2011
Мормоны Номын үнэ цэнэтэй амлалтууд
2011 оны аравдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Мормоны Номын үнэ цэнэтэй амлалтууд

President Thomas S. Monson

Олон жилийн тэртээ амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан нэгэн залуухан эцгийн орны дэргэд би зогсож байлаа. Тэвдэн сандарч яахаа мэдэхгүй болсон эхнэр нь хоёр хүүхдийнхээ хамт дэргэд нь зогсож байв. Залуу эцэг гарыг минь бариад, цөхөрсөн харцаар намайг ширтсэнээ: “Бишоп оо, би ч тэсэхгүй нь ээ. Намайг нас барахад сүнсэнд минь юу тохиолдохыг хэлж өгөөч” гэв.

Би тэнгэрлэг удирдамжийн төлөө чимээгүй залбирах үедээ орных нь дэргэдэх ширээн дээр гурамсан судар байхыг олж харлаа. Номыг авч, хуудсыг нь эргүүллээ. Тэгтэл би ямар ч зориудын санаагүйгээр Мормоны Номон дахь Алмагийн 40-р бүлэг дээр гэнэт зогсов. Дараах үгсийг түүнд уншиж өглөө:

“Болгоогтун, бүх хүмүүний сүнс энэ зуурдын биеийг орхимогцоо, … амьдралыг нь өгсөн Бурханд гэртээ аваачигддаг нь надад нэгэн тэнгэр элчээр мэдүүлэгдсэн билээ.

“… Мөнхүү тэгээд зөв шударга тэдний сүнс тэд өөрийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажин гэж нэрлэгдсэн аз жаргалын байдал, амар амгалангийн байдал, энхийн байдалд хүлээн авагдах болно. (Aлма 40:11–12).

Амилуулалтын тухай намайг үргэлжлүүлэн уншихад, залуугийн нүүрэнд улаа бутран, урууланд нь баярын инээмсэглэл тодорч байлаа. Тэгээд би энэ сайхан гэр бүлд баяртай гэж хэлээд тэднийхээс гарсан.

Дараа нь эхнэр, хүүхдүүдтэй нь оршуулга дээр таарч билээ. Сайхь залуу үнэнийг мэдэхийг гуйж, асуултынхаа хариуг Мормоны Номноос сонссон тэр үдшийг би эргэн санаж байна.

Мормоны Номонд бусад үнэ цэнэтэй амлалтууд, түүний дотор хэрэв бид “уг нутгийн Бурхан, Есүс Христэд л зөвхөн үйлчлэх аваас” (Ифер 2:12) бидэнд ирэх амар амгалан, эрх чөлөөний амлалтууд болон адислалууд байдаг.

Энэ номын хуудсуудаас “Бурханы зарлигуудыг дагадаг тэдэнд” “хэзээ ч төгсөшгүй аз жаргал” ирэх болно. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой” (Moзая 2:41) гэсэн амлалт байдаг.

Энэ номын хуудсуудад Түүний өгүүлшгүй сайхан хөвгүүд, охидыг аврахад “Бурханы мутар дахь зэмсэг” болох хүмүүст “ухааршгүй их баясал”-ын амлалт байдаг (Aлма 28:8; 29:9).

Энэ номын хуудсанд тараагдсан Израил дэлхий даяарх номлогчдын хүч чармайлтын үр дүнд бидний оролцож байгаа ажил биелэгдсэнээр цуглуулагдах болно гэсэн амлалт бий (3 Нифай 16; 21–22-ыг үз).

Хэрэв бид Есүс Христийн ариун нэрээр Эцэгт хандан залбирвал бидний гэр бүл адислагдах болно гэсэн амлалт энэ номын хуудсуудад байдаг (3 Нифай 18:21-ыг үз).

Энэ номыг судалснаар “амьдралд тань бас гэр оронд тань Их Эзэний Сүнс элбэг дэлбэгээр ирж, Түүний зарлигуудын дагуу амьдрах шийдвэр төгс санаа бодол, Бурханы Хүү амьд гэдэг нь үнэн бодитойг нотолдог бат бөх гэрчлэлтэй болно” гэсэн бошиглолын амлалт биелэгдэж байгааг мэдэх болно.1

Бид залбирал, чин хүсэл, Христэд итгэх итгэлээр дамжуулан, дээрх амлалтууд үнэн болох нь “Ариун Сүнсний хүчээр” ирнэ гэсэн Моронайн амлалтыг Мормоны Номын хуудсуудаас мэдэж болно (Moронай 10:4–5-ыг үз).

Миний бие хожмын үеийн бусад бошиглогчдын хамт “энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь”2 болох энэ ном, тухайлбал Мормоны Ном, Есүс Христийн бас нэгэн гэрээ үнэн гэдгийг гэрчилж байна. Энэ номын захиас дэлхий даяар тархаж, уншигчдаа үнэний мэдлэгт авчирч байна. Мормоны Ном хүмүүсийн амьдралыг өөрчилдгийг би гэрчилж байна. Бидний хүн нэг бүр энэ номыг дахин дахин уншиж байх болтугай. Энэ номын үнэ цэнэтэй амлалтуудын тухай гэрчлэлээ Бурханы бүх хүүхдүүдтэй баяртайгаар хуваалцацгаая.

Эшлэл

  1. Гордон Б.Хинкли, “A Testimony Vibrant and True,” Лиахона, 2005 оны 8-р сар, 6.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 64.

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит