2012
Сүмийн эргэн тойронд
2012 оны аравдугаар сар


Сүмийн эргэн тойронд

Төлөөлөгч Филиппиний шинэ НБТ-г онцгойлон адисалжээ

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулган Ахлагч Рассел М.Нелсон 2012 оны 5-р сарын 20-нд Филиппиний шинэ Номлогчийг Бэлтгэх Төвийг онцгойлон адисалсан бөгөөд энэ нь Филиппин, Камбодж, Хонг Конг, Энэтхэг, Индонез, Монгол, Пакистан, Шри Ланка, Тайван, Тайландын 144 номлогчийг нэг дор хүлээн авах чадвартай ажээ. Эдгээр номлогчид өөрсдийн эх хэлээр бэлтгэгддэг.

Шинэ төвийн хоёр барилга нь хурлын танхим, орчуулгын өрөө, компьютерийн өрөө, угаалгын газар, дуу дүрс бичлэгийн тоног төхөөрөмжүүдтэй сургалтын өрөө, номлогч нарт зориулсан унтлагын өрөө, анги танхим, албан өрөөнүүдийг багтаасан байна.

Ахлагч Нелсон шинэ барилга байгууламжийг онцгойлон адислахдаа Есүс Христийн Цагаатгалд болон Их Эзэнд үйлчилж, түүнийг хайрладаг дэлхий даяарх Сүмийн гишүүд болон номлогчдод талархлаа илэрхийлсэн юм. Тэр Филиппин улсын “үүд хаалга” Их Эзэний үйлчлэгч бүрт нээлттэй байж, ард түмэн нь “зөв шударга байдалд, сүнслэг болон материаллаг хэрэгцээгээр өсч хөгжих эрх чөлөө бүхий хариуцлагатай байдлаар” адисалсан байна.

Бразилийн Манаус Ариун Сүм нь Дэлхий даяарх 138 дахь харин Бразилдаа 6 дахь ариун сүм юм

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф 2012 оны 6-р сарын 10-нд Дэлхий даяарх 138 дахь бөгөөд Бразилдаа 6 дахь ариун сүмийг онцгойлон адисалжээ.

Ерөнхийлөгч Угдорф Бразилд амьдарч буй нэг саяас илүү итгэлтэй Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг гүн гүнзгий, хүчтэй урсгалтай Амазон мөрөнтэй адилтгасан байна.

Бараг 20 жилийн туршид томоохон гол мөрөн, ойн төгөлөөр алслагдсан Манаус хотын гишүүд Бразилийн Сао Паулогийн ариун сүм рүү очих гэж завь, автобусаар цуван хоёр талдаа 15 өдөр, харин Венесуэлийн Каракас ариун сүм рүү автобусаар 8 өдөр аялсаар иржээ.

1990 онд Бразилийн Манаус номлол нээлтээ хийх үед номлолын ерөнхийлөгчөөр Ахлагч Клаудио Р.М.Коста томилогдсон юм.

Ахлагч Коста “Эдгээр хүмүүс ариун сүмийг хайрладаг учраас Манаусын Ариун Сүм өдөр бүр маш завгүй байна гэдэгт би итгэдэг. Тэд хүүхдүүддээ ариун сүмийг хайрлахыг заадаг. Ариун сүм тэдэнд маш их үнэ цэнэтэй” хэмээн хэлсэн юм.

Самоагийн Сүмийн гишүүд тусгаар тогтнолын 50 жилийн ойг анхны гадас байгуулагдсан 50 жилийн ойн хамт тэмдэглэж байна

2012 оны 6-р сарын 1-ний баасан гаригт 350 Самоа үндэстэн Хожмын Үеийн Гэгээнтнүүд бусад Самоачуудтай хамт Апиагийн гудамжаар баярын жагсаалд оролцжээ. 50 жилийн өмнө 1962 онд Самао улс Шинэ Зеландаас тусгаар тогтножээ.

Байгууллага, сургууль, орон нутгийн сүмүүд болон олон улсын байгууллагууд мөн жагсаалд оролцжээ. Хожмын Үеийн Гэгээнтэн сурагчид хэдэн арван мянган үзэгчдийн анхаарлыг жагсаалын үзвэрээрээ татаж, тэднийг хөгжөөсөн байна.

Мөн тэрхүү долоо хоногт Хожмын Үеийн Гэгээнтэн Самаочуудын тэмдэглэсэн бас нэгэн тэмдэглэлт баяр бол 50 жилийн өмнө Апиад анхны гадас зохион байгуулагдсан үйл явдал ажээ.

6-р сарын 3-ны ням гарагт номхон далайн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд болох Далын Ахлагч Жеймс Ж.Хамула болон Кевин В.Пийрсон нар Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд хандан үг хэлсэн ба улс даяарх ХҮГ цуглааны байруудаар цацагдан гарсан онцгой цуглаанд оролцжээ.

Самоа дахь Хожмын Үеийн Гэгээнтнүүд гэр бүл, орон нутаг, улс үндэстэндээ үргэлжлүүлэн үйлчилж, тэднийг хүчирхэгжүүлэх зорилго тавиад байна хэмээн Бүсийн Ерөнхийлөгч Ахлагч Хамула хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн “Сүм маш гайхалтай өсч хөгжиж байна. Бид Есүс Христийн үлгэр жишээ, сургаалыг дагахыг эрэлхийлснээр гэр бүл болон хувь хүнийхээ хувьд маш ихээр өсч хөгжиж байна” гэжээ.

Филиппиний Шинэ Номлогчийг бэлтгэх төвд буй Филиппин, Камбодж, Хонг Конг, Энэтхэг, Индонез, Монгол, Пакистан, Шри Ланка, Тайван, Тайландаас ирсэн 144 номлогч өөрсдийн төрөлх хэлээр бэлтгэгдэж байна.

Ноел Маглак