2011
‘Хэрэв тэгсэн бол?’ гэсэн асуулт бүрийн хариу
2011 оны Арванхоёрдугаар сар


Бид Христийн тухай ярьж байна

“Хэрэв тэгсэн бол?” гэсэн асуулт бүрийн хариу

“Мөн [Есүс Христ] бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө (Aлма 7:11).

Хэдэн жилийн өмнө би мотортой дугуйныхаа суудлаас суга үсэрч замын голд уначихсан юм. Бараг тэр даруйд өөр нэг том тээврийн хэрэгсэл намайг шүргэж, зам дагуулан чирэх нь тэр. Үүнийг харсан хүмүүс мэдээллэхдээ автын ослоор хүн нас барлаа гэжээ.

Бага эмч нар намайг амьд байгааг мэдээд тэр дор нь эмнэлэг рүү авч давхисан гэнэ. Дараагийн хэдэн өдрийн турш надад яаралтай цуврал мэс засал хийсэн ажээ. Намайг эмнэлэгт ухаангүй, сэхээнд байхад аавтай хамт хэдэн хүн миний толгой дээр гараа тавин санваарын хүчээр адисалсан гэдэг. Түүнээс хойш эдгэрэлт гайхамшигтай хурдан болсон гэнэ. Гэвч надад бие бялдрын хувьд тохиолдсон зүйлээс сүнслэг байдлын хувьд тохиолдсон зүйл илүү чухал юм.

Энэ туршлага миний зүрх сэтгэлийг Аврагчийн нөлөөнд нээж өгсөн юм. Осол болсноос хойш долоо хоногийн дараа би ухаан орж, юу болсныг мэдэж билээ. Их Эзэн намайг хамгаалж, эхнэр хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдрах боломжийг олгосныг мэдсэн. Тэгээд би Бурхан намайг хэзээ ч орхидоггүйд санаа амарч өөрийгөө тайтгарууллаа. Бэртэж зэрэмдэг болсондоо, бас цаашид удаан хугацаагаар эмчлүүлэх болсондоо санаагаар унахын оронд амар амгаланг мэдрэв.

Дараагийн өдөр хоногуудад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах миний хайр улам гүнзгийрч , бүх амьдралынхаа туршид итгэлтэй байх хүсэл минь бүр ч хүчтэй болов. Хувь тавилангаар тааралдсан сайн хүмүүсээр дамжуулан би Их Эзэний хайрыг харсан юм. Бас миний төлөө манай сүмийн хүмүүсийн хийсэн залбирал, мацаг барилтыг Тэнгэрлэг Эцэг сонсож, хариулсныг би харсан.

Би энэ түүхийг бусадтай хуваалцахад, “хэрэв тэгсэн бол?” гэсэн асуултыг эцэс төгсгөлгүй тавьж байлаа. “Хэрэв та үхсэн бол яах байсан бол?” “Хэрэв та явж чадахгүй болсон бол яах байсан бэ?” “Хэрэв та амьдралынхаа үлдсэн бүх хугацаанд хүнд өвчинтэй тэмцэлдэж үйлээ үзэх болсон бол яах вэ? Надад тохиосон гайхамшиг бол “хэрэв тэгсэн бол?” гэсэн асуулт бүрд Цагаатгал хариулсан явдал мөн.

Би Цагаатгалын ачаар үхлийн дараа амилж, бие бялдрын бэртэлт гэмтлээ арилгана. Би эхнэр, хүүхдүүдтэйгээ мөнхийн гэр бүл болж лацдан холбуулсан. Үүнийг бас л Цагаатгал боломжтой болгосон юм. Хэрэв бид Аврагчид итгэх итгэлтэйгээр урагш ахин, амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулж, эцсийг хүртэл тэвчих юм бол Цагаатгал биднийг дагах ёстой замаар хангаснаар эцэстээ мөнх амьдралын амлалт хэрэгжих болно.

“Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно” (Aлма 7:12).

Ай Эцэг минь, Симон Дювей

Хэвлэх