Сүмийнхээ тухай бидэнд ярьж өгөөч
Шауна Мооре, Виржиния, АНУ
Би ахындаа очихоор аялахдаа онгоцны үйлчлэгч нарын суудаг арын суудалд сууж явлаа. Тэр хэсгийн хоёр эгнээ суудал өөд өөдөөсөө харсан байлаа.
Би өөрийгөө хамт сууж явсан хүмүүст танилцуулаад Бригам Янгийн Их Сургуульд суралцах тухайгаа дурдлаа. Миний өөдөөс харж суусан хүн охинд нь саяхан бүрэн цагийн номлолд явсан сайн найз бий гэлээ. Охин нь Сүмийн тухай бага сага зүйл мэддэг, харин тэр өөрөө бараг юу ч мэддэггүй гэнэ. Тэгтэл онгоцны үйлчлэгч “тэр сүмд” чинь би л лав элсэхгүй, яагаад гэвэл тэр сүм эмэгтэйчүүдийг ялгаварладаг юм гэнэлээ гэв. Хожмын Үеийн Гэгээнтэн эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс доогуурт үздэг, тэд санваар авч, хурал цуглаан дээр тэргүүлдэггүй, Сүмд эрэгтэйчүүд давуу эрхтэй байдаг тухай сонссон гэж нөгөөх эрэгтэй хэллээ.
Тэгээд тэр над руу эргэж, “Та энэ талаар юу гэж бодож байна?” гэж асуув. Долоон хүн бүгдээрээ над руу харж, юу гэж хариулахыг хүлээв.
Миний дотор пал хийгээд явчихав. Би хүүхэд байхдаа яг иймэрхүү нөхцөлд Итгэлийн Тунхгийг цээжээр хэлэх хэрэгтэй болж байв. Бас арав гаруй насандаа мөн залуу насанд хүрэгч байхдаа Иосеф Смитийн үзэгдэл болон Мормоны Номын тухай гэрчлэлээ хэлдэг байсан. Харин би энэ хүний асуултанд хэрхэн хариулахаа огт мэдэхгүй байлаа. Тэгээд Тэнгэрлэг Эцэгт хандан чимээгүй залбирч удирдамж өгөхийг хүсэв.
Тэгтэл “Та Нийгмийн Халамжийн Бүлгийн тухай мэдэхгүй байгаа нь аргагүй л дээ” гэсэн анхны үгс миний санаанд орж ирлээ. Тэд ч бас энэ тухай юу ч мэдэхгүй болох нь тэдний харцанд илэрлээ.
“Бүх эмэгтэйчүүд гишүүд нь болох Нийгмийн Халамжийн Бүлэгтэй санваартнууд нягт хамтран ажилладаг. Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгч эмэгтэй бүх дэлхий даяарх Сүмийн эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг удирддаг. Эмэгтэйчүүдийн үүрэг бол гишүүдийн амьдралд ялангуяа тэдний гэр бүлийн амьдралд хайр, энэрэл, нинжин сэтгэлийг бий болгох явдал мөн” хэмээн би тайлбарлав.
Миний үгийг хүмүүс анхааралтай сонслоо.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил ажиллаж, бодож сэтгэх ёстой гэж зарим эмэгтэйчүүд үздэг хачирхалтай цаг үед бид аж төрж байна. Харин Бурхан ажил үүргийн зааг ялгааг тогтоосон гэдэгт бид итгэдэг. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийнхээ удирдагчид байх ёстой, харин гэр бүлээ нөхөртэйгөө хамтран удирдах ёстой гэж бид үздэг. Эрэгтэйчүүд эдгээр асуудлуудад үндсэндээ бидний зөвлөгөөн дээр түшиглэдэг. Энэ нь зөв бөгөөд манай Сүмийн байгууллагуудын ажлыг амжилттай, гэр бүлүүдийг аз жаргалтай болгодог. Иймээс эрэгтэй хүн эмэгтэй хүнгүйгээр бас эмэгтэй хүн эрэгтэй хүнгүйгээр Их Эзэн дотор байдаггүйд бид үнэхээр итгэдэг (1 Коринт 11:11-ийг үз). Эрэгтэй, эмэгтэй хүн дан ганцаараа бүрэн бүтэн байж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Биднийг хооронд нь өрсөлдүүлэхийн тулд биш харин нэг нь нөгөөгийнхөө дутууг гүйцээж байхын тулд бүтээсэн гэдэгт бид итгэдэг.”
Би үгээ хэлж дуусаад адислагдсанаа мэдэрсэн. Миний хэлсэн үгс Сүнснээс ирсэн гэдгийг би мэдэж байлаа. Хүн бүр миний ярьсан зүйлд сэтгэл ханамжтай байх шиг харагдсан. Тэгтэл нөгөө хүн “Сүмийнхээ тухай бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч” гэв.
Тиймээс, дараагийн хоёр цагт нь Сэргээлтийн тухай ярьж, хүмүүсийн асуултуудад хариулж, өөрийнхөө дуртай сайн мэдээний тухай гэрчлэлээ баяртайгаар хуваалцах боломж надад олдсон юм.