2012
Сайн үйлс үргэлжилсээр байх болно
2012 оны аравдугаар сар


Биднийг дахин уулзтал

Сайн үйлс үргэлжилсээр байх болно

Одоо үедээ харамсдаг хүн өнгөрсөн үе рүү түргэн эргэж ордог бол харин би өнөө үеэсээ баяслыг олж, ирээдүйгээ харж явдаг хүмүүст талархалтай байдаг.

Бусад өдрөөс юугаараа ч ялгарах юмгүй, ердийн нэг баасан гараг байлаа. Би гэртээ хамгийн дотны найз нарынхаа хамт кино үзэж, үе үе шивнэж ярилцсаныхаа дараа чанга инээлдэн сууж байв. Жинхэнэ баяр баясгалангийн мэдрэмж өрөөгөөр дүүрч, хөгжилтэй түүх, сонин санаануудыг сонсоод би инээдээ барьж чадсангүй. Гэрт маань байсан найз нарынхаа заримтай нь би танилцаад дөнгөж ганц сар л болж байсан бөгөөд заримтай нь бүр амьдралынхаа 25 жилийн турш найзууд байлаа.

Би олон жил найзалсан найзуудтайгаа хэдэн жилийн өмнөх коллежийн найз нарынхаа тухай дурсамжаа хуваалцав. Ярианыхаа явцад би эдгээр найз нараа хэчнээн их санадгаа, бид ямар их хөгжилтэй бас үй зайгүй дотны андууд байснаа бодлоо. Бид коллежоо төгссөний дараа дэлхий даяар тарж, урьд нь хэзээ ч төсөөлөн бодож байгаагүй нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Би түр зуур уйтгарлан санаа алдах тэрхэн агшинд өрөөнд намайг хүрээлэн инээмсэглэсэн найзуудынхаа нүүрийг хяламхийн харахад Сайн үйлс үргэлжилсээр байх болно гэсэн бодол толгойд зурсхийн орж ирлээ.

Тэрхүү энгийн бодол надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд өөрчлөх шаардлагатай хэцүү үе тулгарахад сайн үйлс үргэлжилсээр байх эсэхэд би эргэлздэг байлаа. Би одоо баяр баяслаар дүүрэн, ухамсартайгаар, шийдвэр төгс амьдарч байгаа ч өнгөрсөн үеэ санагалзан байлаа. Надад нэг сайн зүйл байгаа үед би түүнийг өөртөө үргэлж байлгаж, алдахгүйг хүсдэг гэдгээ мэднэ. Энэхүү ажилгүй, хөгжил хөөртэй баасан гараг өгүүлшгүй сайхан хормуудын нэг байлаа. Би юмс үнэхээр сайхныг мэдэрсэн үедээ юм бүхэн нүд ирмэхийн зуур болж өнгөрдөг бөгөөд энэ нь улмаар цаг хугацаа, ашигтай нөхцөл байдлыг алдахад хүргэдэг юм байна гэж боддог болсон.

Харин баасан гарагийн тэр оройн хувьд харамсах зүйлгүй байлаа. Би хайрладаг хүмүүсээрээ хүрээлүүлэн тайван сууж байхдаа зарим сайн зүйлс жам ёсоороо төгсгөл болж, ирээдүйд олон хэцүү зүйл тохиолдох нь эргэлзээгүй боловч, сайн үйлс үргэлжилсээр байх болно гэдгийг мэдэж байлаа. Хэрэв би тэднийг үргээчихгүй л бол сайн найзууд минь үргэлж надтай хамт байх болно. Миний хайрладаг хүмүүс хувь заяаны эрхээр салаад явна. Тэр үед бий болсон хоосон зайг гайхалтай сайхан шинэ хүмүүс хийгээд миний хэзээ ч төсөөлж байгаагүй шинэ туршлага нөхнө.

Зарим үед ийн салж явах нь хэцүү байдаг ч ингэхээс өөр аргагүй. Салаа замын эрхээр салж явах нь найз нараа мартаж, сайхан дурсамж бүдгэрэн арилна гэсэн үг биш. Харин ч энэ нь улам илүү аз жаргал, туршлагад бидний зүрх сэтгэлийг нээж өгнө гэсэн үг.

Тэр баасан гарагаас хойш хэдхэн долоо хоногийн дараа манай салбарын залуу насанд хүрэгчдийн ерөнхийлөгчийн зөвлөл чөлөөлөгдлөө. Бидний өсгөн өндийлгөсөн эдгээр эрчүүд болон тэдний эхнэрүүдэд түшиглэвэл манай салбарт ямар өөрчлөлт гарч болохыг тааварлах нь хэцүү болохыг энэ жижигхэн салбарын хэн ч гэсэн хэлж чадах байх. Харин би нүдээ анин, тэр нэгэн баасан гарагт миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн Сайн үйлс үргэлжилсээр байх болно гэсэн үгсийг дотроо давтан хэлсээр байлаа. Би тайтгарч, өөрчлөлтөнд бэлэн байв.

Өөрчлөлт бол Их Эзэний зам. Тэрбээр биднийг аз жаргалтай байж, өсч хөгжин, амьдралаа урагш ахиулж чадсандаа сэтгэл хангалуун байхыг хүсдэг. Амьдрал бол аялал юм. Бид өнөө үеэс баяслыг олж, зайлшгүй тулгарах сорилт бэрхшээлүүдэд бэлтгэлтэй байж, урагш тэмүүлэн, урам зоригоор дүүрэн байвал бидний зүрх сэтгэл аяллын замд хуримтлуулах олон туршлага хийгээд эргэлзээгүй тохиолдох сайн үйлсэд нээлттэй байх болно.

Гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер