Чуулганы өдрүүдэд өөр ажил бүү төлөвлө
Цаг заваа өөр үйл ажиллагаануудад зориулахгүй бол бид ерөнхий чуулганы үгсийг сонсох үедээ Сүнсийг илүү ихээр мэдэрч чадна.
Олон жилийн өмнө манай зургаан хүүхдийг бага байхад бид ерөнхий чуулганыг амьдралдаа илүү чухал ач холбогдолтой болгохоор шийдсэн билээ. Чуулганыг сэргэг оюун ухаантай, бие махбод маань амарсан үед үзэх нь хэчнээн чухал болох тухай бид ярилцсан. Чуулган бол өнөө үеийн бошиглогчдоос заавар хүлээн авах чухал цаг мөн. Тиймээс бид чуулганаас хэд хоногийн өмнө болон чуулганы үеэр ямар нэг өөр ажил төлөвлөхгүй байх зорилго тавьж ажилласан юм. Бид чуулганы өдрүүдийг хуанли дээрээ тэмдэглэж, хэн ч тэр өдрүүдэд өөр ажил төлөвлөхгүй байхаар шийдэж билээ.
Хэрэв та ч бас чуулганд ийм байдлаар хандвал гэр бүлд тань болон нөхцөл байдалд чинь тохиромжтой байж болно. Харин манай гэр бүл чуулганы хуралдаануудын хооронд болон хуралдааны үеэр сургуулийн үйл ажиллагаануудад оролцох, хөрш айлынхаа хүүхдүүдийг гэртээ авчрах, гэрээсээ хол газар найзуудтайгаа уулзаж ярилцах, найз нөхөд садан төрлүүдтэйгээ хоол идэх, сургуулийн төслүүдийг хийх, ажил дээрээ нэмэлт үүрэг даалгавар авах зэрэг “нэмэлт үйл ажиллагаануудыг” харгалзан үзсэн билээ.
Ерөнхий чуулганы өмнөх долоо хоногт дээрх үйл ажиллагаануудад оролцохгүй гэж хэлэх нь заримдаа хэцүү байсан ч манай гэр бүлийн гишүүд тавьсан зорилгодоо хүрэх зөв сонголтуудыг хийсэн билээ. Бага хүүхдүүд маань ерөнхий чуулганд идэвхтэй оролцохыг хүсч байгааг бид мэдсэн юм. Энэ нь бид өмнөх долоо хоногт нь чуулганы ач холбогдлын тухай дахин дахин ярилцаж байсны үр дүн болов уу гэж боддог.
Ерөнхий чуулганы үеэр болон түүний өмнөх өдрүүдэд хуваариа мөрдөх нь манай гэр бүлийн туршлагыг бүрмөсөн өөрчилснийг дурдахад баяртай байна. Бидний зүрх сэтгэл, оюун ухаан чуулганд бэлтгэгдсэн юм. Цаг заваа нэмэлт үйл ажиллагаануудад зориулахгүй байснаар бид тухтай сууж удирдагчдынхаа үгс болон зөвлөгөөг анхааралтай сонсож Сүнсийг мэдэрч чадсан билээ.
Бид чуулган бүрээр тавьсан зорилгодоо хүрсэн. Учир нь манай гэр амар амгалангаар бялхаж байсан юм. Манай хүүхдүүдээс хэд нь тусдаа гарсан ч гэртээ байсан үеийнхтэйгээ адил чуулганы үеэр болон өмнөх хэдэн өдөр үйл ажиллагаа төлөвлөхгүй байхад нь бид тэднийг дэмжсээр байдаг билээ. Бид бас чуулганы аль нэг хуралдааныг гэр бүлээрээ хамт үзэхээр төлөвлөхийг хичээдэг. Хүүхдүүд маань гэрлэн, өөрийн үр хүүхэдтэй болсон үедээ чуулганы энэхүү туршлагадаа өндөр ач холбогдол өгч, хэвээр нь хадгалж, чуулганы үеэр өөр үйл ажиллагаа төлөвлөхгүй байх болно гэдэгт би итгэж байна.