Хариултыг би хаанаас олж болох вэ?
Ольга Овчаренко, Свердловск муж, Орос
Намайг 21-тэй байхад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогчид манай дүүрэгт англи хэлний хичээл заадаг байлаа. Би эхний үед англи хэлний хичээлд суудаг байсан ч удалгүй хичээлийн дараа тэдгээр ахлагчдын хуваалцдаг байсан сүнслэг бодлыг сонсохоор үлдэж, тэднээс асуултууд асуудаг болов.
Би хэдийгээр улс орныхоо зонхилох шашныг шүтэн биширч өссөн ч шүтлэг бишрэлийн олон асуултанд хариу олж чадаагүй байлаа. Тэдний Сүмийн номлогчид болон гишүүд өнгөрсөн үед хэн ч надад сэтгэл ханамжийг авчраагүй асуултуудад хариулсан юм.
Би нэг удаа англи хэлний хичээлийн дараа Мормоны Номноосоо нэгийг өгч болох уу гэж номлогчдоос зориглон асуулаа. Гэвч гэртээ ирээд номоо уншилгүй тавиур дээр тавьлаа.
Гэвч ном тавиур дээр удаан байсангүй. Судруудад асуудлуудын шийдэл байдаг гэдгийг би англи хэлний хичээлд суудаг байсан Сүмийн гишүүдээс сонссон юм. Тиймээс надад хувийн сорилт бэрхшээл буюу асуудал тулгарсан үед би Мормоны Номоо тавиур дээрээс авч уншдаг байлаа. Миний мэдэх ёстой зүйлийг нэн тодорхой хэлж өгсөн хариултуудыг би судруудаас үнэхээр олсон.
Тэр үед би Сүмгүйгээр амьдарч чадахгүй юм байна гэдгийг мэдэрч эхэлсэн. Сүм бол миний байхыг хүсдэг газар байлаа. Сүм бол миний харьяалагдаж байгаагаа мэдэрч чаддаг газар байлаа.
Гэсэн хэдий ч Бурханаас асууж, бодол санаагаа бататгахыг хүсэх болов. Нэг асуудал бий болсон нь би байрныхаа эзэн, настай эмэгтэйтэй хамт нэг өрөө байранд амьдардаг байсан учир нууцгайхан залбирах газар надад байдаггүй байв. Гэвч нэг орой би гэрийнхээ үлдсэн хэсгээс арай тусгаарлагдсан гал тогооны өрөөнд сэмхэн орж, энэ Сүм үнэн үү гэдгийг Тэнгэрлэг Эцэгээс асуулаа. Хариуд нь би мэдэх ёстой зүйлээ мэдсэн гэсэн хүчтэй мэдрэмж надад төрлөө.
Түүнээс хойш удалгүй би баптисм хүртсэн бөгөөд Сүмийн гишүүн байгаа энэ үе амьдралын минь хамгийн аз жаргалтай үе юм. Өмнө нь надад асуултууд л байдаг байсан ч эдүгээ би хариултуудаа аваад байна. Урьд нь надад хоосон мэдрэмж төрдөг байсан бол одоо тийм биш боллоо.
Тэнгэрлэг Эцэг бидний асуултуудыг хариултгүй үлдээдэггүйд би баяртай байдаг. Тэрбээр залбирал, судруудаар аль алинаар нь дамжуулан бидэнтэй ярьдгийг би мэднэ.