2012
Залуучуудад сүнслэг туршлагатай болоход туслах нь
2012 оны аравдугаар сар


Залуучуудад сүнслэг туршлагатай болоход туслах нь

Сүнслэг туршлагатай болоход нь залуучуудыг хэн ч албадаж чадахгүй. Гэвч хөрвөлт рүү хөтөлдөг туршлагуудад тус дөхөм үзүүлэх олон арга зам байдгийг дараах эцэг эхчүүд болон удирдагчид нээж олсон ажээ.

Украйны Вячеслав Гулко, Зоя Гулко нар Сүмийг сонирхож эхлэхэд тэдний 13 настай охин Кира дуртай байсангүй. Тэр номлогчийн хичээлүүдэд оролцохоос татгалздаг байсан төдийгүй ахлагч нарыг ирэхэд “өрөөнийхөө хаалгыг зориуд хаадаг байсан” хэмээн ээж нь ярилаа.

Гулко ах, Гулко эгч хоёр Сүмд элссэнийхээ дараа Кирад Сүнсийг мэдрэх боломж олгох хэрэгтэй, тэгвэл түүний зүрх сэтгэл өөрчлөгдөх болно гэж үзжээ. Гулко эгч өөр хүний баптисмд оролцох үедээ гэрчлэлийг анх олсон учраас охиноо өөрийнхөө баптисмд урьж, баптисмын дараа хуурай хувцас сольж өмсөхөд туслахыг түүнээс хүссэн ажээ. Кира зөвшөөрсөнд Гулко эгч гайхсан гэнэ.

“Бидний бодсоноор болсон шүү! Тэнгэрлэг Эцэг маш гайхалтай арга замаар ажилласан” хэмээн Гулко эгч хэллээ. Кира Сүнсийг мэдэрч, аав, ээж хоёрынхоо баптисмаас хойш долоо хоногийн дараа номлогчидтой уулзахыг зөвшөөрсөн гэнэ. Тэр Мормоны Номыг уншиж эхэлжээ. Хэдэн долоо хоногийн дараа Гулко эгч Кирагийн ширээний дээгүүр нэг жижигхэн цаас өлгөөтэй байхыг харжээ. Түүн дээр 2 Нифай 2:25-ын үгсийг бичсэн байв. Гулкогийнхан баптисм хийлгэснээсээ хойш хоёр сар хагасын дараа охиныхоо баптисмд оролцжээ. Өдгөө хорин жилийн дараа Кира гэрлэсэн ажээ. Кира нөхөр Дейвтэйгээ ариун сүмд холбуулж, тэд хоёр хүүгээ сайн мэдээгээр өсгөн хүмүүжүүлж байна. Тэр нэлээд олон дуудлагад итгэлтэйгээр үйлчилсэн бөгөөд Сүмд идэвхтэй хэвээр байна.

Насан туршдаа Сүмийн гишүүн байгаа эцэг эхчүүд бас өөр шигээ болон нөхөр шигээ шинэ гишүүд аль аль нь хэрэглэж болох нэн чухал нэг сургамжийг Зоя энэ туршлагаасаа авсан нь: Эцэг эхчүүд, удирдагчид сайн мэдээг хүлээн авахад нь хүүхдүүдийг албадаж болохгүй, харин сүнслэг туршлагуудыг өөрсдөө мэдрэх газруудад тэднийг урьж, сүнслэг орчныг бүрдүүлж чадна гэдгийг нотолжээ. Тэгвэл эдгээр туршлага хөрвөлт рүү хөтлөх болно.

Харин ийм туршлагыг бий болгох хамгийн сайн ямар арга зам байж болох вэ? Дэлхий дахины эцэг эхчүүд болон удирдагчид энэ талаарх туршлагаа хуваалцаж байна.

Залуучуудад үйлчлэх боломж олго

Бразилын Сан Паулогийн Котя гадасны Гранжа Виана тойрогт залуу эрэгтэйчүүдийн идэвхийн хувь хэмжээ өндөр байлаа. Гэвч залуусын зарим нь хувийн сорилт бэршээлтэй тулгарсны улмаас санваартны үүргээ биелүүлэх нь хүндрэлтэй байсныг удирдагчид ажиглажээ.

Бишопын зөвлөл, Залуу Эрэгтэйчүүдийн удирдагчид хамтран зөвлөлдөж, үзвэр, зугаа цэнгэлд зориулж олон үйл ажиллагаа зохион байгуулах биш харин үйлчлэлийн төслүүд хэрэгжүүлэхэд илүү их анхаарал төвлөрүүлэхээр шийдсэн ажээ. Эдгээр үйл ажиллагаануудад чуулгын идэвх султай гишүүдийн гэрээр айлчлах, бүрэн цагийн номлогчидтой хамтран номлолын ажилд оролцох, тойргийнхоо гэрээсээ гардаггүй гишүүдэд ариун ёслолыг гүйцэтгэх зэрэг нь орсон ажээ. Эдгээр үйл ажиллагаанууд нь семинар болон ням гарагийн цуглаануудаас сурч мэдсэн зарчмуудынхаа дагуу ажиллаж, амьдрах боломжийг залуу эрэгтэйчүүдэд олгосон ажээ. (2 Нифай 2:26-г үз).

Цаг хугацаа өнгөрөх тусам “эдгээр сүнслэг үйл ажиллагаанууд нь өөрчлөлтөд хүргэсэн юм” хэмээн санваартны нэг удирдагч хэллээ.

“Мацгийн нэг ням гарагт манай бүх залуу эрэгтэйчүүд гэрчлэлээ хуваалцсан нь гайхалтай үйл явдал байлаа” хэмээн тэр ярив. “Тэд ийнхүү гэрчлэлээ хуваалцах үед тэднээс олных нь нүдэнд нулимс хурж, үйлчлэлээс мэдэрсэн сүнсийг гэрчилсэн юм. Гурван жил хэвтэрт байгаа тойргийнхоо өндөр настай нэг гишүүнд ариун ёслол гүйцэтгэсэн тухай туршлагаа нэг залуу эрэгтэй хуваалцжээ. Тэр хүний эхнэр, итгэлтэй эгч залуу эрэгтэйчүүдийг баяр баясал, итгэл найдвар өвөрлөн хүлээн авчээ. Тэр эмэгтэй хэдийгээр өөрт нь хүндрэлтэй олон асуудал, сорилт бэрхшээл тулгарсан ч сайн мэдээний ачаар амьдралд нь ирсэн аз жаргалыг ариун ёслолын дараа хуваалцсан ажээ. Тэд бүгд Сүнсийг мэдэрч, сайн мэдээ хүмүүсийн амьдралд өөрчлөлт гаргадгийг ойлгожээ. Тэд энэ үйл явдлыг олон жил, магадгүй насан туршдаа мартахааргүйгээр тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байлаа.”

“Хөл бөмбөгийн ямар ч тоглолт, Мючелийн ямар ч хөгжилтэй үйл ажиллагаанаас би ийм их сүнслэг хариу үйлдлийг хараагүй хэмээн тэрээр хэллээ. Энэ үйл явдал нь залуучууд Сүнсийг мэдрэх туршлагуудыг урамшуулан дэмжих нь хэчнээн чухал болохыг түүнд заасан юм гэж хэллээ.

“Нийгэм олон нийтийн үйл ажиллагаанууд чухал. Гэвч сүнслэг туршлагууд нь залуучуудад гэрчлэлээ төлөвшүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой хэмээн тэр цааш нь ярилаа.”

Францын Ангерс гадасны Реннес тойрогт Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхийлөгч ням гараг бүр ариун ёслолын цуглаанд ирсэн залуу эмэгтэй бүрд ил захидал тарааж, сүмд ирээгүй үе тэнгийнхээ нэг эмэгтэйг сонгож, түүнд зурвас бичихийг хүсдэг байжээ. Ил захидал хүлээж авсан залуу эмэгтэйчүүд тэр долоо хоногийн хичээлээр сурч мэдсэн буюу сүнслэгээр нөлөөлсөн зүйлсийн тухай нөхөрсгөөр бичдэг байжээ. Түүний зөвлөхүүдийн нэг Леторт эгч сүмд ирээгүй хүмүүст ил захидлыг шуудангаар явуулдаг байв.

Энэ үйл ажиллагаа энгийн ч гэсэн, цуглаанд ирээгүй хүмүүст тэднийг санаж байгаагаа илэрхийлэх арга зам болдог төдийгүй бас зурвас бичиж байгаа хүмүүс бусдадаа туслах, бие биедээ санаа тавих нэг хэлбэр болдгоороо үр өгөөжтэй юм.

“Өчүүхэн зүйлс агуу гайхамшгуудыг авчирдаг шүү дээ” хэмээн тэр ярилаа (Aлма 37:6-г үз). “Ийнхүү гайхамшиг тохиохыг бид харсан. Залуу эмэгтэйчүүд урамшиж, энэ туршлага тэдний гэрчлэлийг өсгөхөд хувь нэмрээ оруулсан юм.”

Залуучуудад Бурханы үгийг таниул

Бурханы үгийг номлох нь хүчирхэг нөлөө үзүүлдгийг Алма заасан байдаг (Aлма 31:5-ыг үз). АНУ-ын Техас дахь Залуу Эрэгтэйчүүдийн удирдагч Давид Элмер Алмагийн заасан зүйлийг мэддэг байсан бөгөөд өөрийн удирддаг залуу эрэгтэйчүүдийг ирээдүйд бэлтгэхэд нь тусалсан Скаутын сонирхолтой, үр өгөөжтэй аяллыг зохион байгуулжээ.

Элмер ах хуваалцах зүйлийнхээ талаар залбирч үзэхэд, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл Л.Андерсенгийн хэлсэн үгийг хуваалцахад сүнсээр чиглүүлэгдсэн ажээ. Элмер ах аяллын үеэр тэр захиаснаас Шинэ Зеландын рагбийн од Сидней Гоингийн тухай Ахлагч Андерсены ярьсан түүхийг заасан ажээ. “Бусдыг Христэд авчран тэднийг Аврагчийн Хоёр дахь Ирэлтэд бэлтгэхэд туслах нь таны ариун үүрэг хийгээд эрхэм боломж байх болно” хэмээн Ахлагч Андерсен хэлжээ.1

Тэрээр амьд бошиглогчийн үгсээс заасан учир энэ туршлага их хүчтэй нөлөө үзүүлсэн юм гэж Элмер ах ярилаа. Онцгой цугларалтын төгсгөлөөр бүх залуу эрэгтэйчүүд, тэдний удирдагчид номлолд үйлчлэх хүсэлт болон өөрсдийнхөө сурч мэдэрсэн зүйлийн сануулагч болгон ригбийн бөмбөгөн дээр нэрээ бичиж гарын үсгээ зурсан гэнэ. Эцгүүд болон удирдагчдаас олонх нь номлолд үйлчилсэн нь амьдралд нь хэрхэн нөлөөлсөн тухай залуу эрэгтэйчүүдтэй ярилцан, тэр шөнө унтаагүй ажээ.

“Амьд Бурхан биднийх. Тэрбээр Өөрийн залуучуудыг мэддэг” хэмээн Элмер ах хэллээ. “Бурхан тэдний амьдрал болоод тэдэнд одоо тохиолдож байгаа бас ирээдүйд тохиолдох зүйлсийг мэддэг. Тэр тэдний амьдралд хэрхэн нөлөөлдгийг бид хэзээ ч мэдэхгүй. Тиймээс удирдагчид бид залуучууддаа Сүнсийг мэдрэх орчин, нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бид судруудаар бас бошиглогчдын үгсээр дамжуулан Сүнсийг мэдрэх орчныг бүрдүүлж чадна. Гэвч тэдний зүрх сэтгэлд нөлөөлөн тэднийг өөрчилдөг нь бид биш Их Эзэн юм.”

Тууштай бай

Залуу эрэгтэйчүүдэд аяллаас өөр ямар нэг зүйл, тухайлбал, сайн мэдээ судалснаас мэдсэн ямар нэг зүйл санаанд нь үлдэх ёстой.

“Тэднийг Сүнсийг мэдрэх туршлагатай болгох нь миний үүрэг хариуцлагын нэг хэсэг гэж би боддог. Иймээс хэрэв би үүргээ биелүүлэхийг хүсдэг бол үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байх ёстой” гэж тэр хэллээ. “Бид гэр орондоо сүнслэг байдлын загварыг, судар судлах, залбирах болон гэр бүлийн үдшийн загварыг хэрхэн бий болгох тухай Ахлагч Давид А.Беднар заасан юм.2 Долоо хоног дуусахад бид сүнслэг байдлын загвараа цааш нь тасралтгүй үргэлжлүүлдэг байлаа. Бид бүлгээрээ залбирдаг байсан. Бас өглөөний 10 минутын онцгой цугларалтаар гэрчлэлээ хуваалцах залуу эрэгтэйчүүдийг томилдог байсан ба тэдний удирдагчид болон эцгүүд оройн онцгой цугларалтыг бэлтгэдэг байв.

“Бид гэрээсээ хол, үйл ажиллагаа нь ердийнхөөс өөр байсан ч сүнслэг байдлын загвараа таслалгүй үргэлжлүүлсэн нь бүхнээс илүү чухал байлаа. Залуу эрэгтэйчүүд аль нэг буюу хэсэг хичээлийг онцгойлон санахгүй байж болох юм. Харин тэд онцгой цугларалтуудыг хэрхэн зохион байгуулж, хэрхэн залбирч, судар судалж байснаа мартахгүй гэдэгт би итгэдэг.”

Филиппиний Мира Бокобо Гарсия бас сайн мэдээг тогтвортой судлахын үнэ цэнийг, үүнийг гэртээ заахын ач холбогдлыг мэддэг. Гарсия эгч түүний нөхөр Эдвин хоёр 8-22 насны гурван хүү, зургаан охинтой бөгөөд тэд бүгдээрээ ашиг тустай өөр өөр үйл ажиллагаануудад оролцдог ажээ. Энэ гэр бүлээс олон хүн өөр өөр газарт янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог болохоор тэд оройн хоол идэхдээ хамт байхыг их хичээдэг ажээ.

“Хоолоо хамт хөгжилдөн бэлтгэж, хийсэн хоолоо хамт идэх нь бидний хувьд хүүхдүүдээ цуглуулах хамгийн сайн аргуудын нэг юм. Хоолны цаг бол гэр бүлийн гишүүдийн хувьд итгэлээ сэргээх, хоорондоо харилцаж, Их Эзэний адислалуудыг мэдрэх цаг” гэж Гарсия эгч хэллээ.

Заах, сонсох боломж бүрийг алдалгүй ашигла

Эдүгээ 20-30 насны зургаан хүүхдээ өсгөн хүмүүжүүлснээс миний авсан хамгийн чухал сургамж бол тэдэнд зөвхөн шууд заах төдийгүй харин хүүхдүүд үнэнийг өөрөө олж мэдэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн явдал хэмээн Канадын Нова Скотиягийн Жозелин Фиелден ярьж байна.

“Хүүхдийнхээ өмнөөс сонголт гаргаж, тэдний бүх асуултуудад хариулах гэж яарсны хэрэггүй. Ингэхийн оронд хүүхдүүдийг удирдамж, хариултуудыг судрууд болон бошиглогчийн зөвлөгөөнөөс эрж олоход чиглүүлэх хэрэгтэйг” тэрээр зөвлөж байна. “Харин тэдний олж мэдсэн зүйлийн талаар ярилцахад бэлэн бай” хэмээн тэр цааш нь санал болгожээ. Түүнээс гадна тэр хүүхдүүдийнхээ асуултыг сонссоны дараа заримдаа “Чи яах хэрэгтэй гэж бодож байна?” хэмээн эргүүлэн асууснаар тэдний асуултанд хариулдаг гэнэ.

“Хүүхдүүд зөв сонголт хийнэ гэдэгт итгэлтэй бай” гэж тэр хэллээ. “Бид өдөр бүр хүүхдүүдтэйгээ хамт байхдаа тэдэнд амьдралдаа Сүнсийг мэдрэхэд нь туслах олон зүйлийг заах үед мөн тэд Сүнсийг мэдрэх нь ямархуу байдгийг мэддэг болох үед тэд илүү их сүнслэг туршлагуудыг эрэлхийлж, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын үнэн бодит байдлын тухай гэрчлэл нь бэхжих болно. “Энэ нь мэдэгдэхүйц үр дүнд хүргэдэг. Тэд Сүнсний авчирдаг гэрэл ба тайтгарлыг хэдийчинээ их мэдрэх тусам түүнийг төдийчинээ ихээр хүсч, амьдралд нь Сүнсийг элбэг дэлбэг байлгах зүйлсийг хийхийг хичээх болно.”

Тэрээр гэр бүлийнх нь амьдралд үр өгөөжөө өгсөн болон Сүмийн удирдагчдын дахин давтан заадаг зарчмуудын ач холбогдлыг онцлон тэмдэглэж байлаа. Жишээ нь, эцэг эхчүүд гэр бүлийн үдэш, гэр бүлээрээ судар судлах, гэр бүлийн залбирал зэрэг албан ёсны ярилцлагаас гадна Сүнсний удирдамжийн дагуу хэзээ зааж болохыг ажиглан харж, хүүхдүүддээ олон хэлбэрээр зааж болно.3

“Зугаалгаар явган явах, үйл ажиллагаанд оролцохоор машинаар явах, сагсан бөмбөг тоглох, гэр бүлээрээ хоол идэх, хамт ажиллах, дуулах, бусдад үйлчлэх зэрэг нь бидний хувьд гэр орондоо сайн мэдээг заах олон боломжуудаас цөөхөн нь юм” гэж тэр ярилаа. “Бусад үйл ажиллагаануудад оролцох үед сайн мэдээний сэдвүүдээр ярилцах боломж бидэнд байнга олддог.”

Нийтийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажилла

Ка Ян Данис Мок Хавай дахь Бригам Янгийн Их Сургуулийг төгсөөд удалгүй Хонг Конг дахь гэртээ эргэж ирэн Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн дуудлага хүлээн авчээ. Тэр гэртээ ирж, ажил төрөлтэй болж, хичээл номоо үргэлжлүүлэн үзэж байх үедээ хамт ажилладаг залуу эмэгтэйчүүддээ ирээдүйн амьдралдаа бэлтгэхийн тулд гэрчлэлээ хөгжүүлэхэд нь туслах сүнслэг нөлөөний төлөө чин сэтгэлээсээ залбирдаг байлаа.

Мок эгч нэг ням гарагт мөнх амьдралын тухай заах үедээ тэр өдөр сүмд ирсэн цорын ганц эмэгтэйтэй хамт Мормоны Номыг унших хэрэгтэй гэсэн сүнсний өдөөлтийг мэдэрсэн гэнэ.

“Би нэг зөвлөхийнхөө хамт нөгөөх залуу эмэгтэйтэй хамт нэг баг болж, Мормоны Номыг уншиж дуусгах зорилтыг тэр даруй тавьж билээ. Бид тэр зорилгыг хамтдаа биелүүлж чадна гэдэгт нөгөөх залуу эмэгтэй эргэлзэхгүй байсан учир бидний саналыг хүлээн зөвшөөрсөн юм.”

Тэр үеэс хойш Мок эгч, түүний нэг зөвлөх, нөгөөх залуу эмэгтэй гурав Facebook-т “найз нарын хуудсыг нээж,” мессежээр дамжуулан сурч мэдсэн зүйлээ хуваалцахын тулд уншсан зүйлийнхээ тухай бие биедээ мэдээлдэг болжээ.

Судруудыг хичээнгүйлэн судалсны үр дүнд сайхь залуу эмэгтэйн амьдралд гайхалтай өөрчлөлт гарсныг би харсан хэмээн Мок эгч ярилаа. Мок эгч цахилгаан галт тэргээр ажилдаа очих замдаа өдөр бүр судар уншдаг байснаас олон адислал хүлээн авсан ажээ. “Би бас Сүнсийг мэдэрч, залбиралдаа хариу хүлээн авдаг байсан учир мөнх амьдрал өөд үргэлж урагш ахиж байлаа” хэмээн тэр ярилаа.

“Зарим залуучууд бусдын адил гэрчлэлтэй болж чадах болов уу хэмээн санаа зовж, өөртөө итгэлгүй байдгийг би өөрийн туршлагаас мэднэ” гэж тэр цааш нь ярьсан. “Бид хамтдаа нэг зорилгын төлөө ажилласнаар бие биенээ алхам тутамдаа дэмжиж, амжилтад хүрч чадна гэдэгт итгэлтэй байлаа.”

Эшлэл

  1. Нийл Л.Андерсен, “Preparing the World for the Second Coming,” Лиахона, 2011 оны 5-р сар, 50.

  2. Давид A.Беднар, “More Diligent and Concerned at Home,” Лиахона, 2009 оны 11-р сар, 17–20.

  3. Жишээ нь, Роберт Д.Хейлс, “Our Duty to God: The Mission of Parents and Leaders to the Rising Generation,” Лиахона, 2010 оны 5-р сар, 95–98; Давид А.Беднар, “More Diligent and Concerned at Home,” Лиахона, 2009 оны 11-р сар, 17–20-ийг үз.

ГЭРЭЛ ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙГ: РОБЕРТ КЭЙСИ © IRI; дэвсгэр зураг: гэрэл зураг чимэглэлийг Жон Лук © IRI

Зүүн талд: Бөмбөгний гэрэл зураг © iStockphoto.com/RTimages; суурь зураг: Bryan Rowland © IRI-ийн гэрэл зураг; баруун талд: гэрэл зураг чимэглэлийг © 1998 IRI

Гэрэл зураг чимэглэлийг © IRI