Христ биднийг тайтгаруулдаг шиг
Анжела Фоллентайн, Шинэ Зеланд
Сэтгэл сэргээж, нүд булаам сайхан нутаг Шинэ Зеландын Хойд Арал дээр бид анхны Христийн Мэндэлсний Баяраа тэмдэглэж билээ. Нар шарж, Сүмийн гишүүд найрсаг сайхан хандаж байсан ч би аав ээж, ах дүүсээ санан ихэд ганцаардаж байлаа. Бид тэр жилийн эхээр Нэгдсэн Улсаас шилжиж ирсэн бөгөөд гэрээ учиргүй их санаж байсан юм.
Нөхөр бид хоёр шилжиж ирсэн шинэ газартаа, Христийн өөр сүмд явдаг Ирландын нэгэн залуу гэр бүл Вилсоныхонтой найзалдаг байлаа. Тэд бас саяхан Шинэ Зеландад ирсэн ажээ. Нолин Вилсон миний хамтран ажиллагч бөгөөд бид удалгүй сайн найзууд болж, шинэ нутаг, шинэ гэр орноо хайрладаг туршлагаа хуваалцдаг болов. Бидний нөхөрлөл гүнзгийрэх тутам тэднийхэн ч мөн ганцаардлын уй гунигтай тэмцэлдэн, санаа сэтгэл төвшингүй байдгийг нь би мэдэж билээ. Вилсоных бага насны гурван хүүхэдтэй, дөрөв дэх нь гарах гэж байлаа.
Нэг орой би бүр ч их ганцаардаж, гуниглан сууж байтал, ганцаардлаа даван туулах хамгийн сайн арга зам бол бусдад, тэр тусмаа Вилсоныхонд үйлчлэх явдал гэсэн бодол толгойд орж ирлээ. Тэр орой нөхөр бид хоёр тэдний үүдэн дээр нэргүй зурвас, жижиг жижиг бэлэг тавих замаар Христийн Мэндэлсний Баярыг 12 өдөр тэмдэглэхээр шийдэв. Орой бүр миний ганцаардал сэтгэл хөдлөл, баяр хөөрөөр солигдож, тэдний үүд рүү сэмхэн очиж захиас, бэлэг тавихаар тэсч ядан хүлээдэг боллоо. Тэгээд хаалгыг нь түргэн тогшчихоод мушилзан инээмсэглэж, холдон гүйнэ.
Нолин ажил дээрээ ирээд, урьд шөнө нь “Христийн Мэндэлсний Баярын мэндийг” нууцаар илгээгч хэн нэгэн тэднийд ирсэн тухай надад өдөр бүр ярина. Гэр бүлийн Христийн Мэндэлсний Баярыг нь илүү жаргалтай болгож байгаа зочдыг ирэхийг тэсч ядан хүлээж байгаа хүүхдүүддээ тэрээр сонин түүхүүдийг ярьж өгдөг ажээ. Нэлээд хэдэн орой манай тойргийн залуучууд бидний хөгжилтэй үйл ажиллагаанд нэгдэв.
Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш Вилсоныхон үүдэн дээрээ зурвас, бялуу тавьж, нууц зочидтойгоо уулзахыг хүсчээ. Биднийг тойргийн залуучуудтай хамт сүүлчийнхээ бэлэг болох Христийн Мэндэлсний магтуу дуулахаар очиход хүүхдүүд нь ёстой л хөл нь газарт хүрэхгүй баярлаж, найз нар маань биднийг чанга тэврэн, баярын нулимс унагаж байлаа. Зүрх сэтгэлд минь байсан ганцаардал хайр, баяр баясгалангаар солигдож, манай гэр бүлүүдийн хоорондох нөхөрлөлийн хэлхээ холбоо улам бэхэжсэн юм.
Хожим нь бид Вилсоныхны сүмийн нэг хүнээс и-мэйл хүлээн авлаа. Тэр хүн Вилсоныхонд зориулж бидний хийсэн зүйлд сэтгэл нь их хөдөлсөн тухайгаа өгүүлж, манай Сүмийн тухай, бусдад бидний үзүүлдэг үйлчлэлийн тухай асуусан байлаа. Сүм дээр цугларагсад Христийн Мэндэлсний Баярын 12 өдөр тэмдэглэдэг тухай огт сонсоогүй ажээ. Эдүгээ тэд энэхүү уламжлалт заншлыг Хожмын Үеийн Гэгээнтнүүдтэй хамтран хэрэгжүүлж байна.
Есүс Христ биднийг тусламж хэрэгтэй болсон үед түүнчлэн биднийг ганцаардсан үед тайтгаруулдаг шиг, би өөрийгөө умартан, ажиллахаар явж, “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах” (Moзая 18:9) санаанд оромгүй арга замыг сэдсэн Шинэ Зеланд дахь Христийн Мэндэлсний анхны Баярыг хэзээ ч мартахгүй.