2012
Амьдралынхаа нэгэн шинэ үеийг баяртай угтаарай
2012 оны аравдугаар сар


Амьдралынхаа нэгэн шинэ үеийг баяртай угтаарай

Модод өвөлд бэлтгэн өнгөө өөрчилдөг газарт та нар амьдардаг уу? Энэ дөрвөн найз тийм газарт амьдардаг юм. Нoa Б., Дайлан Л., Патрик M., Бен M. дөрөв Канадын зүүн эргийн Хунтайж Эдвардын арал дээр амьдардаг. Энэ дөрвөн хөвгүүн модод өнгөө өөрчилдөг лүгээ адил шинэ амьдралдаа бэлтгэж байна. Тэр дөрөв нэг жилийн дотор 12 настай болж байгаа бөгөөд Хүүхдийн Хэсэгтээ баяртай гэж хэлэн Залуу Эрэгтэйчүүдэд сайн байна уу хэмээн хэлнэ гэсэн үг юм. Өсч том болон, Залуу Эрэгтэйчүүдийн ангид дэвшин орох болсон талаараа тэдний юу ярьсныг сонирхъё.

Өөрийнхөөрөө бай

Ноаг энд шилжин ирэхэд шинэ найз нар нь түүнд арал дээрх амьдралдаа дасан зохицоход тусалсан ажээ. Одоо тэр нөгөө гурваасаа арай ахмад учраас Залуу Эрэгтэйчүүдийн ангид дасан зохицоход тэдэнд тусалж байна. “Бусад залуу эрэгтэйчүүд намайг яаж хүлээн авах бол, тэдэнтэй хэрхэн танилцах талаар миний санаа зовж байлаа” хэмээн Залуу Эрэгтэйчүүдийн тухай яриагаа эхэллээ. “Үйл ажиллагаануудад оролцсон нь надад үнэхээр тусалсан.” Ноа Хүүхдийн Хэсэгт байхдаа Хиламаны армийн тухай дуунд дуртай байжээ. Залуу Эрэгтэйчүүдэд шилжиж ирээд, санваартны чуулга нь хэчнээн их эв нэгдэлтэйг тэр харжээ.

Тэр юу гэж зөвлөв? “Өөрийнхөөрөө бай.”

Санваараа хүндэл

Патрикийн хувьд санваар авах нь тодорхой насанд хүрэх явдал биш ажээ. Энэ бол зохистой байж, санваар авахад бэлтгэгдсэн байна гэсэн үг. “Бид 12 хүрсэн учраас л санваар авдаггүй. Харин санваар авахад бэлтгэгдсэн байх ётой” гэж Патрик хэллээ.

Бэлтгэл хэчнээн чухал болохыг Дайлан ойлгодог ажээ. Тэр ариун ёслолыг түгээхэд сүнслэг байдлын хувьд бэлтгэхийн тулд сүм дээр 15 минутын өмнө ирэхийг хичээдэг. “Би ариун ёслолыг гурав, дөрвөн удаа түгээх бүрд Сүнс миний зүрх сэтгэлд нөлөөлсөн. Урьд нь надад хэзээ ч тийм мэдрэмж төрж байгаагүй” гэж тэр ярив.

Ариун ёслолыг түгээх нь надад Сүүлчийн Зоогийг санагдуулдаг: “Есүс тэнд зогсож байгаа юм шиг, Есүсийн зогсож байгаа газарт бид зогсож байгаа юм шиг, Тэр биднийг тэнд ирэхийг хүсэх мэт санагддаг” гэж Бен ярилаа.

Ариун сүм рүү хар

Бен Бурханд Итгэх Итгэлийн Шагналаа авахаар ажиллаж байгаа аж. Бас нас барагсдын төлөө анх удаа баптисм хийлгэхээр тэсч ядан хүлээж байна. “Би ариун сүмийн дотор орж үзээгүй байгаа. Гэвч бусад хүмүүс ариун сүмд орсны дараа тэнд хэчнээн сайхан, дулаан бүлээн мэдрэмж төрсөн тухай гэрчлэлээ үргэлж хуваалцдаг” гэж Бен ярив.

Ноа саяхан анх удаа ариун сүмд яваад ирсэн ажээ. Чуулгынх нь залуу эрэгтэйчүүд түүнийг гэр бүлийнхээ гишүүн шиг үзэж ханддаг хэмээн тэр хэллээ. “Заримдаа чи сандарч мэднэ. Гэвч чамд туслах хүмүүс бэлэн байх болно” гэж тэр хэлэв. “Чамд маш сайхан байх болно.”

Ноа

Дайлан

Патрик

Бен

Гэрэл зургийг Марисса Виддисон