2011
Мормоны Номын тухай тогтмол асуудаг асуултууд
2011 оны аравдугаар сар


Мормоны Номын тухай тогтмол асуудаг асуултууд

Мормоны Номын тухай найз нар болон гэр бүлийн гишүүд, үнэхээр сонирхсон хүмүүс эсвэл биднийг эсэргүүцэгчид биднээс олон асуулт асуудаг. Энд зарим хариултуудыг өгөв.

Мормоны Ном гэж юу вэ? Энэ номыг Библитэй хэрхэн харьцуулж болох вэ?

Мормоны Ном бол Библитэй адилхан судрын ном юм. Энэ бол Есүс Христийн бас нэгэн гэрээ.1 Библи ихэвчлэн эртний Израилын амьдрал, сургаалуудыг авч үздэг. Мормоны Ном нь Америк тивд очин суурьшсан нэлээд хэдэн бүлэг хүмүүс, түүний дотор МЭӨ 600 онд Иерусалимыг орхин явсан нэг гэр бүлийн тухай цэдгийг агуулдаг. Эдгээр хүмүүс бол бас Израилын угсааны үр удмынхан юм. Тийнхүү Библи, Мормоны Ном хоёрыг дэлхийн хоёр өөр хэсэг дэх адил өв уламжлалтай хүмүүс бичжээ.

Библийн адил Мормоны Ном нь түүхийн цэдгээс илүү юм. Энэ ном “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал” (С ба Г 20:9): Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн тухай гэрчилдэг сургаал, номлол, бошиглолуудыг агуулдаг.

Мормоны Ном нь “Аврагч Амилалтынхаа дараа энэ тивд (Америк) хүрч ирэн, Сайн мэдээг бүрэн байдлаар нь, баялаг агуулгаар нь, хүч болон адислалаар нь үндэслэн бий болгосныг, тэндхийн хүмүүс зүүн тивийнхтэй адил Төлөөлөгчид, Бошиглогчид, Пасторууд, Багш нар болон Сургаалыг номлогчид, мөн тэдний адил жаяг, адилхан санваар, адилхан ёслолууд, бэлгүүд, хүч болон адислалуудтай байсныг; … тэдний дундах сүүлчийн бошиглогчид өөрсдийн бошиглолууд, өөрсдийн түүхийн товч хураангуйг бичиж, газарт булахаар зарлиг болгогдсоныг мөн энэ нь хожим гарч ирэн эцсийн өдрүүд дэх Бурханы зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд Библитэй нэгдэх ёстойг бидэнд өгүүлдгийг Бошиглогч Иосеф Смит тайлбарласан юм.”2

Сүмийн гишүүд Библи, Мормоны Ном хоёрыг хоёуланг нь судалдаг. Ням гарагийн хичээлийн дөрвөн жилээс хоёр нь Библийг судлахад зориулагддаг. (энэ сэдвээрх нэмэлт мэдээллийг энэ дугаарын хуудас 16, 24, 52-оос үз.)

Мормоны Номыг хэн бичсэн бэ?

Эртний бошиглогчид Нифай, Иаков, Мормон, Мормоны хүү Моронай нар бол үндсэн зохиогчид нь юм. Өөрсдийн түүх, бошиглолууд болон сургаалуудын талаар бошиглогчдын хөтөлсөн цэдгүүдийг Мормон түүвэрлэн хураангуйлжээ. Тэрбээр бас хувийнхаа зарим туршлагыг оруулсан байна. Мормон энэ цэдгийг алтан шаргал өнгөтэй металл ялтсууд дээр сийлбэрлэснийг ихэвчлэн алтан ялтсууд хэмээн нэрлэдэг.

Мормоныг нас барсны дараа Моронай цэдгийг дуусгаж, өнөө үеийнхэнд зориулж нэг гүвээнд булжээ. Тэнгэр элч болсон Моронай 1823 онд Иосеф Смит дээр хүрч ирэн цэдэг булсан газрыг үзүүлсэн байна. Дөрвөн жилийн дараа цэдгийг гаргаж авахыг Иосефт зөвшөөрсөн ажээ. Тэрбээр “Бурханы хүч болон бэлгээр цэдгийг бичсэн эртний хэлнээс англи хэлэнд орчуулжээ.3 Дараа нь тэр Мормоны Номыг хэвлүүлж тараажээ. (Энэ сэдвээрх нэмэлт мэдээллийг энэ дугаарын хуудас 22, 72-оос үзнэ үү.)

Анхны цэдэг—алтан ялтсуудыг яасан бэ?

Иосеф Смит ялтсуудыг 1827 оны есдүгээр сард хүлээн аваад 1829 оны зун хүртэл өөртөө байлгасан ажээ. Тэрээр 1838 онд өөрийн түүхэнд мөнөөх цэдгүүдийн талаар: “Тохиролцсоны дагуу, уг элч (Моронай) тэдгээрийг хүсэхэд би түүнд тэдгээрийг гардуулж өгсөн билээ; мөн тэрээр тэдгээрийг өөрийн мэдэлд энэ өдөр болох нэг мянга найман зуун гучин найман оны тавдугаар сарын хоёр дахь өдрийг хүртэл байлгаж буй болой” (Иосеф Смит—Түүх 1:60) хэмээн бичжээ.

Өөр ямар хүмүүс цэдгүүдийг үзсэн бэ?

Иосеф Смитээс гадна нэлээд хэдэн эрэгтэй, эмэгтэйчүүд ялтсуудыг үзэж, ялтсууд үнэхээр байсныг гэрчилсэн юм. Цэдгүүдийг харсан гурван гэрч, гараараа барьж үзсэн найман гэрч хэмээн нэрлэгддэг арваннэгэн хүн харсан тухайгаа гэрчлэн бичжээ. Тэдний гэрчлэл Мормоны Ном бүрийн эхэнд байдаг.

Эдгээр эрчүүд Мормоны Номын хөдөлшгүй гэрчүүд болсон бөгөөд тэднээс зарим нь “Иосефт хэсэг хугацаагаар дайсагнасан ч,” үүнийг улам баттайгаар гэрчилсэн юм хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд нотолжээ. Гэсэн ч тэд “тэнгэр элчийг харснаа болон ялтсуудыг барьж үзсэнээ амь насаараа дэнчин тавин гэрчилсэн. ‘Тэдгээр нь бидэнд хүний хүчээр бус, Бурханы хүчээр үзүүлэгдсэн юм’ хэмээн тэд мэдэгдсэн билээ ‘Иймээс бид энэ ажил үнэн гэдгийг мэднэ.’”4

Мормоны Ном үнэн гэдгийг нотлох биет баримт байдаг уу?

Хэдийгээр бид өөрсдийн итгэлийг биет нотолгоон дээр үндэслэдэггүй ч Мормоны Номын хэл, түүхийн болон эртний судлалын нотолгоо байдаг. Жишээ нь, металл ялтсууд дээр цэдгийг бичих санааг нэгэнтээ дооглон тохуурхаж байсан ч ариун цэдгүүдийг металл ялтсууд дээр бичиж, чулуун хайрцганд нуусан олон жишээ ойрын жилүүдэд илэрсэн билээ.

Мормоны Номын үг хэллэг англи хэлээр эвгүй сонсогддог ч Мормоны Номын хүмүүсийн мэддэг харин залуу Иосеф Смитийн мэддэггүй байсан еврей болон холбогдох бусад хэлээр яруу сайхан сонсогддог байсныг хэл шинжээчид тэмдэглэсэн байдаг.

Гэвч эдгээр нотолгоонууд нь Мормоны Ном үнэн гэдэгт биднийг итгүүлэх зүйлс биш. Энэ бол итгэлийн болон хувь хүний илчлэлтийн асуудал мөн.

Мормоны Ном үнэн гэдгийг би яаж мэдэх вэ?

Өөрөө мэдэх цорын ганц найдвартай арга бол Ариун Сүнсээр дамжуулан мэдэх явдал мөн. Энэ номыг уншиж, тунгаан бодож, энэ нь үнэн үү гэдгийг Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгээс асуухад бүх хүмүүсийг урьсан урилга Мормоны Номын сүүлчийн хуудсанд байдаг. Энэ урилгыг хүлээн авсан хүмүүс уг ном үнэн гэдгийг Ариун Сүнсний хүчээр мэдэх болно (Moронай 10:3–5-ыг үз). Сүмийн сая сая гишүүн залбирч, Мормоны Ном үнэн гэдгийг Ариун Сүнсний гэрчлэлээр мэддэг. (Энэ сэдвээрх нэмэлт мэдээллийг энэ дугаарын хуудас 4, 60, 80-аас үзнэ үү.)

Илчлэлт 22:18–19 нь Бурханы үгэн дээр юу ч нэмэхгүй байхыг бидэнд хандан хэлснээс болж эргэлздэг байлаа.

Бурхан Өөрийн хүслийг дэлхий дээрх хүүхдүүддээ үргэлж илчилсээр ирсэн, цаашид ч илчлэх болно гэдэг нь бидний тулгуур итгэл бишрэлийн нэг юм. Библи бол Бурханы үг гэдэгт бид итгэдэг ч, энэ нь Бурханаас өгсөн эсвэл Түүнээс бошиглогчдодоо өгсөн бүх илчлэлтийг агуулдаг гэдэгт бид итгэдэггүй. Бүр өнөөдөр ч гэсэн Тэрбээр Өөрийн хүслийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн суурь болсон амьд бошиглогчид, төлөөлөгчдөөр дамжуулан илчилсээр байна (Eфес 2:20-ийг үз).

Төлөөлөгч Иохан Илчлэлтийн номыг бичиж байхад энэ ном Библийн сүүлчийн ном байгаагүй. МЭ гуравдугаар зууныг хүртэл Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ хоёр Библи хэмээн нэрлэгддэг нэг ном байгаагүй юм.

Мөн Дэд Хууль 4:2-ч бас Мосегийн үгс дээр юу ч нэмэхгүй байхыг бидэнд захисан байдаг. Мэдээж, Хуучин Гэрээний эхэн дэх энэ шүлэг Библийн үлдсэн хэсгийг хэрэггүй болгодоггүй. Мосе ч, Иохан ч тэр үед байгаагүй номыг өөрчлөх тухай дурдаагүй харин сайн мэдээ үнэн сургаалуудыг өөрчлөхгүй байхыг анхааруулсан юм.

Сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг Мормоны Ном Бурханы үгийг өөрчлөөгүй харин үүнийг дахин баталдаг. (Энэ сэдвээрх нэмэлт мэдээллийг энэ дугаарыг хуудас 24, 38-аас үзнэ үү.)

Анх хэвлэгдсэнээс нь хойш Мормоны Номонд өөрчлөлт оруулсаар ирсэн гэж би сонссон. Юуг, яагаад өөрчилсөн юм бол?

Энэ асуултын хариулт нь Мормоны Номыг орчуулсан болон хэвлэсэн үйл явцын тухай арай тодорхой ойлгохоос хамааралтай юм.

1. Иосеф Смит Бурханы хүчээр алтан ялтсуудыг орчуулахдаа үгсийг бичээчид хэлж бичүүлсэн. Бичээч нар түүний үгсийг тэмдэглэхдээ зарим үед зөв бичгийн болон дүрмийн алдаа гаргадаг байжээ. Жишээ нь, 1 Нифай 7:20-д “харамсан байв” гэдэг үгийг “харамлан байв” гэж тэмдэглэсэн байжээ. Бичээч нар боловсролгүй хүмүүс байснаас гадна зөв бичгийн дүрмийг тэр үед журамлаагүй байв.

2. Орчуулгын анхны гар бичмэлийг хэвлэгчид зориулсан шинэ гар бичмэл хийхийн тулд хувилан олшруулсан ажээ. Энэ үе шатанд зөв бичгийн болон дүрмийн зарим алдааг залруулж, цэг тэмдгийг нэмжээ. Гэвч зарим үгсийг буруу болгон олшруулж шинээр нэлээд алдаа гаргасан байна.

3. Хэвлэгч хэвлэлийн эхийг нягт нямбай бэлтгээгүй харин ч үе үе өөр алдаануудыг гаргасан байлаа. Жишээ нь, Aлма 57:25-д тэрээр “баясал” гэдэг үгийг буруу уншиж, “барцад” гэж бичсэн байжээ.

4. Бошиглогч Иосеф Смит Мормоны Номын эхний гурван хэвлэлийг анхааралтай хянаж, сайжруулах болон засвар оруулахад тусалсаар байжээ. Гэвч зарим алдааг сүүлийн үеийн хэвлэлүүдийг хүртэл олоогүй байжээ. Aлма 16:5 дахь “явах эсэхийг” гэсэн хэвлэгчийн алдааг бүр 1981 онд залруулж, алтан ялтсуудаас Бошиглогчийн орчуулсан анхны гар бичмэлтэй нь тохируулан “тийш явахыг” болгожээ.

5. Бусад өөрчлөлтүүдэд шинэ бүлэг, шинэ шүлэг болон харьцуулах эшлэл бүхий зүүвэр тайлбар орно.

Мормоны Номноос хуваалц

Хүмүүс Мормоны Номын тухай ямар ч асуулт асуусан, ном өөрийнхөө хамгийн сайн хамгаалагч байдаг. Та энэ номын тухай гэрчилж, үүнээс хуваалцан, үнэн эсэхийг нь өөрсдөө залбирч үзэхийг бусдаас хүс. Хэрэв хүн энэ ном үнэн эсэхийг мэдэхийг чин сэтгэлээсээ хүсэх юм бол, Их Эзэн “үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр [тэр хүнд] үзүүлэх болно” (Moронай 10:4).

Эшлэл

  1. Жишээ нь, Боид К.Пакер, “The Book of Mormon: Another Testament of Jesus Christ,” Лиахона, 2002 оны 1-р сар, 71.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 64.

  3. Teachings: Joseph Smith, 60.

  4. Жеффри Р.Холланд, “Safety for the Soul,” Лиахона, 2009 оны 11-р сар, 90.

Гэрэл зураг чимэглэлийг Роберт Кэйси