2011
Линдагийн сүүлчийн Христийн Мэндэлсний Баяр
2011 оны Арванхоёрдугаар сар


Линдагийн сүүлчийн Христийн Мэндэлсний Баяр

Ж.Аудри Хаммер, Юта, АНУ

Намайг Бригам Янгийн Их Сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхад манай тойргийн бишопын зөвлөл Өвлийн өвгөнийг орлон тоглох тойргийн хөтөлбөрт гарын үсэг зурав. Бид энэ хөтөлбөрөөр дамжуулан тусламж хэрэгтэй нэг гэр бүлд Христийн Мэндэлсний Баярын бэлэг өгөх ёстой байв.

Гэвч манай тойргийн нэр сайн дурынхны жагсаалтаас гарч ирсэнгүй. Христийн Мэндэлсний Баяр ойртсон ч бид туслах ёстой гэр бүлээ олоогүй байлаа. Тэгтэл бишопын туслахуудын нэг нь бидний тусламжийг ашиглаж болох өөр нэг гэр бүл байгаа шүү гэж бидэнд ярилаа. Бид энэ гэр бүлийн тухай мэдээд тэдэн дээр анхаарал төвлөрүүлэх ёстойгоо тодорхой мэдэрч билээ.

9-15 насны хэдэн хүүгийн эх Линда (нэрийг өөрчлөв) хөхний хавдартай хүнд тэмцэл хийж байгаа ажээ. Хүнд өвчний улмаас бий болсон сэтгэл санааны дарамтаас болж нөхөр нь хаяад явчихсан гэнэ. Тэр эмэгтэй ажил олж хийхээр нэгэн мужаас Ютагийн Провод саяхан шилжиж ирсэн ч ажил олдсонгүй, амь зуулгагүй байгаа ажээ.

Бид Линдатай уулзангуут түүнийг бүх зүрх сэтгэлээрээ энэрэн хайрласан юм. Олон хүнд сорилтыг ялж гарсан, Аврагчийн бүтээсэн энэхүү агуу, уужуу сэтгэлт сүнсийг харснаараа бид адислагдсан юм. Тэр бидний хувьд ёс төдий гүйцэтгэх ажил үүрэг байсангүй харин үүрдийн найз болсон юм. Тойргийн гишүүн бүр түүнд болон хөвгүүдэд нь туслахын тулд ямар нэг зүйл хандивласан. Коллежийн залуу оюутнууд бид өөрсдөө бас л ядуу байсан ч, түүнийг хайрласан сэтгэлээр өгч чадах бүхнээ өгсөндөө баяртай байна.

Линда манай тойргийн Христийн Мэндэлсний Баярын үдэшлэгт ирлээ. Энэ үеэр тойргийн нэлээд хэдэн гишүүн түүний гэрт очиж шүүгээ, хөргөгчийг нь хоол хүнсээр дүүргэлээ. Тэд Христийн Мэндэлсний Баярын сүлд модыг чимэглэн, эднийхэнд бүгдэд нь өгсөн бэлгүүдийг сүлд мод тойруулан тавьсан байлаа. Тэд бас машины дөрвөн шинэ дугуй орхиж, хэдэн сарынх нь түрээсийг төлжээ. Бидний даруухан хандив энэ бүхнийг хийхэд хэрхэн хүргэснийг мэдээгүй ч, Тэнгэрлэг Эцэг бидний хийсэн золиослолыг түүнийг адислахын тулд ашигласныг л мэдэж байлаа.

Жилийн дараа би оюутны өөр тойрогт байсан ч Христийн Мэндэлсний Баярын өмнө бишопын зөвлөлтэй уулзахаар эргэж очлоо. Линдагийн нөхөр гэртээ эргэн ирж, тэдний санхүүгийн байдал тогтвортой болсныг би мэдэж билээ. Гэвч Линдагийн хавдар дахин идэвхжиж, амийг нь аван оджээ. Бид Линдад Христийн Мэндэлсний Баярын сүүлчийн бэлгийг нь өгснөө мэдлээ.

Энэ туршлагаас би “Христийн цэвэр хайр” (Moронай 7:47)-ыг хүчтэй мэдэрч, жинхэнэ энэрэл гэдэг бол биднийг Аврагчийн оронд үйлдэхэд хүргэдэг үнэлж баршгүй сүнсний бэлэг мөн гэдгийг мэдэж билээ.