2011
Обрегоноос надад ирсэн Христийн Мэндэлсний Баярын ил захидал
2011 оны Арванхоёрдугаар сар


Обрегоноос надад ирсэн Христийн Мэндэлсний Баярын ил захидал

Роберт Рамос, Орегон, АНУ

Намайг Мексикт номлолд үйлчилж байх үеэр хамтрагч бид хоёр Калифорний Булангийн ойролцоо баруун хойд Мексик дэх Обрегон хотын нэг хүнтэй танилцаж билээ. Тэр хүн сайн мэдээний Сэргээлтийн тухай бидний захиасыг сонирхсон ч, галт тэргэнд амжиж суухын тулд ердөө 10 минут л ярилцсан юм. Бид тийм богинохон хугацаанд амжуулж чадах бүхнээ заагаад нэг Мормоны Ном, байсан бүх тэмдэглэлээ түүнд өгч явууллаа. Тэр үед манай номлол Обрегонд номлогчидгүй байлаа.

Хэдэн сарын дараа би Обрегоны нэг хүнээс Христийн Мэндэлсний Баярын ил захидал авлаа. Ил захидлыг хараад хэн үүнийг илгээсэн байж таарах вэ гэж гайхан бодов. Тэгтэл ил захидлыг нөгөөх 10 минут ярилцсан хүн илгээсэн байв. Би ил захидлыг бусад ахлагчид болон өөрийн хүлээн авсан Христийн Мэндэлсний Баярын өөр ил захидлуудтай хамт сууцныхаа хананд хадлаа.

Христийн Мэндэлсний Баярын дараа нөгөөх ил захидлыг хаях гэтэл үүнийг хадгалъя гэсэн бодол төрөв. Энэ мэдрэмж чихэнд сонсогдох биш харин зүрх сэтгэлд мэдрэгдэн байлаа. Тэгээд ил захидлыг хаясангүй, чемодандаа хийчихэв.

Хэдэн сарын дараа би номлолын гэрээс сар бүр ирдэг захидлыг уншиж байгаад Обрегонд номлолын ажил нээгдэх тухай зарлалыг олж үзэв. “Энэ хот надтай ямар холбоотой билээ?” гэж би дахин бодлоо. Тэгээд бид тэндэхийн нэг хүнтэй уулзсанаа дахин саналаа. Би чемоданаа уудалж, Христийн Мэндэлсний Баярын нөгөөх ил захидлыг гаргаж ирлээ. “Эдгээр ахлагч нар бол миний найзууд. Тиймээс би сайн мэдээний тухай танд бүр их зүйлийг заахын тулд тэднийг илгээж байна” гэж би ил захидал дээр бичив. Тэгээд ил захидлыг Обрегонд үйлчлэхээр томилогдсон ахлагч нарт үүнийг авч яван, тэр хүнтэй уулзахын тулд явуулав.

Обрегонд үйлчилж байсан ахлагч нараас удалгүй захидал ирлээ. Уг захидалд: “Эрхэм хүндэт Ахлагч Рамос, энд ажил маш хүнд байсан учир номлолын ерөнхийлөгч биднийг өөрийн чинь захидлыг хүлээн авахаас өмнө биднийг нааш нь явуулахаар төлөвлөсөн байжээ. Биднийг энэ ахтай уулзахаар очиход тэр бидний захиаст сэтгэл нь ихэд хөдлөн гэр бүлийнхээ бүх гишүүд, найз нартайгаа биднийг уулзууллаа. Энэ ахын ачаар бид салбар нээгээд байна” гэж бичжээ.

Тэр үеэс хойш олон жил улиран одож эдүгээ Обрегонд гурван гадас зохион байгуулагдаад байгаа ажээ. Би Сүнсний өдөөлтүүдийг сонссоныхоо ачаар, Есүс Христийн сайн мэдээг хүлээн авахад нь Обрегон дахь ах, эгч нартаа өчүүхэн тус хүргэснээр адислагдсанаа мэдэж даруусгагдсан билээ.