Асуулт, хариулт
“Ирээдүйн талаар би хэрхэн өөдрөг үзэлтэй байх вэ?”
Урам хугарч, сэтгэлээр унан, муу мэдээ сонсох нь хувь хүнд ч, бүр дэлхийн төвшинд ч байнга тохиолддог юм шиг санагдах үе бид бүгдэд байдаг. Гэвч Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийнхээ учир найдвартай байх учир шалтгаан бидэнд бий гэдгийг бид санах ёстой.
Ерөнхийлөгч Томас С.Монсон, “зоригтой байх тухай” (С ба Г 68:6) Их Эзэний зарлигийг 2009 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулган дээр бидэнд сануулж, дараах урам хайрласан үгсийг хэлсэн юм: “Аянгын бараан үүлс хуралдаж, аадар бороо бидэн дээр цутгаж мэдэх ч, хэрэв бид зөв шударга амьдарч, зарлигуудыг сахьвал сайн мэдээний тухай бидний мэдлэг, Тэнгэрлэг Эцэгээ болон Аврагчийг хайрлах бидний хайр тайтгарлыг авчирч, биднийг дэмжих болно. Биднийг ялах юу ч энэ дэлхийд байхгүй.”
Бүх зүйл туйлын бараан баргар, тэнгэрийн хаяан дахь айсуй шуурга өчүүхэн төдий ч намдах янзгүй байлаа ч сайн мэдээний тухай бидний мэдлэг ирээдүйн талаар байнга өөдрөг үзэлтэй байхад бидэнд тусалж чадна. Ерөнхийлөгч Монсон мөн тэр хэлсэн үгэндээ: “Ирээдүй та нарын итгэл лүгээ адил гэрэл гэгээтэй байна” гэсэн юм (“Be of Good Cheer,” Лиахона, 2009 оны 5-р сар, 92).
Унш, залбир, инээмсэглэ
Хэдэн жилийн өмнө Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл Мормоны Номыг өдөр бүр уншиж, өдөр бүр залбирч, инээмсэглэж байх онцгой даалгаврыг бидэнд өгсөн юм. Энэ даалгаврыг чадах чинээгээрээ сайн биелүүлэхийг хичээх юм шүү гэж би дотроо бодож билээ. Гайхалтай нь энэ даалгавар миний амьдралд үлэмж өөрчлөлт авчирсан юм. Би өмнөхөөсөө илүү аз жаргалтай болж, Сүнс надтай хамт байж, өөдрөг бодол санаатай байх болов. Бэрхшээл тохиолдсоор байсан ч, Сүнсний хүч чадал үүнийг даван туулахад надад тусалж байлаа.
Ариана Г., нас 16, Виржини, АНУ
Итгэл найдвартай бай
Өөдрөг санаа бодолтой байхын төлөө бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол ямагт инээмсэглэж, итгэл найдвартай байх явдал мөн! Итгэл найдвар нь миний амьдралын туршид тоо томшгүй олон арга замаар надад тусалсан. Бид бас хэчнээн их адислагдсанаа, Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хэчнээн их хайртайг мэдэж, энэ тухай боддог байх ёстой. Бид ямар ч нөхцөлд Түүнд хандан амар амгаланг хүсч болно. Түүний Хүү бидний төлөө зовлон эдэлсэн болохоор бидний зовлон зүдгүүрийг тэр мэднэ. Түүний ачаар бид итгэл найдвартай байж, эдгэрэн, ингэснээр мэдээж аз жаргалтай байж чадна.
Кори Д., нас 18, юта, АНУ
Итгэлтэй хэвээр үлд
Ороо бусгаа энэ цаг үе бол Их Эзэний төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд Хуучин Гэрээний үеэс энэ үеийн тухай угтан хэлсээр ирсэн юм. Зөв шударга хүмүүс хамгаалагдан, адислагдах болно гэдгийг Их Эзэн бүх судруудад амласан юм. Чи итгэлтэй хэвээр байвал энэхүү ороо бусгаа цаг үед Ариун Сүнс чамайг удирдан, тайтгаруулж, өөрт чинь зориулсан төлөвлөгөө Их Эзэнд байгааг чамд сануулах болно. Хэрэв чи патриархын адислалаа авсан бол Их Эзэн чамд зориулж юу бэлтгэснийг мэдэхийн тулд үүнийг уншиж бай.
Рае Б., нас 17, Колумб дүүргийн Вашингтон, АНУ
Цагаатгалын тухай бод
Аврагчийнхаа Цагаатгалын тухай бодох нь итгэл найдварыг үргэлж төрүүлж, өөдрөг үзэлтэй байхад бидэнд тусална. Бид бүгд энэ амьдралд хүнд сорилтуудтай тулгардаг. Гэвч Цагаатгалаар дамжуулан материаллаг болон сүнсний аливаа хүнд сорилтууд болоод асуудлуудыг шийдэж болно. Эдгээр шийдлүүдийг олж харах боломжийг Цагаатгал бидэнд олгодог. Цагаатгал бол хүүхдүүдээ: хайрлах Бурханы агуу хайрын илрэл мөн. Энэ хайр хязгааргүй бөгөөд Тэрбээр бид бүгдэд хайртай. Энэ нь ирээдүйг айдасгүйгээр угтахад бидэнд урам зориг, хүч чадал өгдөг.
Дари А., нас 18, Лагуна, Филиппин
Адислалуудынхаа тухай бод
Энэхүү зовлонтой цаг үед надад баяр баясал, итгэл найдварыг өгдөг зүйлсийн нэг бол адислалуудынхаа тухай, сайн мэдээний мэдлэгийнхээ тухай тунгаан бодоход цаг гаргадаг явдал мөн. Сайн анд найзтай байх юм уу, эсвэл авралын төлөвлөгөө мэтийн ямар нэг агуу зүйл намайг баяр баясгалантай байж, энэхүү баяр баясгалангаа хуваалцах хүсэлтэй болгодог. Чухамдаа энэ нь намайг өөдрөг санаа бодолтой байлгадаг.
Аннет М., нас 15, Мичиган, АНУ
Ариан сүмийг сана
Би санаагаар унасан үедээ Залуу Эмэгтэйчүүдийн эрхэмлэх зүйлсийн төгсгөл дэх дараах үгсийг тунгаан боддог: “Бид эдгээр эрхэмлэх зүйлсэд итгэн хүлээн авсан бөгөөд энэ дагуу үйлдвэл, гэр орон, гэр бүлээ бэхжүүлэн ариун гэрээнүүд хийж, ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, өргөмжлөлийн адислалуудыг эдлэхэд бэлтгэгдэх болно.” Би эдгээр үгсээс тайтгарлыг олдог. Мөн эдгээр үгс миний амьдралд бас ариун журамт бүх залуу эмэгтэйчүүдийн амьдралд биелэгдэх болно гэдгийг мэднэ. Ариун сүмийн эрхэм нандин адислалуудад би ямар ч эргэлзээгүйгээр итгэдэг. Зөв шударга амьдралын адислалууд эцэс төгсгөлгүй юм. Эдгээр зүйлсийг санасан үед зүрх сэтгэл минь баяр баясал, итгэл найдвар, хайр энэрэл, урам зоригоор дүүрдэг билээ.
Наталия М., нас 18, Мерида, Венесуэл
Ялагч багт бай
Чи зөв санаа бодолтой байхын тулд: Их Эзэний баг бол эцэст ялагч мөн гэдэг энгийн үнэнийг мэдэх хэрэгтэй. Энэ бол амархан. Бурханыг ялах хүч Сатанд байхгүй. Бид ялагчийг мэдэх учраас Их Эзэний багт байнга байхад анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй. Бид ариун сүмд орохоор зохистой амьдарснаар Их Эзэний багт байгаагаа Түүнд харуулах дүрэмт хувцсаа өмсдөг билээ. Бид судруудаа уншиж, залбиран, ах, эгч нартаа үйлчилснээр жинхэнэ аз жаргалыг олох бөгөөд ингэснээр зөв бодол санаатай болох нь амар хялбар юм.
Брейдент Ф., нас 17 Юта, АНУ
Талархалтай зан төлөвийг өөртөө бий болго
Төвөгтэй цаг үед бүү анхаарал төвлөрүүл. Би “Талархлын тэмдэглэл” хөтөлж, тухайн өдөр талархлаа илэрхийлэх ёстой, хамгийн наад тал нь нэг зүйлийн тухай өдөр бүр бичдэг. Тухайн өдөр хэчнээн бараан баргар байсан ч, баярлан талархах зүйлийг би ямагт олдог. Адислалуудаа тоол. Талархлыг хөгжүүлэх нь амьдралынхаа гэрэл гэгээтэй, сайн сайхан зүйлс дээр анхаарал төвлөрүүлэхэд тань туслах болно.
Ашли Х., нас 18, Оклахома, АНУ