2012
Бэлгийн харилцааны ёс суртахуунгүй дэлхийд хэрхэн ариун явдалтай байх вэ?
2012 оны аравдугаар сар


Бэлгийн харилцааны ёс суртахуунгүй дэлхийд хэрхэн ариун явдалтай байх вэ?

Ариун явдлыг үнэ цэнэгүй зүйл гэж үздэг, тэр ч байтугай үүгээр элэг доог хийдэг дэлхийд ариун явдалтай байхаас ирдэг адислалууд хийгээд тохиолддог сорилтууд бэрхшээлүүдийн талаар ярилцахаар Сүмийн сэтгүүлүүд дэлхийн янз бүрийн газраас ирсэн олон залуу насанд хүрэгчтэй уулзсан юм. Бид тэдэнтэй илэн далангүй, сэтгэл санааг өргөсөн, сүнслэг нөлөө бүхий чин сэтгэлийн ярилцлага хийсэн бөгөөд гэрлэлт болон янаг амрагийн харилцааны ариун нандин байдлын үнэ цэнийг ойлгоход та нарт тусалж болох зүйл тэдний санал зөвлөмжид байж болох юм.

Үй олон хүн ёс суртахуунгүй зан авирыг зөвтгөж байгаа өнөө үед бэлгийн харилцааны хувьд цэвэр ариун байхад тань сайн мэдээний ямар үнэнүүд тусалдаг вэ?

Мартин Исаксен, Норвеги: Ариун явдалтай байх хэрэгтэй хэмээн судруудад өгүүлдэг. Энэ бол миний хувьд хангалттай шалтгаан.

Лиззи Женкинс, Калифорни, АНУ: Ариун явдал бол үүрэг мөн. Бид ариун явдлаар амьдрах ёстой. Энэ бол амьдралын хэв маяг.

Лиз Уэст, Англи: Би өөрийгөө хэн билээ гэдгийг ойлгосон, ирээдүйн амьдралд минь одоогийнхоос илүү чухал зүйл намайг хүлээж байгаа гэдгийг ойлгосон нь надад их тусаллаа. Арваад настай байхдаа миний тайлбарлаж чаддаггүй байсан авралын төлөвлөгөө энд чухал ач холбогдолтой юм. Мөнхийн гэрлэлтийн үзэл баримтлал үнэхээр гайхамшигтай! Хүмүүс мөнхийн гэрлэлтийн тухай үзэл баримтлалыг ойлгосноор Бурхан биднийг дэлхий дээр гэр бүлүүдэд төрүүлж, бидэнд зөвхөн аюулгүй байх төдийгүй аз жаргалтай амьдрах зарлиг өгсөн нь хэчнээн гайхалтай болохыг мэддэг. Би эдгээр зарчмуудаар амьдарч, эдгээрийг найз нартайгаа хуваалцахын хамт “Би архи уухгүй,” “Би энэ үдэшлэгт явахгүй,” эсвэл “Би үүнийг хийхгүй” гэж хэлэхэд тэд намайг хүндэлдэг. Аажимдаа тэд намайг хамгаалдаг болсон. Өөрийгөө Бурханы үнэ цэнэтэй хүүхэд гэдгийг ойлгосон нь, намайг хэн бэ гэдгийг Тэнгэрлэг Эцэг минь мэддэг бөгөөд Тэр миний төлөө үргэлж анхаарал халамж тавьж байдгийг ойлгосон нь надад их хүч чадал өгсөн юм.

Aнна (Aня) Власова, Орос: Би өөрийгөө тэнгэрлэг гэр бүлийн хэсэг гэж боддог болсон нь надад их тусалсан. Би Бурханыг хайрлаж, дээдлэн хүндэлдэг бөгөөд хийдэг сонголтуудаараа Түүнийг ичээхийг хүсдэггүй.

Kейли Виттеморе, Флорида, АНУ: Гэр бүлийн ариун нандин байдлыг ойлгосон нь ариун явдлын хуулиар амьдрах хүчтэй хүсэл эрмэлзлийг надад төрүүлсэн. Бид зарлигуудыг зөрчсөн үед хүсэхийн аргагүй сөрөг үр дагавар ирдэг нь миний ойлгосон бас нэгэн зүйл юм.

Фаланде (Фае) Toмас, Гайти: “Одоо юм бүхэнтэй болж чадах байтал яах гэж хүлээх юм бэ?” хэмээн хүмүүс яагаад хэлдгийг би сайтар бодож үзсэн. Гэвч иймэрхүү аз жаргал хэр зэрэг удаан үргэлжлэх бол гэдгийг ч бас бодсон. Би ариун явдлын хуулиар амьдрахыг хичээдэг. Үр дүнд нь амар амгаланг мэдэрсэн.

Хипполит (Хип) Kоуадио, Зааны Ясан Эрэг: Надад маш их тусалсан нэг зүйл бол: “Үр удмаа үлдээх энэхүү ариун нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээн… бид тунхаглаж байна” гэж мэдэгдсэн Гэр бүлийн тунхаг юм.1

Надад тусалсан өөр нэг зүйл бол ариун явдлыг бидэнд тайлбарласан Ах нарын тайлбар юм. Тэд ёс суртахуунгүй байдал хэрхэн эхэлдгийг бидэнд анхааруулж, бид бие махбоддоо зүй бусаар хандсанаар сүнсэнд зүй бусаар хандаж байгаа хэрэг гэдгийг заадаг билээ. Бид нэгэн цагт амилсан бие махбодтой болохын төлөө Аврагч төлөөс төлсөн юм гэдгийг Ахлагч Жеффри Р.Холланд заасан. Түүний төлсөн төлөөсийн төлөө бид талархалтай байх арга зам бол бие махбодоо цэвэр ариун байлгах явдал мөн.2

Лиз: Би 15 орчим настай байхдаа нэг хүнтэй ярилцсанаа санадаг. Хүн гэрлэхээсээ өмнө янаг амрагийн харилцаатай болно гэдэгт итгэх аргагүй юм гэсэн миний үзэл бодлын тухай тэр эмэгтэй бид хоёр ярилцсан юм. “Тийм ээ, гэвч яах ч аргагүй гэнэт янаг амрагийн харилцаа бий болсон бол яах вэ? Нэг шөнө…нэг л мэдэхэд…?” гэж хэлснийг би санаж байна. Гэвч надад сонголт бий гэдгийг би мэдэж байлаа. Ямар ч юм гэнэт “тохиолддоггүй.”

Тэнгэрлэг Эцэг бидэнд сонгох эрх болон зарлигуудыг өгч, Сатан биднийг боолчлох буюу бидний эрх чөлөөг хумихын тулд чадах бүхнээ хийхийг чөлөөтэй болгосон билээ. Хүмүүс архи ууж, хос хосоороо салж булагнасан үдэшлэг дээр ямар нэг юм “болсон” үе байсан тухай миний найз ярьсан юм. Тиймээс би ийм нөхцөл байдлаас зайлсхийдэг. Бид сонголтыг зөвшөөрсөн буюу эс зөвшөөрсөн хариу хэлэх эцсийн мөчид хийх ёсгүй. Сонголтыг “Би энэ үдэшлэгт явах уу, үгүй юү?” гэж өөрөөсөө асуух үед буюу өмнө нь хийдэг.

Олон хүн юмсын талаар өмнө нь бодож, тэдгээрийн үр дагаврын талаар урьдчилан бодохгүй бол юу л хүснэв, түүнийгээ тэр үед нь хийх болно. Хэрэв та “Эцсийн үр дүнг нь бодсон учраас би энэ сонголтыг хийх болно” хэмээн хэлдэг бол олон гай зовлонгоос зайлсхийж чадна.

Та сонгох эрх болон зарлигуудын тухай дурдлаа. Харин гэрээнүүд—баптисмын болон ариун сүмийн гэрээнүүд жишгүүдээр амьдрахад тань тусалдаг уу?

Фае: Баптисм хийлгэхээс өмнө миний амьдрал ямар байсан, гэрээнүүд хийснээс хойш амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар би боддог. Цагаатгалын ачаар бид уучлагдаж болдог нь үнэхээр гайхамшигтай юм. Би гэрээнүүдээ санасан үед хэрхэн наманчилж, улам төгөлдөржин, үргэлж урагш ахин өсч хөгжиж болох тухай боддог.

Aня: Та ялангуяа ариун сүм дээр мөнхийн ирээдүйгээ харж чадна. Зөвхөн өнөөдрийнхөө тухай төдийгүй харин мөнхийн ирээдүйнхээ талаар бодоход чинь ариун сүм туслах учраас чи ухаалаг сонголт хийж чадна.

Лиззи: Янаг амрагийн харилцаа бол муу зүйл гэдэгт бид олонтоо итгэсээр ирсэн. Гэвч энэ нь тийм биш юм. Үүнийг зөв эрх мэдлээр, зөв цагт, зөв хүнтэй үйлдэж байгаа бол цэвэр ариун байж чадна. Гэрээнүүдийн тухайд ч мөн ийм юм. Та гэрээнүүд хийхдээ “Би амьдралдаа энэ алхмыг хийхэд үнэхээр бэлэн байна” хэмээн хэлэх болно. Бид юмсыг зөв гэж бодсон дэс дарааллаар хийж байгаагаа мэддэг учраас гэрээнүүд надад тусалдаг. Хэрэв би Тэнгэрлэг Эцэгийн хүссэн зүйлийг хийх юм бол аз жаргалтай байх болно гэдгээ би мэддэг.

Жoнатан Toмасини, Франц: Хэрэв би гэрээнүүдээ зөрчих юм бол өөртөө ч, Бурханд ч үнэнч байж чадахгүй. Гэрлэлтийн гэрээ нь өөртөө хяналт тавьдаг эхнэртээ би юу санал болгож чадахаа харах, түүнчлэн өөрийгөө сайн нөхөр байхад бэлтгэж, цэвэр ариун байхад надад тусалдаг.

Ариун явдлын хууль яагаад үеэ өнгөрөөсөн тухай дэлхийд хоорондоо зөрөөтэй олон үзэл бодол байдгаас нэлээд олон нь үнэмшилтэй мэт харагдах боловч ээдрээтэй нарийн юм. Энэ талаар та ямар шүүмжлэлийг сонссон бэ? Жишгүүдийг чинь шүүмжилдэг хүмүүст та юу гэж хариулсан бэ?

Лиззи: Намайг ахлах сургуулийн төгсөх ангид байхад нэг багш бидэнд “зөвлөгөө” өгснийг би санаж байна. Тэр эмэгтэй ахлах сургууль төгсөнгүүтээ гэрлэсэн ч, төдөлгүй салсан ажээ. Тэгээд тэр бидэнд “далайд олон загас байдаг?” гэдэг байж билээ. Тэр энэ үгээрээ, сониучирхаж үзэх юмс ч бас сорьж үзэх эрчүүд ч бишгүй олон байдаг гэсэн санааг илэрхийлдэг байв. Багш маань ийм үг хэлсэнд би мэл гайхан цочирдож билээ. Тийм ээ, тэр үеэс хойш би үнэхээр олон хүн байдаг тухай боддог болсон ч ийм зүйлийг огт хүсдэггүй байв!

Жонатан: Миний таньдаг нэг эмэгтэй, тэрээр хэн нэгэнтэй харилцаатай болсон үед тэр хүнтэй бэлгийн харилцаагаараа хэр тохирох эсэхийг үзмээр санагддаг хэмээн ярьж билээ. Тэр өөртөө таалагдсан нэг залуутай болздог болж, тэгээд янаг амрагийн явдлын дараа нөгөөх залуу түүнд тохирохгүй юм байна гэж бодоод хоёр тийшээ болсон тухайгаа ярьсан. Тэр өөрийн бодлыг зөвтгөхийн тулд энэ тухай ярьсан нь ямар нэг хэмжээгээр үндэслэлтэй ч юм шиг санагдаж билээ. Эцэст нь би түүнд, та хоёр өөр илүү сайн арга замаар бие биеэ таньж мэдэх хэрэгтэй. Хэрэв ингэх юм бол ариун явдлын хуулиар амьдрах итгэл бий болж, та нар гэрлэсэн хойноо илүү агуу аз жаргал, нийцтэй байж чадна хэмээн зөвлөж билээ.

Aня: Хоёр хүн бие биедээ хайр сэтгэлтэй болно гэдэг сайхан хэрэг. Иймд янаг амрагийн явдал бол хайраа илчилж байгаа хэрэг гэдэг үгийг би үргэлж сонсдог.

Maртин: “Бид хоёр бие биедээ хайр сэтгэлтэй шүү дээ” гэж шалтаг заахыг сонссон үед Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллын хэлсэн нэг үг миний санаанд орж ирдэг. Хүмүүс бие биедээ хайр сэтгэлтэй гэж бодсон үед тачаангуй хүсэл тэдний бодолд сэмхэн орж ирэх нь олон тохиолддог хэмээн тэр хэлжээ.3 Олон хүн гэрлэхээсээ өмнө янаг амрагийн харилцаатай болдог. Хэдийгээр тэд бие биедээ хайр сэтгэлтэй гэж боддог ч энэ бол тачаангуй хүсэл мөн. Хэрэв тэд үнэхээр бие биедээ хайртай юм бол бие биеэ улам илүү хүндэлж, дэмжин, янаглах цаг хугацаа бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрлэхээсээ өмнө янаг амрагийн харилцаатай болох нь миний бодлоор, тэр хоёр хүн боддогтойгоо адил бие биеэ өргөн дэмждэггүйгээ харуулж байгаа хэрэг. Учир нь гэвэл, тэд жишгүүдээрээ амьдрахад одоо бие биеэ дэмжих чадваргүй байгаа юм чинь хожим нь бие биедээ дэмжлэг үзүүлж чадна гэж үү?

Kейли: Бурханд итгэдэггүй зарим хүмүүс Библи болон ариун явдлын хууль үеэ өнгөрөөн хоцрогдсон гэж боддог. Ахлах сургуульд миний зарим найз нар үндсэндээ шашингүй үзэлтнүүд буюу танин мэдэхүйг үгүйсгэгчид байсан бөгөөд нэг найз маань өөрийнхөө сүмийн сургаалуудад огт итгэдэггүй байлаа. Тэр чухамдаа дур зоргоороо амьдардаг байсан бөгөөд юу л гэж бодно, түүнийгээ зөв гэж боддог байв. Түүний бодлоор янаг амрагийн явдал нь сэтгэл ханамж бөгөөд үүнийг хориглодог юу ч гэсэн хүсмээр зүйл биш ажээ.

Намайг Библи болон Бурханы зарлигуудад итгэдэгт тэр найз маань гайхдагийг би мэддэг ч гэсэн зарлигуудыг хориг хязгаарлалт гэж үздэггүйг, зарлигууд намайг илүү аз жаргалтай болгодог учраас би тэдгээрийн дагуу амьдардаг гэдгийг ойлгоход нь түүнд туслахыг хичээдэг байлаа. Хэдийгээр бидний санал зөрдөг ч, тэр намайг хүндэлдэг байсан бөгөөд бид хоёр дотны сайн найзууд хэвээр үлдсэн юм.

Лиз: Эдгээр бүх учир шалтгааны хариу сайн мэдээний үндсэн зарчмуудад агуулагддаг. Бурхан бий гэдэгт, Түүний агуу төлөвлөгөө бий гэдэгт, уг төлөвлөгөөнд өөрийн чинь биелүүлэх ёстой үүрэг хариуцлага бий гэдэгт, өөрийгөө Бурханы үнэ цэнэтэй хүүхэд гэдэгт итгэсэн үед та өөрийнхөө үнэ цэнийг ойлгож, бие махбоддоо хүндэтгэлтэй хандах болно. Хүмүүс эдгээр зарчмуудад итгэдэггүй буюу тэдгээрийг мэддэгггүй бол үнэ цэнийг нь бусад хүмүүсээс эсвэл бусад газруудаас олж харахаар тэднийг гярхай ажигладаг.

Ариун явдлын хуулиар амьдрахаар шийдэхэд чинь гадны ямар нөлөө, үлгэр жишээ танд тусалсан бэ?

Хип: Нэг өрөөнд хамт амьдардаг найз маань сүй тавьсан байлаа. Нэг өдөр биднийг удахгүй болох түүний гэрлэлтийн тухай ярилцаж байтал хэн нэгэн нь, “Та хоёрыг бат бөх итгэлтэй хэвээр байхад бие биедээ туслах ямар хүчин зүйл байна вэ?” гэж асуув. “Ариун явдлын хуулийг сахихгүй бол бидний харилцаа сүйрнэ. Тиймээс бид хоёр бишоп болон эцэг эхчүүдийнхээ өмнө эвгүй байдалд орох юуг ч хийхгүй гэж тохирсон юм” хэмээн тэр хариулж билээ. Энэ амлалт одоо ч надад нөлөөлсөөр байдаг.

Жoнатан: Би одоо залуу насанд хүрэгч. Бошиглогчдын үгийг сонсож, Сүмийн удирдагчдын ярьдаг зүйлсийн тухай тунгаан бодох нь амар хялбар байна. Түүнээс өмнө би ихэнх үүрэг хариуцлага эцэг эх болон гэр бүлүүдэд ноогддог гэж боддог байв. Сүм мэдээллээр болон бусад олон чухал зүйлсээр хангаж чадна, гэвч сайн мэдээ бол онцгой чухал зүйл бөгөөд биднийг аз жаргалтай болгодгийг ойлгоход манай гэр бүл дэх үлгэр жишээ надад үнэхээр тусалсан юм.

Лиз: Намайг том болсон хойно миний насны Сүмийн нэг гишүүн манайд хамгийн ойрхон буюу цаг эсвэл цаг хагас явж хүрэх газарт амьдардаг байлаа. Тэнд сургуулийн найзуудаас нэг нь ч байсангүй. Гэвч намайг ганцаархнаа байсан ч манай удирдагчид Мючелд хүрч ирдэг байсанд би үнэхээр их талархдаг байлаа. Тэд семинар дээр байнга хүрч ирнэ. Бас надад заахаар нэг ч хичээлийг алгасалгүй хүрч ирдэг байв. “Ганцхан суралцагч ирсэн болохоор өнөөдөр хичээл хийхгүй” гэж тэд хэзээ ч хэлдэггүй байсан. Мэдээж хэрэг, би их зүйл сурсан. Харин манай удирдагчид үргэлж хүрч ирдэг байсан нь миний санаанаас огт гардаггүй. Чухамдаа би тэдний ачаар Сүнсийг мэдэрдэг байлаа.

Бид Ариун Сүнсний бэлгийн үнэ цэнийг хэзээ ч бүрэн дүүрэн үнэлж чадахгүй гэж би боддог. Надад эцэг эх, гэр бүл, удирдагчид байсан ч сургуульд байхаасаа би ганцаараа байдаг байлаа. Гэвч Сүнс надтай хамт байсан. Хүмүүсийн амьдралд Сүнсийг байлгаж чаддаг юу боловч ариун явдлын хуулийг дагахад нь тэдэнд агуу нөлөө үзүүлэх болно.

Лиззи: Өөрөө өөртөө гэрчлэлтэй болж чадсан маань миний хамгийн том нөлөөллүүдийн нэг байлаа. Хэрэв та сайн мэдээнд бат бөхөөр суурилж чадаагүй бол өөр замыг сонгох нь үнэхээр амархан байх болно. Хэрэв та сайн мэдээнд бат бөх суурилсандаа итгэлтэй байгаа бол бусад бүх зүйл түүнээс хамааран бүтэлтэй байх болно.

Хип: Бид бие бялдрын хүч тэнхээтэй байхыг хүсэх үедээ дасгал хийдэг. Дасгал хийснээр үр дүн ирнэ. Хэрэв бид энэ зарчмыг сүнслэг арга замаар хэрэгжүүлэхийг хүсвэл сүнслэгээр дасгал хийх хэрэгтэй. Судар унших, хийдэг бүх зүйлдээ Сүнсийг урин оролцуулах гэхчлэнгээр сүнслэг байдлыг өөртөө хөгжүүлэхийн тулд хийх зүйл бидэнд олон бий. Бид бас зөв шударга зорилго дэвшүүлж, түүндээ хүрэхийн төлөө ажиллах ёстой. Гэвч зорилгодоо зөвхөн өөрсдийн хүчээр хүрч чадахгүй. Бид Их Эзэнийг өөртэйгөө хамт байлгах хэрэгтэй. Бид Түүнээс хүч чадал болоод сорилт бэрхшээлийг даван туулах Сүнсийг олж авдаг. Тэгвэл бид Ерөнхийлөгч Томас С.Монсонгийн дараах гуйлтыг дагаж чадна:

“Хүсэл мөрөөдлийг чинь устгах боломжийг дур тачаалдаа бүү олго. Уруу таталтанд бүү ор.

‘Ёс бус явдал хэзээ ч аз жаргал байгаагүй’ гэсэн Мормоны Номын үгсийг санаж яваарай.”4

Эшлэл

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  2. Жеффри Р.Холланд, “Of Souls, Symbols, and Sacraments,” Brigham Young University 1987–88 Devotional and Fireside Speeches (1988), 77–79-г үз.

  3. “Нүгэл үйлдсэн үед цэвэр хайр хаягдаж, гэм нүгэл түүний орыг эзэлдэг. Энэрэл хайр махан биеийн хүсэл хийгээд хазаарлагдашгүй дур таашаалаар солигдож, чөтгөрийн бий болгохыг эгээрэн хүсдэг, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцааг зөвтгөдөг сургаалыг хүлээн авдаг” (Teachings of Spencer W. Kimball, хянан тохиолдуулсан Эдвард Л.Кимбалл [1982], 279).

  4. Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Be Thou an Example,” Лиахона, 2005 оны тавдугаар сар, 113.

Гэрэл зургуудыг Крейг Даймонд