Тэд өөрчлөгдөх ёстой
Намайг баптисм хүртэхэд манай гэрийнхэн Сүмийг эсэргүүцдэг байлаа. Иймээс манай гэрийнхний амьдралын хэв маяг сайн мэдээний зарчмуудад харшилж байгаад хэрхэн хариулахаа сайтар бодох хэрэгтэй байлаа.
Би баптисм хүртсэн үедээ сайн мэдээг хүлээн авсан гэр бүлийнхээ цорын ганц гишүүн байлаа. Тэгэхэд би 19-тэй байв. Баптисм хүртсэндээ баяртай байлаа. Мексикийн Веракруз дахь Панюкогийн Нэгдүгээр салбарын ах, эгч нар надад баяр хүргэн халуун дотноор хүлээж авлаа. Түүнээс гадна би Сүмийн гишүүн болоод нэг жил болмогцоо бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэж эхлэв. Үнэн Сүмийг мэдсэн нь миний хувьд гайхалтай байсан болохоор би сайн мэдээг бусадтай хуваалцахыг хүсч байлаа.
Манай аав, хойд ээж (ээж минь намайг 12-той байхад өөд болсон юм), гурван эрэгтэй дүү маааь намайг баптисм хүртэхэд Сүмийг эсэргүүцдэг байлаа. Харамсалтай нь, би тэдэнд сайн хариултыг өгч чаддаггүй байв. Тэд намайг хүндэтгэдэггүй байв. Би ч гэсэн аавыг эсвэл түүний санаа бодлыг тоодоггүй байв. Номлолд үйлчлэх гэж байгаагаа аавд хэлэхэд тэр баяртай байсангүй. Учир нь би ажил хийхээ больж, бас тэгээд гэрээсээ алс хол явах байв. Манай гэр бүлийн амьдралын хэв маяг миний баримталдаг зарчмуудтай зөрчилддөг, жишээ нь ням гарагт миний хувьд тохиромжгүй телевизийн хөтөлбөр үздэг, зохисгүй хөгжим сонсдог нь эсвэл мацгийн ням гарагт аав намайг хоолонд урих бүрд миний сэтгэл зовдог байлаа.
Би Сүмийн гишүүний хувьд ямар ч буруу зүйл хийдэггүй гэдгээр өөрийгөө гэр бүлтэйгээ тааламжгүй харилцаатай байснаа зөвтгөдөг байв. Тэд надад таагүй ханддаг байсан ч би сайн мэдээний зарчмуудаар амьдрах ёстой байлаа. Тэд өөрчлөгдөх ёстой гэж би өөртөө хэлдэг байсан. Ийм ч учраас аавтай харьцах харьцаа маань тийм ч сайн байгаагүй юм. Энэ байдал миний зан авир болон бардамналын улмаас улам муудсаар байлаа. Би аавынхаа сүнслэг, сайн сайхан байдлыг харгалзалгүйгээр энэ байдлаа үргэлжлүүлсээр байлаа.
Нэг өдөр институтийнхээ хичээлд сууж байгаад Нифай нумаа хугалснаас ан хийж хүнстэй залгах боломжгүй болсон 1 Нифай 16 дээр хүрч ирлээ. Хүн болгон, тэр тусмаа Лемен, Лемүел хоёр сурсан зангаараа бошиглогч эцэг Лихайн хамт дургүйцэн үглэж эхэлжээ. Нифай хариуд нь модоор нум, сум хийж, хүнстэй залгахын тулд анд хаашаа явбал зохихыг ааваасаа асуув. Аав нь удирдамж хүсэн залбирсанд Их Эзэн түүнийг дургүйцэн үглэсэнд нь зэмлэжээ. Лихай зэмлэлийг дуртай хүлээн авч гэр бүлийн тэргүүнийхээ болон Их Эзэний бошиглогчийн үүргийг өөртөө дахин авсан юм. Нифай аавыгаа сул дорой байсных нь төлөө шүүмжилсэнгүй, Нифай бүр Их Эзэнтэй ярьж, үзэгдэл хүлээн авсан үедээ ч эцэг нь үүнээс хойш бошиглогч байх ёсгүй гэж бодоогүй юм.
Би энэ шастирыг уншиж, ойлгоод гэр бүлтэйгээ хэчнээн тусгүй харьцаж байсан юм бэ дээ гэж бодлоо. Би гэрийхнээсээ илүү сайн хүн гэж боддог байснаасаа, ялангуяа аавыгаа хүндэтгэдэггүй байснаасаа ичлээ. Сайн мэдээг гэрийнхэнтэйгээ хуваалцахыг эн тэргүүний зорилгоо болгоогүйдээ харамсав.
Гэрийнхэн маань хэрхэн өөрчлөгдөж болохыг би харж чадаагүй байлаа. Зөвхөн тэдний сул тал дээр л анхаарал төвлөрүүлсэн байлаа. Тэр өдрөөс хойш миний харьцаа хандлага аажмаар өөрчлөгдсөн юм. Аавтайгаа олон юман дээр санал зөрдөг байсан ч санал бодлыг нь үргэлж хүндэтгэхийг хичээдэг болов. Намайг мацаг барьж байхад аав хоолонд урьвал, түүнтэй хамт хооллох боломжгүй байгаадаа уучлал гуйдаг болов. Ням гарагт тэдний үздэг телевизийн хөтөлбөр юм уу сонсдог хөгжимд би санаа зовохоо болилоо. Учир нь тэд надтай адил Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ хийгээгүй шүү дээ.
Нэг өглөө би аавд хоол хийхэд нь тусалж байхдаа түүнд хэчнээн их хайртайгаа хэлж, бүдүүлэг авир гаргадаг байсныхаа төлөө уучлал гуйв. Би бардам зантай байснаа мөн аавтайгаа эелдэг, дөлгөөн харилцаатай байхыг хүсдэгээ түүнд хэллээ.
Түүнээс хойш юм бүхэн өөрчлөгдөж эхэллээ. Санал зөрөлдөх нь багасч, бүр алга болов. Манай гэрийнхэн Сүмд нэгдэх хүртэл удаан хугацаа өнгөрнө дөө гэж би боддог байлаа. Гэтэл Сүмд хандах тэдний хандлага сайжрав. Хэрэв би эхлээд өөрчлөгдөөгүй бол ийм өөрчлөлт гарахгүй байсан юм.
Би Сүмийн гишүүн болсноос хойш нэг жилийн дараа Мексикийн Тихуана Номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчлэв. Номлолоос эргэж ирэхээсээ гурван сарын өмнө би манай гэрийнхэн сайн мэдээг хүлээж аваад байгааг мөн баптисм хүртэх тухай бичсэн захидал хүлээж авлаа. Намайг номлолоос эргэж ирэхэд тэд Сүмд нэгдчихсэн байсан юм.
Сүмийн гишүүн болсноос хойшхи 15 жилд Мормоны Номыг судалснаар болон Бурханы хүүхдүүдээс миний хүлээн авсан хамгийн агуу сургамжуудын нэг нь гэр бүлтэйгээ маш ойртон нягтарсан явдал мөн.