2011
Их Эзэн олон адислалыг юүлсэн юм
2011 оны Арванхоёрдугаар сар


Би хэрхэн мэдсэн бэ?

Их Эзэн олон адислалыг юүлсэн юм

“Бурхан гэж хэн юм бол?” хэмээн би гайхдаг байлаа. Будда юу, Есүс Христ үү? Эсвэл өөр бурхан байна уу?”

Би ихэнх хүмүүс нь Буддын шашинтнууд байдаг Камбожид төрсөн хүн. Кхмер Раужийн дэглэм үй олон хүний амийг хөнөөсний дараа, хэрэв Бурхан байдаг юм бол яагаад манай хүмүүст ийм юм тохиолдохыг тэрээр хүлцэн тэвчсэнийг амьд мэнд үлдэгсдээс олон нь ойлгоогүй юм. Тэр үед 14-тэй байсан би ч гэсэн үүнд гайхдаг байлаа.

Тус дэглэм нуран унасны дараа Камбожид нэлээд хэдэн шашныг хүлээн зөвшөөрсөн юм. Сүмүүд маш их ялгаатай зүйлсийг заадаг болохоор би учраа олохгүй явлаа. Манай гэрийнхэн Буддын шүтлэгтэй хэвээр үлдлээ. Харин би: бид хаанаас ирсэн юм бол, яагаад энд байгаа юм бол, энэ амьдралын дараа бид хаашаа явах бол? гэсэн сэтгэлийг минь эзэмдсэн асуултуудын хариуг мэдэхийг хүсдэг байлаа.

Нэг өдөр намайг хичээлээсээ ирэхэд цагаан цамц, зангиатай хоёр залуу гэрт ирж, Есүс Христийн тухай ярилаа гэж авга эгч маань надад хэллээ. Тэд Камбож хэлээр сайн ярьж байсанд авга эгч гайхсан гэнэ. Би Христийн тухай, бас биднийг хэн бүтээснийг мэдэхийг хүсч байлаа. “Бурхан гэж хэн юм бол?” хэмээн би гайхдаг байлаа. Будда юу, Есүс Христ үү, эсвэл өөр бурхан байна уу?”

Авга эгч бид хоёр номлогчдыг хүлээн авлаа. Бид эхний ярилцлагын үеэр тэдний ярьсан зүйл үнэн шүү хэмээн Ариун Сүнс хэлэхийг мэдэрсэн. Тэд бидэнд нэг Мормоны Ном өгөөд, хэрэв бид үүнийг уншиж, тунгаан бодоод Бурханд итгэх итгэлтэйгээр Түүнээс чин сэтгэлээсээ асуух юм бол Тэрээр бидэнд үнэнийг үзүүлэх болно хэмээн амлав. Энэ ном намайг олон юмны талаар тунгаан бодоход хүргэсэн юм. Би авга эгч болон түүний хүүхдүүдийн хамт сайн мэдээг хүлээн авлаа. Бид сар орчмын дараа баптисм хүртэж, гишүүнээр батлагдлаа.

Би семинарт 4 жил, институтэд нэг жил явсны дараа семинарын багшаар үйлчлэв. 19-тэйдөө номлолд үйлчлэх ёстойгоо мэдэрлээ. Аав, ээж хоёртойгоо ярилцахад тэр хоёр намайг дэмжсэн болохоор би өргөдлөө өглөө. Сарын дараа би англи, камбожоор ярьдаг Калифорнийн Сакраменто номлолд үйлчлэх дуудлага хүлээн авлаа.

Би дуудлага хүлээн авсан учраас Бурхан надад олон адислал өгсөн юм. Миний эрэгтэй дүү зөв шийдвэр гаргаж чаддаггүй байлаа. Би дүүгийнхээ төлөө мацаг барин, залбирсны ачаар намайг номлолдоо явахаас өмнө нэгэн гайхамшиг тохиосон юм. Би дүүдээ баптисм хүртээлээ. Одоо тэр Сүмд идэвхтэй төдийгүй семинарт ч мөн явж байна. Миний гэр бүл өөр олон адислал хүлээн авсан. Мөн Их Эзэн миний номлолын үед надад олон адислал юүлсэн билээ.

Есүс бол Христ. Тэр амьд. Тэр бидний хүн нэг бүрд хайртай, биднийг нэрээр мэддэг. Тэр бидэнд тохиолддог сорилт бэрхшээлүүдийг мэддэг. Бид Түүний зарлигуудыг сахих юм бол Тэр биднийг адислах болно.

Гэрэл зургийг Ким Коунгийн зөвшөөрлөөр нийтлэв