2011
Аврагч амьд гэдгийг мэдсэнээс ирдэг амар амгалан ба баяр баясал
2011 оны Арванхоёрдугаар сар


Аврагч амьд гэдгийг мэдсэнээс ирдэг амар амгалан ба баяр баясал

2002 оны арванхоёрдугаар сарын 10-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалтад хэлсэн үгнээс Англи хэл дээрх бүрэн эхийг speeches.byu.edu-гээс үзнэ үү.

Ахлагч Рассел М.Нелсон

Би Арванхоёр Төлөөлөгчийн нэгнийх нь хувьд Арванхоёрын гишүүд хайрт Аврагчийнхаа тухай зааж, гэрчлэх онцгой боломжоо эрхэмлэн дээдэлдэг гэдгийг хэлж чадна. Бид Түүний амьдрал, үйлчлэл, мөнх бус амьдрал дахь Түүний үүрэг зорилгын тухай гэрчлэлээ хуваалцахад баяртай байдаг.

Аврагч арванхоёрдугаар сард төрөөгүйг бид мэддэг ч жилийн энэ үед Түүний даруухан төрөлтийг бид тэмдэглэдэг билээ. Их Эзэн дөрөвдүгээр сард төрсөн байх хамгийн их магадлалтай юм. Судар болон түүхийн баримт аль аль нь энэ цагийг хавар буюу Иудейн Дээгүүр Өнгөрсний Баярын ойролцоо гэсэн байдаг (С ба Г 20:1-ийг үз).

Түүний эх Мариа Иосефтой сүй тавьсныг судруудад тэмдэглэсэн байдаг (Maтай 1:18; Лук 1:27-г үз). Тэдний сүй тавилтыг өнөө үеийн сүй тавилттай зүйрлүүлж болох юм. Ийм сүй тавилтын дараа гэрлэлтийн ёслол хийдэг.

Тэнгэр элч Габриел Мариа дээр хүрч ирсэн үед тэр бүсгүй мөнх бус амьдралд гүйцэтгэх үүргийнхээ тухай мэдсэнийг Лукийн шастирт ийн өгүүлсэн байдаг:

“Орж ирээд тэнгэр элч түүнд, Ивээгдэгч ээ, баярла! Эзэн чамтай хамт байна гэв. …

“Тэнгэр элч түүнд, Мариа, бүү ай. Чи Бурханы ивээлийг олжээ.

“Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно.

“Тэр Хүү агуу нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана” (Лук 1:28, 30–32).

Х болон Дүсгүүдийг томоор бичсэнийг анзаарагтун, Бидний Тэнгэрлэг Эцэг бол Хамгийн Дээд юм. Есүс бол Хамгийн Дээдийн Хүү мөн.

“Мариа тэнгэр элчид, Би онгон атал энэ нь яаж бүтэх билээ? гэхэд,

Тэнгэр элч түүнд “Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно” (Лук 1:34–35) гэв.

Иосеф, Мариа хоёр гэрлэхээс өмнө Мариа Ариун Хүүхдийг хэвлийдээ олж хөл хүнд болсон байв. Албан ёсоор гэрлэлгүйгээр жирэмсэн болсон эмэгтэйд оноодог шийтгэлээс түүнийг хэлтрүүлэхийн тулд Иосеф Мариагаас нууцаар салъя гэж бодож байжээ (Maтай 1:18–19-ийг үз), Иосефыг ингэж бодож байтал тэнгэр элч Габирел түүн дээр хүрч ирэн:

“Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.

Түүнийг хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлжээ (Maтай 1:20–21).

Есүс гэдэг нэрийн гүнзгий утгыг Мариа, Иосеф хоёрт заах хэрэг байсангүй. Еврей хэлэн дэх энэ үгийн язгуур нь Жехошуа гэдэг үгнээс гаралтай бөгөөд “Иехова бол аврал” гэсэн утгатай ажээ.1 Иймээс удалгүй Есүс хэмээн нэрлэгдэх Их Эзэн Бурхан Иеховагийн ажил бол аврал байлаа. Тэрбээр дэлхийн Аврагч болох ёстой байв.

“Бурханы хүлцлийг мэдэх үү, та” хэмээн асуусан тэнгэр элчтэй Нифай ярилцсан тухай бид Мормоны Номноос уншдаг.

Нифай хариулсан нь, “Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ, би; тийм болохоор, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би хэмээв.

“Мөн тэр надад хандан: Болгоогтун, таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодь биеийг төрүүлэгч эх нь бөлгөө хэмээв.

“… Тэр бүсгүйг Сүнс авч одохыг би харав; мөн Сүнс бүсгүйг авч одсоны дараа хэсэг байзнаад тэнгэр элч надад хандан: Харагтун! хэмээв.

“Мөн би сайхь онгон бүсгүйг харж, гар дээрээ хүүхэд тэвэрсэн байхыг болгоов.

“Мөн тэнгэр элч надад хандан: Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун! Эцэгийнхээ харсан тэр мод ямар учиртайг мэдэв үү, та? хэмээв. (1 Нифай 11:16-21).

Лукийн эшлэлүүд

Лукийн 2-р бүлэг дэх: “Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ” (Лук 2:1) гэсэн шастир бол Христийн Мэндэлсний Баярын үеэр бидний дуртай уншдаг, хэн бүхний мэдэх, үнэ цэнэтэй цэдэг юм.

Энэ бол хүн бүрд татвар оногдуулах зорилгоор хийдэг байсан хүн амын тооллого, Ромын эзэнт гүрний иргэний харьяалалын бүртгэл байлаа. Херод хаан хүмүүсийг төрөлх нутагт тоолох ёстой гэсэн захирамж өгсөн байж. Тэр үед Назарт сууж байсан Мариа, Иосеф хоёр өмнө зүг, ойролцоогоор 145 км зайтай оршдог Давидын хотруу явах шаардлагатай байв. Хэрэв тэд Назар, Бетлехем хоёрын дунд орших, хүмүүс нь иудейчүүдэд дайсагнан ханддаг Самари мужийг тойрч явбал бүр ч хол аялах байсан биз ээ.

Тэд мөн төрөлх нутагтаа дуудагдсан төрөл төрөгсөдтэйгөө хамт явсан нь бараг тодорхой юм. Энэхүү хүнд хүчир аялалд тэд нохой, илжиг зэрэг гэрийн амьтдаа авч явсан нь эргэлзээгүй. Тэдний аялалд гурав юм уу дөрөв хоног шаардлагатай байсан учир нэлээд хэдэн шөнө хээр буудалласан байж таарна. Тэднийг Бетлехемд хүрч ирэхэд Ариун Хүүхдийн төрөх цаг болсон ажээ.

“Тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй (Лук 2:7).

Энэ шүлэг Шинэ Гэрээний грек хэлний эх сэдвээс авсан нэг үгийн утга, тэр нутгийн тэр үе дэх зан заншлын тухай мэдлэгээр арвин баялаг юм. “Дэн буудал” гэсэн үг каталума гэж орчуулагддаг байжээ.2 Грек хэлний ката гэдэг угтвар үг цаг хугацаа болон газарзүйн хувьд “доош” гэсэн утгатай. Ката угтвар үг лума-тай нийлж, хүмүүс аянаасаа завсарлан амардаг газар гэсэн утгатай үг үүсгэдэг ажээ. Грек хэлний Шинэ Гэрээнд каталума гэдэг үг өөр хоёр хэсэгт гардаг бөгөөд хоёуланд нь “дэн буудал” гээгүй “зочны өрөө” (Maрк 14:14; Лук 22:11) гэсэн байдаг.

Тэр үед мөн тэр газарт Азийн дэн буудал нь орчин үеийн зочид буудалтай адилгүй байжээ. Тэр үеийн хоноглох газар нь аяны цуваа, түүний дотор хүмүүс бүр тэдний унаа хөсөг болох мал амьтанд зориулсан байр юм. Аянчдын буюу жингийн цуваа тэр үед (одоо ч ингэж нэрлэгддэг) каравансерай (буурчийн газар) буюуаянчдын хоноглож амрах газарт буудаг байжээ. Толь бичигт эдгээр нэр томьёог дорно зүгийн (эсвээс Азийн) орнуудад аянчид шөнө буудаллаж амардаг, хашаагаар хүрээлэгдсэн дэн буудал хэмээн тайлбарласан байдаг.3

Ийм дэн буудал нь ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэртэй, аянчдын мал амьтад байрладаг гол төв дэх хашааг бүхээгүүдээр хүрээлсэн байх бөгөөд тэнд аянчид амардаг байжээ. Бүхээгнүүд нь мал амьтадаас арай дээр байрлалтай, эзэд нь мал амьтдаа харж байх цонхтой байсан ажээ. Лук 2:7-гийн Иосеф Смитийн орчуулга, “дэн буудлуудад” тэдэнд өрөө байсангүй гэдгийг аянчдын хоноглож амардаг бүх бүхээг хүнтэй болсныг харуулдаг.

Дэн буудлын эзэд зочломтгой бус тэр ч байтугай дайсагнасан байдалтай байсан тухай бодол санаа буруу бололтой. Тэр үеийн хүмүүс одооных шиг зочломтгой байсан нь эргэлзээгүй. Ялангуяа Иерусалим болон хөрш зэргэлдээ Бетлехемийн үндсэн хүн ам орон нутгийн хүмүүсийн дунд олон садан хамаатантай байснаас энэ нь бүр ч үнэн байж болно

Азийн аянчдын хоноглох газарт мал амьтдаа шөнө хашааны буланд хашиж манадаг байжээ. Ийм хашаанд илжиг, нохой, хонь, магадгүй тэмээ, үхрээ хаших бөгөөд мал амьтдын ялгадас хөглөрч, үнэр нь тархдаг байж.

Малын хашааг хүрээлсэн зочны өрөөнүүд хүнээр дүүрсэн учир Иосеф Мариаг каравансерайн хашааны голд малтай хамт байлгахаар шийдсэн бололтой. Энэ нь Бурханы Хурга ийм доогуур нөхцөлд төрснийг харуулсан байж болох юм.

Лук 2-т даавуунд өлгийдсөн гэсэн үг хоёр удаа гардаг. “Түүнийг даавуунд ороож” (Лук 2:7) гэсэн үг ямар утгатай вэ? Би энэ үгийг жирийн живх юм уу эсвэл өлгий болгож ашигладаг хөнжил гэж бодохгүй байна. Монгол хэлний орчуулганы гурван үгний оронд грек хэлний Шинэ Гэрээнд ганцхан үг хэрэглэсэн байдаг. Энэ үг бол спарганоо буюу сая төрсөн хүүхдийг хажуу талаас нь нөгөө хажууруу ороож өлгийдөх, тусгай нарийхан бөс даавуу гэсэн утгатай юм.4 Ийм даавууг аль гэр бүлийнх болохыг нь тусгай тэмдгээр таньдаг байсан бололтой. Ийм зан үйлийг ялангуяа ууган хүүг төрөхөд үйлддэг байжээ.

Тэнгэр элч ийн мэдэгдсэн юм. “Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно” (Лук 2:12). Түүний өлгийдсөн даавуу бусдаас ялгархуйц, онцгой байсан байх ёстой.

Харин тэжээлийн тэвшний тухайд? Тэжээлийн тэвш гэдэг нь малын хашаанд байдаг, мал тэжээх зориулалттай тэвш буюу задгай хайрцаг юм. Хашааны бохир шалнаас дээр байдгаараа тэжээлийн тэвш тэндээ хамгийн цэвэрхэн газар байсан нь лавтай. Тэжээлийн ийм тэвш бидний Их Эзэнд өлгий болсон гээд бод л доо!

Аврагчийн онцгой угсаа гарал

Аврагч туйлын даруухан нөхцөлд төрснөс илүү чухал зүйл бол Түүний угсаа гарал юм. Нэлээд хэдэн судар, “Хэн Түүний удмын тухай бодох вэ?” гэж асуусан байдаг. (Исаиа 53:8; Үйлс 8:33; Moзая 14:8; 15:10). Энэ нь “Хэн Түүний угсаатай хамаатай болох вэ?” гэсэн утгатай юм. Эдүгээ хоёр мянган жилийн дараа бид Есүс Христ үхэшгүй мөнхийн Эцэг, мөнх бус эх хоёроос төрсөн хэмээн тунхаглаж байна. Есүс үхэшгүй мөнхийн Эцэгээсээ үүрд амьдрах хүчийг өвлөн авсан юм. Тэрбээр мөнх бус эхээсээ биеийн үхлийн хувь тавиланг өвлөн авсан билээ.

Хүмүүс амь насанд нь заналхийлсэн үед Есүс дээрх шинж чанаруудыг хүлээн зөвшөөрч: “Хэн ч Миний амийг авахгүй. Харин Би өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм (Иoхан 10:18) гэжээ.

Түүний угсаа гарлын энэхүү онцгой шинж нь бүх хүн төрөлхтний нүглийг цагаатгах Түүний үүрэг зорилгод зайлшгүй чухал байсан юм. Тийнхүү, Есүс Христ үхэхийн тулд төрж, үхээд дахин мөнх амийг олж боссон билээ (3 Нифай 27:13–15-ыг үз). Бид дахин амьдарч болохын тулд Тэр үхсэн юм. Бүх хүмүүс үхлийн ялзралыг ялж, дахин амьдарч болохын тулд Тэрбээр төрсөн билээ (1 Коринт 15:55; Moзая 16:7–8; Aлма 22:14; Moрмон 7:5).

Хөлс цусны дусал мэт дусалж байсан Гетсеманид (Лук 22:44), түүнчлэн “гавлын газар” буюу үхэл гэсэн утгатай Голгота (эсвэл Калвари) дээр Түүний бие загалмай дээр өргөгдсөнөөр Цагаатгал хийгдсэн юм (Maрк 15:22; Maтай 27:33; мөн 3 Нифай 27:14-ийг үз). Энэхүү хязгааргүй Цагаатгал төгсгөлгүй үхлээс хүмүүнийг чөлөөлсөн юм (2 Нифай 9:7 -г үз). Аврагчийн Цагаатгал амилалт, мөнх амьдралыг бүх хүмүүст боломжтой болгосон билээ. Түүний Цагаатгал бүх хүн төрөлхтний түүхэнд гол үйл явдал болсон юм.

Бошиглогч Иосеф Смит Цагаатгалын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, “Манай шашны тулгуур зарчим бол Есүс Христ егүүтгэлээр наснаас хальж, оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээшлэн одсон тухай Бошиглогчид, Төлөөлөгчдийн гэрчлэл юм. Ийнхүү манай шашинд холбогдолтой бусад бүх зүйл нь ердөө л эл гэрчлэлийн хавсралтууд юм” гэж хэлсэн билээ.5

Хэдэн жилийн өмнө Аврагчийн мэндэлсний 2000 жилийн ой ойртож байсан үед энэхүү тунхаглал нь Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад агуу сүнслэг удирдамж болсон юм. Хаант улсын түлхүүрүүдийг итгэмжлэл хүлээн авсан бидний 15 хүн гэрчлэлээ бичихээр бэлтгэж байлаа. Бид гэрчлэлээ “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” гэж нэрлэсэн юм.6 Тэр үед амьд байсан 15 Төлөөлөгч энэ гэрчлэлд гарын үсгээ зурсан юм.

Их Эзэний тухай гэрчлэлтэй хүн бүр Түүний бурханлиг угсаа гарлыг мэдэж, Есүс бол амьд Бурханы Хүү гэдгийг итгэлээр гэрчлэх онцгой боломжтой юм. Эцэг Хүү хоёр Бошиглогч Иосеф Смит дээр хүрч ирсэн тухай баримт энэхүү гэрчлэлд багтдаг. Түүний төрсөн өдрийг бид арванхоёрдугаар сарын 23-нд тэмдэглэдэг билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм үнэн бөгөөд Түүнээс хүлээн авсан удирдамж чиглэлд хариулдаг, эрх олгогдсон удирдагчдад өгдөг бошиглол болон илчлэлтээр дамжуулан амьд Их Эзэн энэ Сүмийг удирддаг гэсэн баримт энэ гэрчлэлд багтдаг юм.

Ороо бусгаа өнөөгийн цаг үед энэ мэдлэг бидэнд амар амгаланг авчирч байна. “Зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна мөн та нарын дэргэд зогсч байх болно, мөн та нар Миний тухай, бүр Есүс Христийг, би бол амьд Бурханы Хүү, Би байсныг, Би байгааг, Би байх болно гэдгийг гэрчлэх ёстой” (С ба Г 68:6) хэмээн Их Эзэн хэлсэн билээ. Бид Түүний энэхүү ариун амлалтыг дээдэлж, сэтгэл зүрхэндээ ямагт хадгалж явдаг.

Түүнд өргөх бидний бэлэг

Хүнд өдрүүд бидний өмнө байна. Нүгэл хилэнц газар авсаар байна. Сүмийн гишүүд хавчлагыг тэсэн гарна гэдгийг Паул угтан харсан юм (2 Tимот 3:1–13; С ба Г 112:24–26 -г үз). “Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул” (1 Петр 4:16) хэмээн Петр зөвлөсөн билээ. Есүс бүхнээс дээгүүр босч ирэхийн тулд бүхнээс доогуур бууж ирсэн юм. Тэрбээр Өөрийнхөө үлгэр жишээг дагахыг биднээс хүсэн хүлээдэг билээ. Бид бүгд Түүний буулгыг авснаар бидэнд тохиолддог аливаа сорилт бэрхшээл хэчнээн хэцүү байлаа ч, тэдгээрийг даван туулж чадна (Maтай 11:29–30-ийг үз).

Бидний төлөө Аврагчийн хийсэн, хийж байгаа бүх зүйлийг цэгнэн бодож үзээд, бид хариуд нь Түүнд зориулан юу хийж чадах вэ? Христийн Мэндэлсний Баяраар Их Эзэнд бидний өгч чадах хамгийн сайн бэлэг бол өөрсдийгөө дэлхийгээс толботуулалгүй, Түүний ариун сүмд орохоор зохистой байх явдал мөн. Харин бидэнд өгөх Түүний бэлэг бол Тэрбээр хэзээ ч хүрч ирлээ гэсэн бид Түүнийг угтахад бэлэн байгаагаа мэдэхээс ирдэг амар амгалан байх болно.

Их Эзэний үйлчлэлийн бүрэн байдал ирээдүйд тохиох болно. Түүний Хоёр дахь Ирэлтийн тухай бошиглолууд гүйцэлдсээр байна. Мэдээж хэрэг, Бид Христийн Мэндэлсний Баяраар Түүний төрөлт дээр анхаарал төвлөрүүлдэг. Энэ дэлхийд Тэрбээр дахин ирэх болно. Есүсийн анхны ирэлт нууцлаг байсан юм. Зөвхөн мөнх бус хэдхэн хүмүүс л Түүний төрөлтийг мэдэж байв. Харин Түүний Хоёр дахь Ирэлтээр бүх хүн төрөлхтөн Тэрбээр эргэж иржээ хэмээн мэдэх болно. Харин одоо Тэр “дэлхий дээр аялагч хүн” (С ба Г 49:22) шиг бус, харин “Эзэний алдар илэрхийлэгдэж, бүх махан бие үүнийг хамтдаа үзэхээр” (Исаиа 40:5; мөн С ба Г 101:23-ыг үз) хүрч ирэх болно.

Би Түүний ариун нэрийг гэрчлэх онцгой гэрчийн хувиар Есүс Христ бол амьд Бурханы тэнгэрлэг Хүү гэдгийг гэрчилж байна. Хэрэв та нар Түүнийг хайрлаж, зарлигуудыг нь сахьвал Тэр та нарыг хайрлаж, өргөн дэмжиж, Өөрийгөө та нарт харуулах болно (Иoхан 14:21-ийг үз). Амьдрал дээр, ухаант мэргэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд Түүнийг шүтэн биширсэн хэвээр байна.

Эшлэл

  1. Эрик Д.Хантсман, “Glad Tidings of Great Joy,” Ensign, 2010 оны 12-р сар, 54-ийг үзнэ үү.

  2. Жеймс Стронг, “Greek Dictionary of the New Testament,” Strong’s Exhaustive Concordance of the Bible (1890), 39, 40-өөс 2,596, 2,646 дугаартай үгийг үзнэ үү.

  3. Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11 дэх хэвлэл (2003), “caravansary,” “khan” гэсэн үгсийг үз.

  4. “Greek Dictionary of the New Testament,” 66 дахь 4683 дугаартай үгийг үз.

  5. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 98; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  6. “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл Лиахона, 2000 оны 4-р сар, 2–3-ыг үз.

Христ ба баян залуу захирагч, нарийвчлал, Хейнрих Хофман, Harrison Conroy Кoмпаний зөвшөөрлөөр нийтлэв; Бетлехемийн байдал, 1857, Никонор Григоревич Чернецов, Пушкины Музей, Москва, Орос, Брижманы Олон Улсын Урлагийн Номын Сан

Бетлехем хүрэх зам, Жозеф Брики; Гар доторх дэлхий-ийн каравансерайн (буурчийн газрын) байдал, Чарльз Лапланте сийлбэрлэжээ, 1878 ондхэвлэгдсэн, Эмил Антойн Баярд, хувийн цуглуулга, Кен Уэльс, Брижманы Олон Улсын Урлагийн Номын Сан

Христ Гетсеманид, Виллям Хенри Маргетсон, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв