Боломжуудаа нээх түлхүүр
Боловсролын Тасралтгүй Сангийн 10 жилийн ойг тэмдэглэв
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Боловсролын Тасралтгүй Санг зарласнаас хойшхи арван жилд энэхүү санаачлага болон тус сангийн зээлд хамрагдагчид амжилттай байна.
Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77) Солт Лейкийн Хөндийд ирснээс хойш ердөө гуравхан жилийн дараа Хожмын үеийн Гэгээнтнүүдэд боловсрол олгохын тулд сургууль, их сургуулиудыг байгуулж эхэлсэн билээ. Энэ эрин үеийн бошиглогч бүр Сүмийн гишүүд боловсролтой болохыг урамшуулан дэмжсээр ирсэн юм.
Тэдний нэг нь Бригам Янгийн 19-р зууны өөр нэг санаачлага—Цагаачлалын Тасралтгүй Сангийн загвараар Боловсролын Тасралтгүй Санг (БТС) нэвтрүүлсэн Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли юм. Боловсролын энэ шинэ сан, Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн хэлснээр, Ерөнхийлөгч Хинклийн удирдлагын нэг ялгарах онцлог болсон юм.1 Ядуу зүдүү амьдрал, боловсрол, сургалт дутмаг байдал нь чадавхиа бүрэн ашиглахад нь Сүм дэх олон залуу насанд хүрэгчдэд саад болж байсныг Ерөнхийлөгч Хинкли олж харсан юм. Тэрбээр үүний хариуг олохоор Их Эзэнд ханджээ.
2001 оны 3-р сарын 31-нд Ерөнхийлөгч Хинкли уг хөтөлбөрийн талаарх өөрийн үзэгдлийг зарласан юм. Тэрээр уг хөтөлбөр нь “зоримог санаачлага” гэдгийг хүлээн зөвшөөрсний сацуу “боловсрол бол боломжуудад нэвтрэх түлхүүр мөн” болохыг тэмдэглэн хэлсэн билээ.2 Ерөнхийлөгч Хинкли энэ санд хандив өргөх хүсэлтэй бүхнийг урьснаар хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.
Эдүгээ 10 жилийн дараа, дэлхий даяарх ивээн тэтгэгчдээс ирсэн их, бага хандивууд уг хөтөлбөрийн зээлд хамрагдагчдад цэцэглэн хөгжих боломжийг олгоод байна. Гавьяат чөлөөндөө гарсан Далын гишүүн, ТБС-гийн Гүйцэтгэх захирал Ахлагч Жон Кармак, энэ сан “Гэгээнтнүүдийг ядуурлын зүхлээс аварч байна” гэж хэлжээ. Энэ сан мөнхийн зарчмууд дээр байгуулагдсан бөгөөд “бидний хэний нь ч ойлгож чадахаас хавьгүй илүү үр дүнд хүрнэ” гэсэн бошиглолын амлалттай учраас ийм төрлийн авралд амжилттай байгаа шүү гэж БТС-гийн сургалт, холбоо мэдээлэл хариуцсан сайн дурын захирал Рекс Аллен хэллээ.
Зоримог санаачлага
Уг сан үндсэн зээлээс бий болсон хүүгийн хандиваар бий болсон мөнгийг оюутнуудад зээлдгийг Ерөнхийлөгч Хинкли 2001 онд тайлбарласан билээ.
Сангийн зээлд хамрагдахыг сонирхсон залуу насанд хүрэгчид орон нутгийн санваартны удирдагчид, институтийн захирлуудад хандаж болно. Тэднийг баталсан тохиолдолд “хүсэл эрмэлзэл бүхий залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд,” тэдний дотроос буцаж ирсэн олон номлогч улс орныхоо сургуулиудад суралцахаар зээл авдаг.3 Тэд сургуульд сурч байх хугацаандаа зээлээ төлж эхэлдэг нь уг санг ашиглах боломжийг бусад оюутнуудад олгодог.
Энэ хөтөлбөр гараагаа эхэлснээс хойшхи арван жилд 50 илүү ороны 50,000 орчим хамрагдагчийн амьдралыг дээшлүүлж, Ерөнхийлөгч Хинклийн хэлсэнчлэн, “өөрсдөө болон өөрсдийнх нь өмнөх олон үеийнхний мэдэх ядуурлаас ангижрахад нь тэдэнд тусалсан ажээ.4
Аллен ах БТС-г ийн дүрсэлжээ “Тэр үед бошиглогч үнэхээр гайхалтай зүйлийг хийсэн юм. Эрт үед Мосе таягаараа Улаан Тэнгисийг зангахад ус нь хуваагдсан билээ. Ерөнхийлөгч Хинкли мөн ийм итгэлээр бошиглогчийн нөмрөгөө ядуурлын хар тэнгис дээгүүр зангаж, БТС-г санаачилсан юм хэмээн зүйрлүүлж болно.”
Зарчмууд
Боловсролын Тасралтгүй Сан сайн мэдээний зарчмууд—Есүс Христэд итгэх итгэл найдвар, боловсрол, ажил хөдөлмөр, золиослол, бие даах чадвар, ёс суртахуун болон үйлчлэл дээр тулгуурладаг. БТС-гийн зээлд хамрагдагчид болон төгсөгчид дэлхий даяар эдгээр зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлж байна.
БТС бол “найдварын гэрэл”, “[өөрийг нь] удирдан, дэвшил хөгжлийн замыг нээж өгсөн Тэнгэрлэг Эцэгийн тусламжийн нотолгоо” байлаа гэж Колумбын төгсөгч Каролина Телло Варгас хэллээ.
Тэрээр боловсрол, ажил хөдөлмөр болон үүнд зориулан золиослол хийхийн ач холбогдлыг ойлгосон ажээ. Каролина БТС-гийн зээлд хамрагдахаасаа өмнө нэлээд хэдэн ажил хийж байсан гэнэ. Тэгээд хуулийн мэргэжлээр суралцахын тулд бүх үнэт эдлэлээ заржээ. Гэр бүл нь ч бас золиослол хийсэн аж.
“Суралцахын тулд золиослол хийх ёстойгоо би мэдсэн. Ирээдүйд илүү сайн ажлын боломж олдох учраас би золиослол хийх хүсэлтэй байсан” гэж Каролина ярилаа.
Гэвч сургуульд ороод нэг жил болж байтал гэр бүлд нь нэг асуудал гарч сургалтын төлбөрөө төлж чадахааргүй болжээ. Тэр БТС-гийн зээл авч, сургуулиа амжилттай төгссөн гэнэ.
Өмнөд Африкийн Шөрли Мвелазе мөн дээрх зарчмуудыг хэрэгжүүлж амжилт олсон ажээ. Тэрээр БТС-гийн зээлийг компьютерын программын курс төгсөхөд ашиглаж, даатгалын компанид ажилд орсны дараа зээлийнхээ үлдэгдлийг шуурхай төлснөөр “итгэл дааж” чадсанаа мэдэрсэн байна.
“Сайн цалинтай ажил гэдэг амьдрахад хэрэгтэй чухал нэгэн чадвар билээ. Энэ нь би эцэг эхдээ болон гэр бүлдээ тусалж чадлаа гэсэн үг. Ажлаасаа олж авсан ур чадварын өсөлт нь Сүмийн дуудлагуудаа илүү сайн хийхэд надад тусалсан юм” гэж Шөрли ярив.
Компьютерын программчаар ажилласнаар тэр их амжилтанд хүрсэн гэнэ. “Хэрэв энэ курст суралцаагүй, сүмд байнга явдаггүй байсан бол, би ажилгүй байх байсан, энэ бүх сайхан зүйлсийн аль нь ч надад байхгүй байсан” гэж тэр ярилаа.
Амлалт ба адислал
Ерөнхийлөгч Хинкли Боловсролын Тасралтгүй Санг зарлахдаа уг сан хувь хүн, тэдний гэр бүл болон нийгмийг тэрчлэн ажил эрхлэлт, үйлчлэл, удирдлагын боломжуудаар дамжуулан Сүмийг бүхэлд нь адислах болно гэж амласан юм.
Зээлд хамрагдагчид “ядуурлын боолчлолоос өргөн гаргах сайн боловсролтой болох боломжтой болно гэдгийг … мөн тэд гэрлэж, ажлын ур чадвар эзэмшсэнээр сайн цалин авч, нийгэмд өөрийн байр суурийг олж, хувь нэмрээ оруулж чадна” гэдгийг Ерөнхийлөгч Хинкли амлажээ.5
БТС-гийн зээлд хамрагдсан мянга мянган залуус, түүний дотор Уругвайн Пабло Бенитезийн амьдралд энэ амлалт биелэгдсэн юм. Пабло амьдралаа өөрчлөхөөр шийдсэн үед хүнсний дэлгүүрт өдөрт 12 цаг ажиллаж, амь зуулгаа дөнгөн данган залгуулдаг байсан гэнэ. Сургуульд орсон ч сургалтын төлбөр, татвар нэмэгдэж, зөвхөн сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй болжээ.
Тэр БТС-гийн зээлээр биеийн тамирын мэргэжлээр сургуулиа дүүргэх боломжтой болсон ажээ. Ингэснээр сүүлийн жилүүдэд хэдэн ч удаа ажлаа сольж чадсан бөгөөд, ингэх бүрд цалин нь нэмэгдэж байжээ. “Хэдийгээр надад бүрэн эсвэл хагас цагийн бусдыг орлон ажиллах ажлын санал олонтоо ирдэг ч цаг зав гардаггүйгээс хүлээж авж чаддаггүй. Энэ бүхэн бол БТС-гийн болон сургуульд суралцсаны улмаас надад нээгдсэн боломжийн ач юм” гэж тэр ярилаа.
Пабло боловсролтой болсны үр дүнд өөрт нь нээгдсэн боломжийн ачаар багш болж нийгэмдээ үйлчлэхийн зэрэгцээ гэр бүлээ тэжээж байна.
Өдөрт олон цагаар ажиллаж, амь зуулгаа дөнгөн данган залгуулж байсан үед аравны нэгээ төлөн, Сүмд үйлчлэх нь том сорилт юм хэмээн Аллен ах хэллээ. Энэ нь хэдийгээр дэлхий даяарх олон гишүүдийн хувьд үнэхээр том асуудал боловч БТС-гийн зээлд хамрагдагчдын талаар Ерөнхийлөгч Хинкли: “Тэд улс орондоо энэ агуу ажлын удирдагчид болно. Тэд аравны нэг болон өргөлүүдээ төлснөөр Сүмийн ажил дэлхий даяар тархах боломжтой болно” хэмээн амласан юм.6
БТС-гийн зээлээр боловсролтой болсон хүнд Сүмд үйлчлэх илүү их цагтай болох, илүү сайн ажил олж хийх үүд хаалга нээгддэгийг олон хамрагдагч ярьж байна. Филиппиний буцаж ирсэн номлогч Мириам Эрквиза Вэб дизайны хоёр жилийн сургалт төгсөж, “хүчтэй залбирлаар” дамжуулан аялал жуулчлалын компанид ажилд оржээ. Энэ ажил нь гэр бүлээ тэтгэхийн сацуу Залуу Эмэгэйчүүдийн ерөнхийлөгч, институтийн багшаар үйлчлэх боломжийг түүнд олгосон ажээ.
Бразилын Лира Вандерли зургаан жил салбарын ерөнхийлөгчөөр үйлчлэн, идэвхтэй 18 гишүүнтэй байсан салбараа идэвхтэй 110 гишүүнтэй болтол нь өсч хөгжихөд тусалсны сацуу боловсролгүй учир хүнд хүчир ажил хийж байжээ. БТС зарлагдахад тэрээр ажлын байрны аюулгүй байдлаар суралцах боломжтой болсон бөгөөд шинэ ажил олж хийсэн гэнэ. Энэ ажил нь цалингаа нэмэгдүүлэн, зээлээ эргүүлж түргэн төлөхөд нь түүнд тусалжээ. Тэрээр өнөөдрийг хүртэл Сүмд үйлчилсээр байна. Гадасных нь ерөнхийлөгч түүнийг агуу удирдагч, эцэг “аз нь гийсэн аварга хүн” хэмээн дүрсэлж байна.
Амжилт олоход шаардлагатай “байгууллага … Их Эзэний чин үнэн үйлчлэгчид” Сүмд байдаг учраас энэ хөтөлбөр амжилттай хэрэгжих болно хэмээн Ерөнхийлөгч Хинкли Сүмийн гишүүдэд хэлсэн билээ.7 Зээлд хамрагдагчид болон орон нутгийн санваартны удирдагчид Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, тэрчлэн Сүмийн бусад ерөнхий удирдагчидтай хамтран ажилладаг учраас Боловсролын Тасралтгүй Сан амжилттай хэрэгжиж байна. Сүмийн ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх төвүүд, семинар, институтүүд бас энэ хөтөлбөрт идэвхтэй оролцож байна.
Сангийн үр өгөөж нь эргүүлж төлсөн мөнгийг бусад суралцагчдад зээлдүүлснээр зөвхөн санхүүгийн хувьд тасралтгүй байгаа төдийгүй, бас зээлд хамрагдагчид, ивээн тэтгэгчид, зохион байгуулагч удирдагчид болон бусад олон хүмүүс сүнслэг байдал болоод нийгмийн хувьд шууд бусаар адислагддаг билээ. “Боловсрол бол зөвхөн хувь хүмүүст төдийгүй, тэдний гэр бүл болон нийгмийн хувьд бат бөх хаалганд нэвтрэх түлхүүр мөн” гэж Аллен ах ярилаа.
Өнгөрсөн 10 жилд технологи болон ажлын туршлага нь зээлд хамрагдагчид, дэмжлэг үзүүлэгчдийн хувьд уг хөтөлбөрийг боловсронгуй болгоход тусалсан аж. Гэвч Боловсролын Тасралтгүй Сан өөрийг нь үндэслэн байгуулсан бошиглолын үзэгдлийг амьдралд хэрэгжүүлэхийг эрэлхийлж байна. Энэхүү “зоримог санаачлага” бошиглолын хүч чармайлт хэвээр байх болно. Ерөнхийлөгч Монсон сангийн ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд түүний хэлснээр энэ хөтөлбөр “алс холын ирээдүйд хүрэх” болно.8