Бидний гэр орон, гэр бүл
Ая нь буруу байсан ч урам хайрласан дуу
Аав цээл ч биш, баргил ч биш хоолойтой ч, өөрийнхөөрөө, энэ хоёр хоолойтой төстэй хоолойгоор дууг дуулав. Аав С, А хоёрын дундуур дуулж чадаагүй ч, чанга, тод дууллаа.
Аавынхаа муу дуулснаас ичиж байснаа би огт санадаггүй ч хөгжилтэй чанга дуунд нь инээд хүрч гайхдаг байлаа. Бусад хүмүүс сонсож байгаа гэдгийг аав мэддэггүй юм болов уу?
Аав минь сайн мэдээний дууллуудад дуртай байсан бөгөөд дуулахдаа сайнгүй байсан нь түүний шүтлэг бишрэлд нөлөөлөөгүй юм. Тэрээр баяр баясал, урам зориг, сэтгэл хөдлөлтэйгөөр дуулдаг байлаа. “Бурханы Сүнс” зэрэг дууллыг эхлээд эрч хүч, итгэл үнэмшилтэйгээр дуулж байснаа хэсэгхэн хугацааны дараа түүнийгээ хүндэтгэлтэй, намуухнаар дуулж чаддагт нь би дуртай байлаа.
Нэг орой аав надад нэг дууллаар дамжуулан сэтгэлд хоногшсон сайхан хичээлийг зааж билээ. Би ахлах сургуульд байхдаа хичээлийн дараа их төлөв төгөлдөр хуур тоглодог байлаа. Аав минь болж л өгвөл надтай хамт байхыг хичээж, над дээр орж ирдэгсэн. Аав орж ирээд дууны номны хуудас эргүүлж, нэг дуу олоод, надаар аяыг нь тоглуулаад өөрөө дагаж дуулдаг байлаа.
Харин тэр нэгэн өдөр аав дууллын ном гаргаж ирээд, нэг дууллыг гаргаснаа,
“Энэ бол маш сайхан дуу. Миний дуртай дуунуудын нэг дээ” гээд номоо төгөлдөр хуур дээр тавилаа. Энэ бол “Хөөрхий зовсон бадарчин” гэдэг дуу байсан юм. Энэ дуу Бошиглогч Иосеф Смитийн дуртай дуу байсныг, мөн Картейж шоронд Иосеф, Хайрум хоёр алагдахаас өмнөхөн Иосеф энэ дууг дуулж өгөөч гэж Жон Тейлороос хүссэн тухай надад ярьж билээ.
Тэгээд аав намайг аяыг нь тоглож байх үед бүх долоон бадгийг бүгдийг нь дуулав. Тэр үед хоёр сонин зүйл болсон юм. Нэг нь гэвэл аав дууг бүгдийг яг ноотоор нь дуулав. Түүний А доошлуулга яг таарч байлаа! Аавын хоолой мадаггүй зөв, энгийн байсан бөгөөд надад их сайхан санагдлаа. Хоёр дахь зүйл нь гайхаад баймааргүй ч маш чухал юм. Аавыг дуулж байхад тэр Иосеф Смитэд хайртай бөгөөд түүний бошиглогчийн дуудлагын талаар гэрчлэлтэйг нь би мэдсэн. Иосеф Смит бошиглогч байсан гэдгийг Сүнс надад гэрчилсэн юм.
Хэдэн жилийн дараа аав минь өөд болсон бөгөөд би тэр нэгэн өдрийн тухай бас тэр өдөр надад хэрхэн нөлөөлснийг олонтоо боддог билээ. “Дуулж чаддаггүй” аав минь бүх зүрх сэтгэлээрээ дуулахыг хичээсэн нь сайн мэдээний тухай миний гэрчлэлийн нэг чухал хэсэг болон зүрх сэтгэлд минь бат бөх шингэсэн юм.