Бидэнд идэх юм юу ч байсангүй
Эстилита Часин Харт, Юта, АНУ
Би Христийн Мэндэлсний Баярын өмнөх өглөө эрт сэрээд санаа ихэд зовов. Учир нь бидэнд баярын оройн хоол хийх хүнсний зүйл юу ч байсангүй. Бас хүнсний зүйл худалдаж авах мөнгө ч байсангүй. Би тэр үед Венесуэлийн Маракайбод эгч Эдиктатайгаа хамт амьдарч байсан юм.
Би орноосоо босоод өвдөг сөгдөн залбирч эхэллээ. Биднийг санаач хэмээн би Тэнгэрлэг Эцэгээсээ гуйв. Би Түүнээс энэхүү онцгой өдөр la Noche Buena (Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш) бидэнд ядаж жаахан хоол хүнс өгөөч гэж гуйлаа.
Залбирч дуусахад миний бие амар амгалангаар дүүрсэн байлаа. Нэгэн намуухан дуу хоолой надад, “Бүх юм сайн сайхан болно. Бүү санаа зов” гэж хэлэх шиг санагдаж билээ. Би залбирч дуусаад тэр өдөр ямар нэг сайн зүйл болно гэдгийг мэдэж байлаа.
Эгчийг сэрсний дараа би үүдний довжоо шүүрдэхээр гарлаа. Гудамжны нөгөө талд суудаг хөрш эмэгтэй намайг харснаа Христийн Мэндэлсний Баярын ширээний бүтээлэг, миний хатгамал хийсэн чимэглэлийн үнэнд 1000 боливарыг өгөхөөр ирлээ. Тэр надад мөнгө өгөх ёстойг санасангүй учир би их гайхаж билээ.
Эгчийнхээ өрөөнд гүйж ороод мөнгөтэй болсноо түүнд үзүүллээ. Эгч маань гайхаж, хаанаас мөнгөтэй болчихоо вэ гэж асуулаа. “Бурханд бүх зүйл боломжтой” (Maтай 19:26) шүү дээ гэж би хариулав.
Хэдэн минутын дараа нэг хүн гаднаас эгчийг дуудахыг бид хоёр сонслоо. Нөгөөх хөрш маань ирсэн байхыг бид мэдээд түүнтэй ярилцахаар гарсан юм. Хөрш маань эгчид юм оёж өгсний хөлсөнд өгөх ёстой байсан 1000 боливарыг түүнд өгөв. Одоо эгч бид хоёр өглөөний хоол, үдийн хоол, бас оройн хоол худалдаж авах мөнгөтэй болсондоо туйлын баяртай байлаа.
Бид хоёр хүнсний дэлгүүрээс юм худалдаж аваад иртэл нэг найз маань биднийг хүлээж байх нь тэр. la Noche Buena буюу Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдшийг ганцаараа өнгөрүүлэхийг хүсээгүй учир бидэнтэй хамт энэ үдшийг өнгөрүүлж болох уу гэж асуулаа. Бид хоёр гэртээ даруухан оройн хоол идэх болно гэдгээ, мөн түүнийг бидэнтэй нэгдсэнд баяртай байгаагаа хэллээ. Тэр хоолны үнэнд 2000 боливар нэмэрлэв. Бурхан биднийг хэчнээн их адисалсанд бид гайхаж ядан байлаа.
Дараахан нь миний зээ дүү утасдаж, сүмсэнд дарсан 15 кг махаа аван манайд ирэх гэж байгаагаа хэллээ. Бас үд гэхэд миний ач дүү эхнэр, хүүхдүүдтэйгээ ирлээ. Тэд орой нь хоол хүнс авчран, Христийн Мэндэлсний Баярыг бидэнтэй хамт тэмдэглэж болох уу гэж хүсээд,
“Бид их хоол хийхгүй ээ, гэхдээ хүн бүрд хангалттай юм бий” гэж тэд хэлэв.
Тэр орой Эдикта бид хоёр тахианы мах жигнэж, төмсний салат, лемонтой чихэрлэг амттан, majarete буюу уламжлалт наргилын самартай царцмаг хийж, бүх зочидтойгоо амтархан идэж билээ. Гэвч бид эхлээд Тэнгэрлэг Эцэгтээ бидэнд өгсөн агуу адислалуудынх нь төлөө талархал өргөсөн. Хэрэв бид итгэлтэй байж, эргэлзэхгүй бол Түүний тусламжийг гуйсан үед Тэрбээр биднийг адислах болно гэдгийг тэр орой бидэнд сануулсан юм.