2012
Ухаалаг анд найз бай
2012 оны аравдугаар сар


Ухаалаг анд найз бай

Ахлагч Роберт Д.Хейлс

Насны залууд суралцаж мэдлэг, мэргэн ухааныг эзэмш. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг өргөн дэмжиж, хүчирхэгжүүл.

Та нар үнэхээр сайхан амьдрахыг хүсч байгаа бол “Насны залууд мэргэн ухаанд суралц; тийм ээ, насны залууд Бурханы зарлигуудыг дагаж сурагтун” (Aлма 37:35) гэсэн судрын зөвлөгөөг дагах хэрэгтэй. Сурах үйл явцыг дараах байдлаар хураангуйлан томьёолж болно:

Бид бүгд үндсэн мэдлэгээс эхэлдэг. Бид үүн дээрээ анги танхимд заалгасан болон уншсан зүйлээсээ олж авсан мэдлэгээ нэмэн баяжуулдаг. Мөн амьдралын туршлагаа нэмдэг. Ингээд бид мэргэн ухаан буюу дөрөв дэх алхмыг хийдэг. Энэ цэг дээр дэлхийн сурах үйл явц төгсдөг. Харин дэлхийд байдаггүй нэг зүйл бидэнд бий. Баптисм болон гишүүний баталгааны дараа бидэнд Ариун Сүнсний бэлэг өгдөг. Бид баптисмын үеэрээ өөрсөд дээрээ хүлээн авсан хууль, ёслолууд болон гэрээнүүдэд хэр дуулгавартай байгаагаас шалтгаалан, ариун ёслолын цуглаануудад тогтмол оролцох, санваарын болон ариун сүмийн гэрээнүүдэд чин үнэнч байх үүргээ биелүүлснээр бидэнд зааж, биднийг удирдах Ариун Сүнсний бэлэг үргэлж байх болно. Сүнс биднийг үйлдэл хийхэд удирддаг. Бид бүгдэд сүнсний бэлэг, авьяас чадвар байдаг (С ба Г 46-г үз).

Мэргэн ухаан болон сүнсний бэлгүүд нийлж, зүрх сэтгэл дэх ойлголт руу хөтөлдөг. “Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой” (Сургаалт Үгс 4:7). Насны залууд мэргэн ухаан ба мэдлэгийг эзэмших нь туйлын чухал юм.

Залуу насны маань нэгэн туршлага надад мэргэн ухааны тухай нэг зүйлийг ухааруулсан юм. Би хотын хөвгүүн байсан болохоор аав намайг баруун Юта дахь авга ахын ферм дээр ажил хийлгэхээр явуулдаг байлаа. Би тэнд байхдаа үхэр яагаад хэдэн мянган га газраас шилж авсан газар дээрх өвсийг идэхгүй төмөр утсаар хэрсэн хашааны завсраар толгойгоо шургуулан хашааны нөгөө тал дахь өвсийг идэх гэж зүтгэдгийг огт ойлгоогүй юм. Бид тэр үхэртэй хэчнээн адилхан болохыг та нар бодож үзсэн үү? Ялангуяа бид залуу байхдаа хориглосон ямар нэг зүйлийн цаад талд юу байгааг харахыг үргэлж хүсдэг шүү дээ. Төрөлх хүмүүний хувьд бид төмөр утсаар хэрсэн торны завсраар толгойгоо шургуулан цаана нь юу байгааг харахыг хүсдэг. Бид яагаад ингэдэг юм бол?

Бид хориглосон шугамыг давахгүйгээр амьдралдаа маш их баяр баясгалантай байж болно шүү дээ. “Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах явдал” бөгөөд тэрхүү мэргэн ухаанаар “хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь. Түүнээс зайлсхий. Түүгээр дайран гарах ч хэрэггүй” (Сургаалт Үгс 4:14–15) гэдгийг санагтун. Тэр ч байтугай бүү ойрт. Төмөр утсаар хэрсэн хашааны завсраар толгойгоо бүү шургуул.

Чамд сайн найзууд бий юү?

Сургаалт Үгсийн ном мэргэн ухааны талаарх эдгээр сургаалуудын дагуу сайн найз нөхдийг сонгох тухай “Хар санаатнуудын жимд хөлөө бүү тавь” (Сургаалт Үгс 4:14). “Хүү минь, тэдэнтэй хамт бүү яв. Жимээс нь хөлөө хол байлга. Учир нь тэдний хөл хорон муу руу ухасхийдэг” (Сургаалт Үгс 1:15–16) хэмээн сургасныг та нар ажиглах болно.

youth studying together

Зураг чимэглэлийг Кейт Ларсон

Та нар сайн найз нөхөд сонгосноо яаж мэддэг вэ? Би та нарт хоёр сорилт өгье. Хэрэв та нар энэ сорилтуудыг хэрэгжүүлвэл “мөнх амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замаас” (2 Нифай 31:18) гажиж, танихгүй замд хэзээ ч орохгүй байх болно.

  1. Сайн найз нартай байсан цагт зарлигуудаар амьдрах нь амар хялбар байх болно. Жинхэнэ сайн найз чамайг хүчирхэгжүүлж, эцсийг хүртэл тэвчихэд чинь туслах сайн мэдээний зарчмуудаар амьдрахад тань тусална.

  2. Жинхэнэ сайн найз чамайг түүний арга зам, Их Эзэний арга зам хоёрын аль нэгийг сонгож, давчуу бөгөөд нарийн замаас гажихад хүргэхгүй. Дайсан дэлхийгээр хэрэн тэнүүчлэн, бид бүгдийг унагахыг хүсч байна. Хэрэв найз нар чинь чамайг буруу замд оруулбал тэднээс нэн даруй холд. Найз нөхдөө ухаалгаар сонго.

Чи өөрөө ямар найз вэ?

Одоо би нэг хэцүү асуулт асууя: Та нар ямар найзууд вэ?

Өөрийгөө аврахаас илүү эрхэм зорилго амьдралд байдаг. Бид бол эргэн тойрныхоо хүмүүсийг өргөн дэмжиж, хүчирхэгжүүлэхээр итгэмжлэл хүлээсэн хүмүүс. Их Эзэн биднийг хамтдаа Өөртөө эргэж очихыг хүсэн хүлээдэг.

Та нар бол бусдыг үлгэрлэн дагуулагч хөтөч. Тийм болохоор уруудаж унасан хөтөч байхаас илүү аюултай зүйл гэж үгүй. Өөрсдийгөө хэн гэдгээ санагтун. Та нар бол дэлхийн гэрэл, найз нөхөд, ах, эгч дүүсийнхээ гэрэл. Тэд та нараас үлгэр жишээ авах болно.

Сургаалт Үгс 4-т ийн сургасан байдаг:

“Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.

(шүлэг 18–19) Хар санаатны зам нь харанхуй мэт буюу.

Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ”. Тэдэнд гэрэл байдаггүй, удирдамж чиглэл байдаггүй.

Зүг чигийг заах ёстой цамхаг гэрэлгүй бол юутай адил байж болохыг та нар мэдэх үү? Бид харанхуйд төөрөх болно.

Нисгэгч цахилгаан эрчим хүчгүй бол түүнгүйгээр ажилладаг зүйлсийг эс тооцвол ямарч заагчгүй болно. Тэрээр ганц хүний суудалтай сөнөөгч онгоцон дотор 12, 200 метрийн өндөрт үүлэн дунд сэгсрэгдэн, яах ч аргагүй болсноо мэдэрнэ. Зүг чигийн ямар ч баримжаагүй болно. Нэг удаа би үүнтэй адил явдлаас эсэн мэнд гарсан юм. Энэ явдлыг би хэзээ ч мартахгүй. Та нар ч бас хэзээ нэгэн цагт ийм явдалтай тулгарч болно. Ялангуяа гэрэл заавал хэрэгтэй үед, зүг заагч гэрэлт цамхаг ажиллагаагүй болохоос илүү аюултай зүйл байхгүй.

Таны үлгэр жишээнээс хамааралтай хэн нэгнийг удирдах хэрэгтэй бол яах вэ? Сайн үлгэр жишээ үзүүл Дэлхийд үлгэр дуурайл үзүүлж, эргэн тойрныхоо хүмүүсийг зөв шударга замаар удирдан хөтөл. Тэд та нарыг зүг чиг заагч гэрэлт цамхаг лугаа адил ширтэн харж байна. Хэн нэгэнд хэрэгтэй болсон үед тэнд бай.

Сүнс бол баяр баясгалан, аз жаргалыг авчирдаг, дагуулан удирдагч гэрэл мөн. Амьдралынхаа хэв маягаас болж Сүнсийг өөрөөсөө холдон одоход хүргэхгүй байцгаая. “Бүрэнхий, дүнсгэр” энэ дэлхийд бид хэзээ ч ганцаархнаа байхгүйн төлөө би хэчнээн их залбирдаг билээ (1 Нифай 8:4).

Насны залууд мэргэн ухаанд суралцаж, мэдлэг эзэмшихээр хичээн чармайхад тань Их Эзэний адислалууд та бүхэнд байх болтугай. Та нар дуулгавартай байдлаар, Сүнсний гэрэл хийгээд Ариун Сүнсээр сайн мэдээний үнэнүүдийг зүрх сэтгэлдээ гүнзгий ойлгон, мэргэн ухааныг эзэмших болтугай. Сайн найз нөхөр бай. Эргэн тойрныхоо хүмүүсийг өргөн дэмжиж, хүчирхэгжүүл. Үлгэр дуурайл үзүүлэх замаар дэлхийг илүү сайн болго. Давчуу бөгөөд нарийн зам дээр байж, эцсийг хүртэл тэвчин, тэнгэр дэх гэртээ нэр төртэйгөөр эргэж очиход нь найз нөхдөдөө тусал.

Дэлхийд үлгэр дуурайл үзүүлж, эргэн тойрныхоо хүмүүсийг зөв шударга замаар удирдан хөтөл. Тэд та нарыг зүг чиг заагч гэрэлт цамхаг лугаа адил ширтэн харж байна.