Христийн Мэндэлсний Баярын сүлд мод
Харриет Угдорф, “‘Der Weihnachtsbaum’: Memories Linger of Small Tree,” Church News, 2009 оны 12-р сарын 12, 11-ээс.
Дэлхийн II Дайн дөнгөж дуусаад байсан тэр үед Германы олонх хүмүүст хоол хүнс, мөнгө гэдэг нүдний гэм болоод байв. Миний төрсөн өдөр Христийн Мэндэлсний Баяраас хэдхэн долоо хоногийн өмнө болох байлаа. Би хэдийгээр жаахан охин байсан ч аав ээж хоёр минь амь зуулгаа залгуулах гэж арга чаргаа барж байсныг сайн мэдэж байсан болохоор Христийн Мэндэлсний Баяр эсвэл төрсөн өдрийн бэлэг авна гэж бодсонгүй. Манай том хотод чухамдаа өлсгөлөн нүүрлээд байв. Тэр үе баргар, уйтгар гунигтай байлаа.
Миний төрсөн өдөр гал тогооны өрөөний ширээн дээр надад гоё сайхан бэлэг тавьсныг хараад гайхахын ихээр гайхаж, баярласан гэдэг нь. Энэ бол Weihnachtsbaum буюу ердөө 30 см өндөр, гараар чамин хээ гаргаж урласан мөнгөн цаасар бүрсэн, Христийн Мэндэлсний Баярын жижигхэн сүлд мод байлаа. Ийм гоё бэлэг авна гэж би үнэндээ төсөөлөө ч үгүй. Зочны өрөөний гэрэл сүлд модны мөнгөн цаасан дээр тусахад хэчнээн гоё харагдаж байсан гээч. Мөнгөн цаасан дээр гаргасан хээг ажиглавал элсэн чихрийг хатуу чихэр болгон цаасан хээнүүдийг дүүргэсэн нь үнэхээр гайхалтай байлаа. Энэ бэлэг чухамдаа гайхамшиг байлаа. Ээж энэ жижигхэн мод, мөнгөн цаас, ховор нандин зүйл болох элсэн чихрийг хаанаас олсон юм бол?
Эдгээр ховор зүйлс нүдний гэм болсон тэр үед ээж ийм гайхамшгийг хэрхэн бий болгосныг би өнөөдрийг хүртэл мэддэггүй. Энэ бэлэг намайг хайрладаг эх эцгийн минь эгнэшгүй хайрын бэлгэдэл, итгэл найдвар, хайр энэрлийн болон Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ утга учрын бэлгэдэл болон зүрх сэтгэлд минь оршсоор байдаг билээ.
Бид Христийн Мэндэлсний Баярын үеэр энэ баярын сүлд модыг цахилгаан гэрэл болон элдэв янзын хээнүүдээр чимэн гэртээ тавьдаг. Бид хүүхдүүд, ач зээ нартайгаа хамт байгаа үед гоё сайхан сүлд мод, гялалзсан гэрлүүд нь зүрх сэтгэлийг минь бүлээцүүлж, гялалзсан мөнгөн цаасаар чимсэн тэрхүү жижигхэн сүлд мод гэр оронд минь авчирсан баярт дурсамжийг эргэн санагдуулдаг.