Би Моронайн амлалтыг туршиж үзсэн
Францеско Феррарези Ломбарди, Итали
Хэдэн жилийн өмнө би нэг найзындаа байж байгаад өөрсдийгөө Хожмын Үеийн Гэгээнтэн номлогчид гэж танилцуулсан, сайхан хувцасласан хоёр залуутай танилцсан юм. Тэд Аврагчид аль хэдийнээс итгэдэг байсан хүмүүсийг хөрвүүлэхээр Италид алс холоос ирсэн нь хачирхалтай санагдаж билээ.
Хожим би тэднийг гэртээ ирээч гэсэн юм. “Хэрэв та нар хүсвэл соёл заншлаа харилцан солилцохын тулд надтай очиж уулзаж болно. Харин шүтлэг бишрэлээ өөрчлөхийг хүсэхгүй байна” гэж би хэлэв.
Маргааш орой нь биднийг уулзахад номлогчид надад Мормоны Номын тухай ярив. Би энэ номын тухай өмнө нь огт сонсож байгаагүй нь надад хачирхалтай санагдлаа. Би тэднийг гэртээ дахин ирэхийг урьсан ч, тэднийг хоёр дахь удаагаа ирсний дараа миний эхнэр Анна Мария тэднийг солиотой хүмүүс гэж үзэн, ярилцлагаа зогсоож манайхаас тэднийг тэр даруй яв гэх нь тэр. Тэдгээр номлогчид надад ч гэсэн нэг л өөр юм шиг санагдсан ч, тэдэнтэй дахин уулзвал юу гэж ярих бол хэмээн миний сониуч зан хөдөллөө.
Нэг орой Анна Мария гэртээ ирээд үүрд мөнхийн гэрлэлтийн тухай бид ярилцаж байсныг сонссон ажээ. Энэ сэдэв түүний сонирхлыг ихэд татсан учир, дараагийн удаа бид ярилцлагыг хамтдаа авахаар шийдэв. Мария судруудын талаар сайн мэддэг байсан бөгөөд асуултуудын урт жагсаалт бэлтгэдэг байлаа. Ахлагч нар зарим асуултанд шууд хариулж, заримыг судалж байж хариулахын тулд гэр уруугаа авч явдаг байв. Тэд долоо хоног бүр заавал асуултуудын хариулттай ирдэг байсан бөгөөд Анна Мария дахиад олон асуулт жагсаан бичсэн байдаг байлаа.
Биднийг ярилцлагаа дуусгасны дараахан Анна Мария баптисм хийлгэхээр миний зөвшөөрлийг хүссэнд би хэчнээн их гайхсан гээч. Хэрэв эхнэр минь үнэхээр хөрвөсөн юм бол түүнийг баптисм хийлгэхэд би дургүйцэхгүй гэв. Би 1995 оны 3-р сарын 5-нд түүний баптисмын ёслолд оролцохдоо гайхамшигтай сайхан мэдрэмжийг мэдэрч билээ.
Би Сүмийн тухай ихэд сонирхон уншсаар, мөн номлогчид ч намайг үргэлж урамшуулан дэмждэг байлаа. Эцэстээ би Моронайн амлалтыг туршаад үзье гэж шийдлээ (Moронай 10:4–5-ыг үз). Мормоны Ном Бурханаас ирсэн үү, эсвэл энэ нь зүгээр нэг аятайхан роман уу гэдгийг би мэдэхийг хүссэн юм.
1995 оны 6-р сарын нэгэн өдөр би гэртээ ганцаараа байхдаа орныхоо дэргэд өвдөг сөгдөн, “Мормоны Ном үнэн үү? Хэрэв үнэн бол би хэзээ баптисм хүртэх вэ?” гэж Тэнгэрлэг Эцэгээс асуулаа. Би гэнэт зүрх сэтгэл, оюун ухаандаа “Мормоны Ном үнэн” гэж хэлэх тод томруун дуу хоолойг мэдэрлээ. Тэгээд хэзээ баптисм хүртвэл зохих нь надад тодорхой болов. Долоо хоногийн дараа дахин залбиртал мөн адил хариу ирэв. Зүрх цохилон, магнай хагартлаа баярлалаа. Бурхан надад хандан: Мормоны Ном Бурханаас сүнсээр нөлөөлөгдсөн бөгөөд Иосеф Смит бол үнэн бошиглогч мөн хэмээн хэлснийг би мэдэж байлаа.
Эцэст нь би номлогчидтой уулзаж эхэлснээс хойш жил хагасын дараа 1995 оны 9-р сарын 17-нд баптисмын усанд орж билээ. Удалгүй манай охин Аба Чиара Сүмийг сонирхож эхлэн бас баптисм хүртэв. 1997 оны 1-р сард манай гэр бүл Швейцарийн Берний Ариун сүмд лацдан холбууллаа.
Энэ Сүм бол бошиглогч болон санваараар дамжуулан Есүс Христийн удирддаг үнэн Сүм гэдгийг бид мэднэ. Бид Их Эзэнд Түүний хайрын төлөө, биднийг номлогчид уруу удирдсаных нь төлөө, сайн мэдээг бидэнд мэдүүлснийх нь төлөө баярлан талархаж явдаг билээ.