Айлчлагч багшийн захиас бичиг
Өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа
Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.
Их Эзэн, Түүний Сүм, гэр бүлүүд болон нийгэмд зөв шударга эмэгтэйчүүдийн нөлөө хэрэгтэй байна. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард, “Их Эзэнтэй хийсэн гэрээнүүд, энэ Сүмийн эгч бүр хүмүүсийг аврах, дэлхийн эмэгтэйчүүдийг удирдах, Сионы гэр бүлүүдийг бэхжүүлэх, Бурханы хаант улсыг байгуулахад туслах, заавал биелүүлэх бурханлиг үүрэгтэй юм” хэмээн сургажээ.1
Ийм өргөн цар хүрээтэй зорилгыг биелүүлж чадах юм болов уу гэж зарим эгч нар эргэлзэж магадгүй. Гэвч Нийгмийн Халамжийн Бүлгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгч Элиза Р.Снөү (1804–87), “Дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах агуу зорилгыг хэрэгжүүлэх үйлсээс хөндий тасархай, энэ хэрэгт нөлөө үзүүлдэггүй эгч нэг ч байдаггүй” гэжээ.2 Нийгмийн Халамжийн Бүлэг “эрхмээс эрхэм, агуу ажлыг гүйцэлдүүлэхийн төлөө” зохион байгуулагдсан юм гэж Снөү эгч бас сургажээ.3
Нийгмийн Халамжийн Бүлгийн ажилд оролцох нь итгэлээ төлөвшүүлэх, гэр бүлүүдийг бэхжүүлэх, эх орондоо болон дэлхий даяар үйлчлэл үзүүлэх боломжийг эгч бүрд олгож, бидний нөлөөний хүрээг өргөжүүлдэг. Хувь хүмүүс болоод Нийгмийн Халамжийн Бүлгийн хувьд бидний гаргаж буй хүч чармайлт бүх талыг хамарсан өргөн цар хүрээтэй байх шаардлагагүй, харин сайн бодож боловсруулсан, байнгын байх ёстой. Өдөр бүр хувиараа болон гэр бүлээрээ залбирч, судар судлах, Сүмийн дуудлагадаа хичээл зүтгэл гарган ажиллах нь итгэлээ нэмэгдүүлж, Их Эзэний хаант улсыг байгуулахад туслах болно.
Ахлагч Баллард, энэхүү даруухан мэт санагдах хувь нэмэр нь өөрчлөлт гаргах болов уу хэмээн эргэлздэг эгч нарт хандан: “Үнэн ба зөв шударга ёсны төлөө бат зогсдог эгч бүр хилэнцэт нөлөөг бууруулдаг. Гэр бүлээ бэхжүүлж, хамгаалдаг эгч бүр Бурханы ажлыг хийж байгаа нь тэр. Бурханы эмэгтэйн хувиар амьдардаг эгч бүр зөв шударга байдлын үрийг суулгаж, ирээдүйд хадаж авах үр нөлөөг нь дагахад бусдад гэрэлт цамхаг болж байна” хэмээн нотолжээ.4
Судруудаас
1 Коринт 12:4–18; 1 Tимот 6:18–19; Moзая 4:27; Итгэлийн Тунхаг 1:13
Бидний түүхээс
Наувуд Нийгмийн Халамжийн Бүлэг зохион байгуулагдахад нарийн бичгийн даргаар үйлчилсэн Элиза Р.Снөүг Нийгмийн Халамжийн Бүлгийг тойргууддаа зохион байгуулахад бишопуудад туслалцуулахаар Сүм даяар томилолтоор явж ажиллуулахаар Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77) дууджээ.
“Хэрэв Израилын охид, эмэгтэйчүүдийн хэн нь ч гэсэн үйл ажиллагаандаа оролцох чадвар нь хязгаарлагдмал гэж боддог байсан бол эдүгээ сайн ажлыг хийх энэхүү чадвар тэдэнд үлэмж их буйг мэдэх болно. … Ерөнхийлөгч Янг өргөн цар хүрээтэй, үр ашигтай үйл ажиллагааны боломжийг нээж өгсөн юм.”5