Хэрэв та үнэхээр мэдэхийг хүсвэл мэдэх болно
Би Мормоны Номын төлөө үүрд талархаж явах болно. Энэ ном миний амьдралыг эгнэгт өөрчилсөн юм. Мөн энэ нь таны амьдралыг өөрчилж чадна гэдгийг би мэднэ.
Би Сүмийн гишүүн болохдоо 18 настай байсан. Миний хөрвөлтөнд Мормоны Ном гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр үед би эргэн тойрныхоо ертөнцийг ойлгох шинэ санаануудыг хайж байлаа. Миний сурч байсан коллежийн профессорууд заах аргадаа материалист үзлийг маш их баримталдаг байсныг би санадаг. Бурхан байдаггүй гэдэг үзэл санааг би баримтлах болов.
Зургаан жилийн өмнө хоёр номлогч манайд орхиж явсан цэнхэр хавтастай номыг би нэг өдөр ажиглалаа. Энэ бол Мормоны Ном байв. Тэд энэ номын хамт Иосеф Смитийн тухай нэг товхимол бас Бурханд хандан хэрхэн залбирах тухай зааврыг орхисон юм.
Тэгээд Мормоны Номыг уншиж эхлэв. Би 1 Нифайгаас хэдхэн шүлгийг уншаад л энэ ном бусдаас өөр болохыг мэдэрч билээ. Мэдрэмж, оюун санаа хоёр минь зөрчилдөж эхлэв. Иймээс би Бурханд хандан залбирч асуухаар шийдлээ.
Би ийнхүү амьдралдаа анх удаа өвдөг сөгдөн залбирч билээ. Залбирсны дараа болсон явдал миний амьдралд хамгийн нандин туршлага болсон юм. Сэтгэл догдлуулсан баяр баяслын мэдрэмж төрж, Мормоны Ном бол зүгээр нэг номноос илүү эрхэм зүйл гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэрч байлаа. Энэ бол бурханлаг гарал үүсэлтэй ном байв. Энэ бол яах аргагүй Бурханы үг. Надад төрсөн тэрхүү мэдрэмж бол энэ ном үнэн гэдгийг гэрчилсэн Сүнс байсныг би хожим нь ойлгож билээ.
Зарим хүмүүст адил төстэй туршлага тохиож болох ч Мормоны Ном үнэн гэдгийг хүмүүс өөр өөр арга замаар мэдэж болно.
Харин та хэрхэн мэдэж болох вэ?
1. Зарим хүмүүс сонсоод мэдэж болно. Энэ номын заадаг зүйлсийг зүгээр л сонссоноор зарим хүмүүс уг ном үнэн гэдгийг мэддэг. Та тэдний нэг байж болно. Мозаягийн хөвгүүдийг Есүс Христийн сайн мэдээг заахыг сонсоод “Их Эзэнд хөрвөсөн” мянга мянган хүний тухай Мормоны Ном өгүүлдэг (Aлма 23:5–6-г үз). Номлогчид өнөөдөр Мормоны Номонд байдаг сайн мэдээг зааж байна. Зарим хүмүүс Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг бусад хүмүүс энэ номын сургаалуудыг хуваалцахыг сонсоод мэдэж болно.
2. Зарим хүмүүс үүнийг уншаад мэдэх болно. Зарим хүмүүс үнэнийг мэдэх чинхүү хүсэлтэйгээр Мормоны Номыг уншсанаар үүнийг мэддэг. Та тэдний нэг байж болно. Эхнэрийн минь хувьд ийм байсан юм. Мормоны Номыг эхнээс нь дуустал унших зааврыг чин сэтгэлээсээ хүлээн авахдаа тэр 12 настай охин байлаа. Тэрээр уншиж дуусмагцаа энэ ном үнэн гэдгийг мэдсэн. Уншиж байх үед нь нэн хүчтэй мэдрэмж төрснөөс тэрээр Аврагчийг үүрд дагахаар шийдсэн гэнэ. Тэр минь мэдэрсэн зүйлдээ үнэнч үлдсэн билээ.
3. Зарим хүмүүс үйлдэл хийж байж мэддэг. Зарим хүмүүс энэ номын заадаг зүйлсийг хийснээр энэ нь үнэн гэдгийг мэддэг. Та тэдний нэг байж болно. Зарим хүмүүс үйлдлээрээ дамжуулан гэрчлэлтэй болдог (Иoхан 7:17-г үз). Мормоны Номын бошиглогч Нифай энэ зарчмыг сайн ойлгодог байлаа. Тэрбээр “тэднийг Их Эзэн өөрсдийн Гэтэлгэгчид итгэхийг илүү бүрэн дүүрнээр ятгахын” … тулд, “энэ нь бидэнд эрдэм болон тус байж болохын тулд би бүх судрыг өөрсөдтэйгөө адилтгасан билээ” гэж бичсэн юм (1 Нифай 19:23; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Та Мормоны Номын сургаалуудыг амьдралдаа адилтгах буюу хэрэгжүүлснээр бас энэ номын бурханлаг гарал үүсэлд итгэх болно.
4. Зарим хүмүүс Бурханаас асууснаар мэдэх болно. Зарим хүмүүс Мормоны Номноос уншаад энэ ном үнэн эсэхийг Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч асууснаар мэддэг. Та тэдний нэг байж болох юм. Энэ бол энэ ном үнэнийг мэдсэн миний туршлага. Мормоны Номын өөр нэг бошиглогч Моронай үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайгч бүгдэд хандан: “Болгоогтун, та нар эдгээр зүйлийг уншихдаа … та нар Бурхан Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя, би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Moронай 10:3–4) хэмээн тод томруунаар амласан юм. Хэрэв та нар Мормоны Номыг уншиж, үүний талаар залбиран, Моронайн зааврыг дагавал энэ ном үнэн гэдгийг мэдэх болно гэдгийг би гэрчилж байна.
Та үүнийг мэдэх болно гэдгийг Бурхан амласан юм
Хэрэв та Мормоны Ном үнэн гэдгийг үнэхээр мэдэхийг хүсвэл үүнийгээ мэдэх болно. Бурхан үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайгчдад энэ мэдлэгийг өгөхөөр амласан бөгөөд Тэр бол “үнэний Бурхан, мөн худал хэлж эс чадна” (Ифер 3:12).
Мормоны Номын өөр нэг бошиглогч Алма хүүдээ Бурхан дараах амлалтыг заасан юм; Тэрбээр “өөрт буй мэргэн зорилгын улмаас, өөрийн хүчийг ирээдүй үеийнхэнд үзүүлж болохын тулд [энэ номыг] хадгалан үлдээнэ. Мөн эдүгээ болгоогтун, бүр леменчүүдээс олон мянгыг нь … үнэний мэдлэгт сэргээхэд тэрбээр нэгэн зорилгоо гүйцэлдүүлсэн билээ; мөн тэрээр тэднээр өөрийн хүчийг үзүүлж, мөн түүнчлэн тэрээр тэднээр өөрийн хүчийг ирээдүй үеийнхэнд ч бас үзүүлэх болно; тиймийн тул [энэ ном] хадгалагдан үлдэх болно (Aлма 37:18–19).
Ийм итгүүлэгч хүч өнөөдөр ч судрын энэ номонд байгаа бөгөөд үүнийг мэдэхийг чин сэтгэлээсээ эрж хайгч хэнд ч болов Их Эзэн үүнийг харуулах болно. Би Сүмийн тухай анх мэдсэн тэр өдрүүдээ эргэн санаж үүнийг бат ноттойгоор хэлж чадна. Мормоны Ном итгүүлэгч хүчтэй учраас энэ ном Бурханы үг бөгөөд Есүс бол Ариун Мессиа, Христ гэдгийг заадгийг би өнөөдөр гэрчилж байна. Энэ ном бол Түүний сайн мэдээний Сэргээлт тохиосны болон Иосеф Смит бол Бурханы бошиглогч мөн гэдгийн бодитой нотолгоо мөн.
Хэрэв та үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайгчдын нэг бол үнэнийг мэдэх болно гэдгийг Их Эзэн амласан. Та энэ номын сургаалуудыг сонссоноор, энэ номыг уншсанаар, энэ номын заадаг зүйлсийг хийснээр, үүний үнэнийг мэдэхийн төлөө залбирснаар эсвэл эдгээр үйл ажиллагаануудыг хослон хэрэглэснээр үнэнийг мэдэж болно. Ингэснээр та үнэнийг мэдэх болно.