:4; Иoхан 14:21-ийг үз).

Мормоны Ном: “Хэрэв та нар Түүний зарлигуудыг дагавал та нар уг нутагт дэгжих болно хэмээн тэрээр та нарт амласан бөлгөө мөн тэрээр хэлснээсээ хэзээ ч ухардаггүй; тиймийн тул, хэрэв та нар түүний зарлигуудыг дагавал тэр та нарыг адисалж мөн та нарыг дэгжээх бөлгөө” (Moзая 2:22; 2 Нифай 1:20-ийг үз).

Арван зарлиг

Библи: Их Эзэн Арван зарлигийг Мосед илчилсэн юм (Eгипетээс Гарсан нь 20:1–17-г үз).

Мормоны Ном: Абинадай Арван зарлигийг Ноа хааны тахилчдад заажээ (Moзая 12:33–36; 13:12–24-ийг үз).

Аравны нэг

Библи: “Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир” (Maлахи 3:10; Левит 27:30-ийг үз).

Мормоны Ном: “Мөн энэ нь Абрахам түүнд аравны нэгийг төлдөг асан Мелкизедек байв; тийм ээ, бүр бидний эцэг Абрахам өөрийн бүх эзэмшлийн аравны нэгийг төлдөг байсан билээ” (Aлма 13:15; 3 Нифай 24:8–10-ыг үз).

Баптисм ба Ариун Сүнс

Библи: “Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй” (Иохан 3:5; Maрк 16:16; Үйлс 2:36–38-ыг үз).

Мормоны Ном: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд наманчлагтун” (3 Нифай 27:20; 2 Нифай 9:23; 31:5–9-ийг үз).

Есүс Христийн эртний сүм

Их Эзэн Өөрийн Сүмийг Иерусалимд болон Америк тивд үндэслэн байгуулсан билээ. Тэрбээр бошиглогчид, төлөөлөгчдөөр (элч нараар) дамжуулан Өөрийн хүмүүсийг зохион байгуулж, удирддагийг Библи, Мормоны Ном гэрчилдэг.

Бошиглогчид (эш үзүүлэгчид)

Библи: “Үнэхээр Эзэн Бурхан зарц нар, эш үзүүлэгчдэдээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй” (Aмос 3:7; Иeремиа 1:7; 7:25-ыг үз).

Мормоны Ном: “Бүх зүйлүүд Сүнсээр бошиглогчдод мэдүүлэгддэг бөлгөө” (1 Нифай 22:2; Иaков 4:4–6).

Арванхоёр (Төлөөлөгч)

Библи: “Тэр шавь нараа Өөр уруугаа дуудаад, тэднээс арванхоёрыг сонгон, элч нар гэж нэрлэжээ” (Лук 6:13; Eфес 2:19–20; 4:11–14-ийг үз).

Мормоны Ном: “Та нарт тохинуулж, мөн та нарын зарц байхаар та нарын дундаас миний сонгосон эдгээр арванхоёрын үгсэд анхаарлаа хандуулах аваас та нар адислагдах болно” (3 Нифай 12:1; 1 Нифай 11:29-ийг үз).

Санваарын эрх мэдэл

Библи: “Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс ургуулж, та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон” (Иoхан 15:16; Maтай 16:19; Лук 9:1–2; Еврей 5:4ийг үз).

Мормоны Ном: “[Алма] Бурханы жаягийн дагуу гараа тавин сүмийн дээр тэргүүлэх мөн хянах санваартнууд хийгээд ахлагчдыг томилов” (Aлма 6:1; 2 Нифай 6:2; Moронай 3-ыг үз).

Нэмэлт судлах зүйлс

Энэ хүснэгт бол бүх талыг хамарсан жагсаалт биш. Та хувиараа болон гэр бүлээрээ судар судлахдаа Topical Guide (Сэдэвчилсэн Удирдамж) буюу Судруудын Удирдамжийг ашиглан Мормоны Ном, Библи хоёрт заадаг илүү олон зарчмыг энэ жагсаалт дээр нэмж болно. Түүнчлэн scriptures.lds.org.хаягаар орж онлайнаар судалж болно.

Эшлэл

  1. Рассел M.Нелсон, “Scriptural Witnesses,” Лиахона, 2007 оны 11-р сар, 43.

Харольд Б.Лийгийн хөрөг зураг, Дөүл Шоо, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв