Мормоны Ном надад хандан ярьсан юм
Гина Бейрд, Юта, АНУ
Манай отгон охин Аманда хоёр настай байхдаа цусны цагаан бөөмийн өвчин туссан нь оношлогдов. Түүний өвчин хүнд байсан болохоор химийн эмчилгээний дараа хавдар нь багасахгүй байлаа. Түүнд чөмөгний яс шилжүүлэн суулгах шаардлагатай байв.
Миний нөхөр, хоёр хүүтэйгээ хамт Ютад гэртээ байх үед би Амандатай хамт өөр муж улсад есдүгээр сараас дараа оны нэгдүгээр сарын эхний хагас хүртэл байлаа. Бид Христийн Мэндэлсний Баярыг хамтдаа тэмдэглэж чадалгүй эмнэлгийн ээлжит хяналтын эцэст гэртээ эргэж ирсэн билээ.
Гэртээ эргэж ирсний дараа анх удаа хяналтын үзлэг хийлгэхээр эмнэлэг уруу очиход эмч нар Амандагийн цусанд цагаан бөөмийн хавдрын эс илрүүллээ. Чөмөгний яс шилжүүлэн суулгасан нь амжилтгүй болжээ. Энэ таагүй мэдээг сонсоод миний зүрх зогсчих шиг болов. Манай гэр бүлд сэтгэл санааны түгшүүр, ажил хөдөлмөр, бие биенээсээ хол амьдарч байснаас гадна хүнд цаг үе ч тохиолдож байлаа. Гэтэл одоо охиноо алдах болчихоод байдаг.
Тэр нэгэн үдээс хойш би хоёр хүү дээрээ эргэж ирлээ. Би нөхрөө ажлаас ирэхийг хүлээж байх хооронд хүүхдүүдтэйгээ хамт Мормоны Номоо гаргаж ирэн уншиж эхэллээ. Бид 2 Нифай 9-ийг уншиж байлаа. Биднийг уншиж байх үед дараах үгс надад хандан ярих шиг болов:
“Их Эзэн Бурхан хүүхдүүд дээр тань цутгах адислалуудын учир тэргүүнээ ямагт дээр өргөж, мөн та нар баясаж болно хэмээн би та нарт эдгээр зүйлсийг ярьж байна.
“Та нарын олон тань ирэх зүйлүүдийн талаар мэдэхийн тулд ихийг судалсныг би мэднэ; иймийн тул махан бодь маань элэгдэж мөн үхэх ёстойг та нар мэддэгийг би мэднэ; гэсэн хэдий ч өөрсдийнхөө биеэр Бурханыг бид харах болно. …
“Агуу их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд үхэл бүх хүмүүний дээр улиран ирсэнчлэн амилуулалтын хүч байх ёстой. …
“Энэхүү аймшигт мангасын атганаас зугтах бидний замыг бэлтгэх, Ай Бурханы маань сайн сайхан хэчнээн агуу билээ; тийм ээ, тэр мангасын буюу. …
“Мөн хэрэв тэд түүний дууг анхааран сонсвоос бүх хүмүүнийг аварч болохын тулд тэрээр дэлхийд ирнэ; учир нь болгоогтун, тэрээр бүх хүмүүний шаналлыг тэвчинэ, тийм ээ, амьдрагч бүхний шаналлыг, Адамын гэр бүлд багтах эр, эм, мөн хүүхэд аль алиных нь болой.
Бүх хүмүүний дээр амилуулалт тохиож болохын тулд агуу их хийгээд шүүлтийн өдөр бүгд түүний өмнө зогсож болохын тулд тэрээр үүнийг тэвчих бөлгөө” (2 Нифай 9:3–4, 6, 10, 21–22).
Намайг эдгээр үгсийг уншихад Ариун Сүнс өрөөг дүүргэсэн байлаа. Тэнгэрлэг Эцэг минь тэр өдөр миний хүлээн авсан мэдээг мэдэж байсныг би мэдэрч билээ. 2000 гаруй жилийн өмнө бичигдсэн бошиглогч Иаковын үгс тэр өдөр надад зориулан бичигдэж, Аврагчаас надад шууд ирсэн юм шиг санагдаж билээ. Охины хорвоог орхих нь гарцаагүй болсныг мэдсэний дараа надад тохиолдсон уй гашууг Тэрбээр мэдэж байжээ. Иймээс Тэрбээр замыг бэлтгэсэн бөгөөд тэр өдөр Амилуулалтын хүчээр дамжуулан “өөрсдийнхөө биеэр бид Бурханыг харах болно” гэсэн амлалтаараа манай гэр бүлийг тайтгаруулсан юм.
Аманда дахиад бараг жил амьд явсан. Харин Мормоны Номын үгс хэрэгтэй цагт надад хандан ярьж, Их Эзэн надад найдвар, тайтгарал, Түүний төлөвлөгөөг ойлгох ойлголтыг өгснийг би хэзээ ч мартахгүй.