2012
Хувцаслалт ба гадаад төрх: ‘Ариун Сүнс удирдаг’
2012 оны аравдугаар сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Хувцаслалт ба гадаад төрх “Ариун Сүнс удирдаг”

Мэри Н.Кук

© Busath Photography-ийн гэрэл зураг

Христийн төлөөлөгчид бид бие махбоддоо хүндэтгэлтэй хандаж, “ямар ч цагт, бүх зүйлд, мөн хаана ч гэсэн” жишгүүдээ чанд сахих ёстой.

Ким үргэлж даруу хувцасладаг. Саяхан би түүнээс даруухан даашинз, цамц, усан сэлэлтийн хувцас юу болох тухай түүний саналыг асуусан юм. Бид даашинзны зах, эмжээрийн хэмжээ ямар байхыг яг таг нарийн тодорхойлохын оронд даруухан хувцаслалтын зарчмуудыг болон үзэмжтэй сайхан харагддаг даруухан хувцас олоход тохиолддог бэрхшээлийн тухай ярилцав. Бид даашинзыг уртасгах тухай бүтээлч, асуудлыг хамтын оюун ухаанаар шийдэх яриа өрнүүлсэн нь хөгжилтэй болсон. Эцэст нь Ким “Би ямар нэг хувцсыг анх өмсөж үзэхэд л сэтгэлд нийцэхгүй бол энэ хувцас даруу биш бөгөөд өмсөхөд зохимжгүй гэдгийг мэдэрдэг” гэж хэллээ. Би даруухан хувцас худалдаж авч ерөөсөө сурахгүй нь бололтой. Дэлгүүрт үзсэн хувцсаа буцаагаад өлгүүрт нь өлгөчихдөг.”

Кимийг зохистой амьдрахыг хичээсэн үед өмсөх хувцсаа сонгоход нь Ариун Сүнс түүнийг удирдах болно. Тэр даруу байдлын жишгээр амьдардаг бөгөөд хувцаслалт, гадаад төрх байдлын дүрмийг өөрчлөхийг хичээдэггүй ажээ. Тэрээр бие махбод бол ариун сүм (1 Коринт 3:16-г үзнэ үү) гэдгийг ойлгодог бөгөөд бие махбоддоо анхаарал тавьж, хамгаалан, зохих ёсоор хувцаслах үүргээ мэддэг.

Ариун сүмийг гадна болон дотор талаасаа үзэсгэлэнтэй сайхан харагдахаар, сайн хамгаалалттай байхаар бодож төлөвлөн барьдаг. Ариун сүмийн барилгыг төлөвлөхөд анхаарах гол зүйл бол энэ нь Их Эзэнийг төлөөлдөг бөгөөд Түүний өргөө гэдгийг ойлгох явдал юм. Бид ариун сүмийг зөвхөн зохистой хүмүүс ордог ариун барилга байгууламж гэж үзэн хүндэтгэлтэй ханддаг. Бидний оролцдог ариун нандин ёслолууд болон гэрээнүүд биднийг Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих боломжтой болгодог учраас бид ариун сүмүүдэд хүндэтгэлтэй ханддаг.

Чиний бие махбод дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй ариун сүмээс илүү үнэ цэнэтэй юм. Чи бол Бурханы хайртай хүү буюу охин нь! Бид бие махбодоо хамгаас эрхэм ариун зүйл гэж үзэн хүндэтгэлтэй хандаж, дээд зэргээр анхаарал халамж тавьж, хамгаалж байх ёстой.

Их Эзэнийг төлөөлөх нь

Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийн нэрийг өөр дээрээ авдаг. Бид бол дэлхий дээрх Түүний төлөөлөгчид. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь удирдамжуудын нэгэнд: “Та нар хувцаслалт, гадаад төрхөөрөө дамжуулан бие махбод чинь хэчнээн их үнэ цэнэтэйг [Их Эзэнд] харуулдаг. Та нар Есүс Христийн шавь нар бөгөөд Түүнд хайртай гэдгээ харуулж чадна” хэмээн тэмдэглэжээ.1

Нэг залуу эмэгтэй эдгээр үгсийг уншаад, даруу бус байдлын өчүүхэн ч илрэл гаргахгүй амьдрахаар шийдсэн ажээ. Тэр эмэгтэй тэр даруй хувцасныхаа шүүгээнээс Аврагчийн төлөөлөгч байхад зохимжгүй бүх хувцсыг гаргаж хаясан ажээ. “Өмсөх ёсгүй гэдгийг нь мэдэж байгаа ямар ч хувцсыг дэлгүүрт өмсөж үзэхгүй байх нь миний хувьд ухаалаг хэрэг болно. Яах гэж уруу татагдах юм бэ?” гэж тэр хэллээ. Их Эзэнийг төлөөлөх зарчим нь түүнийг ийм хатуу шийдвэр гаргахад хүргэжээ.

young woman looking at shirt in mirror

Зураг чимэглэлийг Коди Белл

Хүндэтгэл

Христийн төлөөлөгчид бид “ямар ч цагт, бүх зүйлд, мөн хаана ч гэсэн” (Moзая 18:9) жишгүүдээ чанд баримтлах замаар бие махбоддоо хүндэтгэлтэй ханддагаа харуулж чадна. Зөвхөн цэвэр ариун хүмүүс ариун сүмд ордог байхыг Их Эзэн шаарддаг билээ. Ариун журамтай байх та нарын сонголт бол Их Эзэнд болон бие махбоддоо хүндэтгэлтэй ханддагийн нотолгоо мөн.

Бид бас бусдын биед хүндэтгэлтэй хандаж, ариун журмаар амьдрахад нь тэдэнд туслах ёстой. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард хэлсэн нь: “Залуу эмэгтэйчүүд] хэт бариу, богинохон эсвэл доогуураа задгай оноотой хувцас өмсвөл, уулзаж учирдаг залуу эрэгтэйчүүддээ буруу ойлголт төрүүлж мэдэх төдийгүй эмэгтэй хүний үнэ цэнэ бэлгийн хүсэл таашаалаас бүхэлдээ хамааралтай байдаг юм шиг тэдэнд санагдуулж болно. Энэ нь Бурханы итгэлтэй охины зөв шударга байдлын илрэл хэзээ ч байгаагүй, байх ч үгүй.”2

Залуу эмэгтэйчүүд ээ, бие махбоддоо хүндэтгэлтэй хандахын хамт бусдад ялангуяа залуу эрэгтэйчүүдэд цэвэр ариун бодол санаа, үйлстэй байхад нь тусал. Өдөр бүр зөв шударга амьдрах нь та нарт мөнхийн үнэ цэнэ өгнө гэдгийг ойлгон, бие махбоддоо хүндэтгэлтэй хандагтун.

Хүндэтгэл

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс бидэнд ийн сургажээ: “Ариун сүмийн гаднах газар түүний дотор болдог ёслолуудын ариун нандин чанар хийгээд хүндэтгэлтэй байдлыг бэлгэдэн харуулдаг бол бидний хувцаслалт бидний дотоод сэтгэлийн цэвэр ариун, сайн сайхан байдлыг тусган харуулдаг. Бидний хувцасласан байдал… ариун сүмийн ёслолууд хийгээд гэрээнүүдэд зохих ёсоор хүндэтгэлтэй ханддаг эсэхийг, бид тэдгээрийг хүлээн авахад биеэ бэлтгэсэн эсэхийг харуулдаг.”3

Ариун ёслолд оролцохдоо “Ням гарагт өмсдөг хамгийн сайхан” хувцсаа өмсөж, Аврагчийн цагаатгагч золиослолд хүндэтгэлтэй ханддагаа харуул. “Залуу эрэгтэйчүүд ариун ёслолыг гүйцэтгэхдээ хүндэтгэлтэй хувцаслах ёстой.”4 Залуу эмэгтэйчүүд ээ, даруухан хувцаслацгаа.

Сэрцгээ! Гэртээ, сургууль дээрээ, далайн эргийн наран шарлагын газар, бүжиг эсвэл спорт тоглоомоор тоглохдоо даруу хувцаслалтын үлгэр жишээг үзүүл. Хувцсаа сонгох шийдвэр гаргахдаа Ариун Сүнсэнд өөрийгөө удирдах боломж олгодог Кимийн жишээг дагагтун. “‘Хэрэв би Их Эзэний дэргэд байгаа бол гадаад төрхөндөө сэтгэл зовохгүй байж чадах уу?’ гэж өөрөөсөө асууж бай.”5

Хэрэв бид хувцсаа сонгохдоо Их Эзэний төлөөлөгч байж, хүндэтгэлийн энэхүү зарчмаар амьдрах юм бол Аврагчийн хайртай төлөөлөгчид та нар “урагш гэрэлтүүлэх” болно (Сургаал ба Гэрээ 115:5).

Эшлэл

  1. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 6.

  2. M.Рассел Баллард, “Mothers and Daughters,” Лиахона, 2010 оны 5-р сар, 20.

  3. Роберт Д.Хейлс, “Modesty: Reverence for the Lord,” Лиахона, 2008 оны 8-р сар, 20.

  4. Залуучуудын бат бөх байдлын төлөө, 8.

  5. Залуучуудын бат бөх байдлын төлөө, 8.