2011
Хүүгийн гэрэл
2011 оны Арванхоёрдугаар сар


Биднийг дахин уулзтал

Хүүгийн гэрэл

Үнэнийг олж, үүнийгээ илүү тод харахад гэрэл бидэнд тусалдаг.

Их дэлгүүрүүдэд эрэгтэйчүүдийн хувцас худалдаж, хэдэн жил ажилласны дараа би худалддаг костюмууддаа цамц, зангиа тааруулан сонгож авахад ихэд туршлагажсан байлаа. Костюм, цамц, зангиаг хослуулан сонгох нь урамтай ажил бөгөөд худалдан авагчид маань миний санал болгосон хослолыг ихэнхдээ дуртай худалдаж авдаг байв.

Гэтэл нэгэн дэлгүүрт костюмуудыг гэрэл гэгээтэй газар харин цамц зангиануудыг чийдэнгийн улаан гэрэлтэй өөр газарт дэлгэж тавьдаг байлаа. Гэрэлтүүлгийн энэ ялгаа нэлээд төвөг учруулдаг байж билээ.

Худалдан авагч нэг юм уу хоёр костюм авахаар шийдсэний дараа би үүнд нь тохирох цамц, зангиа сонгож авахаар гүйх хэрэгтэй болно. Харин нэг удаа цамц, зангианы тасгийг костюмны дэргэд авчран байрлуулсан байв. Гэтэл юу болсон гээч! Шинэ гэрэлтүүлэгт цамц, зангианы өнгө өөрчлөгдөж, костюмтайгаа огт тохирохгүй болсныг хараад их гайхав.

Костюмыг цамц, зангианы тасагт аваачаад харвал арай дээр харагдаж байлаа. Энэ тохиолдолд ч гэсэн костюмууд худалдан авагчдын сонгож авах үед харагдсан өнгөнөөсөө өөр өнгөтэй болсон мэт харагдаж, тэднийг гайхахад хүргэдэг байв. Цагаан гэрэлд сааралдуу ногоон өнгөтэй харагддаг костюм улаан гэрэлд саарал, бор саарал, эсвэл бор хүрэн өнгөтэй болж харагдана. Хар, бараан, хар хөх өнгийн костюмны өнгө мөн л өөр болж харагдана.

Тиймээс би, дандаа биш ч гэсэн худалдан авагчдыг хаалганы ойролцоо гадаа гарч, сонгосон хувцсаа өдрийн гэрэлд харахыг санал болгосноор уг асуудлыг шийдсэн юм. Нарны гэрэлд харснаар жинхэнэ өнгийг тэр дор нь мэдэж, тохирох сонголтыг хийдэг байв.

Их дэлгүүрээс гаднах ертөнцөд бид өдөр бүр янз бүрийн сонголттой тулгардаг. Зарим үед эдгээр сонголтуудад хүмүүний үзэл бодол нөлөөлдөг. Заримдаа эдгээр сонголтуудад энэ дэлхийн уруу таталт нөлөөлнө. Бидний өмнө тулгарсан сонголтын хувилбарууд зөв биш юм шиг санагдаж болно, эсвэл юу бодитой, юу бодит бус болох тухайд будилж ч мэднэ. Юу зөв болохыг ялган таних тухайд мөн эргэлзэж мэднэ.

Энэ асуудлын шийдэл нь сонголтоо гэрэлд, жишээ нь, Хүүгийн гэрэлд хийх явдал гэдгийг би мэдсэн юм. Учир нь Тэрбээр “Би аглаг буйдад та нарын гэрэл байх болно; мөн би та нарын өмнө замыг бэлтгэнэ, хэрэв та нар миний зарлигуудыг дагавал; … мөн та нар надаар удирдагдаж байгаагаа мэдэх болно (1 Нифай 17:13; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн).

Зөв гэрлээр сонгохыг хичээх нь гэр бүлийнхээ болон өөрийнхөө төлөө зөв сонголт хийхэд бидэнд туслах болно. Ариун Сүнсний удирдамжаар дамжуулан Бурханд найдвар тавьснаар бид мэхлэгдэхгүй харин муугаас сайныг ялган таньж мэддэг болно (Moронай 7:16-г үз).

Түүнийг дагахаар сонголт хийсэн үед бидний хайрт Аврагч Өөрийн гэрлийг бидэнтэй хуваалцахаар амласан юм: “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам хурц болон өсдөг” (С ба Г 50:24).

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер