2011
Ганц бие гишүүн миний үйлчлэл
2011 оны Арванхоёрдугаар сар


Сүмд үйлчилсэн нь

Ганц бие гишүүн миний үйлчлэл

Би шинэ дуудлага хүлээн аваад балмагдан сандарч билээ. “Би энэ ажлыг хийж бардаг болов уу”? гэж өөрөөсөө асуулаа.

Би долоон жил орчмын өмнө 29-тэйдөө АНУ-ын Орегоноос Ютад шилжиж ирсэн юм. Дуудлагынхаа талаар сайтар бодсоны эцэст өөрийн явж байсан ганц бие гишүүдийн тойргоо өөрчилж, гэр бүлийн тойрогт явахаар шийдэв.

Эцэг эх минь намайг Сүмийн дуудлагыг үргэлж хүлээн авдаг бай гэж хүмүүжүүлсэн болохоор би дуудлагат ажилтай болохыг хүсч байгаагаа бишопт танилцуулахын тулд түүнтэй цаг товлов. Удалгүй би Хүүхдийн Хэсгийн таван настнуудад заадаг боллоо. Энэ ажил надад их таалагдсан. Бишоп таван сарын дараа намайг Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчөөр дуудав. Би балмагдан сандарч, “энэ ажлыг хийж бардаг болов уу?” гэж өөрөөсөө асуулаа.

Би ганц бие, тэгээд хүүхэдгүй байж энэ албан тушаалд үйлчлэхэд тохирох юм байх даа гэж бодож билээ. Гэр бүлтэй гишүүдийн тойрог дахь өөрийн туршлагаас харахад Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгчид гэрлэсэн, чадварлаг, халамжтай ээжүүд байлаа. Гэвч аав ээж хоёр минь надад заадаг байсныг санаад шинэ дуудлагыг хүлээн авлаа. “Ганц бие залуу насанд хүрэгч бүрд чухал дуудлага” өгдөг байх тухай зөвлөгөөг манай бишоп жинхэнэ ажил хэрэг болгосон хүн байлаа.1 Энэ дуудлага миний бодсоноос арай илүү чухал байж болох юм, гэвч би үүнд баяртай байлаа.

Шинэ дуудлагаа аван үйлчилсэнээр аятай сайхан, хөгжилтэй, сүнслэг нөлөө бүхий олон үйл явдал надад тохиолдсон юм. Нэг жил бид Христийн Мэндэлсний Баяраар нэгэн онцгой хуваалцах цагт зориулж, Христийн төрөлтийг жүжигчлэн тоглов. Бид олон дуу дууллаа. Хоньчид болон Иосефт зориулж, нөмрөг, олон нугалаастай толгойн алчуурууд хийж билээ. Тэнгэр элч нарт зориулж, саатай дурдангаар хэлхээ цэцэг, Мэргэн хүмүүст зориулж хатуу зузаан цаасыг мөнгөн саагаар бүрж титэм хийв.

Христийн мэндэлсэн тухай түүхийг жүжигчлэн тоглож, энэ баярт зориулсан ариун дуунууд дуулж байх үед би Мариагийн дүрд тоглосон хөөрхөн, жаахан охиныг ажиглалаа. Тэр охин хүндэтгэлтэй, эелдэг дөлгөөн байдлаар өвдөг сөгдөн, нялх хүүхэд Есүсийг төлөөлсөн хүүхэлдэйг энхрийн ялдамхнаар тэвэрч байсан нь миний сэтгэлийг ихэд хөдөлгөлөө. Тэр агшинд сүнс намайг хайрт Тэнгэрлэг Эцэгтээ болон Аврагчдаа баярлан талархах сэтгэлээр дүүргэж, хайр дээр үндэслэсэн Түүний агуу үүрэг зорилгын тухай гэрчлэлийг минь бэхжүүлсэн юм. Бас үйлчлэхээр дуудагдсаныхаа ачаар хүлээн авсан агуу адислалынхаа төлөө, тэрхүү үйлчлэлийг үзүүлэхэд надад тусалсан бишоптоо баярлан талархаж байлаа.

Сургаал ба Гэрээнээс бид, “Тиймийн тул, хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой” (С ба Г 4:3) хэмээн уншдаг билээ. Энэ шүлэг хэдийгээр номлолын ажилтай холбоотой ч, үүнийг бас сайн мэдээн дээр суурилсан үйлчлэлийн аливаа хэлбэрт хамааруулж болно гэж би боддог.

Бид бүгд гэрлэлтийн болон нийгмийн байдлаасаа үл хамааран, Түүнд эргэж очихын тулд өсч хөгжин, авьяас чадвараа хөгжүүлж, Түүнийх байж, бие биендээ үйлчлэн, бие биендээ тусалж байхыг биднээс хүсэн хүлээдэг Тэнгэрлэг Эцэгийнхээ энхрий хайртай хүүхдүүд нь юм.

Тэр тойрогт миний мэдэрсэн хайр, хүндэтгэл өнөөг хүртэл зүрх сэтгэлд минь оршсоор байдаг билээ. Үйлчлэх тухай миний хүсэл биеллээ олж, олон хүмүүс надад туслан дэмжиж, Тэнгэрлэг Эцэг намайг үнэхээр адисалсан юм. Анхаарал халамжтай, эелдэг найрсаг удирдагчдын ачаар би Түүний хамгийн гайхамшигтай хүүхдүүдэд зааж, тэднээс суралцахаар адислагдсан билээ.

Эшлэл

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 16.3.3.

Чимэглэлийг Рожер Моцкус

Хэвлэх