2012
Асуулт, хариулт
2012 оны аравдугаар сар


Асуулт, хариулт

“Бурханы санваарт хүндэтгэлтэй хандах гэж юу гэсэн үг вэ?”

Санваар бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өөрсдийн ажлыг хийдэг хүч юм. Энэ бол дэлхий дээрх хамгийн агуу хүч. Санваараар ёслолуудыг гүйцэтгэж, адислалууд өгөн, ариун сүмийн ажлыг хийж, сайн мэдээг номлон, гайхамшгуудыг үйлддэг.

Санваартнууд Аврагчийг төлөөлдөг бөгөөд хэрэв Аврагч дэлхий дээр байсан бол Түүний хийх байсан зүйлсийг хийдэг учир тэд санваартаа хүндэтгэлтэй ханддаг. Тэд зохистой амьдарснаараа санваартаа хүндэтгэлтэй ханддаг. Тэд хувцаслалт, ажил үйлс, үг яриа, үйлчлэл, бодол санаагаараа санваараа хүндэлдэг.

Залуу эмэгтэйчүүд баптисмын гэрээнүүдээ сахиж, ариун ёслол, ариун сүмийн ажил зэрэг санваарын ёслолуудад хүндэтгэлтэй оролцох нь санваарыг хүндэлж байгаа хэрэг юм. Тэд аав, ах, эрэгтэй дүү нартаа болон бусад санваартнуудад зарлигуудыг сахиж, зохистой амьдрах, санваартны үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлж болно.

Бид дуудлагадаа итгэлтэйгээр үйлчилж, санваартнуудад болон санваараар гүйцэтгэдэг ажил, өөрсдийн хүлээн ёслолууд болон гэрээнүүдэд хүндэтгэлтэй хандсанаар санваарыг хүндэлж байгаа хэрэг юм.

Бурханы төлөөлөгчийн хувиар үйлд

Бурхан энэ бэлгийг бидэнд соёрхсон нь хэчнээн гайхамшигтай болохыг ойлгосноор бид санваарт хүндэтгэлтэй хандах нь энгийн зүйл болж чадна. Иймээс та нарт итгэмжлэл хүлээлгэн олгосон энэхүү хүчинд талархал, хүндэтгэлтэйгээр хандагтун. Миний эргэн тойрон дахь хүмүүс намайг Бурханы хүчийг атгадаг гэдгийг мэддэг үү? Тэд Түүний тухай юу гэж боддог бол? хэмээн өөрөөсөө асуу. Санваартаа хүндэтгэлтэй хандах гэдэг нь та өөрийгөө Бурханы төлөөлөгч гэдгийг гүнээ ухамсарлаж, Тэрээр өөрт чинь итгэмжлэл хүлээлгэсний төлөө хүндэтгэлээ харуулах замаар үйлдэхийн тулд чадах бүхнээ хийх явдал юм.

Масон Р., нас 19, Колорадо, АНУ

Ариун журамтай бай

Залуу эмэгтэйн хувьд би санваарт хүндэтгэлтэй хандах хэрэггүй гэж хэлж болох юм. Гэвч бүх залуу эмэгтэйчүүд санваарт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бид ариун журамтай байснаар санваарт хүндэтгэлтэй ханддаг. Бид залуу эрэгтэйчүүдэд цэвэр ариун бодол санаатай байхад тусалснаар санваарыг хүндэлдэг. Бас даруухан хувцаслаж, хэл яриагаа цэвэр байлгах нь санваарт хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг. Бид ингэснээрээ залуу эрэгтэйчүүдэд санваараа хүндлэхэд нь тусалдаг бөгөөд энэ бол бид санваарт хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг мөн.

Мариса Б., нас 14, Аризона, АНУ

Бурханы өмнө хүлээсэн үүрэг

Миний бодлоор Их Эзэн Өөрөө дэлхий дээр байсан бол Түүний хийх байсан зүйлсийг бид хийх нь санваарт хүндэтгэлтэй хандах гол арга зам мөн. Учир нь бид Есүс Христийг төлөөлдөг. Энэ бол бид санваарт томилогдохдоо Бурханы өмнө хүлээсэн бүх үүрэг, амлалтуудаа биелүүлэх ёстой гэсэн үг юм. Бид Түүний санваарт хүндэтгэлтэй хандсанаар “[бидний] гэрэл үндэстнүүдийн хувьд жишиг байж болохын тулд босч, урагш гэрэлтүүл ”(С ба Г 115:5) гэсэн Түүний зарлигийг биелүүлдэг. Бурханаас эрх мэдэл олгогдсон Түүний олон үйлчлэгч дэлхий дээр байдгийг мэдэхэд нь бид бусдад тусалдаг.

Бисмарк Б., нас 18, Санто Доминго, Бүгд Найрамдах Доминикан Улс

Санваарт хүндэтгэлтэй ханддагаа харуул.

Санваартаа хүндэтгэлтэй хандах гэдэг нь санваарыг хүндэтгэлтэй бөгөөд итгэлтэйгээр ашиглах явдал гэж би боддог. Санваартаа болон тойргийнхоо ариун ёслолд хүндэтгэлтэй ханддаг Аароны санваартан гишүүд танай тойрогт байгаа болохоор ариун ёслолыг түгээх, бэлтгэх талаар арвин баялаг туршлага танайд байна гэсэн үг. Бид бүгд цагаан цамц өмсөж, зангиа зүүдэг. Энэ нь манай тойрогт болон надад маш их нөлөө үзүүлсэн. Санваартай байх нь надад тохиолдсон хамгийн сайхан зүйл гэдгийг би мэднэ.

Хансен Б., нас 15 Техас, АНУ

Жишгүүдээсээ бүү ухар

Санваартаа хүндэтгэлтэй хандах гэдэг нь жишгүүдээсээ ухарч болзошгүй нөхцөл байдалд өөрийгөө оруулахгүй байх гэсэн үг юм. Бид семинарт Хуучин Гэрээг судалж байхдаа Эхлэл 39-өөс Египетийн Иосеф Потифарын эхнэрийн сээтэгнэлээс зугатааснаараа санваартаа хүндэтгэлтэй хандсан жишээг мэдсэн билээ.

Залуу эмэгтэйчүүд санваарт хүндэтгэлтэй хандахад туслах нэг арга зам бол Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь жишгүүдийг баримталж, даруухан хувцаслах явдал мөн.

Жозеф Б., нас 16, Техас, АНУ

Санваарыг дээдэл

Санваарт хүндэтгэлтэй хандана гэдэг нь залуу эрэгтэйчүүд өөртөө өгсөн Их Эзэний энэхүү бэлгийг дээдлэн хүндлэх явдал гэж би боддог. Залуу эрэгтэй санваартаа хүндэтгэлтэй хандаж байгааг харахад надад их сайхан санагдаж, би түүнийг илүү хүндэтгэдэг. Тэнгэрлэг Эцэг түүнд санваарыг итгэмжлэн олгосон болохоор тэр залуу эрэгтэй зөвхөн санваарыг эзэмших төдийгүй бас үүнийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй гэж би боддог.

Мелинда Б., нас 16, Вашингтон, АНУ

Аврагчийг сана

Санваар бол дэлхий дээрх Бурханы цорын ганц үнэн хүч бөгөөд Түүнд эргэж очих замыг бидэнд заадаг. Бид санваарт хүндэтгэлтэй хандах тухай ярихдаа Ерөнхийлөгч Томас С.Монсон болон бусад Төлөөлөгчдийн сургаалыг дагах тухай боддог. Санваарт хүндэтгэлтэй хандах хамгийн сайн арга зам бол бид заалгасан зүйлсээ амьдралд хэрэгжүүлдэг байх явдал мөн. Энэ нь Аврагчийг санах боломжийг бидэнд олгодог. Түүнийг санасан үед Түүний Сүнс бидэнтэй хамт байх болно. Сүнстэй байх нь тавьсан зорилгоо хэрэгжүүлж, сайн мэдээний жишгүүдээр үлгэр жишээ үзүүлэх боломжийг бидэнд олгодог.

Ням гарагийн анги: Кили Э., Жейтен В., Жозеф Э., Александра Р., Кейли В., Алиша Ф., Хейлий В.; Айдахо, АНУ.