2012
Ариун явдал ба ариун журмыг заах нь
2012 оны аравдугаар сар


Бидний гэр орон, гэр бүл

Ариун явдал ба ариун журмыг заах нь

Маттью О.Ричардсон

Эцэг эхчүүд хүүхдүүддээ бэлгийн харилцааны тухай заахдаа доорх зургаан стратегийг хэрэглэж болно.

Дэлхийн олон орны янз бүрийн ажил мэргэжилтэй залуучууд болон залуу насанд хүрэгчидтэй уулзаж, ярилцах боломж надад олдсон юм. Нэг удаа би ариун журам, ариун явдал ба ёс суртахуунтай амьдралын тухай өсвөр насны, нүдэнд дулаахан хэсэг залуустай ярилцлаа. Бодол санаа, итгэл үнэмшил, гадаад төрх, зан төлөв нь надад хэчнээн сайхан санагдсаныг тэдэнд хэлсний дараа би “Та нар энэхүү эмзэг сэдвийн талаар ийм цэгцтэй, тодорхой, итгэлтэй хариултыг хэрхэн өгч чадсаныг би мэдэж болох уу?” гэж асуулаа. Нэг залуу эмэгтэй өчүүхэн ч эргэлзэлгүйгээр, “Эцэг эх минь надад заасан юм” гэхэд бусад нь зөвшөөрч толгой дохив. Энэхүү энгийн атлаа үр өгөөжтэй туршлага нь ялангуяа ариун журам ба ариун явдал, бэлгийн болон хүмүүс хоорондын харилцааны тухай хүүхдүүддээ заах эцэг эхчүүдийн үүрэг тэдний амьдралд чухал нөлөө үзүүлдэгийг харуулж байна.

Харамсалтай нь, олон эцэг эх хүүхдүүддээ бэлгийн харилцааны асуудлуудын тухай боломжийнхоо хэрээр заахгүй байна. Жишээ нь, Хожмын Үеийн Гэгээнтэн 200 гаруй ганц бие идэвхтэй гишүүдэд хийсэн судалгаа тэдний дөнгөж 15 хувь нь бэлгийн харилцааны асуудлуудын тухай анх эцэг эхээсээ сонсож мэдсэнийг харуулж байна. Залуу гишүүдийн үлдсэн хэсэг нь энэхүү чухал сэдвийн тухай найз нар буюу үе тэнгийнхэн, интернет, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзвэр, сурах бичиг, төрөл садан болон Сүмийн удирдагчдаас мэдсэн хэмээн хариулжээ.

Мэдээж хэрэг энэ бол заахад амаргүй сэдэв. Гэвч энэ мэтийн ариун зарчмуудыг заахад эцэг эхчүүд хамгийн сайн багш гэдэгт би итгэдэг. Дараах стратегиуд нь танд ариун журамтайгаар амьдарч, ариун явдлын хуулийг чанд сахихыг хүүхдүүддээ зааж сургах энгийн атлаа урт удаан хугацаанд үр өгөөжөө өгөх зарчмууд хийгээд үйл ажиллагааг хөгжүүлэхэд туслах болно.

Заах, сурах үйл ажиллагаа хүүхдийн бага наснаас эхлэх ёстой. Бэлгийн харилцааны сэдвийг хүүхдүүддээ үр нөлөөтэй заадаг эцэг, эхчүүд хүүхдүүд нь тэдний боддогоос эсвээс тэдний хүсдэгээс хавьгүй эрт энэ сэдэвтэй тулгардгийг ойлгодог. Олон хүүхэд 11, бүр түүнээс ч бага насандаа бэлгийн харилцааны тухай интернетээс олж үздэг болжээ. Үзвэр цэнгээний газар, спортын үйл явдлууд, зар сурталчилгаа, тэр ч байтугай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүртэл бэлгийн харилцааг шууд бус замаар өөгшүүлэн дэмжсэн мэдээллээр дүүрэн байх болжээ.

Зарим эцэг эхчүүд “Бэлгийн харилцааны сэдвийг би хүүхдэдээ хэзээнээс эхэлж ярих ёстой вэ?” гэж асуудаг нь зүйтэй юм. Энэ нь тухайн хүүхдийн нас, өсөлт, амьдарч байгаа орчин нөхцөлөөс хамааралтай байдаг. Хүүхдүүдийнхээ зан авирыг анхааралтай ажиглан, үгийг нь зориуд сонсож, юуг, хэзээ заавал зохихыг залбирч шийддэг эцэг эхчүүдэд сүнсний удирдамж ирэх болно. Жишээ нь, манай хүү дөнгөж таван настай байхдаа хүний биеийн анатомийн тухай надаас олон асуулт асуудаг байсан. Энэ тухай ярилцах нь эхлээд жаахан эвгүй юм шиг санагдсан ч цаг нь үнэхээр болсон юм шиг байсан. Гэвч чухам юу гэж хариулах билээ гэж бодтол хүүтэйгээ бэлгийн харилцааны тухай ярилцах цаг болоогүй нь тодорхой байлаа.

Заах болон сурах үйл явц байнгын шинжтэй байх ёстой. Суралцах нь нэг удаагийн үйлдэл биш харин байнга үргэлжилдэг үйл явц юм. Бэлгийн харилцаа болон үүнтэй холбоотой бусад асуудлуудын тухай хүүхдэд заана гэхээр хүмүүс ихэнхдээ үүнийг нүүр улайм “яриа” гэж боддог. Юутай ч гэсэн энэ сэдвийн талаар эцэг эхчүүд хүүхэдтэй ганцаарчлан ярилцах хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол хүүхдийн хувьд сурч мэдэх хамгийн үр ашигтай арга зам биш. Бид “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) суралцдаг хэмээн Аврагч сургасан билээ. Бид бэлгийн харилцааны сэдвийг хүүхдүүдийнхээ нас, өсөлтийг харгалзан олон дахин ярилцвал илүү амжилт олох болно. Энэ зарчмыг ойлгодог эцэг эхчүүд бэлгийн харилцааны тухай сэдвүүдийг хүүхдүүддээ бага насанд нь болон өсвөр үед нь заахад оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг байдлын хувьд өөрсдийгөө бэлтгэдэг.

Үр өгөөжтэй заах хийгээд суралцах үйл явц нь багш, суралцагч хоёрын харилцаанаас хамааралтай байдаг. Бэлгийн харилцаа болон үүнтэй холбоотой асуудлын тухай хүүхдэд заана гэхээр ихэнх эцэг эхчүүд юу ярьдаг билээ хэмээн хэтэрхий их санаа зовдог. Энэ нь чухал ч гэсэн үр өгөөжтэй заах болон суралцах үйл явц нь аль нэг зүйлийн зөвхөн агуулгын тухай ярилцахаас илүү чухал зүйл юм. Чухамдаа хүүхдүүддээ заадаг эцэг эхчүүдийн арга барил нь тэдний юу ярихаас илүү чухал байж болно. Бэлгийн харилцааны асуудлуудаар хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцаж, амьдралд нь идэвхтэй оролцдог, тэдэнд хайр, анхаарал халамж тавьдаг эцэг эхчүүд хүүхдүүддээ нөлөөлж чаддагийг судалгаа харуулж байна.1

Хожмын Үеийн залуу Гэгээнтнүүд бэлгийн харилцаатай холбоотой асуудлуудаар эцэг эх нь тэдэнтэй илэн далангүй ярилцдаг байхыг хүсдэгийг миний хийсэн албан бус судалгаа харуулж байна. Эдгээр залуу насанд хүрэгчид эцэг эх нь энэ асуудалд оролцоосой гэж боддог төдийгүй үглэж янших биш харин өөрсөдтэйгөө илэн далангүй ярилцаасай гэж хүсдэгээ илэрхийлж байлаа. Тэд эцэг эхээсээ “зүй ёсны”, “энгийн”, “тааламжтай”, “нүүр улаймаар биш” яриаг хүсдэг ажээ. Энэ нь эцэг эхчүүдэд нээлттэй, энгийн, нөхөрсөг байж, аливаа сэдэв, нөхцөл байдалд сандарч тэвдэлгүй ярилцдаг байхын тулд илүү шаргуу ажиллахад нь тусалдаг. Хэрэв хүүхдүүддээ үр ашигтайгаар заахын тулд аль ч сэдвийн талаар ялангуяа хувийн шинжтэй сэдвээр хүүхэд нэг бүртэй ганцаарчлан ярилцахад эцэг эхийн зүгээс хамгийн их анхаарах зүйл бол хүүхдээ эвгүй байдалд оруулахгүй, сэтгэл санааг тайван, тавтай байлгах явдал мөн.

Ярилцах сэдэв оновчтой бөгөөд зайлшгүй шаардлагатай байвал заах, суралцах үйл явц хамгийн үр нөлөөтэй байдаг. Бэлгийн харилцааны асуудалд хандах бидний хандлагаас хамааран энэ нь эвгүй, тааламжгүй эсвэл амьдралд төдийлөн хэрэгтэй биш юм шиг санагдаж болох ба бүр эсрэгээр тааламжтай санагдаж ч болно. Энэ тохиолдолд амжилт олох түлхүүр нь хүүхүүдэд байдаг ихэнх асуултууд болон санаа зовоох асуудлууд нь амьдралын бодит нөхцөл байдал, ажиглалтын хариултууд гэдгийг ойлгох явдал юм. Бид хүүхдүүдээ ажиглаж, үг яриаг нь анхааралтай сонсвол тэдэнд юу заах хэрэгтэйг мэдэх болно.

Жишээ нь, кино, хувцасны загвар, нийгэмд түгээмэл байдаг ямар нэг үзэл бодол, зурагтын хөтөлбөр, зар сурталчилгаа, яруу найраг зэрэг нь ёс суртахууны жишгүүдийн тухай ярилцах боломжийг үргэлж олгодог. Хүүхдүүд бусад хүмүүстэй хэрхэн харилцаж, хамтран ажиллаж байгаа, тэд өөрсдөө болон үе тэнгийнхэн нь яаж хувцасладаг, хэл яриа нь ямар байгаа, эсрэг хүйстэндээ болон ариун явдал, ёс суртахууны жишгүүдийн талаарх нийгэм дэх олон янзын үзэл бодолд хэрхэн ханддагийг гярхай ажиглах нь мөн л заах боломжийг бидэнд олгодог. Ёс суртахуун ба ариун журмын тухай хүүхдүүдтэйгээ амьдралтай холбон ярилцах боломж үй олон байдаг.

Амьдралтай холбон заахад хамгийн чухал нь эцэг эхчүүд ариун явдал, даруу зан ба ариун журмын үлгэр жишээг өөрсдийн амьдралд харуулах явдал мөн. Эцэг эхийн зөвлөгөө нь тэдний сайн үлгэр дуурайл дээр үндэслэж байгаа үед хүүхдүүд эцэг эхийнхээ зөвлөгөөг илүү сайн сонсож, дуулгавартай дагадаг.

Эцэг эхийн үлгэр дуурайл муу бол хүүхдүүдэд мөн л муугаар нөлөөлнө. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс хэлсэн нь: “Олон тохиолдолд, бидний үйлдэл бусад хүмүүст бидний үг ярианаас илүү хүчтэй нөлөөлдөг.” Ерөнхийлөгч Бригам Янг (1801–1877) сургасан нь: ‘Бид [хүүхдүүдээ] даган дуурайгаасай гэж хүсдэг үлгэр жишээг өөрсдөө үзүүлэх ёстой. Бид үүнийг ойлгодог уу? Хүүхдээсээ эсвэл хүүхдүүдээсээ дуулгавартай, эелдэг зан харьцаатай, хэл яриа төвшин, дуугаа өндөрсгөж, чанга ярьдаггүй, бүх талаараа бусдын нүдэнд дулаахан харагддаг байхыг шаарддаг атлаа өөрсдөө зан авир муутай, хараалын үгс урсгадаг эцэг эхчүүд олон байдгийг бид мэднэ. Ийм байх нь хэчнээн харамсалтай, утга учиргүй хэрэг билээ!’ Бидний ийм зохисгүй зан авирыг хүүхдүүд маань ажиглаж, өөрсдийнхөө иймэрхүү үйлдлийг зөвтгөх шалтаг олох болно.”2

Суралцагчид багшийн заасан зүйлийг ойлгосон үед амжилттай суралцаж чадна. Эцэг эхчүүд нь, бүр Сүмийн удирдагчид хүртэл яриандаа дүлэгнэсэн, “бүдэг бүрхэг үг хэллэг” хэрэглэдэг нь хэрэг дээрээ улам олон асуудлыг бий болгож, тус нэмэр болохоосоо илүү эргэлзээ төрүүлдгийг олон залуус, залуу насанд хүрэгчид харамсан өгүүлж байна. Энэ нь бэлгийн харилцааны сэдвийн тухайд бүр ч үнэн юм.

Намайг ганц бие залуу насанд хүрэгчдийн тойргийн бишопоор үйлчилж байхад “илж таалах” гэж юу гэсэн утгатай үг болохыг олон гишүүн асуудаг байсан. Манай тойргийн гишүүдэд хүний биеийг илж таалж болохгүй гэж заадаг байсан ч, илж таалах гэдэг нь чухам юу болохыг огт заадаггүй байлаа. Ойлгоогүй зүйлээ дагаж мөрдөнө гэдэг тэдэнд хэцүү байсан нь мэдээж хэрэг.

Ямар нэг зүйлийг зөвхөн бусад хүмүүс ойлгож болох арга замаар заах нь хангалтгүй юм. Харин бид үүнийг хэн ч буруу ойлгохгүй байх тийм аргаар заах ёстой хэмээн Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Марион Ж.Ромни (1897–1988) тайлбарлажээ.3 Бид бүдэг бүрхэг буюу этгээд үг хэллэгээр ярихын оронд зөв бөгөөд тохирох нэр томъёог ашиглавал илүү амжилт олох болно. Энэ нь ярилцаж байгаа асуудлыг зөв ойлгоход тусалж, зөвлөгөө өгөгчийг хүндлэхэд хүргэнэ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт ёс суртахууны зарчмууд хийгээд жишгүүдийг хэрхэн үр өгөөжтэй заасныг ажиглана уу. Тэрбээр ийн хэлжээ: “Гэрлэлтээс гадуур бэлгийн сэрлийг өдөөсөн аливаа янаглал нь, тухайлбал хувцастай болон хувцасгүй байхад нь өөр хүний биеийн ариун нандин, нууцлаг эрхтнүүдэд зориуд хүрч илж таалах нь нүгэл бөгөөд үүнийг Бурхан хориглосон юм. Энэ нь бас та бие эрхтнийхээ дотоодод ийм сэрлийг зориудаар өдөөж байгаа зохисгүй үйлдэл мөн.”4

Үр нөлөөтэй заахын тулд зааж байгаа хүмүүс маань захиасыг ойлгодог байхад бид онцгой анхаарах ёстой. “Энэ зөвлөгөө асуултанд тань хариулав уу?” “Би ойлгомжтой тайлбарлаж чадав уу?” “Өөр асуулт байна уу?” гэхчлэнгийн энгийн асуултууд ашиг тустай байдаг.

Багш нар захиасаа мөнхийн зарчмууд болон жишгүүдтэй холбосон тохиолдолд суралцагчид сайн мэдээнд амжилттай хөрвөж чадна. Бид зөвхөн “амьдралын бодит байдалд” анхаарлаа төвлөрүүлэхээс илүүгээр эдгээр бодит байдлыг “мөнх амьдралын зүйлстэй” холбовол сайн мэдээг үр ашигтай зааж чадна. Жишээ нь, бид бие махбодынхоо талаар ярихдаа хайр энэрлээр дүүрэн Тэнгэрлэг Эцэг минь бидний биеийг хэрхэн бүтээсэн тухай, бид Түүний бүтээлтүүдэд Түүний хүсэн хүлээдгийн дагуу хэрхэн талархал, хүндэтгэлтэй хандах ёстойг ярьж болно.

Дэлхий ёс суртахуунгүй байдлын намаг балчигт живж байгаа ч гэсэн ирээдүй үеийнхний төлөө итгэл найдвар байгаа билээ. Энэхүү итгэл найдвар нь өсвөр үеийнхэнд ариун журам ба ариун явдалтай байхыг заахад чадах бүхнээ хийдэг, нэгэн үзүүрт сэтгэлтэй эцэг эхчүүд дээр төвлөрч байна. Хүүхдүүддээ ариун журам ба ариун явдалтай амьдрахыг заадаг эцэг эхчүүд сайн мэдээний тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, заах ур чадвараа дээшлүүлэхийг үргэлж хичээдэг. Тэд ингэснээрээ “Их Эзэн Өөрийн зарлиг болгосон арга замаар өөрсдийг нь хүчирхэгжүүлэх болно” гэдгийг мэддэг. Эцсийн эцэст энэ нь “хайр энэрлийн хөдөлмөр, сонгох эрхээ зөв ашиглах, Христэд ирэх болон мөнх амьдралын адислалуудыг авахад нь бусдад туслах боломж юм.”5

Эшлэл

  1. Бонита Ф.Стантон, Жеймс Бөрнс, “Sustaining and Broadening Intervention Effect: Social Norms, Core Values, and Parents,” Reducing Adolescent Risk: Toward an Integrated Approach, хянан тохиолдуулсан Даниел Ромер (2003), 193–200-г үзнэ үү.

  2. Роберт Д.Хейлс, “Our Parental Duty to God and to the Rising Generation,” Лиахона, 2010 оны 8-р сар, 74.

  3. Жакоб де Жагер, “Let There Be No Misunderstanding,” Ensign, 1978оны 11-р сар, 67-г үз.

  4. Ричард Г.Скотт, “Serious Questions, Serious Answers,” Лиахона, 1997 оны 9-р сар, 31.

  5. Teaching, No Greater Call (1999), 4.

Гэрэл зураг чимэглэлийг Давид Стокер © IRI

Гэрэл зураг чимэглэлийг