2012
Би бас баптисм хүртэж болохгүй гэж үү?
2012 оны аравдугаар сар


Би бас баптисм хүртэж болохгүй гэж үү?

“Хүүхдүүд нүглүүдийнхээ ангижралын тулд найман настайдаа баптисм хүртэх ёстой” (С ба Г 68:27).

Нано, Мириам хоёр оо, та нар Есүс Христийн үлгэр жишээг дагаж, дараагийн хагас сайнд баптисм хүртэх үү?” гэж систер Сильва асуув.

Пауло сонссон зүйлдээ итгэж ядан байв. Номлогч систерүүд саяхан 10 настай ах, эгч хоёрыг нь баптисм хүртэхийг урилаа шүү дээ!

“Тэгье! Тэгье!” гэж ихрүүд баяртайгаар хэллээ.

Мириам инээмсэглэсээр байлаа. Нано систер Лопестой таван удаа алгаа нийлүүлэн ташлаа. Эмээ нь өрөөний булан дахь том улаан буйдан дээрээсээ инээмсэглэлээ.

Систер номлогчид Пауло болон түүний ах, эгч нарт эмээгийнх нь гэрт хэдэн долоо хоног сайн мэдээг заасан бөгөөд эмээгийнх нь гэр Сан Мигель хэмээх Португалиас 1600 км зайд байрладаг салхи ихтэй ногоон арал дээр байдаг ажээ. Пауло эмээгийнхээ үүдний хаалганы дээд хэсгийг талд нь хүртэл онгойлгон, далайн сэвэлзсэн салхиар амьсгалан, өөрт нь сайн мэдээг заахаар гудамж өгсөн ирж яваа систер Лопес, Сильва нарыг харах дуртай байлаа.

Өнөөдөр онцгой хичээлтэй хэмээн номлогчид хэлжээ. Яагаад гэдгийг Пауло мэджээ. Нано Мириам хоёр яг Есүсийн зааснаар баптисм хүртсэн шүү дээ! Пауло бас Аврагчийн үлгэр жишээг дагахыг хүсч байлаа.

“Систерүүд ээ, би бас дараагийн хагас сайнд баптисм хүртэж болох уу?” гэж тэр зурагтай Мормоны Номоо барьж, тэсч ядсан байдалтай асуулаа.

Систер Сильва инээмсэглээд толгой сэгсрэв. “Уучлаарай, Пауло. Бид бүгдээрээ баптисм хүртэх хэрэгтэй ч зөвхөн найман нас хүрсний дараа л баптисм хийлгэж болно гэж Их Эзэн хэлсэн юм. Чи дөнгөж зургаатай учраас ийм сонголт хийх арай болоогүй байна.”

“Гэвч систерүүд ээ, би залбирч, Мормоны Номыг гэрийнхэнтэйгээ хамт уншсан ш дээ. Та хоёрын хичээл надад таалагдсан. Би эмээ, авга ах Мариотой хамт долоо хоног бүр Хүүхдийн Хэсэгт явдаг. Сүм үнэнийг би мэднэ! Би Нано Мириам хоёртой хамт баптисм хүртэж болохгүй гэж үү?” хэмээн Пауло зөрүүдлэв.

“Чи зарлигуудаар амьдарч, сайн мэдээнээс суралцсан чинь маш сайн хэрэг. Гэвч чи баптисм хүртэх хүртлээ дахиад хоёр жил хүлээх хэрэгтэй” гэж систер Лопес хэллээ.

Паулогийн хоолой халуу оргиж, нүднээс нь нулимс дусалж эхлэв. Тэр үсэрч босоод ах эгч нартайгаа унтдаг дээврийн өрөө рүүгээ гүйлээ.

Пауло дэрэндээ нүүрээ нааж, хэдэн минут уйлсны дараа дээврийн шатаар нэг хүн өгсөн ирэхийг сонслоо. Авга ах Марио хүрч ирэн Паулогийн орон дээр суув.

“Юу болоов, Пауло?” гэж авга ах нь асуув.

“Систер Сильва, Лопес нар намайг баптисм хүртэж болохгүй, харин Нано Мириам хоёрыг болно гэсэн. Би Сүмийн гишүүн болмоор байна ш дээ! Би ариун ёслол дээр сүмийн дуулал дуулж, Хүүхдийн Хэсэгт судруудыг судлах дуртай. Би бусдаас хоцрохыг хүсэхгүй байна” гэж Пауло хэллээ.

“Пауло, чи баптсим хүртэх насанд хүрээгүй ч, Сүмийн нэг хэсэг шүү дээ” гэж авга ах Марио нь эелдэгхэн хэлэв.

“Яаж?” гэж Пауло хэлээд дэрэндээ шургав.

“Хүүхдийн Хэсэг ариун ёслолын цуглааны хөтөлбөр бэлтгэдгийг чи мэднэ шүү дээ. Танай Хүүхдийн Хэсгийн багш энэ хөтөлбөрт сайн дураараа гэрчлэлээ хэлэх хүүхдүүдийг хайж байгаа гэж надад хэлсэн. Энэ бол чиний хувьд сүмд оролцох нэг арга зам” гэж авга ах Марио ярилаа.

“Тийм гэж үү?” гэж хэлээд Пауло босч суугаад авга ахынхаа өөдөөс харав. Тэр минут хэртэй бодлоо. “Би Нано Мириам хоёрын баптисм дээр гэрчлэлээ хэлж болно шүү дээ!”

“Энэ чинь ёстой мундаг санаа!” Чи баптисм хүртэх насанд хүрээгүй ч, гэрчлэлээ хэлж болно шүү дээ” гэж авга ах Марио хэллээ.

Пауло орноосоо үсрэн босч, шатаар хурдан буув.

“Пауло чи хаачих нь вэ?” гэж авга ах Марио дуудлаа.

“Би гэрчлэлээ хэлэх дадлагыг номлогчидтой хийхээр явлаа!” гэж Пауло баяртайгаар хэллээ. “Би баптисм хүртэхээр хүлээх зуураа гэрчлэлээ хуваалцах болно!”

Зураг чимэглэлийг Жаред Бекстранд