Лихайн зүүд
Төмөр бариулаас зууран барь
Мормоны Номын зонхилох сэдэв бол хүн бүхнийг Христэд ирэхийг урьсан урилга бөгөөд энэ нь Лихайн үзэгдэл дэх үндсэн сэдэв юм.
Би Мормоны Номонд дуртай. Эмма Марр Петерсений бичсэн Хожмын Үеийн Залуу Гэгээнтнүүдэд зориулсан Мормоны Номын түүхүүдээс ээж надад уншиж өгдөг байсан нь хүүхэд ахуй үеийн минь сайн мэдээний дуртгал болон үлдсэн. Хүүхэд ахуй үеийн туршлага болон насан туршдаа хувиараа байнга судар судалж, залбирснаар Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэг гэрчлэлийг Ариун Сүнс бодгальд минь дахин дахин шингээсэн юм.
Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ гэдгийг би гэрчилж байна. Бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг Бурханы хүчээр орчуулсныг би мэднэ. Мөн Мормоны Ном бол “энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуур чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүгээр үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болно” гэдгийг би гэрчилж байна.1
Лихайн зүүдэн дэх хамгийн чухал бэлгэдлүүд
Ер нь судруудыг, энэ тохиолдолд Мормоны Номыг уншиж, судлан шинжилж, тунгаан бодохын ач холбогдлыг амьдралын модны тухай Лихайн зүүдний нэлээд хэсгээс тодорхой харагддаг (1 Нифай 8-ыг үз).
Лихайн зүүдний онцлог бол “Бурханы хайрыг” төлөөлсөн амьдралын мод юм (1 Нифай 11:21–22-ыг үз). “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” (Иохан 3:16). Ийнхүү, Их Эзэн Есүс Христийн төрөлт, амьдрал, цагаатгагч золиослол нь хүүхдүүдээ хайрлах Бурханы хайрын агуу илрэл мөн. Нифайн гэрчилсэнчлэн энэ хайр бол “бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч” бөгөөд түүний үзэгдэлд тэнгэр элчийн хэлсэнчлэн, “сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэдэг” (1 Нифай 11:22–23; 1 Нифай 8:12, 15-ыг үз). 1 Нифайн 11-р бүлэг нь Аврагчийн амьдрал, үйлчлэл, золиослол буюу “Бурханы хүлцлийн” (1 Нифай 11:16) бэлгэдэл болсон амьдралын модны тухай тодорхой дүрсэлсэн байдаг.
Уг модны жимс нь Цагаатгалын адислалуудын бэлгэдэл юм. Амьдралын модны жимснээс хүртэх нь Цагаатгал бидний амьдралд үр өгөөжөө бүрэн өгөхийн бэлгэдэл болсон ёслолууд болон гэрээнүүдийг хүлээн авахыг төлөөлдөг. Уг жимсийг “хүртсэн нэгнийг жаргалтай болгох дур булаам” (1 Нифай 8:10) хэмээн дүрсэлсэн бөгөөд энэхүү баяр баяслыг бусадтай хуваалцах хүслийг төрүүлдэг.
Мормоны Номын зонхилох сэдэв бол хүн бүхнийг Христэд ирэхийг урьсан урилга бөгөөд энэ нь Лихайн үзэгдэл дэх үндсэн сэдэв юм. Төмөр бариул амьдралын мод уруу хөтөлдөг нь онцгой сонирхолтой байдаг (1 Нифай 8:19-ийг үз). Төмөр бариул бол Бурханы үг.
Барих нь төмөр бариулаас зууран барьж явахын эсрэг юм
Эцэг Лихай зүүдэндээ дөрвөн бүлэг хүмүүсийг харжээ. Гурван бүлэг хүн амьдралын мод болон жимсэнд нь хүрэхийн тулд нарийн бөгөөд давчуу замаар урагшилж байлаа. Харин дөрөв дэх бүлэг уг модонд хүрэхийг хичээсэнгүй агуу хийгээд нүсэр барилгыг тэдний хүрэх ёстой эцсийн цэг гэж үзсэн ажээ (1 Нифай 8:31–33-ыг үз).
Урагш тэмүүлж, амьдралын мод уруу хөтөлсөн зам дээр гарсан эхний бүлэг хүмүүсийн тухай бид 1 Нифай 8:21–23-аас мэддэг. Гэвч тэр хүмүүс “чөтгөрийн уруу таталт” (1 Нифай 12:17) болох харанхуй манантай тулгарсан үед замаа алдаж, төөрөн тэнүүчилсэн билээ.
Эдгээр шүлгүүдэд төмөр бариулын тухай дурдаагүйг ажиглагтун. Бурханы үгийг үл тоомсорлож, түүнд хөнгөн хуумгай ханддаг хүмүүс Аврагч уруу хөтөлдөг бурханлаг луужин буюу зүг чиг заагч уруу нэвтэрч чаддаггүй. Энэ бүлгийнхэн Христэд итгэх итгэл болон сүнсний зохих хэмжээний итгэл үнэмшлийг харуулан замаа олж, урагш ахьсан ч, чөтгөрийн уруу таталтанд автагдаж, төөрсөн юм.
1 Нифай 8:24–28-аас бид амьдралын мод уруу хөтөлдөг нарийн бөгөөд давчуу замыг олсон хоёр дахь бүлэг хүмүүсийн тухай мэддэг. Энэ бүлэг “харанхуй манан дундуур зүтгэн урагшилж, ойртон бүр уг модны жимснээс тэд хүртэх хүртлээ төмөр бариулаас барьсаар явах ажээ” (шүлэг 24). Гэвч тансгаар хувцасласан агуу хийгээд нүсэр барилгын эзэд энэхүү хоёр дахь бүлгийн хүмүүсийг шоолон тохуурхахад “тэд ичингүйрхсэн болой” мөн “тэд хориглогдсон замаар будилан орж мөн төөрч байв” (шүлэг 28). Энэ бүлгийнхэн төмөр бариулаас “барьсаар” (1 Нифай 8:24; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) явсныг ажиглагтун.
Хоёр дахь бүлгийн хүмүүс итгэл, шийдвэр төгс байдалтайгаар урагшилж байсан нь бахархууштай юм. Тэдэнд бас төмөр бариулын давхар адислал ирснээс үүнээс барьсаар байжээ! Гэвч тэд хавчлага, бэрхшээлтэй тулгарсан үед хориглогдсон зам уруу орж төөрсөн ажээ. Энэ бүлгийнхэнд итгэл, тууштай байдал, бүр Бурханы үг байсан ч эцэстээ төөрсөн нь магадгүй тэд судруудыг зөвхөн хааяа нэг уншдаг буюу судалдаr байсных биз ээ. Төмөр бариулаас барих гэдэг нь Бурханы үгийг нягт няхуураар байнга шимтэн судлахын оронд тогтмол биш, зөвхөн олдсон дээр нь “оволзтол” судлахын нэр шиг надад санагддаг.
Бид 30-р шүлгээс гурав дахь бүлгийн хүмүүс урагшлан, “уг модны жимснээс хүртэх хүртэл төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш зүтгэсэн” тухай уншдаг. Энэ шүлэг дэх түлхүүр нийлэмж үг бол төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар гэдэг үгс юм.
Гурав дахь бүлгийнхэн бас итгэл бишрэл, үнэмшилтэйгээр урагшилж байсан ч замаас гарч будилан, хориглосон замаар орж төөрсөн талаар үзүүлэгдсэн нь үгүй. Гурав дахь бүлгийн хүмүүс судруудыг байнга уншиж, судалж эсвэл тунгаан боддог байсан бололтой. Гурав дахь бүлгийнхэн “өчүүхэн бөгөөд энгийн [зүйлд]” (Aлма 37:6) няхуур нямбай, буурь суурьтай ханддаг байсан нь тэднийг мөхлөөс аварсан бололтой. Энэ бүлгийн хүмүүс “доош унаад мөн уг модны жимснээс хүртсэнээр” (1 Нифай 8:30; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн) даруу байдлаас ирдэг сүнсний бэлгээр адислагдан, судруудыг итгэл бишрэлтэйгээр судалснаараа “Их Эзэний мэдлэг,” “үнэний мэдлэгтэй” (Алма 23:5, 6) болсон биз ээ. Энэ бүлгийн хүмүүс “Христийн үгнээс [байнга] зооглон” (2 Нифай 31:20) агуу хийгээд нүсэр барилган дахь хүмүүс тэднийг шоолон тохуурхсаныг үл хайхарснаар сүнсний тэжээл, хүч чадлыг олсон бололтой (1 Нифай 8:33-ыг үз). Бид бүгд энэ бүлэгтэй нэгдэн нийлэхийг хичээн чармайх ёстой.
Нифайн ах нар ийн асуусан байдаг, “Бидний эцгийн үзсэн уг модны зүг удирдсан тэр төмөр бариул ямар утгатай вэ?
Мөн [Нифай] тэдэнд хандан энэ нь Бурханы үг байсныг хэлэв; мөн Бурханы үгийг анхааран сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд тэднийг устгал уруу удирдахаар харалган болгож давамгайлах нь ч үгүй” (1 Нифай 15:23–24; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).
Тэгэхлээр, төмөр бариулаас барих, зууран барих хоёрын ялгаа юунд байна вэ? Төмөр бариулаас зууран барих нь түүнээс огт салахгүй байж, ариун судруудыг илчлэгдсэн үнэний баттай эх сурвалж, амьдралын мод уруу чухамдаа Их Эзэн Есүс Христ уруу хөтлөх нарийн бөгөөд давчуу замаар хөтлөх аяны найдвартай удирдамж хэмээн үзэж, залбирч, чин сэтгэлээсээ, байнга ашиглах явдал гэж би зөвлөж байна.
“Мөнхүү улиран тохиох дор миний эцгийн үзсэн тэр төмөр бариул нь Бурханы үг байсныг би мэдэв; тэр нь амьдралын усан оргилуур уруу эсвээс амьдралын мод уруу удирдах ажгуу” (1 Нифай 11:25).
Мормоны Ном өнөө үед зориулагдсан юм
Мормоны Ном нь өнөө үе болон бидний нөхцөл байдалтай холбоотой үнэнүүдийг дэлгэн тавьсан юм. Мормоны Ном бидний сүнслэг болон бодит амьдралд холбоотой болохыг Моронай онцлон тэмдэглэж: “Болгоогтун, хэдийгээр та нар үгүй ч, та нар миний өмнө буй мэтээр би та нартай ярьж байна. Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ” (Moрмон 8:35) гэжээ. Мормоны Номын гол зохиогчид Бурханы зөн билгийн мэдлэгээр өнөө үе болон бидний нөхцөл байдлыг угтан харснаар хожмын өдрүүд дэх дэлхийн оршин суугчдад чухал ач холбогдолтой сэдвүүд болоод жишээнүүдийг уг номонд оруулсан юм.
Дараах асуултыг нягт няхуураар мөн залбиралтайгаар тунгаан бодохыг би та бүхнээс хүсч байна: Бидний амьдарч буй өнөөгийн дэлхийд сүнслэг байдлын хувьд хүчтэй байх боломжийг олгодог амьдралын модны тухай Лихайн үзэгдэл болон төмөр бариулаас байнга зууран барих зарчмаас би ямар сургамж авч, юу сурч болох вэ?
Энэ чухал асуултын хариуг олохын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөж, сүнсний удирдамжийг эрэлхийлснээр та төмөр бариулаас байнга зууран барихын чухлыг зүрх сэтгэл, оюун ухаан аль алинд нь Ариун Сүнсний хүчээр илүү бүрэн дүүрэн ойлгох болно. Мөн та эдгээр сургамжуудыг амьдралдаа болон гэр орондоо итгэл бишрэл, хичээл зүтгэлээр хэрэгжүүлбэл адислагдах болно.
“Найдварын төгс гэрэлтэйгээр мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэхэд” бидэнд туслах Лихайн үзэгдлийн олон сургамжийг харах мэлмий, сонсох чих бидэнд байх болтугай. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20).