2011
Энэ нь та нарт тэмдэг болно
2011 оны Арванхоёрдугаар сар


Энэ нь та нарт тэмдэг болно

“Дэлхий эхэлснээс хойш бошиглож асан бүр бүх бошиглогчид—тэд эдгээр зүйлийн талаар их бага боловч ярьсан бус уу?” (Moзая 13:33).

Христийн Мэндэлсний Баярыг бэлэг өгч авах, сайн хоолоор дайлах, хүндтэй баяр болгон тэмдэглэхийг хэн хүнгүй хүсэн хүлээдэг билээ. Зарим үед арванхоёрдугаар сарын эхний 24 өдөр хэтэрхий урт юм шиг санагдах нь ч бий. Хэрэв та 1000 жил хүлээх хэрэгтэй болвол яах вэ!

Аврагчийн төрөлт буюу Христийн Мэндэлсний анхны Баярыг Хуучин Гэрээний Исаиагаас Мормоны Номны лемен хүн Самуелыг хүртэл хэдэн зуун жилийн турш бошиглосоор ирсэн билээ. Эрт үеийн бошиглогчид Есүс Христийн ирэлтийн тэмдгүүдийг мэдэж, Түүний ирэлтийг хүсэн хүлээдэг байсан бөгөөд тэдгээр тэмдгүүдийг тэвчээртэйгээр хүлээдэг байжээ. Бусад хүмүүс эдгээр тэмдгүүдийг мэддэг байхын төлөө тэд Түүний ирэлтийг бошиглон, Түүний ирэлтийн баяр хөөрийг хуваалцдаг байлаа! Эдгээр бошиглолуудын биелэлт нь Аврагч бөгөөд Гэтэлгэгч болох түүний бурханлиг дуудлагыг гэрчилсэн юм.

Есүс Христийн төрөлт болон үүний эргэн тойронд болж өнгөрсөн гайхамшигтай нөхцөл байдлын тухай дараах бошиглолуудыг уншиж, эдгээр бошиглолууд хэрхэн биелэгдсэнийг мэдэж ав.

Онгон бүсгүй Мариагаас төрсөн нь

Бошиглолууд: Мариаг төрөхөөс долоон зуун жилийн өмнө түүнийг Христийн эх байх болно хэмээн бошигложээ. Исаиа бичсэн нь, “Эзэн өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ” (Исаиа 7:14).

Бага Алма бас Мариаг Аврагчийн эх байна гэдгийг Есүсийн төрөлтөөс 80 орчим жилийн өмнө Исаиагийн амьдарч байсан газраас дэлхийн нөгөө талд ийн бошиглосон юм: “Тэр Мариагаас төрөх болно, … тэр нь онгон бүсгүй, Ариун Сүнсний хүчээр бүрхэгдэж, мөн хөл хүнд болгогдон, мөн хүү төрүүлнэ, тийм ээ, бүр Бурханы Хүүг тээгч болж, сонгогдсон, хонгорхон нэгэн байх болно” (Aлма 7:10).

Биелэлт: Наян жилийн дараа тэнгэр элч Габриел … “Иосеф гэдэг хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйн гэрт хүрч ирлээ. Түүнийг Мариа гэдэг байв (Лук 1:27). Мариа Бурханы Хүү Есүсийн эх болов.

Бидний төлөө хүүхэд төрөв

Бошиглол: Мессиагийн төрөлтийн тухай Исаиа ийн бошигложээ: “Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” (Исаиа 9:6 ).

Биелэлт: Аврагчийн үйлчлэл Исаиагийн бошиглосон бүхнийг гүйцэлдүүлсэн юм. Учир нь Христ туйлын даруу байдалд төрсөн юм. “Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. … Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна” (Лук 2:11–12).

Бетлехемд төрсөн нь

Бошиглол: бошиглогч Мика Исаиатай нэгэн үед амьдарч байжээ. Тэрбээр Их Эзэнийг Бетлехем тосгонд төрнө хэмээн бошиглосон юм: “Харин чиний хувьд, Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилыг захирах Нэгэн нь чамаас гарах болно. Түүний гарч ирэх нь эртнээс, мөнхийн өдрүүдээс байсан юм” (Mика 5:2).

Биелэлт: Долоон зуун жилийн дараа Херод шинэ захирагчийг хаанаас олж болохыг өөртөө хэлэхийг хуулийн багш нартаа зарлиг болгож, “Христ хаана төрөх ёстойг лавлаж эхлэв.” Тэд түүнд, “Иудейн Бетлехемд гэж хэлэв” (Maтай 2:4–5).

Давидын үр сад болох тухайд

Бошиглол: Их Эзэн Христийг төрөхөөс зургаан зууны өмнө Тэрбээр Давидын үр удмаас гарах болно хэмээн Иеремиад хэлжээ: “Тэр өдрүүдэд болон тэр цагт, Би Давидын зөв шударга Мөчрийг гаргана. Тэрээр газар дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг гүйцэтгэнэ” (Иеремиа 33:15).

Биелэлт: Их Эзэн хэрхэн эртний сурвалжит хааны үр сад болохыг Матай бидэнд Христийн уг удмаар бидэнд харуулсан юм: “Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг.” Есүс Христ … Ийнхүү Абрахамаас Давидыг хүртэл бүгд арван дөрвөн үе, Давидаас Вавилон уруу цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилон уруу цөлөгдсөнөөс Христийн үеийг хүртэл арван дөрвөн үе байв” (Maтай 1:1, 17).

Хаад түүнийг үзэхээр ирнэ

Бошиглолууд: Христ даруухан нөхцөлд төрсөн ч Түүнийг үзэхээр хаад ирэх болно гэдгийг бошиглогчид мэдэгдсэн юм: “Үндэстнүүд чиний гэрэл уруу, хаад нь чиний мандах туяа уруу ирнэ” (Исаиа 60:3).

Лемен хүн Самуел Христийн төрөлтөөс таван жилийн өмнө Түүний ирэлтийн тэмдгүүдийг нифайчуудад зарлан тунхагласан юм. Тэдгээр тэмдгүүдийн нэг нь Мэргэн хүмүүсийн дагаж явсан од юм: “Та нарын хэзээ ч тийм нэгнийг болгоогоогүй тэрхүү нэгэн шинэ од гарах болно, мөн энэ нь түүнчлэн та нарт тэмдэг байх болно” (Хиламан 14:5).

Биелэлт: Мэргэн хүмүүс бошиглолуудын биелэлтийг хайж байсан учраас тэд ямар тэмдгийг эрэхээ мэдэж байсан ажээ. “Саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ” (Матай 2:1–2) гэж хэлэх ёстой үгээ хэллээ.

Шинэ Дэлхийд (Америк тив) нифайчууд бас тэмдгүүдийг таньж, бошиглолууд биелэгдсэнийг мэджээ: “Мөнхүү энэ нь, тийм ээ, бошиглогчдын үгсийн дагуу, нэгбүрчлэн улиран тохиожээ.” “Мөнхүү улиран тохиох дор түүнчлэн нэгэн шинэ од үгийн дагуу үзэгдэв” (3 Нифай 1:20, 21).

Удаан хүлээсэн Христийн Мэндэлсний Баярын бэлгээ нээж үзээд хэчнээн их баярладгаа бод л доо. Та энэ бэлгийг Христийн төрөлтийн тэмдгүүдийг удаан хүлээсний эцэст тэдгээр нь биелэгдсэнийг харсантай харьцуулбал ямар санагдах вэ? Бидний Тэнгэрлэг Эцэг дэлхий дахины итгэлтнүүд Түүний Хүүгийн төрөлтөд хамтдаа баярлахын төлөө төдийгүй бас Христийн бурханлиг дуудлагыг гэрчлэхийн төлөө эдгээр тэмдгүүдийг урьдчилан өгсөн юм.

Есүсийн төрөлт, Густав Доре

ОДООР УДИРДУУЛСАН МЭРГЭН ХҮМҮҮС, ГУСТАВ ДОРЕ